Хүний хөгжил сангийн мөнгөнөөс татгалзая!

Эх оронч үзэл манайханд сайн төлөвшөөгүй, эсвэл өнгөн хэлбэрээр их илэрч байна. За энэ тухай олон юм ярьж болно доо. Эх оронч үзэл гэдэг чинь бие биенээ хайрлахаас эхлэх ёстой. Гэвч бид ингэж  чадаж байгаа бил үү? Уучлаарай, үгүй гээд хэлчихвэл олон хүн уурлах байх. Үнэн үг дааж сурах хэрэгтэй. Хамгийн энгийн бөгөөд бараг хүн бүр мэддэг жишээг авъя л даа.
Дотоодод байгаа Монголчууд нь бие биендээ атаархсан, доош нь хийсэн, хорлосон чадсан байдалтай байдаг бол гадаадад байгаа нь бие биенээсээ зугтаадаг, "хор найруулж" ажил албыг нь булааж авах гэх мэтээр увайгүй загнадаг.

АНУ-д тээврийн том ачааны тэрэг барьдаг нэгэн жолооч  хамт яваа дадлага хийж байсан шинэ жолоочтойгоо  улс төрийн сэдвээр маргалдсаныхаа дараахан зам зуур таарсан нэг зогсоол дээр  зогсож гэнэ дээ. Дадлагажигч залуу дэлгүүр орох гээд явсан хойгуур өнөөх жолооч маань мань эрийг хаяад явчихжээ. Хаа хол мужид тээвэр хийж явсан 2 Монгол ийнхүү маргалдаад нэг нь нөгөөгөө таньж мэдэхгүй газар "үнсэнд хаягдсан шалз" шиг хаях нь тэр.  Хаягдсан залуу арга буюу онгоцоор буцаж өөрийн компани байдаг хотод эргэж очсон гэдэг.  Энэ одоо юу болж байна? Хаяж явсан ууртай жолооч Ардын намынх юм байх, хаягдсан нь Ардчилсан намыг дэмждэг гэнэ. За хэн нь ямар намаа дэмжих нь хэнд хамаатай юм? Хамгийн гол нь нэгнийгээ таньж мэдэхгүй газар "гахай нүцгэн" хаяж явсанд л байгаа юм! Арчаагүй гэхэд арай дэндсэн араншин бус уу? Тэр хаяж явсан баагий бол би эх орондоо хайртай энээ тэрээ л гэдэг л  байх, гэхдээ эх орон гэдэгт чинь бидний элгэн садан, ах дүү, нутаг нэгтнүүд бүгд багтдаг юм. Харийн газар шалихгүй маргаанаас болж нутаг нэгтнээ ингэж хаяж явж байгаа хүн ямар юмных нь "эх оронч" байх билээ?

Манайхан шадар гурван цэргийн дүрмийг л ягштал биелүүлдэг болмоор байна:
"Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө." Өмнөд Солонгос гэх мэт Азийн ганц нэг оронд иймэрхүү үзэл нэлээд дэлгэрч байгаа. Жишээ нь Америкт байгаа Солонгосчууд болж өгвөл эх орныхоо (Солонгост үйлдвэрлэсэн) бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авдаг, эх орон нэгтнийхээ бизнесийг дэмжиж үйлчилгээг нь авдаг (солонгос машин авах, солонгос ресторанд хооллох, солонгос дэлгүүрээр үйлчлүүлэх г.м) байх юм. Тэр ч байтугай, нэг бүтэл муутай Солонгос хүний тавьсан өрийг шал танихгүй өөр нэг Солонгос хүн төлж барагдуулсан гэж сонсож байсан юм байна. Өр нэхэж байсан хүн нь Солонгос биш, гадаадын этгээд байж л дээ, тэгээд нөгөө өмнөөс нь өрийг нь цайруулдаг хүн эх орныхоо нэрийг хамгаалж (цагаатгаж) нутаг нэгтнийхээ тавьсан өрийг төлсөн нь энэ. Эх оронч байна гэдэг ийм ажгуу.

Эх оронч байна гэдэг чинь бие биенээ дэмжихийг хэлж байгаа юм. Манайхан шиг доош нь татаж унагаах биш. Эх оронч байна гэдэг чинь эх орноо өөдрөгөөр харж, том ирээдүйг зөгнөж, түүнийхээ төлөө юугаа ч хайрлахгүй зориулахыг хэлж байгаа юм. Солонгосчууд хэлж байнаа: - "Хэзээ нэгэн цагт Солонгос дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай улс болно" гэж.
Манай зарим хүмүүс юу хэлдэг гээч? Монголд хүн болж төрсөнөөс Америкт нохой болж төрсөн нь бараг дээр гэж. Эсвэл үргэлж Монголыгоо муулж гадны элдэв зүйлтэй харьцуулан жишиж "унтраана". Гэвч эргээд ийм юм ярьж байгаа хүмүүсээ тэнэг мангараар нь дуудах биш эсрэгээр өрөвдөж ухааруулах хэрэгтэй юм. Оюун ухаанд нь хувьсгал хийх хэрэгтэй. Монгол хүн Монголыгоо хайрлаж чадвал бид сайхан болно.

Эх оронч  гэж хэлж болох  нэг ийм  санаачлага  гаргая. Ганц би ч биш, олон хүн ингэж бодож , ярьж явдаг нь лавтай. МАН-ынхан 2008 оны сонгуулиар дахин сонгогдож төрийн буг болох гэж улайрахдаа баахан мөнгө амлав даа. 1.5 сая төгрөг. Энэ мөнгийг өгөх гэж баахан зээл аваад ч одоо болтол тарааж дуусаагүй л байна. Саяын өнгөрдөг сонгуулиар МАН-ын Хаянхярваа сайд  албан тушаалаа ашиглаж нэр дэвшсэн тойргийнхоо сонгогчдод үлдсэн мөнгийг нь хүртэл олгуулж "булагнав"  даа.  Одоо АН засгийн эрх барьж байгаа энэ цагт нөгөө МАН-ын тарьсан балаг улсын эдийн засагт гай болсон хэвээр. Хүний хөгжил сангаас олгодог энэ үлдсэн мөнгийг олгох хэрэгтэй гэж МАН-ынхан сайн дүр эсгэж АН-ыг шахаж сандаргаж байна. МАН-ынхан сайндаа биш л дээ. АН-ын засгийг хүнд байдалд оруулж "чадах" л гэсэн санаа. МАН-ынхан Монгол банкнаас ч  олон саяар нь зээлээд, Хятадын компанид газар доор байгаа нүүрсээрээ барьцаалж бас олон сая доллар зээлж өр тавьж байж нөгөө амалсан мөнгөө тараасан. Одоо үлдсэнийг нь олох хэцүү даваатай АН учраад байна.

Миний хэлэх гэсэн санаа бол тэр 1.5 саяас аваагүй үлдсэн мөнгөнөөсөө ард түмэн минь татгалзвал яасан юм гэж. Сая АН-ын засгийн газар их бүтээн байгуулалтанд хэрэглэх мөнгө босгож 1.5 тэрбум доллартай боллоо. Хийх ажил их байна. Бид харин МАН-ын амалсан 1.5 саяас аваагүй үлдсэн мөнгөө авах гэж зовоохоо болчихоод харин тэр мөнгөөр аль болох олон цэцэрлэг, сургууль, эмнэлэг бариарай гээд шаардвал жинхэнэ эх оронч санаачлага болох бус уу?
Дэмжлэг хэрэгтэй хүмүүстээ харин тэтгэмж өгөх нь зүйтэй. Тэрийг тусад нь хүүхдийн мөнгө шиг тусгай дансаар өгөх хэрэгтэй. 

Бид юм хийх гэж байгаа засгаа дэмжиж байж хөгжинө. МАН-ынхан болж өгвөл АН-ын алхам бүрийг буруутгаж "ардын баатар" болох гэж оролдож байна. Өмнөх 20 жилд төр засагт ноёлж байхдаа тэд юу хийж  байсан юм? Хэдэн оны сонгуулиар билээ дээ, "Ард түмнээ ядуурлаас аврана" гэсэн уриа дэвшүүлж л байсан. Тэгээд юу ч болоогүй, юу ч хийгээгүй. Одоо 3  Монгол хүний нэг нь ядуу байна. МАН-ынхан даанч ард түмнээ боддоггүй, санаачлагагүй, амин хувийн эрх ямба, ашиг хонжоогоо юуны өмнө тавьдаг эх оронч бус хүмүүс гэчихвэл хилсдэхгүй байхаа. Лав л дийлэнх нь үл бүтэх бэртэгчингүүд. Тийм л сайн сайхан, мундаг байсан юм бол Монгол өдийд иймэрхүү гуйлгачин улс байхгүй байх байсан. Эдийн засгийн өсөлт 17% болсон гэж үү? МАН-ын  гавъяа биш л дээ. Уул уурхайд зориулж   оруулж  ирсэн гадны мөнгөний  буян. МАН-ын (үйлдэл болон эс үйлдлээрээ) хийсэн нүгэл   тэдний хийсэн гэх гавъяатай зүйрлэшгүй  их дээ.

Тэглээ гээд одоо тэд нарыг харааж зүхээд байх нь утгагүй хэрэг л дээ. Өршөөгөөд өнгөрөөх хэрэгтэй.  Тэгээд ч зогсохгүй тэд нарыг эх оронч болгож хүмүүжүүлэх нь бидний нийтлэг эрх ашигт нийцнэ. Бид нам харгалзахгүй нэг эх орны төлөө, бие биенийхээ төлөө явах ёстой. Орчин цагт хүмүүний ухамсар , цаг үе өөр болсон. Одоо 13-р зуун биш. Тэр үед илдний хүчээр Монголчууд нэгдэж хүчирхэг болж явсан түүхтэй. Өнөөдөр бидэнд илд хэрэггүй, ухамсар л биднийг нэгтгэнэ. Хэрвээ ингэж нэгдэхгүй бол Монголчууд хэзээ ч хүчирхэг, нэгдмэл болж чадахгүй. Нэгдмэл байж чадахгүй бол хөгжиж чадахгүй. Ийм л гаргалгаа байна. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө