Монголыг цэцэрлэгжүүлэх нь
![]() |
Гантөмөр сайд |
"Томоохон пүүс компаниудыг цэцэрлэг барьсанаар нь уралдуулж болно" гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Гантөмөр хэлжээ. Маш зөв. Хувийн хэвшлийг нийгмийн идэвхтэй , эх оронч, сайн санаат ажилд урин оролцуулах, дэмжиж урамшуулах нь одоогийн хүнд хэцүү байдлаас хурдан гарахад ихээхэн нэмэртэй учраас сайдын энэ санаа бол алтнаас дутахгүй үнэтэй гэхэд ононо. Цэцэрлэг явах насны нийт хүүхдүүдийн 50% нь хамрагдаж чадахгүй байна гэдэг чинь дэндүү их байгаа биз? Хоёр хүүхдийн нэг нь сургуулийн өмнөх боловсрол, хүмүүжил олж авч чадахгүй байна гэсэн үг. Ирээдүйдээ хөрөнгө оруулж, тэднийгээ анхнаас нь зөв суурьтай болгож өгөхгүй юм бол цаашдын зам нь хаашаа ч эргэж болно.
Одоогийн байдлаар төр засагт дангаараа энэ ажлыг хийх санхүүгийн боломж алга. Үнэндээ "ганцаардаж" байна гэхэд болно. Хийх ажил зөндөө, хэрэглэдэг зоос нь цөөдөөд байна. Иймээс одоо л хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, иргэд маань эх оронч сэтгэл гаргаж тусалдаг цаг. Хоёр талаасаа хамжаад хийхэд чадаж л таараа.
С.Пүрэвсүрэн |
АНУ-д амьдардаг Монголчууд дотор "цэцэрлэгийн бизнес" эрхэлдэг цөөнгүй иргэд байдаг. Тэд мэдээж хуулийн дагуу зохих зөвшөөрлийг нь аваад, шалгалтыг нь даваад хийдэг. Хувийн цэцэрлэг ажиллуулахад заавал том байр сав хэрэггүй гэдгийг энэ жишээгээр хэлэх гээд байна л даа. Ийм жижиг загварын цэцэрлэг ажиллуулж байгаа хүмүүс айлын 2 давхар хаус хөлслөөд, өөрсдөө тэндээ амьдраад, дотроо хүүхдүүдээ зориулж тусдаа өрөө гаргаж тохижуулаад л болоо. Шаардлагатай бусад эд зүйлс, тоглоом гэх мэт нь мэдээж байх ёстой. Иймэрхүү "гэр-цэцэрлэг" дээд тал нь 12 хүүхдийн орон тоотой. Санхүүжилт нь хүүхдийн төлбөрөөс бий болдог, бас ч муугүй бизнес учраас манай эмэгтэйчүүд их сонирхдог.
Санхүүгийн хувьд боломжтой манай бусад томоохон компаниуд, иргэддээ хандаж иймэрхүү эх оронч үйлс бүтээж, өөрсдийнхөө хөрөнгөөр цэцэрлэг байгуулж Монголынхоо өсвөр ирээдүйд буян хийгээч ээ гэж уриалах гэсэн юм! Тус багадна гэж байдаггүй гэдэг. Дангаараа чадмааргүй бол түнш, найз компанитайгаа ярьж байгаад нийлээд дундаасаа хөрөнгө гаргах бас нэг арга байна. Ер нь ирээдүй үе болсон жаахан хүүхдүүддээ тус болж байнаа гэдэг чинь Монголынхоо ирээдүйд нэмэр хандив болж байнаа гэсэн үг. Уриалж байна гээд хэлчихээр ерөнхий болчихоод тэгээд агаарт замхардаг гэмтэй. Нэр зааж тухайлж өөрт нь хүсэлтээ тавихаар бас арай өөр хүлээж авдаг тал бий. Гэхдээ хүнлэг, эх оронч сэтгэлтэй л бол өөрсдөө санаачлаад, манлайлаад гараад ирэх ёстой.
Бас нэг өөр арга бол манай бизнес эрхлэгчид дундаасаа "Цэцэрлэг" нэртэй дундын фонд байгуулж, тэнд цугласан хандивын хөрөнгөөр санхүүжүүлэлт хийх явдал. Энэ фондод хандив оруулсан хэмжээгээр нь тухайн аж ахуй эрхлэгчийг орлогын албан татвараас чөлөөлөх буюу хөнгөлж байхаар зохицуулалт хийх хэрэгтэй. За тэгээд ухаанаа уралдуулбал олон санаа гарч ирнэ дээ. Хамгийн гол нь СЭТГЭЛ байх хэрэгтэй. Манай хөрөнгөлөг нөхдөд сэтгэл байгаа гэдэгт итгэнэ. Энд тэнд "боовон хөшөө", элдэв сүм суварга барьсанаас хамаагүй буянтай ажил. Нэрийг чинь бичиж алдаршуулсан жижиг самбар цэцэрлэгийн байшингийн хананд нь хадчихая. Орсон гарсан хүн болгон уншиж байг: "Буянгийн Жаргалсайхан энэ цэцэрлэгийг өөрийн хөрөнгөөр барьж багачууддаа бэлэглэв. Төдөн оны төдөн сарын төдний өдөр."
Comments
Post a Comment