Занданшатарыг магтан дуулахуй

Өдрийн сонинд Б. Доржсүрэн гэдэг хүний "Г. Занданшатарт хэлэх үг байна" гэсэн гарчигтай нийтлэл гарчээ. Захиалгатай, захиалгагүй энэ тэр гэж маргаад яахав.  Харин тэр хэлээд байгаа юмтай нь холбогдуулаад жаахан сөргөе байз.
Занданшатар гэдэг хүн МАН-ын  Ерөнхий нарийн болсоноос хойш хамхуул мэр уруудаж явсан намыг барьж тогтоосон  гавъяатай юм гэнэ.  Тулхтай улс төр судлаачид тэгж хэлж байна гэнэ. Хэн юм тэр судлаачид чинь? Би л лав тийм утгатай нийтлэл, ярилцлага олж уншаагүй юм байна.

Манай Монголчуудын нэг онцлог бий. Аливаа юмны тухай ярьж бичихдээ тодорхой эзэнгүй биеэр дамжуулж  өөрийнхөө  санаа оноог илэрхийлчихдэг. Жишээ нь энэ тулхтай улс төр судлаачид гэдэг эзэнгүй бие байна. Үүний ард олон хүн байх гээд байгаа биз? Олон судлаачид. Хэн гэдэг хүмүүс байгаа юм гэхээр барин тавин хэлчих нэр байхгүй л байгаа. "Амьгүй албат" л гаргаж ирээд байдаг. Ард түмэн ингэж хүсэж байна гэж ирээд л массыг өмнөө барьчихдаг нь худалч хүн болгоны амны уншлага болсон доо. Ард түмний эд ширхэг болгонтой уулзаж хүслийг нь сонссон юм уу хаашаа юм?

Г. Занданшатар
Занданшатарыг магтан дуулах Доржсүрэнд хандаж хэлэх үг харин надад байна. Би өөрийнхөө өмнөөс хэлж байгаа юм шүү. Надад урдаа барих амьгүй албат байхгүй л дээ золиг гэж.
Сая Арвин гишүүн МАН-аас "урвалаа". Муу урвагч. Яагаад  урвачихав гэсэн чинь намынхан нь саяын орон нутгийн сонгуулиар Арвинг битгий сонгоорой гэж намын хурал дээрээ, мөн нэр дэвшиж байгаа тойргийн Ардын намын гишүүн сонгогчдод үүрэгдсэн юм байх. Гадуурхаж л дээ янз нь. Нөгөө өрсөлдөгч нь эр хүйстэй бөгөөд мөн МАН-ын гишүүн байсан аж. Хоёр хүүхэдтэй айл нэгийг нь эрхлүүлээд, нөгөөг нь ад шоо үздэгтэй адил юм болж.

МАН-ын Ерөнхий нарийн бөгөөд орон нутгийн сонгуульд намаа "аварч" үлдсэн гээд магтаад байгаа Занданшатар гуай яахаараа өөрийнх нь намаас нэр дэвшсэн 2  хүнээ (өөр намаас өрсөлдөгч байгаагүй) алаг үздэг билээ?  Мэдээж, үгүй шүү, мэдэхгүй шүү л гэж хариулах биз.
Гэвч ад болсон Арвин өөрөө зөндөө хэллээ, хэвлэлээр ч жиг жуг гэж бишгүй л бичсэн дээ.
Rumor has it! Тиймээс үгүй гэж мянга зөрөөд яах билээ. Арвинг сонгогдоод  тангарагаа өргөсөнийх нь дараа хүртэл эргүүлж татуулах гэж намыхаа  нэгж  байгууллага руу үүрэгдэж "ажил" зохион байгуул гэсэн гэж байгаа. За намын генсек үүнийг мэдээгүй гэж хэлбэл ёстой алдас болох биз. Бүр өөрөө  санаачилж зохион байгуулсан байж таарна.  Ямар арчаагүй араншин бэ энэ?

За ийм  ялзарсан нам, таарсан генсекийг магтан дуулаад байх юм  ерөөсөө алга.  Угаасаа энэ намын толгой нь ялзарсан учраас авралгүй болсон доо. Энэ удаа орон нутгийн сонгуульд 21 аймгийн 9-д нь ялсан гэжээ. Уруудаж байгаа нам гэж бодоход харин ч танагтай үлдсэн гэдэг нь үнэн шүү. Хөдөө орон нутагт бол бараг 100 хувь эзэгнэж байсан нам шүү дээ. Одоо тэгтэл байдал яаж эсрэгээрээ эргэж вэ? Дараа дараагийн сонгуулиар өндийхгүй болтлоо арчигдана гээд бод доо! Занданшатар "тогтоож" барьсан юм биш, угаасаа уруудаж байгаа үеийн л нэг үзүүлэлт. Сая 40-50 хувийн "амжилт"  үзүүллээ гэж л байна. Дараагийн удаа 20-30 хувь. Дараа нь 10-20 хувь, гэх мэтээр явж өгнө дөө. Энэ бол нэр  нь үл мэдэгдэх  хэн нэгэн буюу хэсэг бүлэг "тулхтай улс төр судлаачдын" үг биш , харин "тулхтай блогч" миний үг болой.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө