Эрээвэр хураавар

"Төрд хулхидуулж эдийн засгийн болон сэтгэл санааны хохирол амссан хүмүүс ММ агентлагт энэ долоо хоногт цөөнгүй хандлаа." (Орон сууцны зээлийн тухайд ярьж байна).
3 сарын 10-ны Цагийн хүрдийн долоо хоногийн тойм нэвтрүүлэг ингэж эхэлж байх юм. Дашрамд хэлэхэд миний бодлоор  Үндэсний телевизийн нэвтрүүлэгчдээс эмэгтэйчүүд нь уншихдаа тун гайгүй, харин эрчүүд нь бол авах юм байхгүй дээ.
Хулхидуулах гэдэг чинь уг нь "хар ярианы" хэллэг биз дээ? Ямар хувь  хүмүүс хоорондоо буу халж байгаа биш. Үгээ зөв сонгож сурмаар юм.

Орон сууцны 6 хувийн хүүтэй зээл авах гээд нэлээн олон хүн материал бүрдүүлээд цөөнгүй нь тэнцээд урьдчилгаа мөнгөө тушаачихаад байтал зээл нь бүтэхээ больжээ. Зээлийн эх үүсвэр байхгүй  болсон бололтой. Өөрсөддөө л тэрүүхэн үед оноо л авч байвал яг үнэндээ уг ажил бүтэх эсэх нь сонин биш гэсэн маягаар хандаж  ирсэн МАН-ын яруу алдарт мэргэн бодлогын ачаар дээрх  иргэд хаашаа ч үгүй болж хоцорчээ. МАН-ын зуун мянган айлыг орон сууцжуулах мастер төлөвлөгөө ингэж олон иргэдийг амаар нь шороо үмхүүллээ. Одоо мөнөөх хохирогчид өлсгөлөн зарлана гэж байна. Молиго үмхүүлсэн МАН-ын байрны гадаа сууж зарлаарай. Одоогийн засгийн газарт уурлаад байх юм байхгүй, харин өмнөх засагтай тооцоогоо хийх хэрэгтэй. С.Батболдтой очиж уулз. Тэгээд туслаач гэж гуй. Бүр уйлж байгаад гуй.

Өдрийн сонин  зарим монгол үгээ  мартжээ
Сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ой болж өнгөрлөө. Манайхан ч яахав дээ, ой мой болохоор идэж ууж, цэнгэлдэн жаргах ёстой гэж ойлгодог улс. Буруу зөвөө хэлэлцэж, ирээдүйн зорилгоо ярьсан юм уу?  Чанар чансаагаа  цэгнэсэн юм уу?  Тулхтай гэгдэх Өдрийн сонин  кабелийн 9 телевиз хаагдсан хэргээр баахан цуврал нийтлэлээр зай бөглөж  засгаа муулав. Хаагдсан гэх бүх телевизийн нөхдийн гомдлыг дамжуулна гэвэл нэлээн олон нийтлэл болох бололтой.
Бичих юм олдохгүй  байгаа юм байлгүй дээ.

Маартаар  охид бүсгүйчүүд маань ханатлаа бөөлжиж сайхан баярлав. Хоорондоо нусаа сугартал зодолдож  туяхан хурууныхаа "чилээг гаргав". Бас болоогүй "хутга барин" замд дайралдсан хэн ч байсан "ална" хэмээн баярынхаа шөнө гадуур баахан давхив. (Согтуу жолооч бол хутга барьсан алуурчин гэж нэг мэргэн хүн зүйрлэсэн байдаг.)
Маартын шөнө Замын цагдаагийн зогсоож шалгасан 3 машин тутмын 2 -ыг нь согтуу жолооч барьж байсан гэнэ. Тэдэн дотор цөөнгүй эмэгтэй "алуурчин" байсан аж. Давтаад хэлэхэд, согтуу л бол машиныг нь хурааж улсын орлого болгож байвал хамгийн том бөгөөд үр нөлөөтэй шийтгэл болно доо.  Жолоо барих эрхийг нь мөн  тодорхой хугацаагаар хасах нь зүй.

Одоо удахгүй "эрчүүдийн" баяр болно. Мөн л "хавтгай" ууж идэж "баярлах" байх. Хэд нь "хутга барин" давхиж, хэд нь гэмтлийн эмнэлэгт "гэнэтийн айлчлал" хийж, хэд нь  эрүүлжүүлэх хэмээх "тансаг буудалд"  хоног төөрүүлж, хэд нь "шоронгийн хадаас" болж, хэд нь  нөгөө ертөнц рүү (бүү үзэгд!) одох бол ?
"Монгол цэргийн өдөр" хэмээгдэх энэ өдөр зөвхөн эрчүүдэд ч хамаатай биш, алба  хааж байгаа эмэгтэйчүүдийн ч баяр. Тийм учраас "Эрэгтэйчүүдийн" баяр гэж нэрлэж ойлгох нь буруу.  Ер нь нийтээрээ  амарч тэмдэглэдэг нь ч  зохисгүй.

Товчхон  саналаа хэлэхэд, "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн  тухай хууль"-д өөрчлөлт  оруулах хэрэгтэй. Цагаан сар, Наадам, Шинэ жилээс бусдыг нь  нийтээр тэмдэглэх баярт тооцохгүй болгож өөрчлөвөл зохино. Одоо энэ Маартын 8 болон 18-ныг жинхэнэ утгаар нь, мөн зөвхөн тухайн салбарын хэмжээнд нь амрахгүйгээр ёсолж тэмдэглэдэг болгоё. Маартаар жишээ нь, эмэгтэйчүүдийнхээ асуудлыг ярьдаг, хэлэлцдэг, сайчуул нь төр засгаасаа урамшуулал авдаг маягаар үр ашигтай,  цомхон баймаар. "Монгол цэргийн баяр"-аар цэргүүд маань нийгэмдээ хэрэгтэй ямар нэгэн үйлс бүтээж хүлээлгэж өгч байвал яагаад болохгүй гэж. Цэцэрлэг бариад 3 сарын 18-нд хүлээлгэж өгч болно шүү дээ.

Ер нь армийг одоо бүтээн байгуулалтанд ашиглах хэрэгтэй. Бид   гадаад улстай дайны байдалд байгаа биш болохоор олон цэргийг тайван цагт "зүгээр тэжээж" байхаар бодитой төсөлд ашиглая. "Цэргийн баяр"-ыг ч мөн салбарын хэмжээнд л ёслол төгөлдөр тэмдэглэж байя. Цэргийн алба залуудаа хааж байсан болон бүх л эр хүйстэнгүүдэд энэ баярыг хамаатуулах шаардлага алга.
Ер нь бид хөгжлийн гараан дээр ирчихээд бүтээн байгуулалт, их ажлын  хажуугаар баяр цэнгэл, зугаа хөөж цаг алдмааргүй   байна. Тэгээд ч архидалт нийгэмд тахал шиг тархсан байгаа энэ цаг үед  болж өгвөл архидах шалтаг шалтгааныг төр засгаас "албан  ёсоор" бий болгож "дэмжих" хэрэггүй юм.

Баабар
Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байна.  Манай нэртэй нийтлэлч Баабар маань сонгуулийн "заяа төөрөг" үздэг болоод  бас нэлээн туршлагажиж байгаа  хүн. Дараагийн Ерөнхийлөгч хэн  болох вэ  гэсэн чинь Элбэгдорж гэж байна. "Шарсан мах анддаггүй шар зурхайч" шиг л хэлж байна. Би ч бас тэгж тааварлаж байгаа.  Гол өрсөлдөгч нь Улаан сайд байж болзошгүй гэсэн байна.  МАХН-ын Тэрбишдагва, МАН-ын Энхтүвшин, аварга Бат-Эрдэнэ, МҮАН-ын Энхсайхан, МАН-ын Дэмбэрэл, БНН-ын Жаргалсайхан нарын  нэр өрсөлдөгчдийн нэрс дотор цохиж явна. За ер нь хэн ч байсан Элбэгээг өнөөдөр дийлэх аавын хүү, ээжийн охин алга.
Улаан ч сүрхий л дээ, гэхдээ бас л уул уурхайтай холбоотой хэл аманд орж  байсан байхаа? Хэрэв тийм бол тэр асуудал нь сонгуулийн үеэр гарч ирээд гай болно. Харин олон хүний амь аварч  гавъяа байгуулсан  ачтай хүн гэдгийг бид мэднэ. Энэ бол их том гавъяа шүү!

Нэгэнт Элбэгээг дийлэх шанс хэнбугайд ч байхгүй болохоор энэ удаагийн сонгуульд намууд мөнгөө хэмнэсэн нь дээр биз дээ. МАХН ба МАН хоёр  дундаасаа нэг хүн (Улаан, Дэмбэрэл?) дэвшүүлээд ёс төдий өрсөлдүүлж болох юм даа. Бусад намууд, хувь хүмүүс нэр дэвшүүлэх гээд хэрэггүй. Хайран мөнгө болно. Дэмбэрэл гуай ч өнгөрсөн сонгуулийн дараа хурал удирдахгүй зугтааж, төрийн ажил гацааж, намбагүй, увайгүй загнаж намаа төрөөс дээгүүр тавьж байсан хүн дээ. Ийм хүн  Ерөнхийлөгч байж чадахгүй. МАН-аас ер нь санал болгочих олигтой нэр хүндтэй  хүн байгаа юм уу?  Төр засаг барьж байсан өнгөрсөн он жилүүдэд нийгмээ доройтуулсан "нүгэл" хийсэн улс яаж нэр хүндтэй байхав.

С.Бямбацогт
МАН-ын УИХ дахь намын бүлгийн дэд дарга С. Бямбацогт саяхан нэг гонгиносон ярилцлага өгчээ. МАХН нэрийг буцааж авна ч гэх шиг.  "Монголчууд 40 сая малтай ,400 литер сүү уух боломжтой мөртөө импортын хуурай сүү уугаад л сууж байна"  гэсэн байх юм. Хэний буруу юм тэгээд? МАН (хуучнаар МАХН)-ын буруугаас болж гээд хэлчихэж чадахгүй л байж л  МАХН-ын гай, гавъяа бүгд биднийх гэж худлаа дэмийрэх дуртай. "Ийм байдлаараа бид Ерөнхийлөгчийн сонгуульд ялахгүй нь"   гэж харин  үнэн  хэлжээ, гэхдээ "ийм байдлаараа" гэж шалтаглах гээд хэрэггүй. Одоо МАН-ын үе өнгөрсөн  гэдгийг ухаараагүй л яваа нөхөр юм байна. Шинэ цаг үе ирсэн гэдгийг мэдэж ав. Дараа дараагийн олон сонгуульд амаараа шороо үмхэх болно гэдэгт бэлтгэлтэй бай. Харин  "шавар бололгүй" , хэрэгтэй санаа оноогоороо нэмэр болж, бурууд нь үгээ хэлж "нам" шиг нам  байж чадвал хэтдээ нэр хүнд нь өсөж, магадгүй төр барих эрх олдох ч юм бил үү, хэн мэдлээ.

Ж.Сүхбаатар
МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хэнийг дэвшүүлэх асуудал дээр иргэдээсээ саналыг нь сонсоод, дараа нь нам дотроо шалгаруулж байж шийднэ гэж байна. Ер нь бол санал асуулга явуулах  юм байна. (Өөрөө бол санал асуулга биш шүү л гэж байна лээ). Ерөнхийлөгчийн сонгуульд их ач холбогдол өгч байна гэнээ.  Аргагүй ээ, аргагүй. Дараалаад хоёр ойччихсон юм чинь, гуравдахь дээрээ  давахыг бодолгүй дээ. Уг нь мань Сүхбаатар МАН дотроо гайгүй "явж мэдэх" ирээдүйтэй залуу гэж тооцогддог юм билээ. Даанч хэлж ярьж байгаа нь заримдаа шал "түүхий" байгаа нь "боловсрох" яагаа ч үгүй байна гэдгийг нотолж байна.
"Монгол улсын Ерөнхийлөгчийн явуулж  байгаа бодлого, үйл ажиллагаа, эрх барьж байгаа АН-ын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаа бүхэлдээ МАН-ыг улс төрийн хүчнийх нь хувьд боомилох үйл ажиллагаа болж байна" гэж Сүхбаатар хэлсэн байх юм. Их ноцтой юм хэлсэн байгаа биз? Ерөнхийлөгч МАН-ыг боомилох ("боож алах" буюу устгах гэсэн утгатай үг биз?) ямар үйлдэл хийгээд байгаа юм бол гэж асууя. Өөрсдийгөө хамгийн том, хашир, мундаг улс төрийн хүчин гэж  нэрлэх дуртай МАН-ын удирдах албан тушаалтан ийм болчимгүй юм ярьж байгаа нь хэлэх гээд хэлчихэв үү, хэл нь халтирав уу гэж гайхахад хүргэлээ. Ийм залуу боловсон хүчинтэй намын  ирээдүй дааанч бүрхэг байна даа гэж.  



Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө