"Зэрлэг" капитализмаар явах уу даа, болих уу даа, хө

Манай улс 1.5 тэрбум долларын бондыг хоёр багцаар амжилттай зарчихлаа. Олсон мөнгөөрөө бүтээн байгуулалтанд зарцуулна гэж байна. Сайхан хэрэг. Хийх юм их бий. МАН өчнөөн олон жил "нам засгийг" удирдахдаа хийгээгүй ажлыг Ардчилсан Нам (АН) хийж эхэлжээ.  Иргэд маань удахгүй үр дүнг нь үзэх  болно.

Ингэхэд Монгол Улсад маань ямар бодлого байвал бид эдийн засгаа хөгжүүлж "бар" болж чадах вэ? Социализмын замаар худлаа болсон. Одоо капитализмыг сонгож байна. Гэхдээ учир байнаа. Капитализм дотроо "зэрлэг", "хүмүүнлэг", "зохицуулалттай" гэх мэт олон хувилбар байж болох юм шиг. Олон хувилбартай учраас капиталист  гэгдэх орнууд өөр хоорондоо ялгаатай байх шиг. Ухаандаа АНУ , Швед хоёрын ялгаа. Хоёулаа л ардчилал, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг эрхэмлэсэн орнууд боловч эдийн засгийн болон нийгмийн  бодлого, зохицуулалт нь  ижилгүй бололтой.

Бүдүүн хадуунаар дүрсэлбэл, АНУ-ын хувьд "зэрлэг" хувилбарыг илүү таашааж хэрэгжүүлсэн бол Шведийн хувьд "хүнлэг", "зохицуулалттай" капитализмын хувилбарыг сонгосон гэмээр юм уу.  АНУ-ын иргэн "мөнгөгүй бол мөргөлгүй" байдаг бол Шведийн иргэн мөнгөгүй байсан ч "амьд үлдэх" магадлал өндөр аж. АНУ-д даатгалгүй бол эмнэлгийн хүлээлгийн өрөөнд амиа алддаг бол Шведэд тийм юм байхгүй. Учир нь Шведийн  нийгмийн хамгаалал, бодлого сайн.

Монголчууд тэгээд аль   замаар явбал зохилтой вэ гэж. Хуучин социализмын хүмүүжил хаачихав, манайхан халамжлуулах дуртай улс. Гэхдээ утга учиргүй, хавтгайрсан халамж эцэстээ биднийг алж байна. Намууд нь мөнгөөр угжина гэж амлаад сая яалаа даа. Баахан мөнгө аманд ч үгүй. хамарт ч үгүй тараагаа биз дээ? Тусгай халамжийг хүртэх ёстой бүлэг, эмзэг давхарга гэж байнаа. Тэднийгээ тэтгэлгүй яахав..

Эдийн засгийн олон онол, онолчид байдаг. Бид тэдний алийг нь сонгох вэ гэдгээ л сайн бодмоор юм шиг санагдана. Мэдээж манай мэргэжлийн эдийн засагчид, мэргэжилтнүүд хоорондоо ярьж хэлэлцдэг л байх. Миний  бодлоор бол ямартай ч тэр "зэрлэг" хувилбарыг сонгож болохгүй юм шиг. Ер нь бол сүүлийн үед тэр замаар нь замнах гээд байгаа юм уу гэлтэй харагдах боллоо. Нийгмийн халамж нь зөв бодлогоор, очих ёстой эзэндээ хүрдэггүй, баян ядуугийн ялгаа хар цагаан өнгө шиг илт ялгараад ирсэн зэргийг харвал буруу бодлого яваад байгаа юм шиг.

Жеф Мадрик, эдийн засгийн бодлогын зөвлөх, шинжээч
"Зэрлэг" хувилбарыг дэмжигч, сурталчлагчдын гол төлөөлөгчийн нэг  нь манай нэрт нийтлэлч Батбаяр (Баабар) юм. Тэрээр бүх юмыг зах зээл өөрөө зохицуулах ёстой бөгөөд төрийн оролцоо огт хэрэггүй гэдэг үзэлтэй хүн. Түүний шүтэн биширдэг онолч  Фрийдмэний үзлээр бол чөлөөт зах зээл бүх зүйлийг (эрүүл мэнд, санхүү, банк) зохицуулдаг ганц зөв шийдэл аж. Гэтэл энэ нь тийм биш, төрийн зохицуулалт  хэрэгтэй гэдгийг АНУ-ын олон удаагийн санхүү, банкны хямрал харуулсан гэж  Жеф Мадрик  "Шуналын алтан үе: Санхүүгийн аагирхал ба АНУ-ын доройтол, 1970 оноос өнөөг хүртэл" ("Age of greed: The Triumph of Finance and the Decline of America, 1970 to the Present")  номондоо бичжээ.

Манайд ч бас иймэрхүү санхүүгийн хямрал хэдэн удаа болж нэр бүхий банкууд дампуурч (улс төрийн болон хувь хүмүүсийн буруутай бодлого, алдаа руу чихдэг), улсаас  мөнгө гаргаж  хүнд байдлаас аврах тохиолдол гарч байсан. Нэгийг нь дампууруулаад, нөгөөг нь улсын болгох, эсвэл өөр банктай нэгтгэх гэх мэтээр  төрийн зохицуулалт хийгдэж байсан. Манай банкууд яагаад хүнд байдалд оров гэсэн чинь яг л АНУ-ын нөгөө банкууд шиг  буцаж төлөгдөх найдваргүй баахан  зээл тарааснаас болоод  хүнд байдалд орчихсон хэрэг. Банкируудын шуналаас болсон асуудал. Богино хугацаанд их мөнгө зээлж хурдан ашиг олох гэсэн хязгааргүй шунал нь тэднийг ийм байдалд оруулсан бөгөөд явж явж эцэст нь төрөөс аврах  ажиллагаа зохиож байж нэг юм гайгүй давсан.

АНУ мөнөөх алдарт гүнзгий  хямралаасаа санхүүгийн хатуу зохицуулалттай бодлогын ачаар гарсан. Гэвч онолч Фрийдман тэр хямралд засгийн газар буруутай гэж үздэг бөгөөд түүний хэлсэн үгэнд буй "гүнзгий хямрал" гэдэг үгийг "санхүүгийн хямрал ба түүний үр дагавар" гэдгээр орлуулбал өнөөгийн Конгрессийн спийкер Жон Бөөнэр (Бүгд Найрамдах Намынх) 1962 оны Фрийдмантай адил  сонсогдож байна гэж Жеф Мадрик номондоо бичжээ.
Тэр үед Фрийдман ингэж хэлжээ: "Ажилгүйдэл эх замбараагаа алдсан  гүнзгий хямрал ба бусад хүнд үеүүд  бол  хувийн секторын эдийн засгийн удамшсан тогтворгүй байдлаас биш харин  засгийн газрын оролцооноос үүдэлтэй".  АНУ-ын бүгд найрамдахчууд өнөөдөр яг ингэж ярьж байгаа. Хэрвээ Баабар Америкийн иргэн байсан бол тэр аль хэдийн бүгд найрамдах намын гишүүн болчихсон байх байсан болов уу.

Бурхны авралаар гэх үү дээ, одоогийн төр засгийн эрх барьж байгаа АН нийгмийн эмзэг хэсгийг хамгаалсан, ядуу давхаргыг тэтгэсэн бодлого явуулж байгаа нь сайшаалтай. Өмнө гарч байсан банкуудын дампуу ажиллагаа болон хадгаламж зээлийн хоршоо гэх мэтийн санхүүгийн хяналт зохицуулалтгүйн улмаас гарч байсан алдаануудаас сургамж авсан байх гэж найдна. Банк санхүүгийн салбарт хяналт ба зохицуулалт  зайлшгүй хэрэгтэй гэдгийг АНУ-ын гашуун туршлага бэлхнээ харуулсан.

Эдийн засаг, санхүүгээ  амжилттай авч явж байгаа бусад орны, жишээ нь Скандинавын орнуудын туршлагааас суралцах, мэргэжилтнүүдээ сургах явдал чухал. Скандинавын орнууд хөгжлийнхөө үзүүлэлтээр, иргэдийнхээ амьжиргааны түвшингээр дэлхийд тэргүүлдэг нь нэг юм хэлээд байгаа биз? Ард иргэд нь хамгалуун сайхан амьдарч, улс нь зөв хөгжиж байвал өөр бидэнд юу хэрэгтэй билээ? Бидэнд АНУ шиг том эдийн засагтай болох (тийм боломж ч байхгүй), олон тэрбумтангуудтай, үлдсэн  иргэд нь дунд ба ядуу давхаргад хуваагдсан ийм байх сонирхол алга. Бид ядуусгүй, бүх иргэд нь жигд хангалуун амьдралтай, өсвөр үе ба хөгшид нь нийгмийн баталгаатай тийм л нийгэм байгуулмаар байна. Ийм нийгмийг "зэрлэг" капитализмын аргаар байгуулахгүй ээ, харин Скандинавын загвараар л бий болгоно.

Хөлсөө гаргаж  мөнгөжсөн баячуудыг тээршаах гэсэнгүй, гэхдээ шунал хүнийг алдаг (их эвддэг) бөгөөд энэ маань эргээд ёс суртахуун, хүнлэг сэтгэл гэх мэт амин чухал эмзэг зүйлүүдийг үнэгүй болгож ирээдүй үеийг маань хордуулдаг муу хар нөлөөтэй эд. Хүн чанар гэж нэг юм бий. Мөнгийг шүтэх үзэл сайн юм биш. "Хагартлаа" баяжих ямар ч хэрэг байдаг юм. Үр хүүхэддээ үлдээнэ гэх байх л даа. Гэтэл нөгөө үр хүүхэд чинь бэлэн алтны авдар өвлөөд авчихсан хүн болохоор ажил гэдгийг хийж мэдэхгүй, адаглаад өөрөө хөлсөө гаргаж тархиа ажиллуулаад амьдраад явчих чадваргүй, тэгээд хамгийн гол нь бүхнийг мөнгөөр хэмжсэн "хүн-чөтгөр" болж хувирсан байх болно. Ийм хүн эцэстээ нийгмийн шаар, амьтны нүдэнд хог мэт харагдах нэгэн болдог.   Баячуудын хүүхдүүд болох үнэтэй машин унаж, зугаа цэнгэл хөөсөн, хоосон толгойтой сагсуу  банди, охидууд амьтны хараал идэж байдаг нь цаанаа учиртай.  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө