МАН бол нус
![]() |
Б.Жаргалсайхан (Буянгийн Жагаа) |
Ийм байхад энхрий хайрт МАН-ыг тэгээд яасан гэж "хайрлах" юм болж байна? Социализмын үеэс "залгамжилж" авсан хүнд суртал, арын хаалгыг устгахын оронд харин бүр улам боловсронгуй болгож авилга гээч юмыг цэцэглүүлж, алба амины ажлыг зөвхөн танил талаар дамжиж бүтдэг болгож "цогцлуулсан" нам. Хуучин МАХН-ын үеийнхээс улам дордуулсан гэсэн үг. Тэгээд бас МАХН-ын алдаа, оноо бүгд бидэнд хамаатай гэж донгосох дуртайг яана! Тэгж ярьвал хуучин Ху намын хийсэн гавъяа одоогийн МАН-ын (90 оноос хойшхи) учруулсан гэм хоёр яг тэнцэнэ. Хуучин Ху-гийнханаас улсын мөнгийг идэж баяжсан албан хаагч олдохгүй биз.
МАН бол МАХН-ын угсаа залгамж биш, харин бүр өөр гентэй "хоноцын хүүхэд" юм.
Хуучин Ху бол иргэдийнхээ өөдөөс гал нээлгүй буулт хийж чадсан эх оронч ухамсартай хүчин байсан. Одоогийн МАН бол иргэдийнхээ өөдөөс цагдааг нохой мэт турхирч хүний амь хөнөөлгөж байсан хүн амины хэргийн "захиалагч". Ялгаа байгаа биз? Хуучин Ху намд "төрөөс төрсөн тэрбумтан" байгаагүй бол одоогийн МАН-д ийм хүн зөндөө бий гэдэг. Эхнээсээ хэрэг нь улайж байгаа.
![]() |
Лениний музей бизнесийн газар болсон нь |
Одоогийн МАН-ыг "комми" гэж дуудах нь уул шуагамандаа бол буруу юм байна. "Соци" ч биш. Бид нар "соци" гэж ирээд л цээжээ балбах боловч яг үнэндээ бол мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй шуналын туламнууд, хонины арьс нөмөрсөн тийрэнгүүд гэвэл илүү нийцнэ. "Комми"-гоос долоон дор бирдүүд юм. Жагаа МАН-ыг "нус" гэж цоллосон явдал бол зүйрлэж хэлэхэд зүгээр л "өхөөрдчихсөн" байна.
Таван сайхан залуу буудаж алчихаад, хэдэн зуугаар нь баривчилж нийгмийн сэтгэл зүйг айлгаж дарамталчихаад (сэтгэл зүйн террор), улсаас тэрбумаар нь мөнгө "дээрэмдэж" аваад "тусгаар тогтнолын ордон" нэртэй том байшин бариулаад мөнгөний "саалийн үнээтэй" болж авсан. Ер нь яасан гэж улсаас 10 хэдэн тэрбумаар нь мөнгө өгөх ёстой юм? Улсад "даатгуулсан" байсан юм уу? Намын байр шатахаар улсаас тэрбумаар нь өгдөг юм бол бусад намуудын "овоохойг" шатаачихвал бас байртай болчих юм биш үү? Бидний татварын мөнгийг энэ нам нэртэй луйварчдад өгсөн нь яаж ч зөвтгөх үндэсгүй үйлдэл. Тийм учраас тэр мөнгийг улсын төсөвт буцааж өгүүлэх хэрэгтэй. Буцааж аваад ядаж нэг ч гэсэн цэцэрлэг бариулая.
Нам бол мөнгөний уурхай гээд итгэчихсэн бирдүүд мөнгө хайрлахгүй хандивлаж, бас татвар төлөгчдийн мөнгийг эрх барьж байгаадаа дулдуйдан дээрэмдэж аваад нэг нам байтугай нэжгээд нам багтах нүсэр барилга бариулсан даа. Энэ нь багтаж шингэхгүйдээ биш, харин "хажуу өрөө" олонтой томхон сав барьж түрээсээр мөнгө олох гэсэн зорилготой байсан аж. Энэ нам мөнгөтэй хүмүүсийн цуглуулга болж, мөнгөөр бүхнийг шийддэг ганц арга барилтай, эрүүлээр сэтгэдэг эх оронч гишүүддээ хаалттай ийм л байгууллага болж хувирсан.
Ийм намаар дахиж "айл гэр" болж тоглуулах юм бол энэ улсыг самраад дуусгана. Олон жил цөлмүүллээ, идүүллээ. Юманд бас хязгаар гэж байдаг. 90 оноос хойш л сайн сайхан болгоно гэж "тархинд цэцэг ургуулсаар" өдий хүргэчихээд одоо бас юу гэнэв ээ? Монголчууд маань одоо эрхбиш нүд нь нээгдэж байгаа биз ээ. Алийн болгон мөнгөөр "биеэ үнэлж" энэ "нусыг" дахиж сонгох билээ! Жилийн жилд л ингэж мөнгөөр зодож гарч ирээд толгой дээр зайдалдаг байсан даг. Доромжилж байгаа байхгүй юу!
Хамгийн сүүлийн сонгуульд гэхэд л мөнгөөр санал худалдаж авсан Увсын хоёр "товариш" одоо болтол ичихгүй гишүүнийхээ суудлаас зуураастай. Гар хөлийнх нь үзүүрт зарагдаж мөнгө тарааж байсан сонгуулийн штабынх нь нөхөд бүгд буруутаад шүүхээр ял авчихсан гэж байгаа. Илэрхий байгаа биз? Гэвч нөгөө хоёр үүнийг үл тооно. Нам нь ч мөн хамгаалсаар. Улс төрийн соёл, жудаггүй ийм "боловсон хүчнээр" дүүрчихсэн ийм намыг "нус" гэхгүй юм бол ямар намыг "нус" гэх юм бэ, аан?
Comments
Post a Comment