Хуучин Ганчимэг шинэ Га авгай болсон нь

Б.Ганчимэг
Сэтгүүлч Б.Ганчимэг  Тэмүүжин сайдаар "хоолоо олж идээд"  л, би Ганчимэгээр  "хэрүүлийн сэдэв" хийгээд л, сайхан байнаа. Энэ авгай  нэг л биш ээ.  Сүүлийн үед "отож сууж" байгаад л дайрдаг болж. МАН-ыг бол "муулахаа" больсон байна. Харин эрх барьж байгаа АН-ынхан, тэр дундаа Тэмүүжин сайдад "дайн зарласан" бололтой. Асар их  хөдөлмөрөөр олсон нэр хүндээ ингэж хэдэн халтар цааснаас золих гэж. Их л ядарч дээ, янз нь.  Эсвэл задарсан юм болов уу?

Сэжиглэх шалтгаан надад байнаа.  Хуучин Ганчимэг  шинэ Га авгай  болжээ. Төрөл арилжсан гэж ярьдаг даа, ай даа тэр л болсон байна. Хуучин Ганчимэг сэтгүүлч  их зоригтой, хурц бөгөөд үнэн зөв дуугарч, шүүмжилдэг байлаа.  Харин шинэ Га авгай  "захиалгаар шүүмжилдэг" болжээ. Захиалгаар шүүмжлэнэ гэдэг нь ямар нэгэн аргаар "өө сэв" олж  муулахыг хэлж байгаа юм. Алдаа хийгээгүй байсан ч алдаатай болгож харагдуулах, "хүмүүс тэгж ярьдаг юм билээ" хэмээн зохиож бичих, аливааг нь зориуд дэвэргэж сүр бадруулах, бусадтай жишиж халаглах, магтангуутаа муулах зэрэг олон арга мэх хэрэглэж тухайн хүнийг хараар будна  гэсэн үг.

Тэмүүжин сайд АНУ-д буй Монголчуудтай хийсэн уулзалт дээр
Шинэ Га авгай  саяхан Тэмүүжин сайд руу дайрч бас нэг нийтлэл бичжээ. "Хууль зүйн сайд АНУ-д ямар мэдэгдэл хийчихэв ээ?" гэсэн сүржин гарчигтай. Анх  гарчгийг нь уншсан хүнд бол Тэмүүжин сайд АНУ-ын албаны хүмүүстэй эсвэл хэвлэлийнхэнтэй  уулзаж байхдаа л болчимгүй юм хэлчихэж дээ гэж ойлгомоор. Тэгсэн чинь тэнд оршин суугаа Монголчуудтай уулзалт хийхдээ л сонирхсон асуултанд нь хариулж  мэдээлэл өгсөнийг л  "мэдэгдэл" хийлээ гэж сүржигнэсэн байгаа юм. Гарчигаараа уншигчдаа татах гэсэн "мэхийг" хэрэглэсэн царай нь тэр. Даанч тэр нь эргээд өөрт нь хасах оноо өгчихөөр ямар юмных нь нэмэр  байхав дээ.

Ингээд мөнөөх нийтлэл рүү нь орж тунгааж үзье. Нийтлэлийг бүрэн эхээр нь  http://ganchimeg.niitlelch.mn/content/4870.shtml гэсэн хаягаар орж уншаарай. (Уг  өгүүллээс иш татсан хэсэгт хариу болгож тухай бүрд нь доор тайлбар өглөө.)
(Мөн уг уулзалтын тухай видео бичлэгийг http://www.medeelel.com/videos/video/1804 хаягаар орж үзнэ үү.)

1. Ишлэл: Улс орны чухал чухал  нууц мэдээллүүдтэй харьцдаг, хууль хүчний байгууллагуу­дын ил далд бүхий л үйл ажил­лагаануудыг мэдэж байдаг нөлөө бүхий албан тушаалтны энгийн иргэдэд хийсэн мэдээ­лэл гэхэд хэт задгай гэмээр уг уулзалт багагүй анхаарал татаж байна.

 Тайлбар:   Мэдээллийг хэт задгай гэсэн байна.  Тэртэй тэргүй АНУ-д байгаа Монголчууд энэ мэдээллийг  онлайнаар, зурагтын мэдээ болон сонин хэвлэл, сайтуудаар дамжуулаад олоод авчихсан байсан. Тэмүүжин сайд "оригоороо"  уг мэдээллийг давтаж хэлсэн гэдэг нь л сонин биш юм бол өөр гайхаад сүржигнээд байх юм үнэндээ алга. Хэт задгай гэчихжээ.  Би тэр "хэт задгай" мэдээллийг чинь "аль дивангарт" уншаад мэдчихсэн байсан гэвэл яахав?
Шинэ Га авгайн анхаарлыг "багагүй татаж" гэнэ дээ. Сайдыг АНУ-д ирээгүй байхад тарчихсан байсан мэдээлэл тэр үед Га авгайн анхаарлыг огт татахгүй байж байгаад сайд АНУ-д ирээд ярингуут л "анхаарлыг нь багагүй татаж" гэнэ. Эсвэл иргэдтэй хийсэн  уулзалт  нь анхаарлыг нь "багагүй татсан" юм болов уу? За аль нь ч байлаа гэсэн гарчигтайгаа таарсан сүржигнэл болжээ.

2. Ишлэл:  Хэв­лэлийнхэн бидэнд бол анхаа­рал татсан мэдэгдлүү­дийг тэнд зарлана уу, энд дэлгэнэ үү сонин биш болсон цаг.  Юу ярив, юу нь хүмүүст айдас хүйдэс төрүүлэв, юу нь хэм хэмжээг гэтлэв гэдэг л сонин. 

Тайлбар:  Тэнд зарлана уу, энд дэлгэнэ үү сонин биш гэж цэцэрхчихээд  Хууль Зүйн сайд маань АНУ-д очоод салбарынхаа боловсон хүчний нөөцийг дэлхий нийтэд зарладаг нь яаж байгаа юм гэж "хачирхжээ". Монголд байхдаа хэлсэн ч гэсэн дэлхий нийт амархан мэдээд авчихдаг  эрин зуунд бид амьдарч байгаа бус уу? Тэгээд ч цөөн хүнтэй, жижигхэн  Монголд, Хууль зүйн сайдын мэдэлд 60 хүн байна уу, 600 хүн ажиллана уу гэдэг нь нууцлаад байх чухал тоо баримт уу?  Тэмүүжин сайдыг айдас хүйдэс төрүүлэхээр эсвэл хэм хэмжээгээ хэтрүүлсэн мэдээлэл тараачихлаа гэж арай хэлэх гээгүй биз дээ? Гэхдээ л ингэж бичиж байна гэдэг чинь цаагуураа "нэг юм хэлээд" байгаа биз?!

3. Ишлэл:   Хууль зүйн сайд “МИАТ-ийн хэргийг бид зарла­хаас өөр арга байгаагүй. Яа­гаад гэвэл тэр хэрэг дээр ажил­лаж байсан хүмүүст маш их дарамт ирж эхэлсэн. Тиймээс тэд энэ хэргийг задлаач ээ гэдэг хүсэлт тавьсан юм” гэж ярьжээ.

Тайлбар:   Энд буруу хэлчихсэн зүйл алга. Нэгдүгээрт, уг хэрэг дээр ажиллаж байсан хүмүүст их дарамт ирж байсан тухай сайд ил тод хэлсэн байна. Маш зөв. Дарамталж байгаа хүмүүст  нь анхааруулга өгч байна. Хоёрдугаарт, хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг шалгаж байцаахын тулд хорих шаардлага гарсан тохиолдолд хэвлэлийнхэнээр дамжаад иргэд тэртэй  тэргүй  мэдэж авах бөгөөд энэ талаар зохих албаны хүмүүс ерөнхий мэдээлэл өгөх үүрэгтэй. Хаана ч ийм практик бий. Хулгайгаар, нууцаар хүнийг хэрэгт холбогдуулж баривчилдаг ёс соёлтой нийгэмд байхгүй.
Тэгэхээр энэ хэргийн тухай зарлах хүсэлт, шаардлага байсан байгаагүй ялгаагүй олон нийтэд мэдэгдэх ёстой байсан гэсэн үг. 8-9 хүнийг чимээгүй аваачаад хорьчихно гэж байхгүй.

4. Ишлэл:    Ер нь бол аливаа хэрэгт холбог­догс­дын гэм буруутай шүүхээр нот­лог­доогүй байхад хэнбугай ч задалж, зарлах эрхгүй. Одоо бол мөрдөн байцаагчид нь шууд салбарынхаа сайдтай энүүгээр нь шоудъя, тэрийг нь жаахан байж байгаад...гэх маягаар “хэлэлцэж” суудаг болж л дээ. Үнэн хэрэг дээрээ бол шууд барьж аваа­чаад бүгдийг нь хорьчихож байгаад шалгаж байхад дарамт шахалт гэж сүртэй юм юу байхав дээ. 

Тайлбар:  МАН (хуучнаар МАХН)-ын "буянаар" ард иргэд маань хууль эрх зүй, нийгмийн тухай мэдлэг тааруухан байгаа нь  үнэн. Хэдийгээр бараг 100% бичиг үсэгт тайлагдсан гэх боловч үнэндээ чанар гэж яривал их юм бий. Дээд сургууль төгсөж байгаа нь хурлын протокол хөтөлж мэдэхгүй, олигтойхон өргөдөл биччихэж  чадахгүй л байна шүү дээ. Энгийн жишээнээс дурдахад ийм байна.

Тэгэхээр шинэ Га  авгай  тиймэрхүү бөөндсөн дипломтонгууд болон бусад "харанхуй" иргэдийн бөндгөрт тааруулж ийм юм бичээд байгаа байхгүй юу! "Ер нь бол аливаа хэрэгт холбогдогсодын гэм буруутайг шүүхээр нотлогдоогүй байхад хэнбугай ч задалж, зарлах эрхгүй" гэдэг чинь Тэмүүжин сайдыг шууд гүтгэж байна гэсэн үг.  Тэмүүжин сайд тэр баривчлагдаад шалгуулж байгаа нөхдийг гэм буруутай гэж зарлаагүй. Шинэ Га авгай бол сайдыг зарлалаа гэж байна.
Тэр хэргийг мөрдөж байгаа шударга хүмүүсийг ч мөн "шоудлаа" гэж доромжилжээ. Хамар дор хагархай гэгчээр энэ авгай арай хэтрүүлсэн байна.  Дарамт шахалт чинь тэр хоригдож шалгуулж байгаа хүмүүстэй холбоотой, аягүй бол цуг "унаж" мэдэх аюулд орчихсон, ашиг сонирхол нэгтэй, гадуур чөлөөтэй байгаа "нууц  ноёнтонгуудын"  зүгээс ирнэ шүү дээ. Тэрнээс биш энэ шинэ Га авгайн  бичээд байгаа шиг тэр хоригдсон хэдээс ирэх юм биш. Хүүхэд маллаж байгаа аятай юм бичих юм даа. 

5. Ишлэл:   Нөгөө талаар Хууль зүйн сайд ямар хэргээр хаашаа томилолтоор ажиллаж байгаагаа олон нийтэд зарлаад явах хэр зөв юм бэ. Наана­даж аюулгүй байдалтай нь холбоотой элдэв зүйлс гарвал яах юм. Гадаадад битгий хэл дотоодод дарамтад өртөөд байгаагаа л гайхаад байгаа сайд биз дээ. Тийм л юм бол ажил үүргээ чимээгүй хийж сур л даа

Тайлбар:  Саяхан Аятунгаа хэмээх ховорхон нэртэй нэг бүсгүй хэвлэлийн бага хурал хийгээдэхсэн чинь  сэтгүүлч сэтэртэй баахан авгай нарт бариулах даа дөхөв дөө. Нөгөө муу хүүхнийг чинь загнаад л , бараг зодох нээ. Шинэ Га авгай бас л дутахгүй бололтой. - "Чи энд тэнд намайг айлгаад дарамтлаад байна гээд л  гайхаад байгаа биз дээ? Тэгчихээд ийшээ явлаа, тэнд очлоо гэж зарлаад байх даа яадгийн,  чимээгүй л хушуугаа салтаандаа хавчаад явж сураач!"  хэмээн Тэмүүжинг загнажээ.  Тэгэнгүүтээ "Аюулгүй байдалтай  нь холбоотой элдэв зүйлс гарвал яах юм" гэж их "санаа зовсон сайн хүний"  дүр эсгэхээ мартсангүй.

6. Ишлэл:    Х.Тэмүүжин сайд тэр уулзалт дээр “Бид энэ хэрэг дээр гурван сар ажиллаж, одоогоор зургаан сая долларыг нь илрүүлээд байна. Өнгөр­сөн арванхоёрдугаар сард би өөрөө Хонгконг явлаа. Танайд манай маш их хэмжээний мөнгө бэлнээрээ ороод байна, чухам хаашаа ороод байгааг нь хэлж өгөөч ээ гээд л. Хонгконг ма­найтай эрх зүйн харилцан туслал­цаа үзүүлэх гэрээ байгуулаагүй учраас хэлэх боломжгүй гэсэн. Тэгвэл “Авил­гатай тэмцэх конвенц”-ийн дагуу зөвхөн сувгийг нь заагаад өгчих, бид өөрсдөө олъё гэлээ” гээд л долоон булчирхайгаа дэлгэжээ. Ингэх хэрэг байв уу гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Ядаж гаднынханд инээдэмтэй харагдана бус уу. 

Тайлбар:    Долоон булчирхай биш юм аа. Харин ч бид мэдээлэл авах эрхтэй. Тэр утгаараа тухайн хэрэгтэй холбоотой аливаа мэдээллийг өгч байгаа нь талархууштай. Адаглаад л Хон Конг руу нууцаар гарч байгаа мөнгийг олж авах, илрүүлэх тал дээр манай зүгээс юу хийж чадав, юуг нь хийх боломжгүй байв, яагаад болсонгүй вэ гэдэг асуултанд хариу өгч байгаа юм биш үү? Энд долоон булчирхайсаад байх юм юу байна? Нууцлаад байх юм юу байна? Гадныханд яагаад инээдтэй харагдана гэж? Ер нь  юу нь инээдтэй байгаа юм? Ажлаа  хийж явсан сайд инээдтэй байна уу?   Тэнэг хүн л ийм юманд инээх байх. Гадныхан гэж  өөрөөсөө холдуулаад байх шаардлагагүй, Га авгай минь!

7.  Ишлэл:   Тэр үед гарын таван хуруунд багтах нөхдүүдийн тухай л асуудал байсан. Цаашаа нэг их тэлсэн нь юу л бол. Тиймээс нэлэнхүйд нь хуран­даа нар гэж чичлэх нь шударга биш юм.  Хэтрүүлэг бол ямар ч үнэ цэнтэй ажлын нэр хүндийг бууруулж байдаг зүйл шүү дээ. 

Тайлбар:    Шинэ Га авгай хуучин Ганчимэг сэтгүүлч гэж байхдаа бичиж байсан нийтлэлээрээ  хурандаа нарын тухай шүүмжилж "ад" болж байсан тухайгаа дурсжээ. Гэхдээ тэд нар цөөхөн байсан, одоо ч нэмэгдээд шалиагүй биз хэмээн "мэдэмхийрсэн" байна. Яаж мэдэж байгаа юм? Холбоотон болоо юу? "Бид хоёр анх зодолдож танилцаад тэгээд тэрнээс хойш үй зайгүй найз болж билээ" гэдэг шиг, шүүмжилж байгаад  дараа нь "сайндаад" найз болчихсон ч юм бил үү, кен мэдлээ. Үнэндээ Тэмүүжин сайдын яриад байгаа "хөрөнгөжсөн хурандаа" нар бол хэн гэдэг нь тодорхой. Бүх хурандаа нарыг хоморголоод байгаа юм байхгүй. Тэгэхээр хэтрүүлэг гэвэл  Га авгайн бичсэн дотор л байна. 

8. Ишлэл:  Хууль зүйн сайд АНУ-д өөр нэг хачин мэдэгдэл хийжээ. Хэт олон газар зэрэг гал асаавал тэр их эсэргүүцлийг даахгүй, шинэчлэл маань нурж мэд­нэ” гэж ярьсан байна.

Тайлбар:  Энд "хачинсаад" байх юм  ерөөсөө алга.  Хүн хүч, туршлага муутай, урьд өмнө иймэрхүү хэргийг шалгаж шийдэж байгаагүй болохоор юм юм хэрэгтэй болох учраас зэрэг зэрэг олон газрыг шалгаж , олон хэрэг дээр зэрэг  ажиллахад хүндрэлтэй, хүч саармагжах, дээрээс нь угийн  бугшчихсан сүлжээтэй, олон давхарга, хүн хамарсан хэргүүд дээр эсэргүүцэл саад их тулгарах учраас дэс дараатай, алхам алхмаар , үе шаттай урагшлах тактикаар ажиллахгүй бол "олон газар зэрэг гал асаавал" бүтэл муутай болж магадгүй  гэдэг болгоомжлолоо  сайд илэн далангүй хэллээ шүү дээ.  Үүнийг харин ямар зорилгоор "хачин" болгоод байгаа юм бол гэж.

9. Ишлэл:  Х.Тэмүүжин энэ талаар ярих явцдаа нэг зүйл дээр алдаа гаргалаа. Түүний үед МИАТ, Татварын хэрэг хоёрыг л эцэслэх юм байна. Харин “Эрдэнэт үйлдвэр” гэх аварга том сав руу өнгийж чадахгүй гэдгээ тэр шуудхан хүлээлээ. Яагаад вэ. “Эрдэ­нэт үйлдвэр” бол үе үеийн төрийн дээд зиндааны нөхдүүдийн түшиц газар байсан. “Эрдэнэт”-ийн бизне­сийг тэд аль ч нам хүчин байсан ичиж улайхгүйгээр нэг нэгнээсээ уламж­лан авсаар ирсэн. Энд ганцхан “Хү­нийхэн”  тоглоогүй, “Өөрийнхөн” нь бай­гаа. Үүх түүхийн нэг хэсгийг бал­луурдчихдаг үе одоо өнгөрсөн шүү дээ.  Тэгэхээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрийнхөнтэйгөө “үзэж” чадахгүй юм байна. Өндөрлөгтэй бол шөргөөцөлдөхгүй аж.  Харин МАН-ынхан руу бол зуудаг нохой шиг л явна. Шударга биш харагдавч тэрний зовлон үнэхээр их байгаа ажээ.  

Тайлбар:    Миний хоёр дэлдгэрийн сонссоноор Тэмүүжин сайд Эрдэнэтийн үйлдвэр гэх мэт том газруудыг шалгахгүй гэж ерөөсөө хэлсэнгүй.  ( бичлэг үзээрэй:  http://www.medeelel.com/videos/video/1804 ). Харин ч олон газар зэрэг ажиллахгүй, тодорхой  үе  шаттай ажиллана л гэж хэлж байна. Гэтэл шинэ Га авгай ингэж илэрхий гуйвуулах ямар зорилготой байв? Муулж л байвал  юу ч гэж гүтгэсэн яадаг юм гэж үү?  Улаан цагаандаа ч гарах юм даа.
Тэмүүжин сайд харин  ямар ч хэрэг байсан  нам харгалзахгүй хариуцлага тооцно гэж амлаж  байсан хүн. Хэлсэндээ хүрч чадах хүн.

10. Ишлэл:   Аа, харин тэр ажил албанаасаа хусагдсан цагдаагийнхан хаана очоод ганихарч суух, балга тагш юмны ард хэнийгээ харааж, юугаа мөрөөдөж найгах нь сайдын санаа зовох асуудал биш юм шиг санагдана. Хүний эрхийн асуудал шүү дээ. Иргэддээ ийм бололцоо олгох гэж л хил хязгаараа нээлттэй болгосон биш үү. Ажлаас халагдлаа гээд бүгд бөбөөчин болох ёсгүй биз дээ.

Тайлбар:    Энэ нь  Америкт  цуглаж уулзсан  зарим нэг цагдаагийн удирдлагад байсан хүмүүсийн тухай хэлсэн бололтой.  Тэд нар яаж Тэмүүжингээс Хууль зүйн яамыг буцааж авах тухай ярилцсан гэж сайд дуулсанаа ярьсан байна. Шинэ Га авгайн хэлсэнээр мэдээж хэн хаана цуглаж хэнийгээ хараах нь хүний эрх чөлөө байх л даа, гэхдээ хэрэв ийм юм болсон бол энэ чинь Тэмүүжин сайдтай шууд холбоотой учраас  ярихад юу нь болохгүй  гэж?  Тэр тусмаа Тэмүүжин сайдыг унагах тухай хуйвалдаан маягаар  санаа оноогоо солилцсон бол сайдад бүр ч хамаатай бус уу? Тэрнээс биш өөрт нь хамаагүй хов жив яриагүй.  Хов живээр ч ажлаа явуулдаг хүн биш гэдэгт эргэлзэхгүй байна. Харин тийм юм байгаад нотлох баримт байвал Га авгай ил гаргаж тавих хэрэгтэй. Харин гаргаж тавьж чадахгүй бол бас л хүн гүтгэсэн асуудал яригдана шүү. Ер нь тэгээд "балга тагш юмны ард" сууж байгаад хуралдацгаасан гэж хэлээд  байгаа Га авгай  энэ тухай илүү сайн мэдэж байгаа бололтой.

11.  Ишлэл:   Х.Тэмүүжин бол АН-ын залуу үеийн дотроос цойлон гарч ирж чадсан залуу лидер. Зан чанарын хувьд шазуур зуусан, хатуу хариг хүн гэж зарим нь дүгнэдэг. Өс хонзонгийн хүүдий, хүнийхээ хувьд энэрэх нинжин сэтгэлгүй, байдаг л нэг хөмхий зуугч гэж олон хүн хэлдэг.

Тайлбар:   "Зарим хүн",  "Олон хүн" гэдэг нэрийн дор энэ Га авгай Тэмүүжин сайдыг аль муугаар нь цолложээ. Тэгсэн мөртөө "лидер",  "шилмэл үзэл санаа тээгч", "үнэт зүйлтэй хүн" гэхчлэн манжилжээ. Нөгөө "янаглан хорлоно" гэдэг л болж.

12.  Ишлэл:  Түүний дайтах ёстой субъект бол хууль ёсыг гажуудуулагсад, гэмт хэрэгтнүүд, тогтолцооны гажиг боло­хоос “Өнгөрсөн үе” биш. Тэр хааяа “Өнгөрсөн үе”- дээ бүхэлд нь хүйтэн ханддаг хүн юм шиг харагддаг. Бас тэр өршөөх, мартах, уучлах тал дээр маруухан нөхөр шиг үзэгддэг. Уг нь жижиг сажиг юмыг үл хэрэгсэж сурах сайхан шүү дээ. Ялангуяа эмэгтэй­чүүд, хөгшдийг уучилж байх хэрэгтэй.

Тайлбар:   "Өнгөрсөн үе" рүүгээ дайрдаг, хүйтэн ханддаг гэжээ. Өнгөрсөн үе гэдэгт юуг оруулж ойлгож байгаа юм бол доо. Сайхан бөөрөнхийлсөн юм биш үү? Хэрвээ буруу хэрэг хийсэн, идсэн уусан, луйвардсан, дээрэмдсэн, хууль бусаар  хөлжиж, завшсан хүмүүсийг "өнгөрсөн үе" гэдэгт оруулаад байгаа бол  горьдсоны гарз биз дээ.  Буруутанд хариуцлага тооцохгүй бол дараагийн үед нь буруу ойлголт өгч өөгшүүлэх учраас тийм юм байж болохгүй, дэлхийд ч ийм практик байхгүй. Хэрэг хийсэн л бол ялаа эдлэх нь шударга юм. Өршөөх, мартах, уучлахдаа маруухан гэдэг нь нөгөө сайдыг заналхийлсэн  авгай нарыг өмөөрч хэлсэн бололтой.

Га авгайгаас нэг юм асуучихая: - Чиний охидуудад  хараал хийлгэж мууг нь үзнэ гэвэл чи тэр хүнийг эвий минь, хөөрхий дөө гээд өршөөх үү?  Тийм, эсвэл үгүй гэдэг хариултаа комментоор үлдээчихээрэй дээ.   Тэмүүжингийн хүүхдүүд тэр авгай нарт ямар гэм хийсэн юм?  Эмэгтэй хүн, эх хүн гээд бод доо. Тэр авгай нар харин эсрэгээрээ тэр хүүхдүүд дээр очоод хөлд нь сөхөрч мөргөөд толгойгоо газар шаагаад уучлалт гуйх ёстой юм! Тэгж уучлалт гуйсан уу? 
Га авгай тэгсэн чинь харин Тэмүүжин тэд нарыг уучлах ёстой гэж донгосчээ. Яаж амаар нь багтаж гарна вэ?

13.  Ишлэл:   Уучлал, тайтгарлын ард дандаа гоё улирал ирдэг. Гоё улирал танд, таны хүрсэн амжилт дээр гоёыг л нэмнэ. Ингээд танд улам их амжилтыг хүсэн энэхүү нийтлэлээ өндөрлөе.

Тайлбар:    "Гоё улирал" энээ тэрээ гэсэн  уянгын халил зохисонгүй ээ. Ажлаа муу хийвэл хүнийг шүүмжилж болноо, харин эсрэгээрээ байхад ямар ч үндэсгүй захиалгаар өшиглөж дээрээс нь дэвсэлж, нулимчихаад дараа нь "долоогоод" улам их амжилт хүсээд байгаа нь Га авгайн хэр ёс зүйтэй болсоныг нотолж байна.  Баабар.мн-ийн шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн  гэж байгаа.  Kiss my ass, "шилдэг нийтлэлч"!
 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө