Нийслэлийн газрын албаны дарга "Хүрэлсүх"

Уур хүрч байна! Уушиг сагсайж байна! Твиттерээс нэг бичлэг олж үзлээ. Цааш нь ухсан чинь бүр цуврал нэвтрүүлэг болоод явчихлаа. Зарим нэг үзээгүй хүмүүс тэр бичлэгүүдийг заавал үзээрэй. ЮүТюб дээр байгаа. Би бас энд тавьчихлаа.

Би энд ердөө ганц л сэдэв хөндмөөр санагдаад бичиж байна. Харьцааны соёл! Хүн хүнтэйгээ зөв, хүндэтгэлтэй харьцах тухай асуудал. Доорхи бичлэг дээр гарч байгаа төрийн албан хаагч Б.Батсайхан иргэн  хүнтэй (тухайлбал нэвтрүүлэг хийж байгаа сэтгүүлч Есөнтөмөр болон зураглаачтай) хэрхэн яаж харьцаж байгааг нэг сайн хараадахаарай! (2-р бичлэг дээр)

Б.Батсайхан бол Нийслэлийн Газрын албаны дарга хүн. "Шинэ баян цээж өвчтэй"  гэж үг мэдэх үү, Батсайхан гуай?  Та одоохондоо "Туулын мөсийг долоож" төрийн албанд очоогүй харин магадгүй аль нэг намын (Ардчилсан намын?) далбаан дор энэ чухал албанд очсон болохоор сагсуурах болоогүй шүү. Та бүхэл бүтэн намын нэр баастаж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр сэтгүүлч таны хувийн гэр оронд ороогүй, танд хөөгдөж хувцаснаасаа угзчуулж гарах гэм хийгээгүй. Та хүний биед халдах ер нь ямар эрх дархтай хүн билээ, ингэхэд?

Хэл яриа нь зүгшрээгүй, зөв бүтэн 5 үг хэлхээд утга төгөлдөр санаагаа илэрхийлэх ямар ч чадваргүй, хүч хэрэглэх (нөгөө муу Хүрэлсүх санаанд оров байна) сонирхолтой, бүдүүлэг гудамжны хэллэг ("Баагий", айн?) аманд нь хэвшил болсон ийм хүн төрийн алба хашиж чадахгүй ээ! Монгол хэлэнд мууг нь өршөөе гэж бодоход харьцааны соёлгүй, бүдүүлэг дээрэнгүй зан байдал нь энэ нөхрийг  иймэрхүү албанд тэнцэхгүй  болгож байна. За байз, ямар ажил мань хүнд илүү тохирмоор юм бэ дээ. Гэрлийн байцаагч!

Есөнтөмөр сэтгүүлч албан газар дээр "танхайрлаа" гэж Батсайхан дарга загнаж байх юм. Яаж танхайрсан юм? Хуучны "комми" хэллэг шүү дээ, энэ чинь!  Социализмын үед л дарга мяндагтангууд  дургүй нь хүрсэн хүнээ "Энэ нэг танхай нөхөр!" гэж ирээд ширэв татдаг байж билээ. Энэ Батсайхан "комми-гийн үлдэгдэл" байхаас зайлахгүй нь.
Нэг л ширүүн харж "харцаараа айлгасан" хүн! (Тэр жилийн сонгуулиар мөнгө тарааж  гарч ирсэн МАН-ын Чойжилсүрэнтэй ч төстэй юм шиг.  Мань Чой бичлэг хийж байгаа хүн рүү үе үе "аймшгийн харц" чулууддаг даа. ЮүТюб дээр бичлэг нь байгаа. 2008 оны сонгууль шүү дээ.)

Нэг л их загнасан хүн! "Наашаа ороод ир!" ч гэж байх шиг. Тушаадаг, загнадаг арга барилын үе чинь өнгөрсөн гэдгийг одоо болтол ойлгоогүй  явж байгаа бололтой. Тэр авгай хүүхдээ гэртээ загнаж, тушаалаа буулгадаг юм байгаа биз! Та төрийн байгууллага дотор ажлаа хийж байхдаа хэнийг ч загнах эрх байхгүй, тэр тусмаа иргэдийг. Та иргэнд үйлчлэх  үүрэгтэй төрийн албан хаагч. Үйлчлэхдээ соёлтой, хүндэтгэлтэй харьцах ёстой!

"Чи хэний захиалгаар яваад байгаа юм?"  гэнэ үү?  Есөнтөмөр сэтгүүлч энэ асуултанд харин их буруу хариулж байна лээ. (Та одоо болиоч дээ гэдэг нь буруу. Ухаандаа  Батсайханы "дайсны" захиалгаар явж байна гэж хэллээ гээд ойлгочихож.) Үүний оронд ингэж хэлэх ёстой байсан юм (зөв хариултыг болгооё оо) : - "Тиймээ, би явган хүний замгүйгээс болж машин зам дээр зорчиж, амь насаа хэзээ ч алдаж, эрүүл мэндээрээ хохирч магадгүй олон зуун иргэдийн захиалгаар явж байнаа!"
Даанч манай сэтгүүлчид ингэж хэлэх сийрэг ухаан дутсан байна.

Монголоор тааруухан ярьдагийг батлах нэг жишээ: "Үгүй ээ чи тэр чинь авт зам мам  гээд л энэ чинь одоо бүгдээрээ нийтээрээ шийддэг асуудлыг чи яагаад ингээд яагаад байгаа юм?"  Яагаад ингээд яагаад байгаа юм гэнэ!
За нийслэлийн томоохон газрын дарга хүн ингэж ярихгүй шүү! Эрх баригч нараа! Өөр боловсролтой чадвартай хүн олдохгүй байна уу?

"Хачин баагий вэ чи чинь харин!" Ингэж иргэдээ цоллодог албан хаагч бидэнд хэрэггүй шүү, Бат-Үүл даргаа!  Хотын захиргаанд бас нэг Хүрэлсүх ажиллаж байна шүү! Бичлэг хийж байгаа болохоор сэтгүүлчийг арай зодож зүрхэлсэнгүй! Харин ямар ч камергүй, диктофонгүй жирийн нэг иргэнийг бол Хүрэлсүх стилээр ганцхан цохиод нам болгох нь ойлгомжтой. Бат-Үүл даргаа, таны захиргаанд байгаа энэ Батсайхан гэдэг нөхөр ажилдаа тэнцэхгүй этгээд гэдэг нь харагдлаа. Ямар ч ёс зүй алга, харьцаа алга, хэл яриа муутай юм байна (эрдэмтэй мэдлэгтэй хүний хэл яриа өөр байдаг юм шүү). Та энэ хүнийг халах хэрэгтэй. (Та хэрвээ сайн найз нь байгаад туслая гэж бодож байгаа бол цаадахдаа хүнтэй харьцдаггүй, машинтай харьцдаг ажил олоод өгчихнө биз). Хүнтэй харьцдаг үйлчилгээний газар ийм хүн тэнцэхгүй.

Дашрамд нь хэлэхэд тэр газрын албаны хэвлэл мэдээллийн төлөөлөгч гэх эмэгтэй бас л юмны учир начир ойлгодоггүй, ойлгохоосоо илүү мушгидаг нөхөр байна. "Манайх цемент зуураад зам тавих юм уу?" гэж асууж байгаа хүнийг одоо юу гэлтэй билээ? "Чи ямар сонин юм бэ?" ч гэж байх шиг. Гудамжинд эсвэл гэртээ байгаа юм шиг л хар хэлээр ярьсан улсууд.
Газрын албыг хариуцдаг Н.Гантөмөр (Нийслэлийн засаг даргын орлогч)  бас л асуудлыг шийдэх тал дээр их алсын юм яриад байна. Нөхөн олговор олгоно гэж юугаа яриад байгаа юм?

Замын дагуу явган хүний зам байх ёстой юу, ёстой!  Хэрвээ тэр зайг нь тэр  хавийн айлууд эзлээд авчихсан бол (зөвшөөрөлтэй ч бай, зөвшөөрөлгүй ч бай хамаагүй) мэдэгдэл өгөөд л суллуулах хэрэгтэй. Нийтийн эрх ашгийн төлөө шүү дээ. Тэгээд  яаралтай явган хүний зам тавих ёстой юм. Өмнө засаг барьж байсан МАН-ын ялзарсан түшмэдүүдээс болж явган хүний зам байх ёстой газар хэн нэгний өмчид оччихсон бол хууль бус учраас шууд хүчингүй болгоод замаа тавих хэрэгтэй. Тэр газрыг чөлөөлүүлэх гэж бас засгаас нөхөн олговор олгох юм болж байна уу? Зүйд нийцэхгүй.  Нийтийн өмчид байх ёстой газраа нийтэд зориулах ёстой болохоос бас мөнгө төлж нийтийн зориулалтын газрыг  худалдаж авах болж байна уу? Тийм илүүдээ гарсан мөнгө ч алга, тэгдэг ёс ч байхгүй. Ямар байшин хороолол барьж иргэдийн хашааны газрыг чөлөөлүүлэх гэж байгаа биш.  Гантөмөр дарга буруу ярьж байна.

Одоо өвөл болоод газар шорооны ажил хийхэд хүндрэлтэй байгаа учраас өөр түр зуурын арга бодож олох хэрэгтэй. Тэгэхгүй бол халтиргаа гулгаатай энэ үед бас  хүний амь сүйдэж, гэмтэж  бэртэх болно. Өнгөрсөн хугацаанд лав л нэг хүүхэд амиа алдаж 2-3 хүүхэд бэртжээ. Яаж олон болцгооё гэж байхад хайран хүмүүсээ энэ мэт  тэнэг зүйлээс болж алдаад баймааргүй байна шүү. Бат-Үүл баатар аа, та тэр замаар нэг явган зорчигч болоод яваад үзээч! Танай "нойр хоолгүй" ажиллаж байгаа Батсайхан даргад зав алга гэнэ. Н.Гантөмөр дарга бас төлөвлөчихсөн ажил ихтэй учраас явж чадашгүй гэнэ. Та л ганц найдвар байна даа. (Нийслэлийн газрын албаны орлогч гэх Энхбаатар гэдэг нөхөр очсон боловч бас л баахан хуурай, хоосон юм ярьж байгаад зугтаагаад явчихаж. Тэр хүний сэтгэл бодол тэр үед тэс өөр газар байгаа юм шиг надад санагдсан шүү.)

Энэ асуудлыг ямар нэгэн аргаар (одоохондоо түр ч болтугай) шийдэхгүй бол хүний амь хутганы ирэн дээр байна!  Халтиргаатай газар хүүхэд, том хүн ялгаагүй хэзээ ч машины дугуйн доогуур гулсаад орчих аюул бодитой  байна. Энэ өвөл хүний амь, биед гэмтэлгүй давчихвал ирэх хавраас хамгийн түрүүнд тэнд явган хүний зам тавих ажлыг яаралтай эхлүүлмээр байна.  Энэ өвөлдөө ядаж замын хоёр талд нэг нэг эгнээг явган хүнд зориулж тусгаарлах арга байж болох юм. Бетонон хашилт босгож тавихгүй юу. Өргөж аваачаад цувуулаад залгаад тавьчихдаг бетонон бэлдэц хийж болно биз дээ. Автомашинууд яахав дээ, нэг өвөлдөө ганц эгнээгээр цуваад л явна биз. Хүний амь нас үрэгдэж, хүүхэд тахир дутуу болчихгүй бол  тэр зэргийн замын саатал ч яамай байнаа. Түр зуурын юм байна, болох л байлгүй. Өмнө нь замыг өргөсгөөгүй байхад болоод л байсан даг.

Гантөмөр даргаа! Ажил хариуцсан хүмүүс зөндөө байх нь байна, гэхдээ тэд чинь асуудлыг шийдэх хүсэл, ухаан дутаж байна. Ухаангүй албатаар юугаа хийнэ? Цалин авч байгаа тэр олон хүмүүсээ ажиллуулаач. Захирч ажиллуулж чадахгүй юм бол өөрөө  албаа өгөөд явсан нь дээр. Батсайханы хүүхэд, таны хүүхэд, Бат-Үүл даргын хүүхэд тэр замаар явган зорчдоггүй болохоор ерөөсөө ухаан сийлэх хүч гарахгүй байх шиг.  Өөрт нь шууд болон шууд бусаар хамаатай биш болохоор ийм тайван налгар байгаа хэрэг. Гэтэл уг нь ард иргэдийнхээ тайван аюулгүй орчинд байх нөхцөлийг хангах үүргийг та  нар хүлээж байгаа бус уу? Хүний аминд шууд аюултай бус тиймэрхүү ажлаа нэг хоёрыг нь түр хойшлуулаад иймэрхүү ноцтой асуудлыг тэргүүн ээлжинд шийдэх гэж суух ёстой юм биш үү?

Та нар харахгүй мэдэхгүй байж болноо, тэгвэл иргэд чинь ийм асуудал байнаа, шийдээч ээ гээд хэлээд ирэхэд нь дуулгасан явдалд чинь баярлалаа гэж хэлээд ханцуй шамлаад орох ёстой бус уу? Бүрмөсөн шийдэх боломжгүй бол түр ч болтугай шийдээч дээ. Аргалж болохгүй асуудал гэж байхгүй. Өвлөөр шалтаглаад хойш тавьж байгаа бол туйлын хариуцлагагүй мунхаг тайлбар гэж хэлнэ. Хавар болтол хэдэн хүн, хүүхэд бэртэж, осолдох нь бидэнд хамаагүй гэж хэлж байгаатай агаар нэг сонсогдож байна шүү!  МАН-ын тарьсан балгийг маньд хамаагүй гэж хэлэх нь чухал биш, харин тэр баасыг цэвэрлээд явах нь чухал. Батсайхан дарга "Бид нар тийм болгоогүй" гээд л тайлбар тавиад байна.  Ард түмэн тэнэг биш учраас хэн зам дээр баачихав, хэн тэр баасыг нь  цэвэрлэчихэв гэдгийг ялгаж ойлгоно. Тэр баасыг цэвэрлэ гэж та нарыг сонгоо биз дээ?! 

Доор мөнөөх явган хүний "зам"-тай холбоотой цуврал нэвтрүүлгийн бичлэгүүдийг тавилаа.

Линк нь:  http://www.youtube.com/watch?v=ZpHtZt7Doj4  (1-р хэсэг. Оршил)


Линк нь : http://www.youtube.com/watch?v=hRKvBy0-pW8  (2-р хэсэг. Батсайхан дарга "хүрэлсүхдэх" шахсан нь))


Линк нь:  http://www.youtube.com/watch?v=jdW7PWvn2m4  (3-р хэсэг. Орлогч Энхбаатар жоотуунаас айж зугтаасан нь)


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө