Нохойн зодоон спорт мөн үү?

Нохойнд хайргүй Монгол хүн гэж байдаг юм уу? Ээ дээ, их ховор вий. Харин мууранд хайртай хүн тийм ч олон биш байхаа. Нохой эзэндээ үнэнч, үргэлж эзнээ бодож байдаг бол муур эсрэгээрээ эзнээ үхээсэй гэж боддог гэлцэн хүүхдүүд бурна. Шөнө унтаж байхад нь эзнийхээ хоолойг хазаж алдаг юм гэнэ лээ гэж нөгөө "Тунгалаг Тамир"-ын "сэлэм гялс, толгой бөндгөс" гэдэг хүүхэд шиг зална. Гэхдээ л яагаад ч юм муур гэдэг амьтан нэг л хүйтэн, "дотуур тамиртай" юм шиг санагддаг шүү, үнэнээ хэлчихье. Харин нохой бол хажууд нь хамааүй "гадуур тамиртай", ухаантай, элгэмсэг амьтан билээ.

Нохойныхоо баасыг цэвэрлэе.
Одоо ч  цаг сайхан болжээ. Ганц Банхар тэжээнэ гэхгүй зүсэн зүйлийн бие хаа, өнгө зүстэй нохой тэжээгээд уйдахааргүй  болж. За яваандаа энэ олон нохойны асуудлыг цэгцлэхгүй бол золбины хажуугаар өргөн шингэнээрээ хотын "цэлгэр" гудамжийг "шивтэр" гудамж болгох вий дээ. Машин шигээ олон гэрийн тэжээвэр нохойтой болчихвол хотын ариун цэврийн асуудал босож ирнэ шүү. Бат-Үүл мээр үүнийг тархиныхаа санах байгууламжийн нэг буланд хадгалчихна  биз.  Нохойгоо өвөртөлж унтдаг соёлтой газруудад бол гадаа "хүндэрсэн" нохойныхоо өтгөнийг орхилгүй аваад хогийн саванд хийдэг болгоод хүмүүсээ "сургачихсан" байдаг юм билээ. Зарим нэг нь орхиод явах нь бий бий, гэхдээ ер нь ихэнх нь "сайн сургуультай". Манайд яваандаа хүмүүстээ энэ "номерыг" зааж өгөхгүй бол хаа сайгүй гэр хорооллын гудамж шиг л болно шүү.

Гэвч энэ удаад нохойны өтгөн шингэн ярих гэсэнгүй. Нохойнд "нугасгүй" дуртай хүний хувьд нэг эмзэглэж явдаг сэдвээр ярих гээд л оршилдоод байна.  Энэ бол нохой зодолдуулдаг тухай юм. Сая нэг бичлэг үзлээ. Нохой үржүүлдэг залуучууд өөрсдийнхөө нохойг зодолдуулж байнаа. Кавказ, Дундад Ази, Банхар гэх мэт бие хаа томтой ноход хоорондоо цусаа гартал үзэлцэх бөгөөд эзэд нь "Кас кас" , "Хоп хоп" гэлцэн турхирах аж. Пит Булл гээд нэг айхтар зодоонч үүлдэр байдаг даа. За энэ үүлдрийн нохойг ч манайхан бас үржүүлж, зодолдуулж байна. Американ Пит Булл бол муу нэртэйгээрээ  зард гарсан үүлдэр. Их Британы Нэгдсэн Вант Улсад хориглосон нохой. Мөн Европын бусад 12 орон, Австрали, Канад, Эквадор, Малайз, Шинэ Зеланд, Сингапур мэтийн орнуудад тусгай хуулинд Пит Булл төрлийн нохойг тэжээх, үржүүлэхтэй холбоотой хязгаарлалт хийж өгсөн байдаг гэнэ.

Пит Булл
Пит Булл гэдэг нь өөрөө бие даасан, албан ёсны  үүлдэр биш бөгөөд хүч тэнхээтэй хэд хэдэн үүлдрийг хооронд нь эрлийзжүүлж гаргаж авсан нохой аж. (Американ Стаффордше Терриертэй маш ойрын төрөл боловч жин ба өндрөөрөө ялгаатай).  АНУ-ын зарим мужид мөн энэ нохойтой холбоотой зохицуулалт, хязгаарлалт хийсэн байдаг.  Энэ улсад хэдийгээр нохойн зодоон хориотой боловч нууцаар зохион байгуулж мөрийцөх тохиолдол бий. Гэрийн тэжээвэр Пит Булл хүн рүү ноцож зуулаа, өөр нохой барьчихлаа гэх мэтийн мэдээ үе үе гарч хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг.   Хүүхэд рүү дайраад барьчихсан тохиолдол ч гарч байсан. Яагаад энэ үүлдрийг онцлоод байна гэхээр дээр хэлсэнчлэн их аюултай, түрэмгий араншинтай гэдэг нь дэлхийн бусад олон оронд нотлогдсон учраас л сэрэмжлүүлж байгаа юм. Дээр дурдсан олон орнууд зүгээр ч нэг Пит Буллд "зориулж" хууль гаргаагүй байхаа. Зүрхэнд нь орчихсон хэрэг.

Бид хэн нэгнийг, эсвэл хүүхдийг Пит Булл бариад алчихлаа гэж толгойгоо шааж гашуудахаасааа өмнө арга хэмжээ авах хэрэгтэй санагдана. Манайд одоо 540 тоо толгой Пит Булл байгаа гэнэ.
(http://warez.bbe.mn/Title=8acd896a-cced-4c34-b32f-33dd3b407d04 -рүү орж уншина уу). Жил ирэх тутам өргөжүүлэхийг зорьж байгаа гэж  Монголын Спорт, Хамгаалалтын Нохой Сонирхогчдын Холбоо (МСХНСХ), "Питмен" клубынхэн ярьж байна гэнэ. Нохойн зодооныг ивээн тэтгэгчид олон байдаг гэнэ. Үүн дотор "Мянган найз", "Happy dog", "Golden Park" гэх мэт амьтдын дэлгүүрүүд байдаг гэнэ шүү.

Дундад Ази гэгдэх үүлдрийн нохойг (цагаан зүсмийн) Монгол Банхартай зодолдуулах гэж байна
Нохой зодооны тухай ярьж эхлээд Пит Булл руу "хальтраад" орчихлоо, гэхдээ зориуд анхааруулмаар санагдаад болсонгүй. Нохой зодолдуулж байгаа Монгол залуусаас, "Та нар  нохойд хайртай, дуртай л биз дээ?"  гэж асуувал "Мэдээж юм асуугаад битгий тэнэгтээд бай"  гэх биз. Тэгвэл залгуулаад нэг логик асуулт асууя л даа: - "Тэгвэл та нар яагаад нохойныхоо цусыг үзэх гээд байдаг юм?" (Зөвтгөсөн хариулт байвал комментоор үлдээчихээрэй.) Арай "зөөлөн" асуулт: - "Нохой чинь та нарын хобби биш, мөнгө олох хэрэгсэл юм уу?"
Аягүй бол манай нохой зодолдуулагчид Цагаан сар болгоноор Гандан орж ном мом уншуулдаг биз. Тэнд байгаа лам нар, "Амьтан зовоож болохгүй, буян үйлдэж байх хэрэгтэй"  гээд л үглээд байгаа биз дээ? Жа тиймээ  гэж мөргөчихөөд л ирээд хайртай нохойгоо цусыг нь гартал зодолдуулж, өвтгөж зовоодог нь ямар учиртай юм? Би лав ойлгохгүй юм байна.

Нохойны хүч чадал, авхаалж самбааг сорьж үздэг олон тэмцээн уралдаан байнаа. Нохойг хурдаар нь  өрсөлдүүлж  байна, авхаалж самбаагаар  (agility) нь шалгаруулж байна, насаар нь болон хүйсээр нь тухайн үүлдэр дотроо хамгийн шилдэгийг нь сонгох уралдаан байна (dog show), тушаал сайн биелүүлдэгээр нь (obedience ) , мал сайн хариулдагаар нь (herding), хэн нь сайн мөрдөгч вэ (tracking) гэдгээр нь, хэн нь ус руу хамгийн хол, өндөр  харайх вэ (dock jumping)  гэх мэтээр нохойны үүлдрийн онцлогт тааруулсан олон сорилго тэмцээн байна.
Манай нохой сонирхогч, тэжээгчид нэгдсэн зохион байгуулалтанд орж Монголд буй хамгийн түгээмэл үүлдрүүдэд зориулж иймэрхүү төрөл бүрийн  тэмцээн зохион байгуулж болноо доо. Нохойгоо өөр нохойнд хазуулж, эд эрхтэнг  нь гэмтээж, биеэр нь дүүрэн сорвитой болгож байснаас хамаагүй дээр бөгөөд хүнлэг бус уу?
Дээрх  тэмцээн, уралдаанууд нохойны спорт болтлоо хөгжсөн байх юм. Тамирчин нохой сэтгэл санаа болон бие бялдрын хувьд хөгжиж, эрүүл чийрэг болдог. Тамирчин биш ч гэсэн байнгын хөдөлгөөн заавал хэрэгтэй. Гэхдээ зодолдуулж чилээг нь  гаргах нь зохимжгүй бөгөөд  харгис. 

Энэ талаар бид хоорондоо нухацтай ярилцах цаг болжээ. Циркт нохой зодолдууллаа гэнэ, Цэнгэлдэхэд бас тийм юм зохион байгуулж гэнэ гэж дуулддаг байсан. Тэнд нь том , бага насны хүүхдүүд шавчихсан, "Алаад өг" гээд л  хашгирах.  Адаглаад багачуудын хүмүүжил яах билээ? Багаасаа ийм хэрцгий, хүнлэг бус юм нүдээрээ үзээд "таашаал" аваад сурчихсан улс чинь том болсон хойноо ямар ч гэмт хэрэг хийх, хүний цус харахдаа нүд нь дальдчихааргүй дөжирчихсөн болно гэсэн үг. Ялгаагүй, алаан хядаантай видео тоглоомууд мөн л ийм  болгоно.

Малчин "удамтай" малч ноход ( манай Банхараас өгсүүлээд),  тэжээдэг нохойчид маань жишээ нь, мал хотлуулдаг тэмцээн зохиож болно доо. Гадны улсад хэдэн хонь "дайчлаад" тэмцээнээ зохиодог юм билээ. Манайд яагаад болохгүй гэж.  Малч нохой сонирхогчдын клуб гэж  байгуулаад клубынхээ нэрэмжит ийм тэмцээн явуулахгүй юу. Тэмцээнд  оролцох "сонирхолтой, сайн дурын" хэдэн хонь хаа мундахав. Хонио  хөөж оруулах хашаа босгох хэрэгтэй. Харин хотоос зайдуухан газар  зохион байгуулбал  тохиромжтой болов уу.  Хэн гэдэг нохой хамгийн бага хугацаанд, хамгийн их тооны хонийг "билчээрээс " (билчээр нь хашаанаас нь тодорхой зайнд байх нь) нь хөөж ирээд хашаанд оруулж чадав аа гэж. Банхар маань "тэнэг" үүлдрийн тоонд  орохгүй байхаа, тэгэхээр сайн сургачих юм бол эзэндээ олон цом, мөнгөн шагнал авчирч, эзнийгээ "од" болгоно биз дээ! Аягүй бол манай  мянгат малчид үнэ хайрлахгүй худалдаж авна  гээд булаацалдаад  хачин юм болно шүү.

Бас нэг санаа бол, хүч чадалтай нохдоо тусгай хүнд ачаа чирүүлж хэн тэнхээтэй вэ гэдгийг нь шалгаруулдаг тэмцээн байж болох. Нөгөө "Дэлхийн хамгийн хүчтэн" (Strongest man) тэмцээнд гардаг хүнд даацын ачааны тэрэг чирдэг үзүүлбэр шиг.  Мөн тусгай жижиг тэргэнцэр гэх юм уу, сүйх тэрэг (wagon) ч гэмээр тэргэнд нохойгоо  хөллөөд боломжийн насны хүүхэд суулгаад уралдуулж болно оо? (Морин тэрэгтний уралдаан шиг юм болох гээд байнаа даа. :) . Өвөл нь  чарганд хөллөөд уралдаж болно.

Ингэхээр нохойчид минээ, өөрсдөө санаачлага гаргаад ажиллацгаавал яасан юм? Заавал нөгөө ядарсан хэдэн Их Хурлын гишүүдээ "зовоож" тусдаа хууль мууль  бичүүлж нохой зодооныг хориулах  гээд байх хэрэг байна уу?  Өөрсдөө л зогсоочих хэрэгтэй. Манай зарим дивтаат  бол юун нохойны хууль бичихтэй манатай, ар гэр авгай хүүхдээ яавал тарган цатгалан явуулахав, амьдралаа яаж өөд нь татахав гээд толгой өөд татах завгүй яваа. Хэн ч гэсэн авгай хүүхдээ л гэдэг биз дээ? Тэрэнд юуны буруу байхав гэж. Хүүхдээ хааш нь явуулчихвал боломжтой байна, ямар ажил руу шургуулчих арга байна гээд л зовж яваа улс зайлуул. Жишээ нь муу Нямдоржийг тааруухан улс төрч л гэнэ, тэр нь ямар хамаатай юм. Хүүгээ Ерөнхий Консул болгочихно гэдэг чинь хэр баргийн аавын хийж чаддаг ажил биш мэдэв үү! Тэгэхээр сайн л аав байгаа биз дээ?

Саарал ордон руу жаахан хальтраад орчихлоо. Нямдорж, нохойн зодоон хоёр хоорондоо шууд байтугай, урвуу ч хамааралгүй эд. Зүгээр л сайн жишээ татсан ухаантай. (Битгий "улс төржүүлээд" унаарай!) За тэгэхээр, нохойнд хайртай Монголчууд аа, тэр нохой зодолдуулдаг асуудлаа больцгооё оо. Их Хурлын эрхэм дивтаатуудаа, Пит Буллын асуудлыг  харин битгий мартаарай. Ер нь амьтан тамлах, зовоох үйлдлийг гэмт үйлдэл болгож цээрлүүлж байхаар тухайн холбогдох хууль журмандаа оруулах нь зүйтэй санагдана. Одоохондоо нохой, амьтантай манатай, хийх ажил ихтэй  байгааг ойлгож байнаа. Тэгж байгаад завтай болохоороо л гэж.

жич:  нохой зодолдож буй бичлэг үзье гэвэл дараах хаягуудаар ороорой.

1. "Чонын эрлэг" сайт:  www.chono-erleg.com  (Дүрс бичлэг гэсэн рүү орвол дотоодын болон гадаадын олон бичлэг бий)
2. http://btbclub.miniih.com/index.php/home/post/111
3. http://www.times.mn/index.php?option=com_content&view=article&id=2802:2012-02-28-06-18-09&catid=7:photonews

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө