Надад хэлэх үг байна

Оршлын нэгэн зүйл. Хушуу нэмэхээр хуруу нэм гэж үг бий. Гэхдээ энэ үг зөвхөн 2 тохиолдолд л үйлчлэх болов уу. Нэгд, юу ч хийхгүй байж олон долоон, хэрэгтэй хэрэггүй юм чалчдаг хүмүүст, хоёрт, гараа хөдөлгөх шаардлага, болож нь байсаар  байхад амаа хөдөлгөөд байгаа хүмүүст зориулсан хэллэг.
Гэтэл гараа хөдөлгөх боломжгүй боловч амаа хөдөлгөх боломжтой, эсвэл амаа хөдөлгөх нь гараа хөдөлгөснөөс илүү нэмэр болж чадах хүмүүс, ерөөсөө амаа хөдөлгөхөөс өөр авъяасгүй төрчихсөн "дутагдалтай" хүмүүсийг "хуруу нэмсэнгүй, хушуу нэмлээ" гэж загнах нь утгагүй бөгөөд шаардлагагүй юм. Угаасаа тэгж зүхээд ч тэд өөрчлөгдөхгүй. Харин хушуу сайн нэмж хэрэг болж  байгаад  талархах нь зүйтэй  санагдана.

Нэгэн зүйл. Бурхны авралаар, бас Баабарын буянаар бид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхтэйгээ болсон. Заримдаа тун нь хэтэрчихээд байдаг л болохоос биш, сайхан байнаа, сайхан байна.  Гэхдээ бас хэтэрчихлээ гээд халаглаад суух ч хаашаа юм, эсрэгээр  дэгэнд нь оруулнаа гээд Сайханбилэг  хүүгийн бодож олсон  "билэггүй" аргуудыг хэрэглэлтэй биш. Зах зээл, амьдрал аяндаа зохицуулах биз ээ. Учрыг нь олж хужрыг нь тунгаалгүй бүгдийг нь хараар будах "хоббитой" хүмүүс ч байх.  Насандаа мартахгүйгээр хууртаад гомдсон хүн аятай аяглана. Хэлж ярьж байгаа юмныхаа учрыг мэдэж байгаа юм уу гэж эргэлзмээр муулж үглэнэ. Монголоор зөв таван үг хэлхээд дүрмийн алдаа багатай ярих хүн ховорджээ.

Бас нэгэн зүйл. Миний багын найз гомдоллож байнаа. Энэ Элбэгдорж гэж луйварчин дэлхий сөнөх сургаар Хөвсгөлийн тайга руу манийгаа хаяад зугтдаг байна шүү, гэж. Элбэгээг улсын хөрөнгө луйвардаж, хумсалсан гэж би дуулаагүй юм байна гэж би өмөөрлөө. Харин ч хуучин төр засгийн эрх барьж байсан МАН-ын угшилтай хүмүүс албан тушаалаа ашиглаж тэрбумаар нь хувьдаа завшсан хэрэг олноороо илэрч байгаа биз дээ гэтэл харин Ардчилсан намынх ч ялгаагүй идсэн уусан гэж их л итгэлтэй хариуллаа. Аргаа бараад, хаана хэн гэдэг нөхөр хулгай хийсэн гэж байна гэж асуутал, дэмий л байгаа байгаа гэж гөрдөнө. За найз минь баримттай юм ярина шүү, тэгээд ч цаг хугацаа аяндаа харуулах болно гэснээр бид хоёрын бяцхан "мөргөлдөөн" намжиж билээ.
Тэгээд ч Элбэгээ тайгад очиж бүгээд амьд гарах боломж байсан юм уу даа, найз аа?

Өөр нэгэн зүйл. Аль ч нам нь ялгаагүй гэдэг үг их моодонд орсон  доо. Энэ бол цөхөрсөн хүмүүсийн үг биш харин  юмны хужрыг тунгаая гэсэн сэтгэлгүй, хүсэлгүй хүмүүсийн цэцэрхэл. Нөгөө "Би нам бус" гэж ардын баатар аятай өөрийгөө цоллодог хүмүүстэй ижил зүйл. Намаар талцдаг нь муу боловч нам л гэж байх юм бол талцах нь жам. Уянга гишүүний "романтик" санаачлага намчирхсан иргэдийн дэмжлэг авсангүй. Уг нь талцахаа больж эвлэлдэн нэгдэе гэсэн юм л даа.  Намууд буюу тэдгээрийн удирдлагууд  "ашиг сонирхлын зөрчилтэй" санаа байна гээд даанч нэг тоогоогүй дээ.  Ер нь ашиг сонирхол нь зөрчигдөх аюулыг  мэдрэнгүүтээ  сэргийлэх арга хэмжээгээ тунчиг хурдан шуурхай авдаг  манай Их Хурлынхан их сонор соргог шүү. Хилийн манаан дээр буй харуул л гэсэн үг.
Сая бас яалаа? Их Хурлын гишүүнийг гэмт хэрэгт холбогдсон бол хуулийн байгууллагын хүсэлтээр түр түдгэлзүүлж шалгах заалтыг ямар хүчтэй эсэргүүцэж хасаж хаясан билээ? Нэг муу мөрдөн байцаагчийн хүсэлтээр эрхэм хүндэт дивтаатын  халдашгүй эрхийг цуцлана гэнээ, горьдвоо мөн гэж билээ.

Дахиад өөр нэгэн зүйл. Сугар хүү Үндсэн Хуулийн Цэцэд  орчихсон учраас барьж хорьж болохгүй байна гэнэ. Цэцээс зөвшөөрөл авах ёстой юм гэнэ.  Цэц нь хуралдаад бид Сугарыгаа өгөхгүй ээ гэчихвэл яах юм? Гэтэл Сугар хүү маань үнэхээр мөнгө завшсан хэрэгт хамаатай байвал одоо яаж үхдэг билээ, та минь? ҮХЦ маань "тул загас" орогнодог ариун сүмийн газар болж дээ, янз нь. Авилгатай тэмцэх газар муугүй ажиллаж байгаа юм шиг. Хуучин эрх баригч МАН-ын дарамт байхгүй болчихсон нь ч бас нөлөөлж байгаа байх. Ленокуудыг түрүүчээс нь барьж эхэлсэн байна. Тэд нараар дамжуулаад "цаад эздийг нь" буюу том тул загаснуудыг нь барих биз ээ.  Гэтэл тэд нь "ариун сүмд" орчихсон байгаа болохоор  суга татаад гаргаад ирж болдоггүй зовлон  байна. Энэ тээгийг арилгах нь хамгийн түрүүнд хийх ёстой ажлын нэг баймаар. Баабарын хэлдэг зөв шүү дээ. Буруутанд хариуцлага тооцохгүй бол ийм тийм байна гэж гоншгонох ямар хэрэг байгаа юм? Өршөөгөөд байх юм бол анхнаасаа яах гэж  араас нь хөөцөлдсөн юм? Идсэн уусан нь ходоодонд нь шингэх болтугай гэж ерөөгөөд л орхино  биз.

Шал өөр нэгэн зүйл. Монгол судлалыг дэмжих тухай тун чухал шийдвэр гарчээ. Гадаадад түр болон байнга оршин суух Монголчууд  удахгүй "хятад" гэдэг сэтэрнээсээ салах цаг айсуй. Би Монгол гэхээр л өөдөөс  "Аан, Хятадын Монгол уу?" гэдэг юм. Ер нь Монгол улсаа сайн сурталчлах цаг аль хэдийнээ  болох нь байтугай оройтсон. Улсаас шаардлагатай хөрөнгө гаргаад бодлоготой,  тодорхой ажлууд хиймээр байгаа юм. Мөхөс миний бодлоор юуны өмнө барьж авах хоёр чухал асуудал байна. Нэгдүгээрт, Интернэт дээр байгаа Монголтой холбоотой танин мэдэхүйн мэдээллийг өөрсдөө шинээр бичиж тавих, гадаадын хувь хүн, байгууллагын мэдээллийг буруу зөрүү байвал залруулах санал тавих, залруулга явуулж засуулах, хоёрдугаарт, хэвлэмэл материал ихээр бүтээж гадны орнуудад тараах.

Юуны өмнө англи хэл дээр Монголын тухай бүх мэдээллийг (гарал үүсэл, түүх, ёс заншлаас авахуулаад мал амьтан, байгаль  ус, зураг хөрөг гэх мэт) агуулсан нэг том сайттай болмоор. Хэнбугай нь, хаанаас ч гэсэн тэр сайт руу ороод л хэрэгтэй мэдээллээ авчихдаг байхаар. Мэдээж энд хөрөнгө хэрэгтэй. Сайтыг бүтээх, тэнд бичигдэх зүйлүүдийг бэлдэж тавих гээд л их хүн хүч цаг шаардана. Одоо Интернэтээр Монгол гээд хайхад л Wikipedia-гээс өгсүүлээд л янз бүрийн гарвалтай, алдаа оноотой, худлаа  үнэн бичигдсэн, хоорондоо зөрчилтэй  олон мэдээлэл гарч ирэх бөгөөд уншигч хүн тэдгээрийн үнэн худлыг шалгаад лавлаад явна гэж байхгүй, уншсанаа зөв гэж ойлгоод л явна. Энэ байдал гадныхны "толгойг их эргүүлж" буруу ойлголт өгч байна.  Монголын тухай тусгай сайт ажиллуулахын хажуугаар  адаглаад Wikipedia болон бусад алдаатай, буруу мэдээлэл тавьсан эх сурвалжуудад нэмэлт болон өөрчлөлт хийж эхлэх  хэрэгтэй.

Монголын тухай өөр өөр дагнасан сэдвээр цуврал номууд гаргаад гадны улсуудын номын сангуудад тараах нь зүйтэй. Их том байх шаардлагагүй. Түүхийн сэдвээр л гэхэд Баабарынхаас өөр Монгол гаралтай эх сурвалж байгаа юм уу? Англи хэл дээр шүү. Хувь хүний ном мэдээж бизнесийн асуудал учраас "Нүүдэл, суудал"-ыг Баабар үнэгүй тараахгүй байх л даа, гэхдээ засгаас цөөхнийг ч болтугай худалдаж аваад гадаадын том хотуудын номын сангуудад бэлэглэж болно доо. Монгол ба Хятадын түүхээр "занимаалдсан" Моррис Россаби  гэдэг нөхөр гэхэд л "THE MONGOLS", A very short introduction хэмээх жижигхэн авсаархан ном бичээд хэвлүүлчихсэн байх жишээтэй. Oxford, University Press газраас хэвлэсэн энэ бяцхан ном 11х17см хэмжээтэй, 136 хуудастай бөгөөд 11.95 ам долларын үнэтэй аж. Монголын түүхээр "хоолоо олж идэж" байгаа энэ мэт эрхэмүүд зөндөө бий. Зарим нь ч ханатай бичдэг, олонхи нь "уянгын халил" ихтэй, уншигчдад таалагдахын тулд гуйвуулж, санаанаасаа зохиох нь элбэг. Жак Веэтэрфордын ном гайгүй дээ, миний уншсанаас.

Миний бодлоор, арай явдал багатайгаар нь эхлээд Интернэтээр сурталчилгаагаа хийж эхлэмээр юм шиг. Тэгээд ч орчин үед юм л бол компьютэрээ шүүрч аваад "нээт ухаад" суух нь элбэг болж дээ. Гэхдээ хэвлэмэл сурталчилгааг басаж үл болно.
Энэ асуудлыг Монгол судлалыг хариуцсан нөхөд анхааралдаа авна гэж найдаж байна. Үнэндээ нээт дээр байгаа Монголчууд элдэв доромж, гуйвуулгатай байнга таарч бухимдахдаа баахан хараал урсгасан сэтгэгдэл үлдээхээс хэтэрч үл чадна. Ихэнх нь тухайн сэдвээр хангалттай  зэгсэн мэдлэггүй учраас няцаалт өгч чаддаггүй бөгөөд түүнээс гадна бас англи хэлнийх нь "хүчин чадал" муу болохоор гар мухарддаг явдал зөндөө. Энэ зовлонг манайхан мэднэ дээ. Одоо ямар хэл мэдэхгүйн зовлон байх биш, англиар ус цас шиг залуус зөндөө бий болжээ. Тэдний хүчийг ашиглая.

Гунигтай нэгэн зүйл. Хуруу нэмж чадахгүй  учраас хушуу нэмж байна. Хавар цаг ирж байгаа болохоор их бүтээн байгуулалт удахгүй эхлэнэ. Тавих зам, барих барилга нь олдоод, хийх хүн нь цөөдөөд байгаа юм аа даа. Арга ч үгүй дээ, цөөхүүлээ  юм чинь. Саяын цагаан сараар бас хэд маань бурхан болжээ. Уг нь өтлөөд хадан гэртээ харьсан  юм биш, харин ид насандаа зуурдаар явчихлаа. Хайран! Голдуу согтуугаар энд тэнд хөлдөж  осгожээ. Юутай харамсалтай! Автобусны жолооч бас нэг сайхан насны залууг Монголын хүн амаас хороож нүгэл үйлдлээ.  Нэг согтуу жолооч машинтай мөргөлдсөний улмаас бас нэг хүн  манай улсын хүн амын тооноос хасагдлаа.  Дандаа "зүй бус хорогдол" шүү!  Ийнхүү нэжгээд хүнээ тэнгэрт явуулж цагаан сараа тэмдэглэлээ дээ, бид. Ямар манай ах дүү, амраг садан  биш, хэнд хамаатай юм гэж үү? 

Чухал нэгэн зүйл. Гэр хорооллыг "устгах" мастер төлөвлөгөө надад байнаа. Энд тэнд алаг цоог шугам хоолой тавьж оохоор цоохор орон сууцжуулж, дэд бүтэц барьж байхаар нэг газраасаа эхлээд хөөвөл яасан юм, Бат-Үүл даргаа? Харин хаанаас эхлэхээ шийдэх хэрэгтэй. Монгол заншлаар нар зөв тойрох юм уу, эсвэл хойноосоо урагшаа явах уу гэхчлэн харгалзаж үзэх шалтгаан цөөнгүй гарч мэдэх. Юутай ч гэсэн, аль нэг газрыг сонгож аваад л өвч бүрнээр нь өөрчлөн зохион байгуулж барилгажуулах нь зөв санагдана. Юунаас эхлэх вэ?

Хамгийн эхлээд сонгосон гэр хорооллоо (жишээ нь, Баянхошууны шинэ эцсийн хавийн хэдэн хороонуудын газрыг) бүрэн чөлөөлнө.  Тэнд амьдарч байгаа нүүх ёстой айлуудыг шингээх хоёр арга бий. Эхний арга нь тэднийг нүүлгэхээс өмнө хотын захад тусад нь шинээр хороолол барьчихаад  айлуудаа тийш нь оруулах, хоёрдахь арга нь бэлэн болсон байшингуудад тараан оруулах. Энэ хоёр аргыг мөн хослуулан хэрэглэж болно. Эхний аргаар дагнана гэвэл эхлээд айлуудаа оруулах хорооллоо барих учраас хугацаа шаардлагатай бол дараагийн арга нь илүү цаг хэмнэх учраас ашигтай.Бэлэн болсон барилгуудыг тухайн эзэмших компаниудтай нь хэн  хэндээ ашигтай тодорхой тохиролцоо хийгээд ашиглах боломжтой санагдана. Шаардлагатай бол санхүүгийн тал дээр улсаас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Ингээд суллаж авсан газраа иж бүрэн бүтээн байгуулалт хийсний дараа ойролцоо байх дараагийн хэсэг газрын айлуудыг оруулж газрыг нь чөлөөлөх замаар  дараагийн орон сууцны хорооллыг барина. Энэ мэтээр залгуулж явсаар  хотыг бүрэн тойрч дуусах юм. Үүнуий дараа хийх аливаа барилгажилтын ажлыг хотоос гадна хийх шаардлагатай. Мэдээж зам тээврийн асуудлыг сайн шийдэж өгөхгүй бол иргэд маань байршлаа солих учраас цаг заваа алдахгүй байхыг мэдээж хүснэ. Энэ аргаар явахад ганц гэм нь иргэд маань хуучин бууринаасаа нүүж байрлах болчихоод байгаа юм, гэхдээ нийтийн тээвэр, ахуй үйлчилгээ, сургууль соёлын асуудлыг  нь иж бүрнээр нь  шийдээд өгвөл нэг их хүндрэл, эсэргүүцэл гарахгүй биз дээ. Ажилдаа явах зам маршрут, цаг хугацааны хувьд жаахан өөрчлөлт гарах боловч нэг их том асуудал биш болов уу. Ямар Дархан руу нүүлгэчихэж байгаа биш.

Төгсгөлийн нэгэн зүйл. Зарим нэг ухамсар муутай, хувийн эрх ашгаа нийгмийнхээс дээгүүр тавьдаг хүмүүс эсэргүүцэж олон юм ярих байх, гэхдээ олонхийн шийдвэр, сонирхолыг дагахаас өөр аргагүй. Хэрэв дагахгүй гэвэл  нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан хэргээр ял зэм хүлээлгэх хэрэгтэй. (Иймэрхүү байдлыг  шийдэх хуулийн зохицуулалт хийгээд өгөх хэрэгтэй. Яаралтай!)  Нөгөө "Аман хуур" кинон дээр гардаг шиг нүүхгүй гээд тэс хөндлөн хэвтчихээд улсын ажилд саад болж байгаа бол хүч хэрэглэхээс өөр аргагүй болно.  Ер нь ганц нэг цөөхөн хүний дураараа аашлалтаас болж хэсэг бүлэг хүмүүс, нийгэм хохирох ёс байхгүй.

Ер нь тэгээд хүчтэйхэн, хурдтайхан үзэхгүй бол адаглаад энэ утаанаас болоод бүгд уушигны өвчтэй, шинэ төрсөн нярай хүүхдүүд бүгд ямар нэгэн суурь өвчтэй, заримдаа бүр  гэдсэнд байхдаа олж авсан төрөлхийн гажиг, согогтой болж байна. Ийм байдлаар биднийг эмгэнэлтэй хувь заяа хүлээж байна. Хойч үе маань ийм төрж байгаа юм чинь Монголыг ямар хүмүүс авч явах нь тодорхой. Байдал ийм ноцтой байхад миний ажил холдчихлоо ч гэдэг юм уу, аахар шаахар шалтгаанаар бүтээн байгуулалтын ажилд саад болохоо болих хэрэгтэй. Утаанаас гадна ил задгай жорлон,бохироос болж хөрсний бохирдол замаа алдлаа. Иймээс иргэний ухамсар, эх оронч сэтгэл гаргаж энэ бүх ажлыг дэмжих хэрэгтэй байна.  Юм хийж байгаа хүмүүсээ дэмжье. Тэр аль нам, хэн байх нь чухал юм уу?!


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө