ХБНМУ

ХБНМУ - Холбооны Бүгд Найрамдах  Монгол Улс.  За ингээд тогтож байвал их юм гэж бодохоор болчихоод байна шүү.  Хөнжилдөө багтахгүй хөлөө жийлцэх Монголчууд удахгүй орондоо ч орж унтах завгүй уралцсаны үр дүнд бие даасан шахуу статустай олон бутархай "улсанцар"-аас бүрдсэн "холбооны" улс болж хувирах цаг айсуй.  Арван хэдэн тусгаар тогтносон тусгаар улсууд болоод салцгаачихгүй  бол эз гэж бодох уу?

Увс аймагт  "Увс хүн" хэмээх шинэ угсааны хүмүүс бий болжээ. Одоогоор "Увс" хүний "стандартыг"  арай батлаагүй боловч "Увс" хүн гэж ямар шинж чанартай бодьгал байх тухай анхны тодорхойлолтуудыг гаргасан байна гэнэ. Удахгүй  Баян- Өлгий аймагт "Өлгий" хүн, Ховд аймагт "Ховд" хүн, Баянхонгор аймагт "Хонгор" угсааны хүн гэх мэтээр шинэ үүлдрийн хүмүүс бий болох байх л даа. Яваандаа тэдгээр аймгууд өөр газар төрлөөсөө төөрчихсөн яваа угсаа нэгтнүүдээ нутагтаа буцаан татаж , өөрийн нутагт байгаа "харь" угсааны нөхдийг шахан хавчиж, цэвэрхэн хөөн зайлуулах замаар "цусаа цэвэршүүлэх" ажлыг  аажмаар зугуухан хийх бөгөөд энэ нь хэтдээ өрх тусгаарлахын угтвар ажил болов уу.

Аймаг бүхэн  нутгийн зөвлөл гэгч байгууллагаараа  дамжуулан "хүний газар" амьдран суугаа нутаг нэгтнүүдээ  бүртгэж данслах, тэднийгээ хооронд нь холбож  "амь нэгтэй" байлгах бөгөөд шаардлагатай  үед "түргэн" авахад  бэлэн байлгадаг. Ялангуяа томоохон хот  суурин бараадсан угсаа нэгтнүүдээ аль болохоор нэг дор бөөн байлгах, шаардлагатай нэгэнд нь тусламж үзүүлж тэтгэх нь мөнөөх нутгийн зөвлөлийн нэг үүрэг. Өөр угсааны бодьгалтай цус холилдохыг үл тэвчинэ.

АЙМГУУД

Ардын армид ч ийм л байсан. ( Атаман хал цэрэг миний  нутгаас ирсэн шинэ цэрэг чи ахыгаа байхад алзахгүй ээ гэж.) Албан тушаал дээр ч ийм байгаа. (Манай нутгийн хүү юм бол өөд нь татаад албан тушаал дэвшүүлнээ хө.)  Ард олноо "баясгадаг" бөхчүүд нь ч ийм уламжлалтай. (Муу нутгийнхаа дүүд унаж өгөөд цолонд хүргэчихье байз.) Их Хуралд горилсон дивтаатууд нутгаа барааддаг нь бас учиртай. (Манай нутгийн унаган хүү юм гэнэ лээ, дэмжинээ хө)

Баян-Өлгийд казак бус хүн удирдах ажил битгий хэл, зүгээр ажил хийгээд  амьдрахад хэцүү гэнэ үү? Монголоор ярих дургүй, ярьвал хариу дуугардаггүй гэв үү? Казак хүн биш учраас казакууд нийлж зодсон гэл үү?  Уг нь цөөнх болсон үндэстэн ч гэлээ ингэтлээ үзэн ядаад байхаар гэм олонхийн зүгээс хийгээгүй санагдах юм. Харин ч газар нутаг тасалж өгөөд өдий болтол "бор гэрт нь богд" шиг байлгасан даа.  Хүнд хэцүү үед нэг хэсэг  нь урагаа  бараадаж Казахстан руу нүүсэн гэсэн. Зарим нь буцаж ирсэн сурагтай. Буцаж ирсэн нь одоо Монголд данстай юм уу, эсвэл өөр улсын харъяат юм уу гэдэг нь тодорхойгүй. Тэгэхээр тэнд  Монгол Улс  дотор нэг жижигхэн тусгаар "улс" бий болоод байгаа юм уу даа. Монгол Улсын олон аймгуудаас "тусгаар" болох магадлалтай эхний аймгаар  Баян-Өлгий  тодрох  магадлал өндөр харагдана.

Казак, Монгол хоорондоо бүү хэл, Монгол дотроо бас их маапаантай. Халх гэгч нь хаанаасаа, яахаараа олонхи бөгөөд хамгийн "чухал монголжуу" ястан болчихдог юм, бүү мэд. Дөрвөд, буриад, захчин, торгууд, урианхай болоод ирэхээр  "жижигрээд" явчихаж байгаа юм. Нөгөө тэнэг халхууд нь цаадуулыгаа үзэхгүй, тавлана гэж жигтэйхэн. Өвөр Монголчуудыг бол хужаа гээд бүр үзэхгүй. Тэгж ярьвал манайд болон Өвөр Монголд буй үзэмчин, барга, захчин, цахар   гэх мэт ястанууд чинь  жинхэнэ Чингисийн  удмын  Монголчууд гээ биз дээ? Овог авах болсон чинь бүгдээрээ "Боржигон" болчихож  гэнэ. Марзан улсууд. Тэнэгээ л харуулж байгаа хэрэг.

Монголчуудын цусанд нэг юм байнаа. Бие биенийхээ дээр гарах гэсэн сэтгэлгээ бүр төрөлхийн юм шиг.  Биеэ даасан, хэнд ч захирагдахгүй байх гэсэн хүсэл, атаархуу, зожиг зан бол Монголчуудын "бренд" характер. Энэ нь бидний нүүдэлчин амьдралын  хэв маягаас улбаатай бидний генд уламжлагдаж ирсэн зан чанар. Цагийн эрхээр өөрчлөлт орох нь зүй мэт боловч нэлээд хугацаа шаардах бололтой. Тэр болтол тэсэж чадахгүй бол наана нь бутрах, салах шинж байдал дээр өгүүлсэнээс харвал илэрхий байна.

Хүннү-гийн үед нэг нэгдэж хүчирхэг болсоноор хавь орчмоо айлган түйвээж "журамлаж"  явсан Монголчууд хожмоо Чингис хааны ачаар дахин нэг дээвэр дор багтаж нэрээ дуурсгаж байсан билээ. Гэвч түүнээс хойш салан бутрахын үлгэр жишээг үзүүлэхийн хэрээр гадны улсын эрхшээлд орж уруудаж доройтсоор сөнөж мөхөхийн даваан дээр ирсэн үндэстэн.  Төрөлх газар нутаг нь лав 2 тасраад харийн орны хилийн дотор оржээ. Буриадын газар, Өвөр Монгол хоёр бидэндээ эргэж ирдэг үе өнгөрсөн. Тэр хоёрыг буцааж авна гэж сэрүүн зүүдлэхээсээ өмнө өөрсдөө үлдсэн жаахан газар нутагтаа эвтэй найртай цул байхаа бодмоор.

Хуурамч Боржигонууд багаа авч ил гарцгаах болжээ. Халх гэж цээжээ дэлдэх тэнэгүүд бөндгөрөө илүү ажиллуулж, бусад Монгол ястнаас илүү юм юу ч байхгүй гэдгээ мэдэх цаг болсон байна. "Эвт шаазгай буга барих", "Монголчууд эвтэй бол хүчтэй" гэх мэтийн   уриа лоозон, цэцэн үг  хоосон цээжилж маань  мэгзэм шиг давтаж явахаа  больж жинхэнэ эв нэгдлийн тухай бодож эхэлбэл яасан юм? Тэр олон "нутгийн зөвлөл" гээч юмнуудаа татан буулгацгаая.
Аливаа нутгархах үзэл, ялгаварлан гадуурхалтыг жигшиж байя.

Шууд уриалан дуудаад ажил хэрэг болчихгүй нь ойлгомжтой учраас эхлээд тодорхой өөрчлөлтүүдийг зохих журам, хууль  дүрэмдээ  оруулж, улмаар хүмүүсийн ухамсартай "тулж ажиллавал" илүү үр дүнтэй болж, өөрчлөлтийг илүү хурдасгах болов уу.
Ингээд зарим нэг хийж болох өөрчлөлтүүдийн тухай санаа гэвэл:

1. Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж Монгол Улсыг бүхэлд нь сонгуулийн нэг тойрог болгох хэрэгтэй.  Жалгын дивтаат байгаа цагт нутгархах үзэл алга болохгүй. Жалгын дивтаат Монголын эрх ашиг ярихгүй, харин нутгийнхандаа яаж таалагдахаа илүү бодно. Популистуудыг шахан зайлуулахад ч тустай.

2. Зохих хуульд өөрчлөлт оруулж одоо байгаа олон аймгуудыг цөөлөх хэрэгтэй. Хаяа нийлсэн хөрш хэд хэдэн аймгуудыг нэгтгэх замаар тоог нь цөөрүүлсэнээр олон хэрэгтэй хэрэггүй дарга мяндагтангуудын тоо багасч, тухайн аймаг  газар нутаг, хүн амын хувьд томорч илүү чадавхитай болно. Хүн ам нь ч дотроо шилжин суурьших, цус холилдох сайн талтай.  Нийт нутаг дэвсгэрээ 4 (баруун, зүүн, өмнөд ба хойд бүс гэсэн) бүсэд хуваагаад л одоо байгаа аймгуудаа нэгтгээд цөөлчих хэрэгтэй. (Дөрвөн аймагтай болно гэсэн үг)

3. Зөвхөн тодорхой газар нутгийнхний, эсвэл ястан, үндэстний эрх ашигт үйлчлэх, тэдний сонирхолыг хамгаалсан явцуу бодлого, зорилготой бөгөөд нийт үндэстэний эв нэгдэлд сөрөг нөлөө үзүүлж болох "Нутгийн зөвлөл" ч юм уу, эсвэл өөр цол гуншинтай аливаа байгууллага, нэгдэл, бүлгийг хориглох хэрэгтэй. Хэдийгээр  иймэрхүү төрлийн "байгууллагууд" нь албан бус бөгөөд сайн дурын гэх боловч зорилго, үйл ажиллагаа нь тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашигт үйлчилсэнээр нийт үндэстэн дунд ямар нэг хэмжээгээр ялгаварлал, тусгаарлалт үүсгэх нь  нийт Монгол үндэстний  эрх ашиг, эв нэгдэлд  харш учраас  ганц энэ шалтгаан хангалттай. Хүний эрх, эрх чөлөөг хаалаа  гэж сөргөх хүн байвал нийт Монгол үндэстний эв нэгдэлтэй байх эрх ашиг, цөөн бүлэг хүмүүсийн эрх ашгаас дээгүүр тавигдах ёстой шүү гэж хэлье.

4. Үндэсний бөхийн дүрэмд өөрчлөлт оруулах замаар нутгархаж даваа бэлэглэдэг булай явдлыг халъя. Ам авч байгаа өндөр цолтой бөхчүүдэд өөрийнхөө нутгийн бөхөө амлаж авахыг хориглох хэрэгтэй. "Сонирхолын зөрчил" үүсэх гээд  байна шүү дээ. Мөн түүнчлэн бөхийг цоллохдоо аймаг сумынх нь нэрийг дуудахаа болих хэрэгтэй. Өөрийнх нь  нэр, цолыг нь дуудахад хангалттай бус уу? Ихэнх бөхчүүд нийслэлд амьдардаг, УБ-ын харъяат байж л төрсөн (эсвэл аав ээжийн унаган) нутаг аймгаараа дуудуулдаг нь угаасаа утгагүй асуудал.

Эцэст нь хэлэхэд, нэгэнт л Чингис хаан II  гэдэг  хүн гарч ирэх магадлал маш бага учраас  түнжин муутай Монголчуудыг зангидах хүчирхэг гарыг мөрөөдөөд дэмий бөгөөд харин түүний оронд тархиа ажиллуулж ухамсраараа нэгдэхээс өөр гарц үгүй юм шиг.  Эрхбиш бид чинь 13-р зууны үеийн Монголчуудыг бодвол бичиг үсэгт тайлагдсан, худлаа үнэн дипломтой, их бага хэмжээгээр соёлжсон, нүүдэлчин төрхөө бараг гээж байгаа, компьютер шагайсан, нүдэндээ шилтэй, жинс өмссөн орчин үеийн иргэд болж "төрөл арилжсан" улс. Юм бодвол бодохоор.

Тэгээд цөөхүүлээ байгааг хэлэх үү. Хэдүүлхнээ байж бие биенээ дорд хийж, хялайж яана? Олуулаа болно гээд гаднаас цус нэгт Монголчуудаа (буриадууд, өвөр Монголчууд, Халимагууд г.м) урин залаад ирсэн хойно нь гадуурхаад, хавчаад унавал дэлхий нийтийн өмнө шившиг болно биз дээ? Цөөхөн  байхдаа ингэж "булагнаад" байгаа улс чинь гаднаас ирсэнийгээ бол бүр үзэхгүй юм байна л даа, энэ янзаараа бол.

Тэгэхээр эхлээд өөр хоорондоо ах дүү шиг байцгаая. Ах дүү шиг байна гэдэг чинь танай манай гэхгүй байна л гэсэн үг. Монгол хүн  эх орныхоо хаана яваагаас үл хамаарч гэртээ байгаа юм шиг тайван амгалан, айх эмээх аюулгүй явах ёстой. Хаана ч явсан шаардлагатай бол бие биендээ тусламж үзүүлдэг, туслалцаа авдаг байя. Бие биенээ хайрлаж явъя. Ингэж байж л бид бүрэн улсаа тараагаад хаячихалгүй бүтэн авч үлдэнэ.
Монгол улс минь мөнх орших болтугай!   (Ерөөл бат оршиг ээ!)  


 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө