МАН эмч болсон үлгэр болон МАНШЭНХ-ы уриалга

- Бат-Үүлийн санаачилсан ажлууд чинь биднийг засаг барьж  байх үед бий болсон санаанууд шүү дээ, даанч бид хэрэгжүүлж амжаагүй л болохоос гэх ухааны юм ярина. Зарим  нь бүр илүү гоё тайлбар хэлнэ: - Бид уг нь бодохгүй биш боддог байсан л даа, гэхдээ иргэд маань дургүйцэх болов уу гэж айсаар байгаад хэрэгжүүлээгүй юм. МАН-ынхан ингэж  "манжлахаа" харин ч өлхөн чадах улсууд.

Ард түмнийхээ амьдралыг өөд нь татах ажил хийхийн оронд аманд нь жаахан шар тос дусаачихаад (бэлэн мөнгө өгөх гэж унш) дахин дахин улиран сонгогдож өөрсдийн жаргалыг эрхэмлэх нь энэ намынханы тэргүүн зэргийн зорилт байсаныг өнгөрсөн түүх нотолж байна. Одоо болохоор бид яг хийх гэж байтал та нар боломж өгсөнгүй гээд эргээд иргэд рүүгээ бухах янзтай. Дээр нь бас болоогүй, ажил хийх гэж байгаа  шинэ засгийг муухай харагдуулах гэж хөөрхөн  янаглахаа мартсангүй.

Хэрвээ Монгол улсыг хүндээр өвчилсөн өвчтөн гэж үзвэл (Тунгалаг Тамир кинон дээр нөгөө Итгэлт баяны түнш оросын барлаг "Монгол бол унтаж байгаа баатар. Нойрноос нь л сэрээх хэрэгтэй" гэдэгтэй харьцуулахад жаахан тиймэрхүү зүйрлэл болсон тул уучилна уу.) түүнийг эмчилж эрүүл болгох ёстой эмч нь МАН (МАХН гэж нэртэй байсан) байлаа. Гэтэл энэ эмч маань би эмчилж чадна гэж ам гарчихаад ачир дээрээ ойр зуурхан өвчин намдаах эм, хааяа нэг чихэр ам руу нь хийж аргацаагаад байж гэнэ. Өвчтөн дээрдсэнгүй, харин ч муудах шинжтэй болоод иржээ. Зүй нь энэ эмч оношийг нь үнэн зөв тавиад дорвитойхон эмчлэх байсан юмсанж. Өвдөж байсан ч хамаагүй хагалгаа хийж  өвчний уурхай болсон  тэр хэсгийг нь авч хаях ёстой байж.  Гэвч өөртөө итгэлгүй, тэгээд ч ямар ч аргаар хамаагүй аргацааж байгаад өнгөрчих санаатай, өөртөө нэг их төвөг удаж ажил болохгүйгээр амар суух санаатай байсан учраас өвчтөн маань сүүлдээ итгэл алдарч эмчээсээ татгалзжээ. Одоо  "сургууль төгсөөд удаагүй"  АН хэмээх залуухан эмч оронд нь ажиллаж  байна. Залуу хүн болохоор зоригтой шийдэмгий ажиллах бололтой. Өвчтөн ч мөн ихээхэн итгэл хүлээлгэж байгаа харагдана.

МАН эмчээр ажиллаад жаахан удсан л бол мань өвчтөн амь тавих байжээ. Харин ч үхэхээсээ өмнө ухаан гаргаж эмчээ сольсон нь онож. Аргагүй шүү дээ, анальгин аспиринээр  ийм хүнд өвчнийг эмчлэнэ гэж юу байхав. Тэгээд нас барчихсан хойно нь, бид мөн ч их тойглож бүх л арга чаргаа хэрэглээд даанч амийг нь аварч болсонгүй гээд сууж байх байсан жудагтай эмч шүү энэ.  Өөрөө бол намрын голио шиг тарган цатгалан болсон шүү дээ. Тарган голионууд түрүүчээсээ идсэн уусан нь хор болж гэдэс дотор нь эвгүйрхэцгээж байгаа сурагтай.

МАН-ыг Шинэчлэх Эв Нэгдлийн Хороо  ( МАНШЭНХ) гэгчээс намынхаа дарга, ерөнхий хоёрт "Уриалга" илгээжээ.  Мөнхүү "Уриалга"-д бичигдсэн   7 зүйлээс эхний 6 нь "тулган шаардалт" бөгөөд сүүлийнх нь "мэдэгдэл"-ийн шинж чанартай аж. Уг нь "Уриалга" биш  "Шаардлага" гэж нэрлэсэн бол  нийцэх байж дээ, гэвч "шаардаж байна" гэчихээр арай "ширүүдчих" гээд байсан байж магадгүй. Онигоотой нь харин "Уриалга"-ынхаа төгсгөлд  "Хариу" нэхжээ. Угтаа бол шаардлага тавьчихаад хугацаа заагаад хариу нэхдэг, өгсөн хариу нь таалагдахгүй бол "дараагийн шатны" арга хэмжээг  "автоматаар" авна гэж айлгадагсан. Гэтэл МАН-ын залуучууд шинэ моод гаргаж иржээ. Аргагүй л боловсон хүчний нөөц ихтэй, оюунлаг залуусаар "пиг дүүрсэн" нам гэдэг нь илт харагдаж байна шүү. Уриалчихаад дараа нь уриалсаныхаа хариуд "Уриалгыг бүрэн дүүрэн  дэмжиж байна"  гэсэн хариу хүлээж байгаа юм дагаа даа. Гэвч горьдсоны  гарз биз.

Ингэж элдвийн юм ярьж дургүй хүргэсэн  зарим нөхөд намаасаа яаж шившигтэйгээр хөөгдсөнийг санагтун. Чулуунбат мат, Тэрбишдагва мавга нарыг  хараа биз дээ. Урвагчид гэдэг хочийг насаараа зүүх боллоо шүү дээ, зайлуул.  Одоогийн  МАН-ын удирдлага бол өмнөх удирдлагын залгамж халаа гэдэг утгаараа хэзээ ч ганхахгүй бөх бат суурьтай цайз л гэсэн үг. Түүнийг нураана гэдэг бараг бүтэхгүй дээ. Дээд зэргийн ган арматураар хэрээд гагнагдчихсан, дөрвөн зүг найман зовхист сүлжээд тарчихсан үндэстэй  төмрөөр хийсэн аварга том мод л гээд бодчих. Их л олон гагнуурын аппарат, гагнуурчин хэрэгтэй дээ, хайлуулна гэвэл. Хэрэглэх цахилгаан бол олон мянган киловаттаас наашгүй. Энэ төсөл чинь тэгэхээр их өндөр өртөгөөр босно гэсэн үг.
Ийм том мега төслийг хэдэн хүн цуглаад "Эв нэгдлийн хороо" ч гэх шиг марзан нэр өгчихөөд зүгээр нэг  "Уриалга" явуулаад хийчихдэг юм биш. Тэгээд гаргаж байгаа бичиг нь эхнээсээ онигоонд ороод эхэлдэг үү!  Бөндгөрөө жаахан ажиллуулсан дээр байхаа, МАН-ын залуусаа! Үнэхээр л шинэчлэе гэж байгаа бол.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө