Цэцэрлэгийн асуудал ба Энхболд дарга

Их Хурлын дарга З.Энхболд Сонгинохайрхан дүүргээр  явж байгаа тухай "Цагийн Хүрд"-ээр харуулж байнаа. Тус дүүргийн нэг хороонд байх ганц  цэцэрлэгээр нь орж танилцлаа. Мэдээ уншигчийн танилцуулж байгаагаар Сонгинохайрхан дүүрэгт 45 мянган хүүхэд цэцэрлэг ба сургуульд хамрагдахаас  цэцэрлэгийн насныхнаас 40% нь цэцэрлэгт явж чадахгүй байгаа бол сургуулийн насныхны 30% нь мөн сургуульд явдаггүй гэнэ. Энхболд даргын  танилцсан цэцэрлэгийн хамаарах хороонд цэцэрлэгийн насны нэг мянга гаруй хүүүхэд байдгаас мөнөөх ганц цэцэрлэгт нь нэг зуу гаруй нь явдаг гэнэ. Цаана нь 900 хүүхэд "гэрээр хүмүүжиж" байгаа аж.

Энэ хэцүү байдлыг бид одоо мэдэж байгаа юм биш л дээ. Өмнө нь эрх барьж байсан МАН (МАХН) арга хэмжээ авахгүй байсаар энэ асуудлыг  бүр хүндрүүлчихсэн юм. Цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг бол тийм амар ажил биш бөгөөд  танил талгүй, хээл хахуульгүй бол бүтдэггүй бизнес болсон. Үлгэн салган улс орноо авч явсан МАН ийнхүү цэцэрлэгийн асуудлыг шийдэх гэж оролдохын оронд гаргуунд нь хаясан явдал нь өөрөө хээл хахууль, арын хаалга гээч юмыг цэцэглэн хөгжихөд  шууд бусаар "хөхиүлэн дэмжиж" байсан  болчихож байгаа юм. Эс үйлдлээрээ өөгшүүлсэн байна гэхэд болно.

Одоо тэгээд яах вэ? Шинэ засаг  төр "шинэ аргаар" үзэхгүй бол болохгүй нээ. Шөнө хоноод маргааш нь шийдчих асуудал биш боловч  аль болохоор богино хугацаанд байдлыг өөрчилж сайжруулахын  тулд элдэв арга саам сүвэгчлэх  хэрэгтэй байна. Энхболд дарга  шиг "Тийм олон цэцэрлэг барих мөнгө байхгүй" гээд яриад явж болохгүй.  "Байхгүй", "боломжгүй", "чадахгүй"  гэх мэтийн "-гүй" дагавараар төгссөн  билэггүй үг хэрэглэхээс аль болохоор зайлсхийж байвал зүгээр юмсан.  Их муухай сонсогдож байсан шүү. Худлаа яриад бай гэж байгаа юм биш, гэхдээ зарим тохиолдолд "түс тас" хэлэх нь бас тийм ч эвтэйхэн сонсогдохгүй байх нь бий. Ирээдүйд сайн улс  төрч, нийгмийн зүтгэлтэн болох бүрэн боломжтой гэгдэх хүний хувьд иймэрхүү "түс тас"  ярьдаг стилээ халсан нь дээр шүү гэж зөвлөх байна.

Дээхэн дээ, Америкт очоод тэндхийн Монголчуудтай уулзалт хийсэн бичлэгийг Интернетээр үзэж л байсан. Жаахан нуршуудуу ярих маягтай байсан нэг нөхрийн яриаг  учиргүй таслаад загнах шахуу юм болоод явчихсан тэр араншин  өөрийг чинь бас муухай харагдуулж байсан шүү, Энхболд даргаа! Одоо бол эрхбиш жаахан намба сууж байгаа байлгүй дээ. Янз бүрийн насны, ааш араншин өөр өөр хүмүүстэй, ямар ч нөхцөл байдалд харьцах тохиолдол гарна, тэр тусмаа одоо төрийн өндөр алба хашиж байгаа үед бүр ч их тохиолдох нь мэдээж. Тэр болгонд  эмзэглээд л, эсвэл би шууд хэлчихдэг шударга хүн гээд түс тас яриад явах нь зохихгүй бөгөөд хүсүүштэй зүйл бишээс гадна бусад хүмүүсийн зүгээс таатай хүлээж авахгүй гэдгийг санаж явагтун. "Мөнгө байхгүй" гэхийн оронд арай өөр,  илүү өөдрөг хариулт өгсөн бол сайхан л сонсогдох байлаа. 

Шинэ засаг төрөөс хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах талаар олон санаачлага гаргаж ажил зохиож болмоор санагдах юм. Зөвхөн улсын төсвөөс мөнгө гаргаад  энэ асуудлыг шийднэ гэвэл олон жил шаардагдах биз. Тийм учраас жил бүр мөнгө төлөвлөж шинэ цэцэрлэг барихын хажуугаар өөр арга сувагуудыг бодож олох хэрэгтэй байх.  Зарим нэг санаанууд гэвэл:
1. Хувийн цэцэрлэг байгуулж ажиллахыг дэмжих
2. Гаднаас тусламж, хандив авч цэцэрлэг барих
3. Дотоодын эх үүсвэрийг (тусгай сан) бий болгох, урамшуулах (хандив өгсөн иргэн,  компанид татварын хөнгөлөлт үзүүлэх г.м. )
Элдэв бусын суварга, хөшөө мэтийг барихад хандив өгдөг иргэд маань хүүхдийн төлөө тусгай санд гар татахгүй биз. Мөн томоохон компаниудаа уриалмаар байгаа юм.

Хүн болох багаасаа гэж. Хүүхдийг цэцэрлэгээр дамжуулаад сургуульд оруулах нь "гэрээр хүмүүжиж" байгаад орсоноос хэд дахин илүү сайн талуудтай гэдэгтэй маргахгүй биз. Түүнээс гадна  цэцэрлэггүй хүүхэд гэртээ  заавал асран хамгаалагчтай байх хэрэгтэй учраас эцэг эхийн аль нэг нь ажил хийх боломжгүй байдаг бөгөөд энэ нь эргээд өрхийн орлого, амьдралд нөлөөлдөг. Хүүхдэд гэрээр ном зааж өгөх нь бүү хэл, зарим үед харгалзагчгүй орхих, цоожилж явах зэргээс бол эндэх, осолдох явдал ч гардаг. Хүүхдээ өгөх цэцэрлэг байхгүй юм чинь хүүхэд гаргаж гэртээ сууна гэхээс зарим нь төвөгшөөдөг биз. Ингэвэл энэ чинь хүн амын өсөлтөнд ч сөргөөр дам нөлөөлж байна шүү дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө