Нэг эцгийн хоёр хүүхэд мөн үү?
![]() |
МАН-ын дарга Энхтүвшин |
Гэвч Хуучин Ху намыг өнөөгийн МАН хойт эцгээ гэж хэлэх нь битгий хэл харин ч үе залгамжлагч нь гэж зарлах дуртай. Тун саявтархан Хуучин Ху эцгийн нэртэй адилхан нэртэй шинэ хүүхэд гарч ирж баахан шуугисан даа. Тэд бас л Хуучин Ху-г төрсөн эцгээ гэнэ. Хуучин Ху-гийн нууц амрагаас гарсан бололтой. Ингээд биднийгээ 70 жил манлайлсан эцэг нам МАХН маань төрсөн төрөөгүй нь мэдэгдэхгүй 2 ч хүүхэдтэй болсон юм.
Энэ хоёр хүүхдэд нь үнэндээ эцгийгээ дуурайсан юм ганц ч алга.
Тэр муу эцэг нь муу ч гэсэн өөрийнхөө үзэл бодолд үнэнч, тэрэндээ тууштай байж, улс орноо хөгжүүлэх гэж зөндөө л хөдөлмөрлөсөн юмдаг. Одоо хийсэн ажлыг нь буруу зөрүү гэх нь чухал биш, харин хийх гэж оролдож байсан чармайлт, сэтгэлийг нь үнэлэх хэрэгтэй. Энэ авууштай чанарыг нь төрсөн хүүхэд нь болох гээд зүтгээд байгаа хоёр нөхөр огт өвлөөгүй байгаа юм.
Сүүлд нэрээ сольж МАН нэртэй болсон нэг хүүхэд нь 90 оноос хойш сүүлийн 20 гаруй жилийн ихэнхэд нь төр барьж тоглолоо. Овойж оцойтол нь хөгжүүлдэггүй юмаа гэхэд дордуулчихгүй нэг юм салгалуулж байсан бол тэдний байгуулсан гавъяа тэр байх байж. Гэвч харамсалтай нь тэгж чадсангүй. Сайн эцгийнхээ нэрийг хэд дахин ч худалдаж идэв дээ. Бид чадна гээд л эцгийнхээ нэрийг урдаа барьчихангуут манай ухаантай ардууд маань итгээд л сонгочихдог, эргээд харахад улам л дордоод байсан гэж байгаа.
Олон хавар нэгэндээ гэгчээр сүүлийн сонгуулиар яалт ч үгүй массын "ухна үхсэн ухаанд" жаахан өөрчлөлт орж олонхи нь МАН гэгч нөхрийг дэмжсэнгүй. Ингээд энэ хүүхдийн нэр хүнд унасан байна. Хуучин Ху хэмээх эцгийнхээ баримталж байсан коммунист үзлийг социалист хачиртай капиталист үзлээр сольчихоор чинь ямар юмны залгамж халаа байхав дээ. Хөөрхий муу эцэг нь амьд сэрүүн байсан бол яасан их бачимдаж байх байсан бол.
![]() |
МАХН-ын дарга Н.Энхбаяр |
Ингээд бодохоор ер нь энэ хоёр хүүхэд Хуучин Ху-гийн төрсөн хүүхдүүд мөн гэдэг нь тун эргэлзээтэй. Хэрэв мөн байсан бол ядаж ганц нэг сайн чанарыг нь дуураймаар юмаа. Байхгүй шүү! Идэж уухдаа уургын морь шиг л улсууд байх юм. Зөвхөн өөрийгөө л бодохоос өрөөлийг бодно гэж байхгүй. Энэ хачин зангаа энэ хоёр их бага хэмжээгээр харуулсан даа. За худлаа ярих нь бол манай алдарт "Далан худалч" ч атаархмаар шүү дээ. Тэгэхээр энэ хоёр бол гарцаагүй явуулын тээврийн жолооч нарын хүүхдүүд байж таарах гээд байна. Тус болдоггүй юмаа гэхэд ус бололгүй хорвоогийн жамаар насаа элээгээд мөрөөрөө дуусаасай билээ, энэ хоёр.
Comments
Post a Comment