Сайхан шинэлээрэй!

Цагаан сар болж байна. Энэ жил Монголын Цагаан сар бусад Азийн орнуудынхаас нэг өдрийн хойно болж байна. Шинэ сарын эхний өдөр Монголд 2 сарын 11-нд  болж  байхад Хятад, Солонгос, Япон, Вьетнам зэрэг улсад 2 сарын 10-нд таарч байгаа аж. За энэ маань  тоолдог, боддог аргачлал нь янз бүр байдгаас болдог биз ээ.

Энэ жилийн Цагаан сараар зан үйлдээ жаахан өөрчлөлт оруулах талаар хүмүүсээс санаачлага гаргасан боловч хуучинсагууд нь хүчтэй эсэргүүцэж байх шиг байна.  Ууц тавьдаг ёс бол зөвхөн өндөр настан, ихэс дээдэст хамаатай байсан бөгөөд айл болгон тавьдаггүй байсан гэж хэлсээр атал зөрөөд л ууц тавих гээд зүтгээд байх аж. Бэлэг сэлт өгөх нь туйлширсан бөгөөд хуучин бол идээ будааны дээжээр бэлэг өгдөг заншилтай байсан гээд байхад л ямар бэлэг сэлт өгөхөө хэнээр ч заалгахгүй гээд л Өдрийн сонины авгай нар манлайлаад баахан шаагив даа.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж тэдний бүтээгдэхүүнийг бэлгэнд зориулж худалдаж аваарай гээд уриалаад байхад л манай наймаачид Эрээн явж элдэв хог авчраад зараад сууж байх юм. Эрээний хятадуудад орлого оруулах нь манайхны тэргүүн зорилго биш боловч хамгийн гол нь авчирсан бараагаа хэд нугалж овоо ашиг олдогт л хамаг учир байгаа юм. Шунал нь эх оронч сэтгэлгээг нь дийлчихжээ. Үндэстний эрх ашиг, эх оронч сэтгэлгээ алга болжээ.

Энэ жилийн Цагаан сараар архийг бага хэрэглээсэй.  Архиа сүүгээр сольж хэрэглэцгээе гээд байхад л инээчихээд л архиа өрж тавиад л ууцгаах хүмүүс байх  бололтой. Хэдэн хүн согтуу жолоо барих бол? Жаахан сэтгэл  байвал согтуу улсуудыг машин бариулахгүй хорьж, өөр аргаар  унаажуулаад зохицуулж болно доо. Архиар шахдаг гажигтай заншлаа энэ Цагаан сараар орхиосой.   Ууж иддэг баяр биш, ургийн баяр болгоцгооё гэж уриалж байгаа боловч хүмүүс хэр хүлээж авч байгаа бол?  Уг нь хамгийн ахмадындаа цуглаад хуучцуул нь шинэ залуу үеээ хооронд нь танилцуулж ураг холбоогоо мэдэлцэж , тэмдэглэж баймаар байгаа юм.

Гэвч энэ боломж тун бага. Учир нь зориуд ингэж зохион байгуулахгүй л бол залуус маань айл дамнаад хэсээд явчихдаг учраас нэг дор бөөгнөрч цуглахгүй. Хөгшчүүд уг нь энэ ажлыг хоорондоо ярьж зохион байгуулах хэрэгтэй юм.  Яваандаа энэ хандлага руугаа илүү дөхөх байхаа гэж найдна.
Цагаан сараар уур хилэнгээ тэвчиж , бие биенээ хүндэтгэж, муудсантайгаа сайдаж нөхөр болоорой.  Цөөхөн Монголчууд бие биенээ хайрлаж, дэмжихгүй бол өөдлөхгүй гэдгээ санаж явах хэрэгтэй. Ингээд  сайхан шинэлээрэй, ахан дүүс Монголчууд аа!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө