Монгол борцны тайлбар

Их бодонч ХХК
Баянгол дүүрэг 4-р хороо
Ард даатгал ХХК-ы байрны 404 тоот
Утас 91334395
Факс 368132
гэсэн мэдээлэл бүхий хаяг бичигдсэн  Их бодонч компанийн бүтээгдэхүүн болох "Монгол борц"-ыг  сонирхож авлаа. 150 граммаар савласан үхрийн махаар хийсэн борц аж. Уут савлагааны хувьд орчин үеийн технологиор хийсэн, өнгө үзэмж сайтай болжээ. Нүүрэн талынх нь баруун дээд өнцөгт "Чингис хааны цэргийн хүнс" хэмээн кирил, уйгаржин монголоор бичсэн байна. Мөн бүтээгдэхүүний нэр болох Монгол борц гэдгийг мөн хоёр янзын бичлэгээр бичжээ. Нэрний доод талд шарга тоомсог унасан цэргийн жанжин морьтой цэргүүдийн өмнө зогсож байгаа зураг тавьжээ. Жанжны унасан морь лав Монгол морь биш, харин "олзны тоомсог"  байхаас зайлахгүй гэж бодлоо.

Нүүр тал
Уутны арын нүүрэнд "Чингис хааны цэргийн хүнс" гэсэн гарчигтай бяцхан тайлбарыг кириллээр бичээд түүний доор нь "Chinggis Khan's Army Food" гэж гарчиглаад англи хэл рүү орчуулж  бичсэн хэсэг байна. За түүний доор Монголын газрын зургийг уутны бусад хэсгээс ялгарсан байдлаар өнгө будаггүй нэвт харагдахаар хийсэн бөгөөд энэ нь уутан дотор байгаа бүтээгдэхүүн (нунтагласан борц) бас нэвт харагдаж байхаар бодсон сонирхолтой шийдэл болсон байна.   
Газрын зурагны зүүн доод хэсэгт  уг компаний  хаяг бичигдэж, баруун доод хэсэгт нь хаалтан дотор "Баатруудын хүнс" гээд 150 g (Үхрийн) гэсэн байна.  За нэг иймэрхүү загвартай хийсэн савлагаатай  нунтаг борцыг Их бодонч гэдэг компани өөрсдөө үйлдвэрлэсэн юм уу эсвэл гадаадад  захиалж хийлгээд оруулж ирж байгаа юм уу даа.

Уутны ар тал
Гол асуудал руугаа орохоос өмнө жаахан оршилдох хэрэгтэй байнаа. Юуны өмнө "борц" хэмээх  хатаасан мах бол Монголчуудын  хүнсний  нэг чухал төрөл байсан бөгөөд одоо ч байгаа. Бусад орнуудад чухам яг ийм байдлаар махыг хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй юм. АНУ-д лав хатааж боловсруулсан үхрийн махыг нимгэн хавтгай бөгөөд богиновтор хэрчмээр гялгар уутанд савласан байдлаар зардаг, гэхдээ нунтагласан байдлаар харж байгаагүй. Энэхүү хатаасан хэрчмүүд нь амтлаад, утчихсан байдаг учраас шууд хэрэглэж болох бэлэн бүтээгдэхүүн юм.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд борцыг уламжлалт аргаараа (хатаасан хэрчмээр болон нунтагласан байдлаар) бэлдэж нийлүүлэхээс гадна гадны энэ чиглэлийн технологийг нэвтрүүлж, хэрчим хэлбэрээр хатаасан борцыг шууд хэрэглэхэд бэлэн байдлаар амталж хийдэг болбол нэр төрөл, орлого  нэмэгдэх боломжтой санагдана. Жинхэнэ Монгол аргаар бэлдсэн, нунтагласан борцыг үндэсний үйлдвэрлэлийнхээ нэг бренд болгох хэрэгтэй байна. Борц бол Монголын бренд болох ёстой бүтээгдэхүүн. Ноолууртай адил.

Их бодонч компани энэ бүтээгдэхүүнээ  хаана хийснээ бичээгүй учраас  тодорхой биш байна. Миний таамгаар Өвөр Монголд хийсэн байх магадлалтай. За ямар ч байлаа гэсэн  уут савлагаан дээр байгаа бичиглэл, зураг сэлтээс харахад  засаж сайжруулах юм цөөнгүй байна.  Ер нь  тэгээд борцонд  Чингис хааны цэргийн хүнс, эсвэл баатруудын хүнс гэхчлэн сүржин нэр цол өгөх  хэрэг байгаа юм уу даа?  Юм болгоныг "Чингисийнх" болгосоор сүүлдээ бүр ичиж үхэх л дутаад байх шиг. Залхаж ч байна. Чингисээс өмнөх Монголчууд  борцыг  өчнөөн зуун жил хэрэглээд ирсэн  байлгүй дээ.

Хоёр хэл дээрх тайлбарууд
За одоо гол асуудал руугаа оръё. Борцны уутны ар талд нь  Монгол, Англиар бичсэн хоёр тайлбар байгаа тухай  өмнө дурдсан. Энэ хоёр тайлбар их асуудалтай байнаа. Тус тусад нь авч үзье.

                                            Чингис хааны цэргийн хүнс

Монгол борц бол уламжлалт аргаар хийсэн идээ юм. Амт чанар сайн тул амтархан идэж, авч явахад хөнгөхөн, амт чанараа алдах нь удаан байдгаас Чингис хааны эр цэргийн хоол хүнсээр сонгогдсон билээ. Энэ нь Чинис хааны аян дайны нууц зэвсгийнх нь нэг юм. Цэргийн аргад өгүүлсэнээр "Цэрэг морь үл хөдөлөлийг, ам хүнс урьдаар явмуй" гэдэгээс цэргийн хоол хүнс дайн байлдаанд ямар чухал болохыг мэдэж болно. Монгол борцыг цэргийн хоол хүнс болгосноор Чингис хааны морьтон баатрууд нь бие бялдараар идэрхэн чийрэг, дайн байлдаанд хуй салхи мэт хурц шаламгай бөгөөд эрэлхэгээр тулалдаж чаддаг байжээ. 

Дээрх тайлбараас "авах юм" алга. За байз, 6-р ангийн хүүхэд л нэг иймэрхүү үлгэр шиг юм зохиож бичих байх даа.  Найруулга, утгын олон алдаа байхаас гадна ерөөсөө борц хэмээх бүтээгдэхүүний  тухай тайлбар  байх  ёстой байтал  Чингисийн цэргийн хүнс байсан гээд хаа хамаагүй хадуураад явчихдаг нь ямар учиртайг ойлгосонгүй. Чингисээр "хоолоо олж идэх" гэсэн арга уу? Борц идэхээр л баатруудын бие бялдар  нь чийрэг болоод зогсохгүй  зориг ороод эрэлхэгээр байлддаг байсан гэж байгаа. Хүнд зориг оруулдаг бодис борцны найрлагад  байсан байх гээд байна уу?  Тэгвэл үүнийг  манай эрдэмтэд сайн судалмаар юм.

Хэрэв энэ тайлбарыг Их бодонч компанийнхан зохиосон бол ичмээр юм болж. Хэдэн цаас өгөөд олигтойхон юм чаддаг хүнээр нь зохиолгоод авахгүй дээ. Хэрэв хэн нэгэн гадны хүнээр бичүүлсэн бол хэрэглэхийг зөвшөөрөхөөсөө өмнө мэддэг чаддаг мэргэжилтнээр хянуулах ёстой байж.  Адаглаад Монгол хэлний мэргэжилтнүүд аятайхан юм найруулаад бичээд өгнө биз дээ?

Одоо англиар бичсэн тайлбарыг шинжиж үзье.  Уг нь Монгол тайлбарынхаа Англи орчуулга бололтой юм, гэвч бас яг ч тийм биш нь харагдана. Түүнээс гадна маш олон зөв бичлэгийн алдаа, буруу бичсэн үг, гээгдсэн  үсэг , ойлгомжгүй найрлагатай өгүүлбэр байна. Ийм хачин юмыг  англи хэл мэддэг гадны хүмүүс уншаад толгой сэгсрээд өнгөрвөл их юм. Гэвч шооч улсууд ертөнц дээр их байдаг тул хэд нь үүнийг  нутагтаа авч очоод Монголыг "онигоонд оруулж" байгааг хэн мэдлээ. (Бүх алдаа мадагтай нь, байгаа байдлаар нь хуулж тавьсан шүү.)

                                           Chinggis Khan's Army Food

   Mongolian air-drying meat the traditionally natural green food6 ait is high protein and low fat, delicious and tasty, convenient both in eating and taking. During the Genghis Khan,s Time, it was chosen as the main combat ood just because of these merits, and it was one of genghis khan,s secret weapons. As the Chinese ancient military science said, "The operation ration would be on it way before the troop was sent out." 
the importance op the combat food, Genghis khan,s soldiers had strong bodies, whip amd spur marching. They swept all the empires before they had noticed and wiped their eyes. The Genghis Khan,s army made a tremendous miracle in the history of mankind. 
   "A-min" series of air-drying  beet and mutton is made from the pollution free inner Mongolian grassland top- quality beet and mutton. it has been througt scientific filling a prescription, high tempereture bacterium killing, then dried in a traditinollaty natural way and toased very carefully. it will be best choise for the banquet, traveling and presents for friends.

Beef  буюу үхрийн мах гэдэг үгний сүүлийнх нь үсгийг "андуураад" буруу биччихээр Beet  хэмээх  нэгэн төрлийн навчит ургамал болоод хувирчихаж байгаа юм. Энэ мэт алдаанаас эхлээд амьтны элэг хөшөөх олон жишээ байна. Монгол тайлбарт дурдагдаагүй зарим нэг нэмэлт өгүүлбэр англи  орчуулгад оржээ. Жишээ нь, "А-мин" серийн үхэр ба хонины хатаасан борц нь дотоод (Өвөр?) Монголын бохирдолгүй тал нутгийн сайн чанарын үхэр ба хонины  махаар хийсэн гэсэн утгатай өгүүлбэр байна.  Inner Mongolia гэдэг чинь Өвөр Монгол биз дээ? Тэгэхээр Өвөр Монголын малын махаар хийсэн, Өвөр Монголд үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүн болж таарах гээд байна уу?  Монгол тайлбарт ороогүй нэг үг бол  "Хятадын эртний цэргийн номлолд бичсэнээр..."  гэдэг хэсэг байна. Англи орчуулгадаа ингэж биччихээд Монгол тайлбартаа бол зүгээр л "Цэргийн аргад өгүүлсэнээр..." гээд биччихсэн байгаа юм.  Чингис хааны цэргийн хүнс ба хятадын цэргийн номлол хоёрыг "холбочихоор" чинь Монгол , хятад хоёр нэг байжээ  гэж гадныхан ойлгохоос яахав.  Төгсгөлд нь  банкет, аялалд хамгийн сайн сонголт бөгөөд  найздаа өгөх хамгийн тохиромжтой бэлэг гэсэн марзан өгүүлбэрээр  дуусгасан байна.

Их бодонч ХХК тун хариуцлагагүй хандсан нь илт харагдаж байгаа биз? Тэдний бизнесийг муулах гэсэнгүй, гагцхүү өөрсдийнхөө нэрийг тавиад гаргаж байгаа бүтээгдэхүүний энэ мэт юман дээр анхаараагүй хэнэггүй хандсанд л гайхаад барахгүй юм. Өөрсдөө хийв үү, Өвөр Монголоор хийлгэв үү гэдэг нь ч  чухал биш. Бүтээгдэхүүн нь сайхан байж болох боловч энэ мэт хачин бичвэр, зураг сэлт нь гутаагаад хаячихаж байгаа юм. Монголчууд  бид нь дүүрч гэж бодоход гадныхан юу гэж ойлгох вэ? Бүхэл бүтэн компани барааныхаа шошго, хаягжилт, тайлбарыг алдаа мадаггүй аятайхан хийчихэж  чадахгүй байна гэдэгт үнэмших үү?

Хөдөлмөрийн Төв Биржийн сайт болох  www.labornet.mn  дээр Их бодонч ХХК өөр хаяг дээр  бүртгэлтэй байх юм.Үйл ажиллагааны чиглэл нь мах, махан бүтээгдэхүүн, монгол борц боловсруулах үйлдвэрлэл гэжээ.  Эндээс харахад өөрсдөө ч хийдэг юм шиг.  2008 онд байгуулагдсан компани юм байна. Захирал нь Л.Дашрэнцэн.
Энд бичигдсэн хаяг нь:
Их бодонч ХХК
Баянзүрх дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө
13-р хороолол, Чаннел төвийн 306 тоот
Утас 88114551,  70152214
имейл хаяг:  ikhbodonch@yahoo.com

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө