ММСУХ донтоод байна уу?

Асуудлынхаа мөн чанар, шалтгааныг эхэлж сайн тогтоочихоод дараа нь яаж шийдвэл зохимжтой тухай ярилцах нь зөв баймаар. Гэтэл манайхан заримдаа (заримдаа ч юу  байхав, голдуу гэхэд хилсдэхгүй биз) учир жанцанг нь сайн ярилцахгүйгээр шууд л ингэе тэгье гэж дайрцгаах юм. Хурдан морь унадаг хүүхдүүд гэмтэж бэртдэг, бүр амиа алддаг тухай байнга л хэл ам гарч байдаг ч олигтой арга хэмжээ авч шийдсэн нь үгүй. Үүний нотолгоо нь хүүхэд эндсэн, бэртсэн хэвээрээ, томчууд нь хий дэмий цэцэрхсэн чигээрээ байгаа явдал.

Хэдийгээр хэвлэл  мэдээллийн хэрэгслээр энэ асуудлыг хөндөж, жишээ нь  Өдрийн сониноос санаачлан хэлэлцүүлэг хүртэл явуулж байгаа нь сайшаалтай боловч асуудалд хандаж байгаа байдлаас ажихад дэмий л "хий эргэцгээх" юм. Хий эргээд шавраас гарахгүй шүү дээ. 
Морин Спорт, Уяачдын холбоо (МСУХ) гэж нэг ажлаа хийж чаддаггүй толгойтой байгууллага байнаа.  Төр засаг руу нялзаагаад байх юм ерөөсөө байхгүй, харин энэ МСУХ л бүх асуудлаа шийдээд хариуцлагаа үүрээд явах ёстой юм, уг нь.  Бөхийн Холбоо бөхийнхөө асуудлыг шийддэг шиг. МСУХ-ы Ерөнхийлөгч М.Энхболд тэргүүтэй удирдах албаны хүмүүсийн арчаагүй арга барилаас шалтгаалж  унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал одоо болтол хэвээр үргэлжилсээр.

Асуудал юундаа байна вэ? Монголчууд хар багаасаа морь унаж сурдаг ард түмэн. Тиймээс хурдан морийг хүүхэд унах бол асуудал биш. Насны хувьд харин доод хязгаар тавих нь зөв санал. Бие жижигтэй, хөнгөн бөгөөд насанд хүрсэн хүнээр уралдуулдаг бусад орны морины уралдаан бол Монголынхоос тэс өөр нөхцөлд явагддаг учраас түүнийг хуулбарлах нь утгагүй бөгөөд хэрэггүй юм. Тэгэхээр Монголын морин уралдааны үеэр хүүхэд унаж бэртдэг нь юутай холбоотой байнаа гэдгийг эхлээд олж тогтоох ёстой  юм. Эндээс л дараа  дараагийн авах арга хэмжээнүүд  урган гарах ёстой.

Миний бодлоор хүүхэд морь муу унадагтаа биш, харин тухайн уралдаан болж байгаа газрын нөхцөл байдал, уралдаан явуулдаг арга барилаас болж хүүхэд эрсдэж байна. Хэд хэдэн шалтгаан байна:

1. Гараа

Гарааны үйл ажиллагааг эрсдэл багатай зохион байгуулах шийдлийг олох хэрэгтэй байна. Олон морь давчуу газраас зэрэг бөөнөөрөө эргэх нь морьд хоорондоо шахалдан хүүхэд мориноос унах нэг нөхцөл болдог учраас аль болохоор  таруу сийрэг байдлаар гараанаас гардаг байхаар зохион байгуулах  нь зүйтэй.

2. Унаач хүүхдийн нас

Насны доод хязгаар тогтоох хэрэгтэй байна. 10-аас доош насныхан арай балчирдах болов уу.

3. Уралдаан явуулах нөхцөл  (газар ба улирал)

Хурдан морины уралдаан явуулах  газар ба улирал  маш чухал. Яагаад гэвэл энэ хүчин зүйлүүд нь морь унаач хүүхдүүд гэмтэж бэртэх гол шалтгаан болж байна. Уралдаан явуулах газар нь аюулгүй байх ёстой учраас  урьдчилан сайн судалж сонгож авч байх  хэрэгтэй байна. Үлий оготны нүхээр сийчигдсэн, энхэл догол ихтэй, огцом өөд уруутай газар сонговол морь үлийн нүхэнд бүдэрч хүүхэд осолдох аюул бий. Мөн уг газар нь хуурай бөгөөд элдэв ус шалбааг, шавар, цас мөс тогтсон байж болохгүй. Энэ нь морин уралдааныг цаг хугацааны хувьд хэзээ зохион байгуулах нь зөв бэ гэдгийг хэлээд өгч байгаа юм. Өвлийн уралдааныг хорьсон боловч хаврын эхэн саруудад цаснаас дутахгүй таагүй бөгөөд аюултай нөхцөл (шавар, ус) хэвээр байдаг учраас энэ хугацаанд аливаа уралдааныг  бас хорих шаардлагатай байна. Хайлсан цаснаас  үүдэлтэй шалбааганд морь халтирсанаас болж унаж бэртсэн хүүхэд олон байгаа нь энэ цаг хугацаанд морь уралдуулах нь маш их эрсдэлтэйг харуулж байна.

4. Хамгаалалт

Унаач хүүхдийн өмсөх хувцас хэрэглэл гэдгээс хамгийн гол нь толгойг нь хамгаалсан тусгай дуулга (малгай) юм. Тэрнээс биш өмсөх хувцас нь тусгайлсаад байх юм байхгүй, салхи нэвтрүүлдэггүй дулаахан хувцас байхад л болно. Бээлий, гутал нь мөн салхи, хүйтнээс хамгаалсан байх хэрэгтэй. Дуулга малгай их чухал. Энэ малгай  багагүй үнэтэй боловч унаач хүүхдийн эрүүл мэндийг  нэгдүгээрт тавина гэвэл авахаас өөр аргагүй. Ядаж л зориулалтын дуулгаар бүх унаач хүүхдүүд хангагдсан баймаар байна. Өмсөхдөө зохих ёсоор бөхөлж уяж хэвших хэрэгтэй, эс тэгвэл унах үед малгай нь салаад явчихвал  яаж толгойг нь хамгаалах билээ? Нүдний шил бас чухал. Тоосон дунд их хурдтай яваа хүүхдийн нүдэнд шороо, чулуу орж нүдийг нь гэмтээхээс сэргийлнэ.

72 ам.долларын үнэтэй малгай
МСУХ гэгч байгууллага олон мянган гишүүдтэй, тэдгээр гишүүд нь Монголын дундаж төвшнөөс дээш амьдралтай гэж гайхуулж байх юм. Гишүүдийнхээ татвараар зуун саяар нь орлого олдог юм байх аа. Баячуудын клуб юм аа даа, янз нь. Тэгвэл энэ баячууд морио унуулахдаа  унаач хүүхдээ зориулалтын малгайгаар хангачихвал нэр нүүрэнд нь сайн л баймаар юм. Хүүхдийн амиар зольж зугаа цэнгэл хийж байна гээд нэр чинь баастаад байгаа юм биш үү, уяачид, морины эзэд ээ?

МСУХ гадаад харилцаа, гавъяа шагнал ярихаасаа илүү дотоодынхоо энэ асуудалд анхаармаар биш үү? Морин уралдаантай бүх асуудлыг гартаа ав л даа. Тэгж чадахгүй юм бол МСУХ гэж байгаад яах юм, тарвал таарна. Төр засгаас мөнгө нэхдэг ээ болимоор юм. Морин уралдаан зохион байгуулж, ивээн тэтгэдэг ажил бол төр, засгийн  ажил биш ээ! МСУХ-ы тэргүүлэгч гишүүн Н.Даш-өлзий морин уралдаануудыг засгаас санхүүжүүлэх хэрэгтэй гэж зөвлөгөөн дээрээ  айлдсан байх юм. Тэгвэл МСУХ гэж байх хэрэг алга, засгийн газарт нь (Спорт аялал жуулчлалын яаманд) хариуцуулчихвал таарна.

160 долларын үнэтэй малгай
МСУХ-ы Ерөнхий нарийн П.Сэргэлэн гэдэг хүний хэлсэн шиг унаач хүүхдийг хамгаалах  хувцас хэрэглэлээр хангачихвал гэмтэл бэртэл огт байхгүй болно гэдэг бол  учир дутагдалтай. Морь ойчсоноос (үлийд бүдрэх, шаварт халтирах гэх мэт) болж хүүхэд мориндоо даруулах, чирэгдэх явдал их гардаг. Энэ тохиолдолд хүүхэд хамгаалалтын хувцас хэрэглэлтэй байгаад ч нэмэргүй. Энэ бол хүүхдээс хамаарахгүй , харин уралдааны замын аюулгүй байдал, гадаргуугийн нөхцөлөөс хамаарах асуудал юм.

МСУХ-оос уячидтайгаа сайн ажиллах шаардлагатай байна. Хэнэггүй уяачид бий бий гээд үлбийгээд суух биш. Ер нь бол МСУХ-оос морин уралдааныг мөнгөний төлөө, нэр алдрын төлөө  уралдаан болгох чиглэл рүү явж байх шиг. Ярьж байгаа юм нь мөнгө, шагнал, бай, цол чимэг, алдар нэр л байх юм. Ю-Тюүб дээр тавьсан МСУХ-ы зөвлөгөөний бичлэгийг үзэхэд тийм сэтгэгдэл  төрөхөөр байна. Харин МСУХ-ы Дэд Ерөнхийлөгч  С.Баасанхүү энэ зөвлөгөөн дээр нэлээн бодитой үнэн зөв шүүмжилсэн зүйл хэлж байх шиг санагдсан.

http://www.youtube.com/watch?v=npKWH0wdM0k

78 долларын үнэтэй хамгаалалтын шил


60 долларын шил
МСУХ-ы ажлыг  тухайн холбооноос зохион байгуулж байгаа аливаа уралдаанд унаач хүүхэд бэртсэн, амиа алдсан тохиолдол гарсан эсэхээр дүгнэж байх нь зүйтэй. Осол эндэгдэл гарсан л бол ажлаа муу хийжээ л гэж ойлгоход болно. Хүний бие гэмтэж, тэр ч байтугай амь насаа алдсан байхад "сайхан уралдаан" боллоо гээд баясаад байх нь хэр хүнлэг араншин бэ гэдгийг МСУХ-ы удирдлага, уяачид  өөрсдөөсөө асууж сурах хэрэгтэй байна. Хүний амиар "кайф" авдаг хоббитой улсуус олширвол гай л авчрахаас өөр юу ч авчрахгүй. МСУХ арай донтоод байгаа юм биш биз? 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө