Баячууд зэвсэглэж байна

Оакланд гэж АНУ-ын Калифорни мужийн нэг хот бий. Гэмт хэргийнхээ тоогоор саявтархан Америктаа нэгд орж байсан хот. Ноднин байна уу, тэргүүн байраа өөр хотод алдсан байна лээ, гэхдээ л амьдрахад аюултай хотын нэг хэвээр. Харууд ихтэй. Тийм болохоор хар тамхи, буу зэвсгийн  наймаа цэцэглэнэ. Тэнд амьдрах Монголчууд харуудын бууны суманд өртөж байсан тохиолдол бий. Тамхи авах гэж орсон дэлгүүрийг нь харууд дээрэмдэж таараад тэгээд л буутай хүний өөдөөс үзчихсэн юм шиг байгаа юм. Аз болоход амин бус газраа буудуулаад, дээрэмчдийг барьж чадсан гээд бөөн л шуугиан болж байв даа. Сонин дээр гараад, зурагтаар ч ярилцлага өгөөд "од" болохоо шахсан даа, тэр хоёр Монгол залуу.

Сая тэр хотын боомтоор гаргах гэж байсан контейнерт шалгалт хийсэн АНУ-ын Хил, Гаалийн ажилтнууд  2300 ширхэг сум, хүчтэй том буунууд илрүүлжээ. Энэ контейнерт Монголчуудын ачсан 3 суудлын тэрэг байсан гэнэ. Дандаа үнэтэй машинууд (2006 оны Lexus RX400, 2006 оны Toyota Land Cruiser, 2007 оны Toyota Camry) байж. Машинуудыг задлаад үзэхэд агааржуулалтын шүүр дотор мөн сумнууд нуусан байжээ.  Зохион байгуулалттай бүлэглэж үйлдсэн биш юм шиг байна гэж байгаа боловч гурвын гурван машинд сум зэвсэг нууна гэдэг чинь их л том наймаа бололтой. Гурван машин бүгд нэг хүнийх гэвэл буу зэвсэгтэйгээ нийлээд (Lexus $20000, Land $25000, Camry $15000 гэж багцаалдвал) 60 мянган доллараас дээш үнэ бүхий зүйлсээ хураалгаж таарах нь.

Монголын баячууд сүүлийн үед "утсан чинээ улаан амиа" хамгаалахын тулд зэвсэглэж явдаг болсон гэж байгаа. МАН-ын гишүүн , Нарантуул захын босс Ш. Сайхансамбуу намынхаа байранд буу гаргаж  танхайрчээ гэж ирээд л шуугив. Их Хурлын гишүүн Номтойбаяр бас буу хармаалж явдаг гэлцэнэ. Тэрээр өөрийг нь "дарамтлах" гэсэн сумогийн их  аварга Дагвадоржийн чамархайд буу тулгаж номхруулсан гэнэ лээ гэсэн яриа чих дэлсэж л байсан.
Тэд нар ер нь буугаа хаанаас авсан юм бол? Манайд гаднаас буу сум импортлодог компани, буу зэвсэг зардаг дэлгүүр гэж байдаг юм уу? Ангийн буунаас бусад галт зэвсэгийг хувь хүн эзэмшиж болох тухай ямар журам зохицуулалт байдаг юм бол?

Бууны хэрэгцээ их болж байгаа бололтой. Жинхэнийг нь олж чадахгүй хүмүүс хуурамч тоглоомон буу хэрэглэж банк дээрэмдэж байна. Зарим нь Америкийн киноноос сурсан "туршлагаар" жинхэнэ буу барьж очоод хүн алж байна. Баячуудад банк дээрэмдэх хэрэг бараг үгүй гэж болох байх, харин "төвөг" болсон юмнуудыг замаасаа зайлуулах, магадгүй биө биентэйгээ "эрэгчин эмэгчинээ" үзэхэд чадалтайхан зэвсэг их хэрэгтэй болж байж мэдэх юм.
Тийм ч зорилгоор машин оруулж зарахын хажуугаар бас буу сум гулгуулчих санаатай оролдоод чадсангүй баригдсан бололтой. Гэхдээ өмнө нь хэдэн ч удаа ийм аргаар оруулж байсаныг хэн мэдэх билээ. Энэ удаа хэн нэгэн хөрөнгөлөг баагий ийнхүү шатлаа.

Манай улсын хууль хяналтынхан иймэрхүү хууль бусаар, нууцаар буу зэвсэг сум оруулж байсныг нэг удаа илрүүлсэн гэж мэдээлж байсан санагдах юм. Бас л АНУ-аас ирсэн контейнер дотроос гарч ирсэн байхаа. Эзэн холбогдогчийг нь олоход амархан даа. АНУ-аас ачуулсан барааг Монголд хүлээж авах хүний утас, нэр АНУ-д каргоны үйлчилгээ үзүүлж байгаа компанид байгаа учраас тэрүүгээр нь хөөгөөд олчиход ядах юмгүй. Мөн АНУ-ын зохих байгууллагатай хамтарсанаар тэнд энэ ажлыг гардаж хийсэн хүмүүсээр дамжуулан Монголд байгаа хамтрагч, хүлээн авагчийг илрүүлэх боломжтой.

Буу сумны иймэрхүү хулгайн наймаа, импортыг зогсоохгүй бол буу хэрэглэсэн гэмт хэрэг гардаг болох цаг холгүй байна. Бороохойтой цагдаа, буутай этгээдтэй яаж тэмцэх билээ. Модны хулгайчид ой хамгаалагч руу буудлаа гэнэ. Баянхошуунд автобусны буудал дээр зогсож байсан хүмүүс рүү маяин дотроос явуут дундаа буудлаа гэнэ. Удахгүй Монголд дурантай буутай захиалгат алуурчин бий болж Леоноос дутахгүй захиалгаар хүн алаад явах бололтой.
Хууль сахиулагчид, гаалийнхан хамтраад бууны асуудалд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй нээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө