Майдар том уу, Чингис том уу?

Төвдийн нэг төлөгч лам одоо энэ 12 сарын 21 -ний өдөр дэлхий даяар харанхуй болно гэж айлдсан тухай ам дамжин шуугиж байна.  Хоёр долоо хоногийн дараа үнэн эсэхийг нь харах нь дээ. Хүн төрөлхтөн нар, сарыг үзэхгүй 2 сар гаруй хугацаанд  харанхуй дунд амьдрах юмдаг уу даа. 3 сар дөхөөд ирэхийн үед аажмаар гэрэл гэгээ орж эхлэнэ гэнэ. Тиймээс 2 сар идэх хоолоо нөөцлөхийг зөвлөжээ. Олон хүн нас барна гэсэн байна.

Олон хүн үнэмшиж, юмыг яаж мэдэхэв гээд хөдөө гадаа гэр барьж, лаа шүдэнз базааж, хүрэлцэх хэмжээний хоол хүнсээ бэлдэж байгаа сурагтай. Зарим нь итгэхгүй үл тоож байна.
МУИС-ийн Нийгмийн Шинжлэх ухааны сургуулийн Шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Т.Булган хэлж байна: - "Юуны чинь дэлхий сөнөх. Бид Майдар бурхнаа бүтээх гэж байна".

Майдарын хөшөө
Булган доктор "улаан" бурханч гэнэ. Түүнийхээр бол буддын шашинд итгэдэггүй, сургааль номыг нь дагадаггүй, "их гажуудсан" хүмүүс ийм юманд итгэж буруу ухуулга хийж байгаа юм байх. Тэгвэл дээрх төлгийг буулгасан лам чинь Төвдөд суудаг "ориг" лам бөгөөд жинхэнэ буддыг дагадаг, итгэдэг хүн байлтай. Гэтэл мань доктор мөнөөх ламыг бурханд итгэж, бурханы номыг дагадаггүй гэж яаж хэлж чадав?

Тэрээр мөн Майдар бурханы цогцолборыг бүтээх гэж байгаа тухай их л бахдангуй ярьж байх юм. Төв аймагт босгох уг хөшөө нь Чингис хааны  морьтой хөшөөнөөс өндөр байна гэж гайхуулжээ. АНУ-ын Эрх Чөлөөний хөшөөнөөс ч өндөр гэж хөөрцөглөсөн байна. Их л мундаг юм босох юм байх. Хамгийн гол нь харьцуулж байгаа жишээ нь өрөвдөлтэй бөгөөд инээдтэй. Майдарын хөшөөг Чингисийнхээс өндөр барьсанаараа их чухал, ач холбогдолтой гэж бодож байгаа бололтой. Тааруухан ч сэтгэлгээ бол доо.

Чингис хааны хөшөө
Ер нь Монголыг гадныхан Майдараар биш, Чингис хаанаар минь мэднэ. Тэгээд ч Майдар гэдэг чинь Монголын бренд биш.  Монголчууд Майдар бурхныг эртний сайхан ерөөл болгон шүтэн биширч, номлол сургаалийг нь чигч шударгаар  сахин дагаж ирсэн гээд юу нь сайн сайхан болчихсон юм бүү мэд. Хүлцэнгүй ноомой, баахан мухар сүсэгтэн бий болгож Монголчуудын эр зоригийг мохоосноос өөр гавъяатай зүйл юу хийснийг мэдэхгүй юм.

Аливаа зүйл туйлшрахаараа биш болдог. Шашин бол хар тамхи гэдэг нь угтаа бол үнэн юм. Төвдийн шарын шашин Монголд ямар ач тусаа өгснийг бодоод бодоод олсонгүй.  Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх эрх чөлөө сэргээд ирэхийн цагт "хэт шашинтнууд" олширч, Майдарын хөшөө гэх мэтээр мөнгө хөрөнгө дэмий зүйлд цацаж байна. Тэр "Майдартангууд" үүнийхээ оронд мөнгөө цуглуулж байгаад нэг эмнэлэг ч юм уу, сургууль, эсвэл хүүхдийн цэцэрлэг бариулчихсан бол их л буянтай ажил болох байлаа. Тэр бариулсан барилгынхаа ханан дээр "тийм хийдийн лам нараас хандив болговой" гээд пайз хадчих хамаагүй. Буян хийх гэж байгаа бол энэ чинь л буян болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө