Нулимстай хуурай өлсгөлөн

Уйлангаа өлсөв
Нулимс бол  хоёр янз байнаа. Баярлахаараа зарим хүмүүс уйлдаг. Их сэтгэлийн хөдлөлтэй хүмүүсийн нулимсны булчирхай ажиллаж байгаа нь тэр. Харин зарим хүмүүс гашуудахаараа уйлдаг. Гомдохоороо уйлах нь ч бий.  Ингээд бодоход баяр гуниг хоёр дээр л усан нүдэлдэг юм байна. Харин зүв зүгээр байж байгаад уйлаад унавал хэвийн биш болж таарах нь.

Саяхан МАХН-ын дарга, ялтан Энхбаярыг суллах, сулладаггүй юмаа гэхэд эмнэлэгт хэвтүүлж эмчлэхийг шаардаж 11 эх өлсгөлөн зарлаваа. Эхлээд нойтон (ус ууж болно) өлсгөлөн зарласан, дараа нь түүнийгээ "хуурай" (ус ч уухгүй) болгосон. Өлсгөлөн зарлах ч бас л хүнд хэлбэрийн тэмцлийн арга шүү дээ.  Бараг амь насаараа дэнчин тавьж байна гэсэн үг.

Ингээд 11 эмэгтэй  тахин шүтэж, биширч явдаг хүнийхээ төлөө  эрүүл мэндээ золиосолжээ.  Тэд нарын өлсөөд үхдэг гэж юу байхав, үхүүлдэг гэж ч юу байхав.  Харсаар байтал үхүүлнэ гэж байхгүй шүү дээ. Гэхдээ тэд нар тэгж хүндрэх хэмжээнд хүртлээ явна гэж угаасаа зориогүй, тэгж ч цаанаас нь "төлөвлөөгүй" юм.

Уйлж байгаа өлсөгч
МАХН болон Энхбаяр нарын төлөвлөсөнөөр, хэдэн эхчүүдийг цөөхөн хоногоор өлсүүлээд дараа нь Энхбаяр өөрөө хувийн журмаар "гуйж" өлсгөлөнг зогсооно гэсэн ёсоор бүх зүйл болж өнгөрсөн бололтой. Зурагтаар өлсөж байгаа эхчүүд эхэр татан уйлж нулимсаа урсгаж байгаа нь гарлаа. Энхбаяр үхчихээд гашуудаж байгаа юм болов уу гэтэл бишээ. Юу юу ч гэнэв, баахан юм яриад л уйлаад байх юм. Муу ёрын ч бол доо. Үхсэн хүний араас гашуудаж байгаа аятай л юм харагдав. Энхбаярыг "үхүүлэх" гээ юу! Ийм нулимстай хуурай өлсгөлөн гэж Монголд л байдаг байх.

Тэр жил Хойд Солонгосын удирдагч нас бараад улс даяараа гашуудан уйлж байгаа нь бас зурагтаар гарч байсан даа. Зарим нь худлаа уйлж байсан гээд дараа нь "авахуулсан" гэлцсэн.
Ер нь ихэнх нь  үнэн уйлсан байхаа. Нэг хүнийг тахин шүтэх гэдэг ийм "агуу". Энхбаярыг тахин шүтэгч эхчүүд үнэнээсээ уйлсан болов уу? Эсвэл  жүжиглэсэн юм болов уу? Өлсгөлөн зарласан "фэнүүдийнхээ" ар гэрт хангалттай мөнгө өг гэж Энхбаяр айлдсан гээд л бичсэн байсан. Хэрэв энэ үнэн бол их мөнгө  авч байгаа улсууд чинь уйлаад л байхаас  яахав.  Ар гэр нь ч мэдээж мөнгөний ажил хийх гэж явж байгаа юм чинь зөвшөөрөлгүй яадаг юм. Эмэгтэй хүн тэр тусмаа төрөлхийн уйлах авъяастай учраас тэр тал дээр проблем байхгүй шүү дээ.

Уг нь Энхбаярыг 2-р эмнэлэгт хэвтүүлэх шаардлага тавьсан биз дээ?  Гэвч мань эрийг тийш нь аваачих эсэх нь тодорхой биш байна. Тэмүүжин сайд хэлэхдээ, энэ асуудлыг прокурор шийднэ гэсэн. Энхбаяр эмнэлэгт хэвтэх болзол хангасан өвчин тусаагүй учраас хэвтэхгүй байж мэдэх юм. Тэгвэл манай уйланхай эхчүүд зорилгодоо хүрээгүй гэж хэлж болох нь. Гэхдээ Энхбаярын хувьд тэр чухал биш, хамгийн гол нь өөрийнх нь төлөө яаж ч мэдэх  аялдан дагагчид зөндөө байна шүү гэдгийг харуулж сүрийг бадруулах л зорилго байсан болов уу.  Өөрөөр хэлбэл, шоронгийн хананы цаанаас ч гэсэн нөлөөлж чаддаг  ямар   хүчтэй "мафийн босс" вэ гэдгээ нотолсон шоу боллоо гэж.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө