Хүчирхэг Монголд ХҮН хэрэгтэй!

Монгол үрс олон болтугай
2012 онд Монголд сард 6211 хүүхэд төржээ. Энэ нь дундаж тоо боловч багцаа тооцоо хийхэд хангалттай. Монголын хүн ам одоогоор 2 сая 863 мянга 622 боллоо гэж 12 сарын 25-ны өдрийн  12 цагийн байдлаар  Үндэсний Статистикийн Хорооны цахим хуудас www.nso.mn дээр гарч байна.  Тэнд мэдээлсэнээр 11 минут тутамд нэг хүн шинээр нэмэгдэж (төрж)  , 30 минут тутамд нэг хүн хасагдаж (нас барж)  байна.

Багцаагаар 3 хүн шинээр төрөхөд 1 хүн нас барж байна гэж бодвол зөрүү нь 2 хүн болж байна.
Ингээд нэмэлт хасалтаа тооцоод  сард 4100 хүнээр бүл нэмнэ гэж бодвол одоо байгаа 2.863 сая хүнийг 3 сая болгоход (137000 : 4100 = 33 сар) 2 жил 9 сарын хугацаа хэрэгтэй болох нь.
2012  он дуусаж байгаа болохоор 2013 оны 1 сараас эхлүүлж тооцвол 2015 оны 9 сар гэхэд Монголын хүн ам дөнгөж 3 сая хүрсэн тухай мэдээ дуулдах болж байна. Бас л хол байна даа.

2011 оны 7 сард бичиж байсан "Хүн амаа яаж  өсгөх вэ?" гэсэн гарчигтай нийтлэлдээ би зарим нэг санаануудаа бичсэн буй. Малаа чанаржуулна гэдэг шиг хүнээ чанаржуулахгүй бол бас болохоо байсныг бид мэдэж байгаа боловч арга хэмжээ авч санаа тавьж байгаа нь огт дуулдаж харагдахгүй л байна. Хүнийхээ тоог өсгөхгүйгээр дэлхийн хэмжээнд  өрсөлдөхөд даанч бэрх болжээ. Нэг хэсэгтээ л хүүхэд гаргахыг дэмжиж санхүүгийн туслалцаа үзүүлэхгүй бол амьдралын эрхээр хүүхэд тэжээх боломж муутай эмэгтэйчүүд маань аборт хийлгэх нь их байна. Ялангуяа олонхи болсон ядуу давхаргынхан маань ганцхан энэ шалтгаанаар маш олон хүүхдийг авахуулж байгаа нь хүн амын өсөлтөнд  сөргөөр нөлөөлж байна.

Төрөлтийг дэмжихээс гадна "зүй бус" хорогдлыг эрс багасгамаар байна. Элдэв гэмт хэрэг, осол, золгүй явдал, амиа хорлолт зэргээс болж олон хүн цагаасаа өмнө биднийгээ орхидог нь маш харамсалтай. Архидалт, автозамын хөдөлгөөнтэй холбоотой осол, гэмт хэрэг гэсэн 3 асуудал дээр төр засгаас онцгой анхаармаар. Амьдрал сайхан, хангалуун бол  эрчүүд маань архинд орохгүй, гэр бүл салахгүй. Аз жаргалтай айл ам бүл олуулаа байдаг. Тэгэхээр архидалт хүн амын өсөлтөнд шууд нөлөөтэй.

Автын осол бас л шууд нөлөөлнө. Иймэрхүү ослоос болж зүй бусаар  амиа алдаж байгаа нь туйлаас харамсалтай. Осолд орж нас барсан хүмүүс хүн амын өсөлтөнд хувь нэмэр оруулж чадахгүй гэдэг утгаараа бидэнд учирч байгаа том гарз хохирол юм. Хүн амын өсөлтийн бас нэг "дайсан" бол элдэв төрлийн  гэмт хэрэг юм. Гэмт хэргээс  болж эрүүл мэнд, амь насаараа хохирсон хүмүүс болон уг хэргийг үйлдэгчид аль аль нь хүн амын өсөлтөнд нөлөөлж чадахгүй , эсвэл тун бага нөлөөлдөг.  Гэмт хэрэг үйлдээд шоронд орсон хүн яаж өсөн үржихүйд "нэмэр хандив" оруулж чадах билээ? Гэмт хэргийн золиос болж амиа алдсан бол мэдээж  "нэмэх" биш харин өөрийгөө "хасуулдаг". Хэрвээ амьд сэрүүн байсан бол хэд ч болж үржих байсан юм билээ гэж бодохоор харамсаад барахгүй! Эрүүл мэндээрээ хохирогчид ч мөн адил ийм боломжоо хязгаарлуулдаг учраас  хохиролтой бөгөөд харамсалтай.

Маргааш гэхэд л илбийн юм шиг ард иргэдийн амьдрал сайжрана гэж байхгүй учраас  одоо дэмжлэг, туслалцаа хэрэгтэй ядуус, олон хүүхэдтэй өрхүүд зэрэг эмзэг давхаргаа төр засгаас онцгой анхаарч халамжлах хэрэгтэй байна.  Ажил хийх боломжтойг нь зориуд ажлын байр гаргаж ажиллуулах, ходоод хоосон хүүхдүүдийг гудамжинд гаргачихалгүй тэтгэж хөлийг нь дөрөөнд хүргэхгүй бол болохгүй нь. Гудамжинд гарсан хүүхдүүд угаасаа тоогоо алдсан. Тэр хүүхдүүдээ хүн  ёсоор амьдруулж сайн иргэд болгож авах нь бид бүгдийн эрх ашиг.
Яваандаа амьдрал сайжраад улс хөгжөөд ирэхийн цагт улсаас тэтгүүлдэг давхарга  устаж алга болох ба  улсын ачаа хамаагүй хөнгөрөх буюу байхгүй  болох юм. 

Өөрсдийгөө хайрлаж амь нэгтэй болмоор байгаа тухай би өмнө нь бичиж байсан даа. Бас бие биенийгээ дэндүү харгислах юмаа. Гэмтлийн эмнэлгийн нэг эмч  бүр зурагтаар халаглаж байв даа. Манай залуучууд дэндүү харгис болжээ гэж. Бие биенийгээ зодохдоо арай хэрцгий авирлаж нөгөө хүндээ насан туршийн  гэмтэл учруулж тахир дутуу болгож байна гэж. Зодуулж байгаа хүн чинь бас л бидний нэг адил аав ээжийн хүүхэд, хэн нэгний ах эсвэл дүү, ирээдүйн эцэг, бидний Монголчуудын нэг эд эс, "сайнаар ярьвал садан төрөл" болох хүн биз дээ?!  Бид нэгнийгээ ингэж  гэмтээж, амьдралыг нь сүйтгэх хэнд хэрэгтэй юм? Жаахан ухаантай байцгаая, залуус аа!

Согтуу жолооч гэдэг бол хутга барьсан алуурчин л гэсэн үг. Архи уугаад жолооны ард суусан бол  хүн санаандгүй (санаатай биш шүү) алахыг завдсан гэдэг зүйл ангиар зүйлчлээд ялыг нь өгөх хэрэгтэй. Монголын хүн амаас хороох буюу хороохыг завдана  гэдэг бол хүндрүүлж үзэх гэмт хэрэг. Өөрөө нэмэр оруулахгүй байж  хорооно гэдэг бол Монгол улсын язгуур эрх ашиг, сонирхолд шууд дайсагнасан үйлдэл гэж үзэхэд  хэтрүүлэг болохгүй. Хатуухан үзэхгүй бол согтуу жолооч нар цөөхөн Монголчуудаас хороосоор л байх болно. Дахиж хүн дайрч хороохоос сэргийлж нийгмээс тусгаарлаж хориод ажил хийлгэж хөлсийг нь хохирогчдын ар гэр, аав ээжид нь өгч байвал зохино. Хүүхэд өнчрүүлсэн бол насанд хүртэл нь тодорхой хэмжээний тэтгэмж төлж байхаар хуульчлах хэрэгтэй. Зүгээр шоронд хийгээд орхих биш.

Олон хүүхэд төрүүлж өсгөхийг дэмжих өөр янз бүрийн арга хөшүүрэг хэрэглэмээр байгаа юм. Жишээ нь, олон хүүхэдтэй бол татварын хөнгөлөлт үзүүлдэг байх, үйлчилгээний  ямар нэгэн  хөнгөлөлт (цахилгаан хэрэглээний хөнгөлөлттэй тарифаар үйлчлүүлэх, цэцэрлэгт давуу эрхтэй хамрагдах, амралт сувилалд хөнгөлөлт эдлэх г.м), тэтгэлэгт (сургалтын г.м) тэргүүн зэрэгт хамрагддаг давуу эрх олгох, улсаас зээл авахад бага хүү төлөх хөнгөлөлт эдлэх гэх мэт олон урамшуулал байж болох юм.

Нийт хүн амын тоо гэхээсээ илүү ажил хөдөлмөр эрхлэх насны хүмүүс маань хэд болбол бид бага сага юм хийж чадах хэмжээний ажиллах хүчний нөөцтэй болж чадах вэ гэдгээ бодмоор. Ядаж 5 сая ажил хийдэг хүнтэй болчихвол Монгол улс өөрсдөө жаахан юм хийх тэнхээтэй болох байх. Одоогоор бид хүний нөөц байхгүй учраас гаднаас хүмүүс авч ажиллуулахаас өөр арга алга. Дээр нь мэргэжилтэй боловсон хүчин дутаж байна. Хүн байхгүй бол бид хичнээн их баялагтай байгаад ашиглаж чадахгүй бөгөөд  хүчрэхгүй.

Тэгэхээр өнөөдрийн  манай гол зорилтын нэг бол  ҮРЖИЦГЭЭЕ болж байна. Монголын үрс маш олон болтугай гээд уриалаад  лоозогноод байх биш, харин улсын хэмжээний  бодит "кампанит ажил" болгомоор. Америкт дайны дараа бий болсон хүн амын өсөн үржихүйн "тэсрэлт" лугаа адил  "хүүхдийн хур" буулгацгаая! Нэгэнт бий болсон урагаа устгахаа зогсооё!
"Хөх тэнгэрийг мөрлөн өндийсөн хос баганууд"  минээ! Элдэв бусын хаймран углуурга, жирэмслэлтээс сэргийлэх ерөндөг гэх мэтийн хиймэл эд эрхтэнээс татгалзая! Энхрий хайрт төр засаг минээ!  Удахгүй хур мэт буух ирээдүйгээ угтаж авахад бэлдэж төрөх эмнэлэг,  цэцэрлэг, ясли, сургууль олноор барихтун! Хүчирхэг Монголд ХҮН  хэрэгтэй байна!

 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө