Ойр зуурын эрээвэр хураавар явдлууд

За нөгөө гайхал Энхбаярыг  2-р эмнэлгээс гаргаад хорих газар луу ачаад явчихлаа. Уг нь 4 мөчөө гозолзуулахгүйгээр өөрөө дагаад явчих чадвартай байсан боловч экс-Ерөнхийлөгч маань олон хүнээр өргүүлээд дамжлуулаад явбал  Богд лугаа адил эрхэмсэг харагдана гэж бодсон бололтой.
Шоронд очоод Энхбаяр өлсгөлөн зарлана гэж авгай нь хэлж байна гэнэ. Үнэхээр тэгвэл ч үхэл рүүгээ дөхнө гэсэн үг дээ.  Монгол Улсын Ерөнхийлөгч  адгийн муухайгаар хорвоогоос хальсан анхны тохиолдол энэ болно.

Яг энэ өдөр дэлхий уг нь таг харанхуй болох ёстой байсан юм.  Гэвч тэгсэнгүй. Олон хүнийг  эвгүй байдалд орууллаа даа. Орифлеймийн Монгол Ерөнхийлөгч Оюунгэрэл авхайн мэдэгдсэнээр, хар муу энергитэй хүмүүс дэлхийгээс устаж алга болох байсан боловч одоогоор энд тэнд хувцас нь үлдээд доторхи бие нь алга болсон тохиолдол дуулдахгүй байна. Уг нь ийм муу энергитэй хүмүүсийн хувцас нь үлдээд бие нь хумхын тоос болоод алга болно гэж хэлсэн байсан даа. Зарим нь дэлхий сөнөнө гээд итгэчихсэн, үхэхээсээ өмнө сайн ууж авъя гээд маргааш нь эрүүлжүүлэхэд сэрсэн гэж байгаа. Арай л диваажинд бас эрүүлжүүлэх байдаг юм уу гэж цагдаагаас асуугаагүй юм байх.

Америкт сурдаг хүүхдээ ээж аав нь даруй Монгол руу буцаж ир гэсэн юм гэнэ. Аз болоход Америкийн   их дээд сургуулиудын намрын семестер дуусаж өвлийн амралт эхэлж байгаа үед таарч гэнэм. Нөгөө хүүхдийн хичээл 12 саын 21-нээс өмнө дууссан байж л дээ. Тэгээд  мань залуу билетээ аваад даруйхан нисэж хүрчээ. За тэртэй тэргүй амралт тохиосон юм чинь одоо яадаг юм гээд тайвширч болох юм, гэхдээ хэрвээ хичээлийнх нь ид дундуур ийм юм болсон бол яах байсан юм? 12 сарын 21 биш, 10 сарынн 21 байсан бол бас л хамаагүй гээд дуудах байсан уу? Өвлийн амралт сар хүрэхгүй болоод дуусна, тэгэхээр их зардал гаргаж Монгол явах шаардлага угаасаа байгаагүй л байх. Гэвч итгэл үнэмшил гэдэг ийм хүчтэй эд билээ.

Дарханд хүүхэд барьцаалж 100 сая төгрөг нэхсэн хулгайч баригдаж гэнэ. Энэ хүний ухаанд нь ухна үхсэн байна. Хүмүүжүүлээд авах юмсан. Шоронд хатааж мэргэжлийн хулгайчийн дамжаанд сургахгүйгээр "хүн" болгоод авах юмсан. Ямар ч байсан нөгөө хулгайлсан хүүхдээ гэмтээж бэртээлгүй суллаад явуулчихсан гэнэ. Америкт саяхан бага сургуулийн балчир хүүхдүүдийг  олноор нь хядсан аймшигт хэрэг гарсаныг дэлхий мэдсэн. Гэмт хэрэгтэн лав эрүүл биш хүн байснаас зайлахгүй. Гэхдээ эртхэн мэдэж арга хэмжээ авсан бол ийм хэрэг гаргуулахгүй байх боломжтой байсан гэлцэнэ.

Америкийн нэг радиогийн тоок шоу  хөтлөгчийн  ярьж байгаагаар хамгийн гол нь Америкчуудын "бууны соёл уламжлал" энэ бүхэнтэй холбоотой гэнэ.  Америкчууд анх шинэ тивд ирхэдээ л бүгдээрээ буу агссан улс байсан. Мань эрийн хэлж байгаагаар буу их байх тусмаа буутай холбоотой гэмт хэрэг их гардаг гэнэ. Бусад  орнуудаар жишээ аваад ярьж байна лээ. Бууны асуудлыг чангалдаг газар (Япон, Хятад г.м) буутай гэмт хэрэг бага буюу бараг гардаггүй аж. Манайд ч гэсэн буу хэрэглэсэн гэмт хэрэг бага гардаг. Саяхан Налайхад банк дээрэмдэх гэсэн нэг залуу тэр банкны ажилтанг буудаж алсан хэрэг гарсан. Ер нь манайд цагдаа, хүчний байгууллагаас өөр этгээдэд  буу  эзэмших эрх олгох шаардлагагүй. Мэдээж ангийн буу тусдаа асуудал. Манай зарим Их Хурлын гишүүд гар буу хармаалж явдаг гэнэ. Хэнийг буудах гэж байгаа юм?

МАН сая албан ёсоор Их Хуралд намын бүлэгтэй болжээ. Уг нь өөрсдөө хуулиа дагахгүй зөрчөөд бүлгээ байгуулж чадаагүй улс шүү дээ. Хуулиараа Их Хурлын дарга шинээр сонгогдсоны дараа 24 цагийн дотор намууд бүлэг байгуулсан тухайгаа уг даргад бичгээр мэдэгдэх ёстой аж. Гэвч МАН-ын махан толгойтнууд Их Хурлын шинэ даргыг хууль бус гэж өвчигнөж байгаад 24 цагийн хугацаагаа хэтрүүлчихгүй юү. Муу ч бай, сайн ч бай тухайн үед мөрдөгдөж байсан хүчин төгөлдөр хуулийг хэнбугай ч дагаж мөрдөх ёстой биз дээ? Хүчин төгөлдөр байгаа цагт хуулийг хэн ч шүүмжилж өөрөө тайлбарлах эрхгүй. Хэн ч шүү! МАН ч ялгаагүй гэсэн үг. Даанч олон жил хуулиас дээгүүр гээд өөрсдийгөө ойлгочихсон байсан улсууд үүнийг ойлгож сэхээрэх гэж багагүй хугацаа авлаа. Дарга байсан хүн цэвэрлэгч болчихоор нэг хэсэг балмагтана  биз дээ. Байгаа хүчин төгөлдөр хуулийг үгүйсгээд, сонгуулийн дараагаас л бид автоматаар  бүлэгтэй болчихсон байсан  улс гээд зөрүүдлээд байсан биз дээ?

МАН өмхий зангаа тавилгүй, муу аргаа болихгүй, мафи маягаар үйл ажиллагаагаа явуулдаг хэвээрээ  учраас намынх нь гишүүд намаа орхиж байна. Энэ үйл явц цаашдаа ч үргэлжлэх биз ээ. Хамгийн сүүлийн том жишээ бол Арвин гишүүн. Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд дахин сонгуулиар өөрийн намын Батзоригтой өрсөлдөөд олонхийн саналаар гараад ирсэн байна. Дахин сонгууль нэг намын хоёр гишүүний дунд явагдаж байхад нам нь нэг гишүүнээ илүү үзэж, нөгөөг нь битгий сонгоорой гэж намын гишүүддээ хэлж байсан нь бас л муухай зан шүү. Арвин үүнд их гомдож намаа орхижээ. Одоо тэр Ардчилсан намын гишүүн бөгөөд АН-ын бүлэгт орсон аж. Дараахан нь МАН-ын дарга Энхтүвшин нөгөө Баянзүрхийн тойргийн сонгогчдоос уучлал гуйсан гэнэ. Арвин гишүүн МАН-ын нэрээр дэвшээд та бүхний итгэлээр сонгогдчихоод та нарыг "хулхидаад" өөр нам руу урвасан явдалд гүнээ харамсаж уучлалт гуйж байна гэсэн юм уу даа. Сонгогчдынх нь өмнө гутааж байгаа нэг хэлбэр бололтой. Май чи ингээд далд ор гэж араас нь шидэж байгаа чулуу юм даа. Өөрсдөө ад үзчихээд дараа нь эвгүй байдалд оронгуутаа жинхэнэ араншингаа гаргаж байгаа нь энэ. Ийм л нам шүү дээ.

МАХН гэж МАН-аас тасарч гарсан намынхан сая бас Энхбаяр даргаа суллуулах гэж баахан шантааж хийж Засгийн газраас гарна гэж айлгалаа.  Гэвч бүтэл муутай болсон нь тэднийг эвгүй байдалд оруулсан байх. Ичиж зовох, эх орноо бодох том ухаан дутмаг улсууд юм уу даа. Одоо Энхбаяр даргыг нй шоронд аваачаад хийчихсэнийг далимдуулж бас баахан хэл ам тарих биз. Энэ улсууд хэзээ ганц  хүний эрх ашгийг  Монголынхоос  доогуур тавьж сурах бол. Монголчууд эрхбиш хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгаж ойлгож эхэлж байгаа байх аа.  Тараа таниулсан хүн болон хүчнүүд дараагийн сонгуулиар хоншоор дундуураа тас татуулна гэдэг нь ойлгомжтой. 


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө