Ажлаа тасалсан ч цалинтайгаа

Монгол Ардын Намынхан (МАНгарууд гэж сүүлийн үед их хочлогдож байгаа) Өвөрхангай аймгаас ирэх 2 суудлаа Ардчилсан намд алдчихлаа гээд бөөн уур. Уурандаа ажлаа хийхгүй хэд хоног хурлаа  тасалж байна. Их Хурлын чуулганыг бойкотлож хуралдаа суухгүй байгаагаас болж ирц хүрэхгүй хурал хойшилсоор байна.

С. Бямбацогт
Саяхан тэд нар хэвлэлийн бага хурал хийжээ. МАН-ын С. Бямбацогт гэгч нөхөр хэлж байнаа:  "Бид (чуулганыг) гацаасан, цааргалсан юм байхгүй". "Яаж ирцээ бүрдүүлэх... нь эрх барьж байгаа намуудын менежмэнт, ур чадвартай холбоотой асуудал".
Даапаалаад байгаа юм уу, шогтоод байгаа юм уу? МАН-ын гишүүдийг хуралд нь суулгахын тулд "ур чадвар" гаргах хэрэгтэй гэнэ. Суухгүй гээд ирэхгүй байгаа хүмүүсийг яахав? Чихрээр хуурч авчрах уу? Чирээд авчрах уу? Мөнгө амлах ёстой юм уу?  

МАНгарууд ингээд яг нэг хятад зан гаргаж, үрчгэр нүүр нь улайхгүй  авдаг байхгүй юу! Хятадууд л аливаа асуудал дээр иймэрхүү цайчихсан тайлбар хийгээд   сууж байдаг даа.
Одоо МАН Их Хуралд албан ёсоор бүлэгтэй болж авангуут жинхэнэ "шавар" болохоо үзүүлж өгнө дөө. Уг нь тэд нарт зориулж ийм хуулийн өөрчлөлт хийж бүлэгтэй болгох шаардлагагүй байсан юм. АН-ынхан "сул гишүүдтэй" хэсэг явж л байсан. Ерөнхийлөгч Элбэгдорж эв эеийг хичээх гээд дэндүү найр тавьчих шиг боллоо. Одоо "амар байна уу гэсэн биш гай боллоо" гэдэг л болох вий.

Монголд ажлын хариуцлага гэж нэг юмыг бүр тултал нь хэрэгжүүлж тооцож баймаар байна. Үүний тулд эхлээд ажлын цагийг бүрэн ашиглах, үр бүтээлтэй байж сурах хэрэгтэй байна. Ямар ч ажил хийдэг бай, ажлын цагийг ажилдаа зарцуулдаг болж хэвшмээр байна. Ажлаас хоцорвол цагаа хасуулдаг, тасалбал цалин авдаггүй хуультай. Хэдийгээр энэ зарчим ерөнхийдөө хэрэгждэг боловч манай нөгөө хуулиа баталдаг газарт (УИХ) маань энэ огт хамаагүй хэвээрээ л байна. Сонин юм шүү. Хэрэгжүүлэх ёстой газар нь зарчмаа уландаа гишгээд байдаг!

Ажлаа тасалсан Их Хурлын гишүүд яагаад цалингаа бүтнээр нь авах ёстой гэж? Мэдээж хуралдаа ирээгүй шалтгаантай байсан бол өөр хэрэг. Шалтгаангүй, хуулийн дагуу биш бол ажлаа тасалсанд тооцож тэр өдрийн цалинг хасаж байвал шударга ёсонд нийцнэ. Ажил хий гэж ард иргэд маань саналаа өгч тэнд суулгаа биз дээ?  Хурлаа  таслаад завсраар нь хувийн ажлаа амжуулж бай гэж сонгосон юм уу?  Хууль дүрэм их ярьж, хэрэгжүүл гэж шаарддаг  хүмүүс өөрсдөө энэ энгийн логик юмыг мөрддөг байвал  яасан юм?

Мөн тодорхой хугацаанаас дээш гишүүнийхээ ажлыг ямар нэгэн шалтгаанаар хийж чадахгүй бол тэр гишүүнийг чөлөөлдөг байхаар өөрчлөлт оруулах хэрэгтэй. Өвчтэй ч юм уу эсвэл өөр шалтгаанаар удаан хугацаагаар байхгүй гишүүний хэрэг гэж юу байна? Ямар амьгүй албат сонгочихсон биш. Улсын болоод сонгогчдын эрх ашиг гэж нэг юм байна. Ажил хийж чадах дараагийнх нь хүнийг оруулахгүй юу.
Иймэрхүү маягаар зарим нэг хууль дүрмээ эргэж харж тухай бүрд нь өөрчлөлт хийж байх нь зүйтэй.  Мэдээж эхний гаралтаар төгс хууль бий болно гэж юу байхав.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө