Монгол эмэгтэйд хэлэх юм байна

Цаг үе өөр болжээ. Цаг агаар ч сайхан болж. Цагийн эрхээр Монголчууд бид танигдахын аргагүй болж хувирчээ. Амьдрал ахуй, зан заншил, гадаад үзэмж, хэрэглээ, мэдлэг соёл гээд тоочвол өөрчлөгдсөн  юм  их байна.  Ер нь нүүдэлчин биш "суудалчин"  төрх рүү их дөхөж очжээ.  Яахав, дуртай  газраараа зам хөндлөн гарчихдаг энэ тэр бол малаа дагаж дуртай газраа  нүүдэллэдэг байснаас улбаатай "генийн үлдэгдэл"  явж байгаа нь тэр. Яваандаа устах биз. Монгол эмэгтэй, охид бүсгүйчүүд бол ялангуяа төрөл арилжсан юм шиг өөрчлөгдсөн шүү. Харагдах байдлийг нь хэлээд байна л даа. Царай зүс нь шингэрээд л, нүд нь ботгоныхоос дутахгүй болж. Юун нөгөө онигор нүд. Нойтон дулаан Япон, Солонгос гэх мэт  газрын бүсгүйчүүдээс ялгагдахааргүй сайхан харагдаж байна. За тэгээд бие хаа нь улам гуалиг болж, арьс үс нь торго шиг зөөлөрсөн бөгөөд энэ  бүгд  "суудалчин" болсоны л  ач.

Сайн юм дагаад заавал муу нь бас байх. Аливаа юм хоёр талтай гэж үүнийг  хэлдэг биз. Эмэгтэйчүүдийн "баярын өдөр" гэх энэ "Маарт" тохиолдуулаад  Монголынхоо бүх эмэгтэйчүүдэд "ёсыг бодож" мэнд хүргээд шигүүмжилбэл зохилтой бас бус асуудлаар хэдэн үг хэлхэе гэж бодлоо. "Маарт" дууссаны дараа уншаарай, хүүхнүүд ээ! Наана нь уншвал зүрх мүрх чинь дэлсээд юун баярлахтай манатай болно.

Монгол эмэгтэй хүн ямар агуу бодьгал байсан  тухай эрт урьдын юм ярьж  "манжлаад" яахав, шууд л хэлэх гэсэн юм  руугаа орцгооё. Орчин үеийн Монгол бүсгүйчүүд (хуучин цагийн ахмад настнуудыг оруулахгүй шүү!)  "хүн биш" болжээ. Мөнгийг хэтэрхий шүтдэг, "атаман" зантай болсон байна. Муухай  архичин, тамхичин болчихож. Толгой дараалан бүгдийг хэлээгүй боловч дийлэнх нь ийм болсон гэхэд хилсдэхгүй байх.  Амьдрал тааруухан нэг нь мөнгөөр биеэ үнэлж байна. За ааш зан, харьцаа энэ тэр бол авах юм байхгүй дээ. Монгол эр хүнийг бол ер нь нулимдаг болсон доо. Аль муугаар нь дуудна, муулна. Халамжгүй л гэнэ, ажилгүй л гэнэ, арчаагүй л гэнэ. "Эр хүнийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч" гэж ирээд л дуулж байгаа нэртэй гонгиноно.

Эрчүүд ч мөн ялгаагүй адилхан гэж битгий  барьц. Та нарын тухай ярьж байна шүү дээ, бүсгүйчүүд ээ! Барьцахаасаа өмнө өөрсдийгөө өөд нь татаад авчих, тэгсэний  дараа эрчүүд рүү дайрч болно. Тэгэхээр өөрсдөө эхлээд "засарч хүмүүжих" хэрэгтэй юм байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Эс тэгвэл энэ барьцдаг асуудал хаана ч , юунд ч хүргэхгүй. Хэн ч хожихгүй, хэтдээ бүгд л алдана. Эхлээд өөрсдөө гээд байгаа нь их учиртай.

Эмэгтэй хүн хэдийгээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй гэх боловч эрчүүдийг бодвол сэтгэлийн хат, тэвчээр ихтэй, уян хатан байдаг. Тэр утгаараа аливаа бэрхшээл, зовлонд амархан сөхөрч унадагггүй, бууж өгдөггүй  давуу талтай. Эр хүн эхний цохилтонд л сэтгэл санаагаар унаад архи эсвэл боож үхэх олс дээс хайгаад давхичихдаг бол эмэгтэй хүн тэгж айхтар цочирдож эрс шийдвэр барагтай бол гаргахгүй. Тиймдээ ч хүнд хэцүү үед үнэндээ олон эмэгтэйчүүд гадаа гарч эр болж амьдралаа авч гарсан. Цөөхөн ч гэсэн ийм эмэгтэйчүүд бий бий.

Эмэгтэйчүүд нийт дунд нь зориулж хэлэлцүүлэх асуудал байна. Юуны өмнө архи, тамхи хэмээх буруу зуршлаасаа татгалзаж эрчүүддээ үлгэр үзүүлмээр байна.  Агаарын бохирдол, утаагаа яая гэж байхад бас тамхиар биесээ хордуулах нь ирээдүйд эх хүн болох биеэ хордуулж, эсвэл үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сүйтгэж байгаа гэдгээ ухамсарлаж хамгийн түрүүнд тамхинаас гарч дараа нь ойр дотныхоо хүмүүсийг шахах хэрэгтэй байна. Ялангуяа саяхнаас мөрдөж эхэлсэн бэлэн сайхан тамхины тухай хуулийг  сайхан ашиглахгүй юу.

Гэр бүлтэй  эмэгтэйчүүд  эр нөхрөө хайрлаж, дэмжиж байя. Бавуугийн Лхагвасүрэн гуай аргаа барахдаа "Эр хүнийг жаахан ч гэсэн хайрла" гэж шүлэглэж байхав дээ. "Бэлэг тэмдэг" төдий Ерөнхийлөгч гэдэг шиг  өрхийн толгойлогч нэр зүүсэн эр нөхөр чинь муу ч гэсэн тулах багана чинь юм шүү. Хүүхдээ эцгээс нь салгаад өөрөө ганц бие үлдээд хожих нь юу л бол. Жаахан ухаан гаргавал эр хүнийг өөд нь татаад авахад амархан. Яг үнэндээ том биенээс цаашгүй хүүхэд шиг амьтан юм шүү дээ.

"Буруу замаар будаа тээж байгаа" охид бүсгүйчүүдээ хүмүүжүүлэх тал дээр эмэгтэйчүүд өөрсдөө илүү анхаармаар. Эрээнд  биеэ үнэлдэг "ажил" хийж байгаа зуу зуун охидуудаа яахав? Тэр чигт нь хаях уу? За гадаад улсын иргэнтэй гэр бүл болоод явсаныг нь яаж ч болдоггүй юмаа гэхэд сайн дураараа болон хүний наймааны золиос болон биеэ үнэлж байгаа иргэдээ олж авчирч "хүн" болгох тал дээр эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо их дутагдаж байна.

Бид чинь хурдхан шиг 3 сая хүрэх санаатай  мөрөөдөөд  байгаа биз дээ?  Монголын үрс маш олон болтугай  гэдэг чинь хоосон уриа лоозон болчихоод байна. Эмэгтэйчүүд нь хүүхэд гаргахгүй гээд "гэдийчихээр" эрчүүд нь яах ч юм билээ.  Биеийн амрыг бодож , амьдралын хүнд хэцүүгээр шалтаглаж олон хүүхдээс тээршааж байгаа бол их л богино  бодож байна даа. Хятад улс хүнээ өсгөх бодлого явуулсаны  буянаар өнөөдөр хүчирхэг болжээ. Хүн хүч гэдэг  ямар  их чухал гэдгийг  нотолсон байгаа биз дээ. Монголын 3 сая дахь иргэн 2016 онд төрнө гэж манай статистикийнхэн  хэлж байна.  16 онд дөнгөж 3 сая! Ядаж байхад Монголын хүн ам "хөгшрөөд" байна гэж байгаа.

Энэ хугацааг наашлуулж, хүн амаа "яаралтай" өсгөх ажил бол зөвхөн эмэгтэйчүүдээс л  хамаарна.  Хүүхэд төрүүлэх боломжтой насанд хүрсэн эмэгтэйчүүд маань жил бүр, эсвэл ядаж нэг жил өнжөөд  хүүхэд гаргаад байвал хүн ам маань хурдан өснө дөө. Мал өсгөх гэж байгаа юм шиг жаахан тиймэрхүү сонсогдож байгаа боловч үнэндээ  тэгж байж л бид  хурдан үржинэ биз дээ?  "Baby boom" (Бэйби бүүм гэдэг нь тухайн богино цаг хугацаанд  хэвийнхээс хэт их хүүхэд төрөх үзэгдлийг нэрлэдэг нэр томъёо юм)  гээч юм л бидэнд одоо хэрэгтэй байна. 

Дэлхийн 2-р дайны дараа АНУ-д "бейби бүүм" болж 1946-1964 оны хооронд 78 сая (!) хүүхэд төрсөн байна. 18 жилд 78 сая гэдэг чинь нэг жилд 4 сая гаруй шинэ иргэн мэндэлж байжээ. 1967-1989 оны хооронд  Румын улсад аборт хийхийг хориглож, жирэмслэлтээс сэргийлэх элдэв хэрэгсэлд хязгаарлалт тавьсаны  дараагаас бас ийм үзэгдэл бий болж шинээр маш олон хүүхэд төрж байсан гэнэ.  67 оноос өмнө Румынд аборт хийх нь чөлөөтэй байжээ. Коммунист дарангуйлагч Чауческу тусгай шийдвэр гаргаж  тодорхой шалтгаантай (45-аас  дээш настай, 5-н хүүхэдтэй, эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд төрүүлж болохгүй, хүчиндүүлсэний улмаас жирэмсэн болсон) эмэгтэйчүүдээс бусад нь аборт хийлгэхийг хориглосон бөгөөд энэ хуулийн хэрэгжилтэнд хатуу хяналт тавьсаны дүнд төрөлт эрс нэмэгдэж байжээ. Монголд 1989 оноос хойш абортыг чөлөөтэй болгосны гайгаар 20 жилд 600 мянган хүнээ алсан гэж Болдсайхан эмч бичжээ. Сүүлийн нэг хоёр жилд л абортыг хориглочихоогүй бол 2009 оноос хойшхи 3 жилд (нэг жилд 30 мянга гэдгээр нь  тооцвол) 90 мянган хүнээ  нэмж "цааш нь харуулсан" байх нь. Нийлээд 700 мянга шахуу болж байна. Хэрэв эдгээр хүүхдүүд хүн болсон бол өдийд өөрсдөө бас нэг бие нь хоёр гурав болчихсон үржээд л явж байх байж дээ.  Ингээд байвал яаж өсөхөв дээ. Абортыг хориглох тухай эмэгтэйчүүд өөрсдөө хүчтэй дуугарах цаг болсон юм биш үү?

Бид чинь одоо настангуудаа, хүүхдүүдээ хасаад тооцвол нэг сая хүн л ажил хийж баялаг бүтээж байна. Ийм хүний нөөцтэйгөөр юм хийж бүтээнэ гэдэг  бүтэхгүй ажил. Насанд хүрсэн ажил хийдэг нь ядаж 5 сая болчихвол хүн хүчний дутагдалд айхтар нэрвэгдэхгүй гэж үздэг гэнэ. Хөдөлмөрийн чадвартай  5 сая дээрээ өндөр настан , насанд хүрээгүй нөхдийг нэмээд 10 сая бодвол ийм хэмжээнд хүрэх нь бидний ойрын зорилт гэмээр. Тэгвэл  прогрессийн хурдаар "хүүхэд үйлдвэрлэхгүй" бол бид 10 сая болтлоо өсөж үржих нь  мөдгүй биз.

Хүн амын жилийн дундаж өсөлт буурсаар л байгаа. Энэ бол  хүүхэд гаргах асуудал "моодноос" гарсантай холбоотой. Айл бүр 1-2, үсрээд 3 хүүхэдтэй болох сонирхолтой болжээ.
Засгаас олон хүүхэдтэй болохыг дэмжиж өгөхгүй бол болшгүй нь. Дээр нь манай эмэгтэйчүүд эх оронч сэтгэл гаргаж олон хүүхэдтэй болмоор байна. Амьдралын хэцүү хүнд байдал мэдээж нөлөөлдөг боловч энэ тал дээр нь засгаас дэмжиж өгөх шаардлага  байна. Хүүхдийн тэтгэмжийг ахиухан өгч, мөн ээжид нь хүүхдээ асран харсаны (олон хүүхэд "маллана" гэдэг чинь нүсэр ажил шүү") төлөө "цалин" өгөх хэрэгтэй. Ингэж байж л ээжүүд хоосон хононо гэж айлтгүй хүүхдээ амар тайван өсгөж хүмүүжүүлэн эх орондоо хэрэгтэй иргэн бэлтгэж өгч чадна. Мэдээж, төрөх эмнэлэг, хүүхэд саатуулах газар, цэцэрлэг олноор барих шаардлага гарна. Энэ бүхэн цогц бодлого болж хэрэгжвэл богино хугацаанд хүн амынхаа тоог эрс өсгөх боломж харагдана.
Энэ хэрэгт эмэгтэй хүн бүрийн  хүчин зүтгэл  хэрэгтэй!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө