ЗЦГ толгойгоо ажиллуулж, өөрөөр сэтгэх цаг болжээ

Замын Цагдаагийн Газраас иргэдэд согтуугаар машин жолоодож болохгүй шүү гэж анхааруулж байна. Өрөвдөлтэй ч юм аа даа. Нэртэйгээр нь "гуйж байна" гээд зарлачихаач!  Анхааруулж байна гэж  үхээнц оргиж байхын оронд  эрс  хатуу  арга хэмжээ ав л даа. Согтуугаар машин барьсан л бол машиныг нь хурааж байхаар болгож дүрэм журмандаа өөрчлөлт хийгээч ээ. Хувийн өмч , хүний эрх  хөндөгдөнө гэж үү?  Тэгвэл согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаад хүн дайрч насаар нь зэрэмдэглэх, бүр амийг нь хороож нөгөө ертөнцөд тонилгох нь хохирогч этгээдийн эрхийг дээдэлж байгаа хэрэг үү? Хэрэг хийсэн бол зохих ялаа авна гэж үү? Өнгөрсөн хойно нь тэр согтуу жолоочийг торгоод ч яалаа, эрхийг нь хасаад ч яалаа, торны цаана суулгаад ч яалаа, хохирсон хүн бие эрхтэн эрүүл болчихгүй, үхсэн нэг нь эргээд амилаад босоод ирэхгүй.  Тэгэхээр яах ёстой юм?  Хийсэн хэрэгтэй нь дүйцэх ял өгдгөөрөө өгөөд машиныг нь хурааж авах хэрэгтэй. Мөн хохирогчийн хохирлыг заавал барагдуулах хэрэгтэй.

Согтуу жолооч
Хохирогчийн хохиролыг яаж барагдуулах юм бэ гэж үү? Бие махбодийг нь зэрэмдэглэж ажлын чадваргүй болгосон бол бие эрүүл бүтэн байхдаа авч болох хамгийн бага цалингаар бодож тэтгэвэрт суутал нь мөнгөн тэтгэмж  сар бүр өгч байх ёстой. Амийг нь хөнөөсөн бол ар гэрт нь хохирогчийн амийг үнэлсэн  мөнгөн үнэлгээтэй тэнцэх хэмжээний мөнгийг төлөх ёстой. Тэр хохирогчийн амьдралынхаа үлдсэн хугацаанд хөдөлмөрлөж олж болох орлогыг тооцоод тусгай аргачлалаар үнэлгээг нь гаргадаг практик бий.

Согтуу жолооч (эрхээ хасуулсан байсан)
Өөрийн ч бай, хүний ч  бай хамаагүй тухайн хэргийг үйлдэх  үед  жолоодож явсан машин хураагдах ёстой. Тэр тээврийн хэрэгсэл бол тэр согтуу жолоочийн гэмт хэрэг хийхэд "ашигласан"  зэвсэг  юм. Буу хэрэглээд, эсвэл хутга ашиглаад хүн гэмтээх, амийг нь хөнөөхөд тэр зэвсгийг хураадагтай адил. Өө, аавынх нь буу юм уу, найзынх нь  хутга байсан юм уу гээд буцаагаад өгчихдөггүй биз дээ?

10 настай Бархас согтуу жолоочид дайруулсан
Сүүлийн үед согтуугаар машин барих явдал ихэсч байна гээд л бичих болж.  Тэр согтуу нөхдүүд ЗЦГ-ын "анхааруулгыг" нулимж байгаа байхгүй юу! "Анхааруулж л байдаг юм, тэр яахав, болохоо байвал аргалчихна. Мөнгө, танил тал байхад алзахгүй" гэж сагсуурдаг байхгүй юу! Машинаа журмын хашаанаас буцаагаад авчихна, өөрөө хэдэн цаасны торгууль төлөөд мултарчихна. Эрх мэрх хаслаа л гэдэг юм, тэр үнэмлэхтэй, үнэмлэхгүй барих л болно гэж тэнэгтдэг байхгүй юу! Толгойг нь илээд байгаа болохоор ингэж  аашилж байгаа юм.

Бага хүү Бархасаа алдсан ээж
3 сарын 2 ба 3-ны амралтын өдрүүдэд л гэхэд согтуугаар машин жолоодсон 120 зөрчил гарсан ба мөн эрхээ хасуулсан боловч жолоо барьж явсан 20 тохиолдол илэрсэн гэнэ. Ёстой даажигнана гэж үүнийг л хэлдэг байх. Эрхээ хасуулсан энэ 20 жолооч согтуу явсан гэнэ шүү! Төрийн хууль болон  хууль сахиулах байгууллага, мөн хэзээ ч хохирогч болж мэдэх иргэд  бидний өөдөөс салаавч үзүүлж байгаа биз? Шинэбаярын салаавч бол үүний хажууд юу ч биш.  3 сарын 1-ний Баасан  гаригт 50 согтуу жолооч саатуулагдсан гэж байгаа. Аргаа барсан ЗЦГ-ынхан болохоор  согтуугаар машин барих явдал нэмэгдээд байна л гээд "үглээд" байдаг. "Эрхлүүлээд" байгаа юм чинь  аргагүй шүү дээ.

Бархас хүүг дайрч алсан алуурчин Ш.Алтанхуяг (Хишигтэн нүүдэлчин компаны захирал)
Одоо энэ "тоглоом наргианаа" болихгүй бол арай дэндлээ. Зүй бусаар нэг хэсэг нь өнгөрчихнө, гэмт хэргийн улмаас бас хэд нь бурхны оронд одчихно, дээр нь нэмээд хэдэн  хүнийг нь согтуу ба сагсуу жолооч нар дайрч алаад байвал цөөхөн Монголчууд хэзээ "олуулаа" болох юм бэ?
Согтуу жолооч хаанаас ямар архиа олж уусан байх нь ер нь хэнд ямар хамаатай, хэрэгтэй юм бэ? Уусан л бол тэгээд хатуухан шийтгээд өг л дөө. Эрхээ хасуулчихаад согтуу жолоо барьж байгаад баригдвал 7-30 хоног баривчлаад тэгээд л явуулчихдаг юм байна. Машин нь гэртээ  эзнээ "хүлээгээд сууж" байдаг гэнэ. Ингэж "наадахаа" больцгооё. Хүн бүр асуудал тавьж боломжтой сувгаараа шахалт шаардлага  тавихгүй бол болохгүй нээ.

                                       Алуурчин Алтанхуяг ба ЗЦГ-ын ажлын арга барил

Иймэрхүү байдлаар тэмцээд ямар ч нэмэргүй гэдэг нь түмэнтээ батлагдлаа. Одоо зохих хууль журмандаа өөрчлөлт оруулж, шаардлагатай  бол шинээр хууль гаргах хэрэгтэй болж.  Мэргэжлийн байгууллага гэдэг утгаараа ЗЦГ санаачлагатай ажилламаар байна. Ялангуяа хуулийн өөрчлөлт хийх тал дээр өөрсдөө төсөл бичиж хууль санаачлах этгээдээр  дамжуулан  өргөн барьж хэлэлцүүлэх боломжтой.  ЗЦГ муу нэрнээсээ салж шударга, хуулийн дагуу ажиллах цаг болжээ. Нэр баастсан хүмүүсээ тэр дор нь зайлуулж байх хэрэгтэй.

Согтуу хүн сохор ухаантай гэж үг үнэн шүү. Хатуухан шийтгээд, машиныг нь хурааж улсын орлого болгодог болчихвол согтуурчихаад машин барьдаг "тэнэг" жолооч олдохоо болино.  Дээр нь манайхан угаасаа аймхай улс юм болохоор хэдэн хүн машинаа хураалгаад ирэхээр аяндаа хулхи нь буугаад номхроод ирнэ.
Монголчууд хатуу гараар чангахан барьж байвал "үгэнд сайн ордог"  хүмүүс.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө