100 ямаанд 60 ухна арай дэндэнээ

"Дивтаат" ухна
Зуун ямаанд  хэдэн ухна  "оногддог" вэ? "Номоороо" хэд оногдох ёстой вэ гэдгийг манай хашир туршлагатай малчид, ямаачид л мэдэх байх. За лав л 60 биш.

Сүүлийн үед Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулах талаар дуугарах  боллоо. Зүйтэй. Ялангуяа Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох тухай  сүүлд оруулсан өөрчлөлтийг буцаах хэрэгтэй. Нэг хүн хоёр дүрд зэрэг тоглох нь хэцүүгээс гадна  тус тусдаа өөр  үүрэг хариуцлагатай хоёр байгууллагад  "double agent"  хийж "давхар тагнуулаар" ажиллах нь зохимжгүй бөгөөд буруу юм.

Зарим нэг хүмүүсийн амнаас  гарч байгаа нэг хачирхалтай санаа бол Их Хурлыг хоёр танхимтай болгох тухай юм. Дээд ба доод гэсэн хоёр танхимтай байх нь хэрэгтэй гэнэ. Юунд хэрэгтэй юм бол? Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг л юм болох гээд байнаа даа, янз нь.

Монгол Улс 2013 оны 3 сарын 29-ны байдлаар 2,877,157  иргэнтэй болсон байна. Энэ 2 сая 877 мянган "ямааг" хуваах нь 76 "ухна" гээд бодохоор нэг "ухнад" 37857 "ямаа" оногдож байна. (Дивтаатыг нь "ухна", нийт иргэдээ "ямаа" гэж зүйрлэн өхөөрдсөн юм шүү). Дэлхийн  олон ба цөөн хүн амтай бусад зарим орнуудын хувьд энэ төлөөлөл ямар байдгийг сонирхож үзье.

Хятад улс дэлхийн хамгийн их хүн амтай орон. 2012 оны байдлаар 1,303,723,332 байна. Энэ миллиард гаруй хүнийг төлөөлж суугаа хууль тогтоогч нарынх нь тоо 2987 аж. Өөрөөр хэлбэл 436,466 толгой "ямаанд" НЭГ "ухна" ноогдож байна.
Энэтхэг улс хүн амын тоогоор одоогоор удаалж байгаа, гэхдээ 2050 он гэхэд Хятадыг гүйцэн түрүүлж нэг миллиард зургаан зуун сая болох тооцоо байдаг аж. Нийт хууль тогтоогчдын тоог (797) хүн амд нь (1,205,073,612) хувааж үзвэл   1 сая 512 мянган "ямаанд" нэг "ухна" оногдож байна.
Хүн амын тоогоор гуравт жагсаж байгаа АНУ-ыг аваад үзье.  313,847,465 хүнийг төлөөлж  535  хууль тогтоогчид  Сенат болон Төлөөлөгчдийн танхимд хуваагдаж суудаг.  Дээрх аргаар бодож үзвэл нэг "ухнад" 586,631 толгой  "ямаа"  ноогдож байна.
Орос улс 142,517,670  хүнтэй гэж 2012 онд тоологджээ. Хууль тогтоогчдынх нь тоо 619.  Нэг "ухна"  230,239  "ямааг"  төлөөлж байгаа биз?
Монголын ойрын бөгөөд дотнын хөрш болоод байгаа өндөр хөгжилтэй Япон  улс мөн онд 127,368,088 "ямаа" тоолуулжээ.   722 тооны хууль тогтоогч сонгогчдоо  төлөөлж дээд ба доод танхимд хуваагдан  суудаг. Нэг "ухна" 176,410 "ямааг" төлөөлж байна.
Цааш нь үзье. Герман  улс мөн онд 81,305,856  хүн тоолуулсан бөгөөд 691 хууль тогтоогчийг хуваавал нэг "ухнад" 117,664 "годрон" оногдож байх жишээтэй. Нэгдсэн Вант улс 63,047,162 хүнтэйгээс  1442 төлөөлөгч сонгогддог гэвэл  43722 сонгогчийг нэг хүн төлөөлж байна. (Монголтой ойролцоо байгаа биз?  Төлөөлөл нь хэтэрсэн гэсэн  шүүмжлэл гарч төлөөлөгчдийн тоог бууруулах гэж байгаа)  

Монголтой хүн амынхаа тоогоор ойролцоо улсуудыг авч үзье л дээ. Жишээ нь Кувейт байна. 3.1 сая хүнтэй. Кувейтийн Үндэсний Ассемблей (Парламент) нь нэг танхимтай , 50 гишүүнтэй юм байна.  2.2 сая хүнтэй Латви улсын Парламент нэг танхимтай бөгөөд пропорционал системээр  сонгогдсон 100 гишүүнтэй аж. Словени улс 2 сая хүнтэй бөгөөд хууль тогтоох байгууллага нь 90 суудалтай юм байна. Ямайка гэдэг улс 2.7 сая хүнтэй боловч хууль тогтоох байгууллага нь дээд (Сенат) ба доод (Төлөөлөгчдийн танхим) гэсэн 2 танхимаас бүрддэг гэнэ. Сенат нь  20 суудал, Төлөөлөгчдийн танхимд 63 суудалтай юм байна.  Нийтдээ 83 хууль тогтоогч сонгогддог байх нь.
УИХ-ыг 2 танхимтай болгох гээд байгаа нөхөд Ямайкийг дуурайх гээд байгаа юм болов уу?

УИХ
Ер нь хууль тогтоох байгууллагыг 2 танхимтай болгож данхайлгах, төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх нь ямар ашиг, үр дүн авчрах вэ гэдгээ эхлээд  бодох хэрэгтэй. Чамирхаж байгаа бол ийм санал гаргаж байгаа улсууд ямар хүмүүс вэ гэдгээ харуулж байна гэхэд болно. Хоёр танхимтай болоод 76 биш 100 "ухнатай" болчихоор юу нь сайжирч дээшлэх юм? Манайх шиг улс төрийн соёл эзэмшээгүй, ичих булчирхай нь барагтай бол ажилладаггүй, жудаггүй хүмүүсээр дүүрэн  улсад "ухна" болохын тулд юугаа ч хайрлахгүй зүтгэх тэнэгүүдэд гишүүний тэмдэг зүүж сагсуурах илүү боломж л олгохоос өөр "үр дүн" авчрахгүй.

Бас болоогүй "шуудайнд хийсэн  үхрийн эвэр" шиг  аягладаг улсууд нэг хууль батлах гэж наян жил болно. Хоёр танхимаар дамжиж хоёулангийнх нь дэмжлэгийг хүлээж батлагдах хүртлээ тухайн хуулийн төсөл мөн ч их "үйлээ үзэж", хайран  цаг хугацааг барна даа. Өөрсдийнхөө "үзэмж тааллаараа" хуралдаа морилдог эрхэм гишүүд  хоёр танхимын ирцийг бүрдүүлэх гэж их л "зовох" байх даа.

Увсын 2 ширэн нүүртэн
За тэгээд олон толгой байснаараа сайн болчихдог юм бол жалга болгоноос дивтаат сонгоод хуучны Ардын Их Хурал шиг юм байгуулчихая л даа.  Тэгээд сайхан ротацаар ээлжлээд бүх иргэдээ амьд яваа насанд нь ядаж нэг удаа дивтаат болгож баярлуулая.
Тэгэх гээгүй юм бол  суудал нэмэх шаардлагатай гэж  балай юм ярихаа больцгоо. Тооны хувьд 76  "ухна" манайдаа хангалттай бөгөөд харин чанарын тал дээр нь илүү анхаарч , ажил амьдралын туршлагатай, нас тогтож хашир суусан, төлөв төвшин, өндөр боловсролтой  хүмүүсээ сонгож байя. Мөнгөөр санал худалдаж авч гарч ирчихээд , зараалынх нь хүмүүс баригдаад ял аваад явчихаад байхад хүрэл нүүр гаргачихаад бөглөө болоод сууж байгаа  Увсын 2 ширэн  нүүртэнгүүд шиг хүмүүс Их Хуралд орж ирээд байх юм бол  чанарын тухай яриад ч хэрэггүй.  Тэгэхээр тоо чухал биш, чанар чухал  бус уу?  Ленин багшийн хэлсэнээр, "Чанар, чанар,  бас дахин  чанар!"

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө