Шагналд дуртай Монгол

Монголчууд  бид алдар нэр, шагнал бэлгэнд асар  дуртай улс гэдгээ их сайн мэднэ. Энэ  муу зуршлаасаа  болж бусдын идэш болж, бие биенээ хөнөөж , газар нутгаа тасдуулж, эзлүүлж алдаж байсан улс. Чингис хаанаас хойш доройтсоны нэг шалтгаан нь энэ. Алдар нэрийн төлөө өнөө орчин цагт ч   Монголчууд  бид "үхэн хатан" зүтгэсээр  л байна.  Шагнал хавтгайрлаа л гэнэ. Дуртай юм чинь  "хавтгайрч" л таарна биз дээ! Соц нийгмийн үед гоё гоё цол, шагнал бий болж манайхан ч "энгэрээ цоолчихоод үхэх юмсан" гэж  өдөр нь бодож,  шөнө нь зүүдлэсэн  хэвээр.

Монголд одоогийн байдлаар төрөөс олгодог  5 янзын цолны тэмдэг, 6 төрлийн одон, 8-аас доошгүй  төрлийн медалиуд байна. (зурагнууд үзнэ үү)



Хөдөлмөрийн баатрын тэмдэг
Улсын баатрын тэмдэг














Дайнд баатарлаг үйл хийсэн бол гавъяаг нь үнэлж медаль, одонгоор шагнах  "уламжлал" аль ч улсад бий. Тэр ч байтугай адгуус хүртэл гавъяа байгуулсан гэж шагнуулж байсан жишээнд  Солонгосын дайнд АНУ-ын армид "алба хашиж" байсан Реклэсс нэртэй монгол морийг дурдаж  болно. Хэр баргийн цэрэг авдаггүй  "Purple heart"  хэмээх маш их нэр хүндтэй медалаар 2 удаа шагнуулж байсан морь гэж байгаа!  Тусгай үүрэг амжилттай гүйцэтгэхийн  сацуу олон цэргийн амийг аварсаныхаа  төлөө энэ шагналыг авчээ.   (www.mayaguais.blogspot.com дээрх Reckless  нэртэй нийтлэлийг уншина уу)

Ардын зүтгэлтэний тэмдэг
Гавъяат зүтгэлтний тэмдэг














Тэгвэл энгийн цагт гавъяа шагнал, одон медаль, элдэв гуншин юуны хэрэг байнаа? Хүний амь аварсан, эсвэл улс нийгэмд учирч болох аюулаас сэргийлж хамгаалж чадсан  баатарлаг иргэд, тусгай албадын ажилтан зэрэг хүмүүст өгдөг шагнал, медаль байж болох юм. Харин  бусад тохиолдолд одон медаль , цол гуншингаар шагнадаг явдлыг болимоор байгаа юм.  Болимоор байгаа юм гэж бичээд нэмэргүй л дээ, угаасаа яс маханд нь "шингэчихсэн" (хар багаас нь шингээсэн гэвэл ононо) учраас , гэхдээ л дуугарч байя л даа. Хэзээ нэгэн цагт өөрчлөгдөх ч юм бил үү, хэн мэдлээ.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон



Сүхбаатарын одон












Удахгүй "Март" болж манай эмэгтэйчүүдийн "нар нь гарах" ойртож байна.  Бараг ээж болгон ямар нэгэн сэтэр зүүх юм даг уу даа. Их л олон "төрлийн" ээж нар бий болох дог. "Энэрэлт ээж", "Хатан ээж", "Манлай ээж", "Энхжаргалант ээж", "Авъяаслаг ээж", "Элбэрэлт ээж", "Саран ээж", "Хүндэт ээж", "Алдарт ээж", "Энэрэлт ээж",  "Монголын буянтай ээж" гэхчлэн явж өгөх нээ. Хүүхдүүд нь ээжийгээ баярлуулах гэж энэ мэт гуншинг худалдаж авдаг гэнэ. Гуншин бүр  өөр өөр ханштай гэж байгаа шүү.  Олон хүүхэдтэй амьдрал хэцүү айлын эзэгтэй бол "цолгүй ээж" хэвээрээ үлдэх нь. Хөрөнгөлөг хэсэг нь мөнгөөр "зодож" хамгийн үнэтэй гуншинг нь ээждээ захиалах юм биз дээ. Ичиж амьдарцгаая хүмүүс ээ! Манайх шиг ийм элдэв сэтэрт дуртай ард түмэн байдаг болов уу?

Алтан гадас одон
Цэргийн гавъяаны улаан тугийн одон













Шатаж байгаа айлаас  хүний амь аварсан, усанд живж байгаа хүнийг аварсан гэх мэтчилэн   онцгой гавъяа байгуулсан  иргэдийг тэр "Шударга журам" гэх сонин нэртэй медалиар шагнадаг. Энэ медаль байх ёстой , харин ч бүр  томоохон мөнгөн шагнал дагалддаг байх нь зүйд нийцнэ.  Өөрийн амь нас, биеийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг золин байж хүний амь аварна гэдэг бол маргашгүй том гавъяа!  Улсынхаа том "капиталыг" устаж алга болохоос сэргийлсэн байна шүү дээ. Хүн бол нийгмийн   хамгийн том "капитал" юм. Энэ капитал бол баялаг бүтээнэ, мөн өөрөөсөө гадна олон капиталыг бий болгоно.

Цэргийн гавъяаны одон
Алдарт эх одон













Дашрамд хэлэхэд, энэ медалийн нэрийг өөрчлөх хэрэгтэй юм шиг. "Шударга журам" гэж юу гэсэн үг юм? Би "шударга" учраас хүний амь авраагүй шүү дээ!  Мөн ямар нэгэн "журам"-ыг мөрдөж өөрийгөө золиогүй. Зөвхөн хүний ёсоор хүнлэг сэтгэл гаргаж, ухамсраараа  хүний амь аварсан юм шүү дээ. Хэр тохирсон нэр олдох биз дээ, монгол хэл юутай баян билээ дээ! "Гавъяат үйлстэн", мөн "Баатарлаг иргэн" гэх мэт саналууд толгойд шууд орж ирж байна.

Хөдөлмөрийн хүндэт медаль


Цэргийн хүндэт медаль












Монголын бүх цол гуншинг жагсаавал овоо урт жагсаалт болох байх.  Мэргэжлээрээ, ажлынхаа онцлогоор  ялгарсан олон сэтэр бий дээ. "Ардын", "Гавьяат", "Тэргүүний" гэж эхлээд л цуварна даа. Дээр нь нэмэгдээд олон янзын одонгууд байна. Зэрэг дэвээрээ ялгаатай гэж байгаа.  "Сүхбаатарын одон", "Алтан гадас", "Хөдөлмөрийн гавъяаны  улаан тугийн одон"  зэргийг авах болзол, шалгуур нь юу юм? Сүүлийнх  нь бол бүр "коммунист" нэртэй юм гээч.  Андуураагүй бол улаан туг чинь "коммунистуудын туг" байх аа?  Бид нь одоо коммунизм тийш явахаа болиод  маршрутаа өөрчилсөн учраас дээрх нэрийг өөрчилж "Хөдөлмөрийн гавъяаны хөх тугийн одон" болгох нь цаг үетэйгээ нийцэх бус уу.  Мөддөө халахгүй нь тодорхой учраас ядаж  нэрэнд нь жаахан өөрчлөлт оруулах уу, яахав?

Шударга журам медаль


Найрамдал медаль












Сүхбаатарын одонг Оросын нэг сайт дээр 4800 ам. доллараар зарна гээд тавьсан байна гэнэ. Янз бүрийн орны одон  медаль байгаа юм байх. Бүхэл бүтэн бизнес болсон юм аа даа.
Уг нь энгэрээ цоолсон цоолоогүй амжилт олж л байвал нэр хүнд нь өсөж, олз орлого нь нэмэгдэнэ биз дээ? Амжилттай яваа хүний нэр хүнд ард түмний дунд одонтой одонгүй гарч ирдэг л биз дээ? Элдэв цол сэтэр өгдөг нь нэг ёсондоо хүмүүсийг ангилчихаж байгаа юм. Дээд, дунд ба доод шатных  гэж зэрэглэж байгаатай  адил. Гавъяат жүжигчин хүн гэхэд жишээ нь СТА (Соёлын тэргүүний ажилтан) -тай харьцахдаа эрүүгээ жаахан өргөсхийх мөртөө Ардын жүжигчин хүн тааралдах юм бол нахисхийгээд явчих маягтай. За Хөдөлмөрийн баатар бол  цолгүй хүнээс шал өөр "ангилалын" хүн болчихож байгаа юм.  Яаж харьцах нь хүнээсээ болно гэж үү?  Үгүй дээ, цол дагаж бяр гэдэг шиг сэтэр дагаж "цацруулах туяа" нь арай өөр болоод явчихдаг юм.  Зарим нь тэрэндээ их итгэж сүйд болдог бол зарим нь арай гайгүй, даруувтар.

Иргэний зориулалттай иймэрхүү элдэв зэрэг, цол гуншинг аажмаар халах бодлого явуулмаар бодогдоно. Гэнэт хийж болохгүй байх л даа, учир нь сэтэрт дуртай ард түмэн маань цочирдож магад. Тиймээс багасгасаар багасгасаар алга болгох хэрэгтэй.  Яс үндэс, угсаа гарвал, аймаг сумаараа, намаараа талцаж ангилагддаг манай "бутархай" ард түмэн элдэв гуншин, цол, одонгоороо бас ялгардаг нь "ядаж байхад яр" гэдэг шиг л болж байна. Манай муу Ерөнхийлөгч яахав дээ, тодорхойлоод ирсэнийг нь шагнахаас ямар "шагнал хавтгайрлаа" гээд заримыг нь хасалтай биш, амьтан муу хэлнэ. Тэгээд ч өөрөө ямар хүн бүрийг шүүн тунгааж шалгаруулдаг  биш. Тодорхойлолтонд учир байнаа гээд л үглээд суухаас өөрийг үнэндээ чадахгүй бололтой.

Ерөнхийлөгчийн "ачааг хөнгөлж"  төрийн болон төрийн бус байгууллагууд элдэв цол гуншин зарж ард иргэдийнхээ ханаж цадашгүй хэрэгцээг хангаж байгаа жишээ бол өмнө өгүүлсэн ээжүүдэд зориулсан гуншингийн  асуудал  юм. Ингэхэд аавуудад яагаад цол хайрлахгүй байна?  Ингээд л хүйсийн ялгаа гаргаад байдаг шүү! Хүнд ихээр дарлагдсан хөөрхий муусайн эрчүүдэд худлаа үнэн сэтэр зүүчихвэл урам ороод улам сайн ажиллах ч юм бил үү. "Мундаг аав", "Халамжтай аав", "Номер нэг аав", "Супер аав" гэхчлэн гоё гоё нэрүүд бэлэн байна шд. Ингээд туйлшраад байвал хаана хүрч зогсох юм бүү мэд. Эцэс сүүлдээ бусдын "онигоо" болоод дуусах биз.

Санал:    Одоо байгаа одон медалийнхаа нөөцийг дахиж нэмэлгүйгээр дуусгаад  энэ асуудлыг цэглэх хэрэгтэй. Мөн элдэв сэтэр, цол гуншинг олгохоо зогсоож, "Алдарт эх"-ээс бусад шагналыг болиулах нь зүйд нийцнэ. "Шударга журам" гэх сонин нэртэй медалийн нэрийг сольж, дагалдах мөнгөн шагналыг нь  нэмэгдүүлж  нэр хүндийг нь өсгөх нь зүйтэй. Цэргийнхэнд зориулсан нэг одон, нэг медаль байхад болно. Ямар нэгэн түүхт үйл явдалтай холбоотой ("Бид ялав" г.м.) эсвэл жил бүр  бөөнддөг  нэр хүндгүй "ойн медалиудыг" болих хэрэгтэй. Харин гадаадын хүмүүст олгодог "Найрамдал" медаль  байх нь зүй, гэхдээ шагнал нь өндөр , нэр хүндтэй байвал зохино. Цаашид хэрэглэх  цөөхөн одон, медалийнхаа хийц, өнгө үзэмжинд анхаарч шаардлагатай нэгэнд нь өөрчлөлт хийх хэрэгтэй.

Сайн талууд:   Энэ олон одон медалийг хийлгэх гэж баахан мөнгө гадагш нь гаргадаг явдал эцэс болж хэрэгтэй зүйлд зарах мөнгө хэмнэгдэнэ.  "Энгэрээ цоолох"-ын төлөө уралдаан, хэл ам байхгүй болно. Шагнуулсан иргэд одон медалиа "архиар угааж ариутгах" гэж найр зарлаж "шатдаг" зовлонгоос бүрмөсөн ангижрана. Авсан одон медаль, зэрэг цол гуншингаас хамаарч "биеэ үнэлдэг" буруу зуршил устана. (энэ нь ялангуяа  урлагынханд их хамаатай)

За тэгээд эцэст нь хэлэхэд, диваажинд юм уу тамд (болж өгвөл там руу явах билет битгий аваарай) очсон хойно чинь "гавъяат аа" гэж  дуудахгүйгээс хойш тэр илүү сэтэрт дурлаж цусаа хийнэ. Амьдрал чинь сайхан, ажил чинь бүтэмжтэй, олзтой омогтой, хийморьтой, чадалтай, авъяастай байвал аяндаа чи  одонтой одонгүй "ОД" болоод л цойлоод гарна.  Ард түмэн чамайг аяндаа таниад, хүндлээд  ирнэ.  Хэрэгтэй хэрэггүй төмөр зүүж  дээлээ цоолж яана! Хайран хувцас. Хувцасаа  урж тасдах, цоолж нүхлэх муу ёр. Дээлээ бүтэн өмсөж хийморио өргөж явцгаая, Монголчууд минээ!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө