Хилчдэд хайргүй генерал

Гүржав генерал
Хил хамгаалах Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Штабын дарга, хошууч генерал С.Гүржавын сонинд өгсөн  ярилцлагыг уншлаа. Л.Буджав гэдэг хүн ярилцлагыг хийж Өдрийн сонинд нийтлүүлжээ. Бас л нэг тааруухан ярилцлага болжээ. Би ийм голомтгой хүн юм уу, эсвэл сурвалжлагч, сэтгүүлч хүмүүс нь ийм тааруухан бэлтгэгддэг юм уу, бүү мэд. Миний асуугаасай гэсэн асуулт ерөөсөө алга. За тэр улиг болсон  "стандарт" асуултууд мэдээж байх нь ойлгомжтой. Манай хэвлэл мэдээллийн хүмүүс цаг үетэйгээ холбосон асуулт буюу сэдэв хөндөхгүй, одоо яг энэ цаг мөчид уншигчид юуг илүү сонирхож мэдэхийг хүсэж байгаа талаар ямар ч мэдрэмж байхгүй, тэр тухай сонирхдоггүй юм уу гэмээр "хачин" улсууд.(Сэтгүүлчдийг бэлтгэдэг сургууль нь тааруухан юм уу, эсвэл хүндээ байна уу?)

Цаснаа явагч
Гүржав генерал хаана ямар сургууль төгссөн гэх мэт мэдээлэл хэнд хэрэгтэй юм? Шаардлагатай гэж бодоод байгаа бол ярилцлагынхаа төгсгөлд тусад нь нэмэлт шигтгээ, тайлбар маягаар оруул л даа.  Тэр ерөнхий улиг болсон асуултаа боль л доо. Яагаад цэргүүд амиа хорлодог, яагаад хил зөрчөөд ороод ирсэн  этгээдийг хөлийг нь хуга буудаж унагаад бариад авч болдоггүй тухай асуу л даа! Яагаад хилийн цэрэгт цаснаа явагч машин, нисдэг тэрэг байдаггүй тухай асуугаач!  Мориор сажлах нь удаан бөгөөд үүргээ гүйцэтгэхэд хангалттай хурдан унаа биш биз дээ гээд хэл амыг нь сугал л даа!  Цаснаа явагч хурдан унаатай байсан бол шархтай хүнээ цааш нааш нь зөөхөд цаг алдахгүй ъуурхай биз дээ, адаглаад. (Иймэрхүү цаснаа явагчууд худалдаж аваад жилийн цэрэгтээ өгөөсэй гэж хүсээд хэдэн  зураг тавьчихлаа. Үнэтэйг нь чадахгүй бол хуучивтарыг хямдхан аваад өг л дөө.) Яагаад нохой байгаагүй юм, гэх мэтээр. (Нохой байсан бол аль хэдийн мэдчихээд дохио өгнө).

Ийм Хаммер  байвал...
Яагаад хилийн ойролцоо  сумын төв эсвэл аймаг  түшиглээд цомхон бөгөөд шаардлагатай мэс засал хийж чадах хэмжээний чадварлаг эмнэлэг ажиллуулж болохгүй тухай шалгаа л даа. Шархадсан хилчидийг тэргүүн ээлжинд шуурхай эмчлэх зориулалттай бөгөөд бусад цагт нь жирийн иргэддээ үйлчилдэг байна биз. Хот руу явж цаг алдахгүй. Саяын буудуулж шархадсан цэргийг яаралтай  Оросын Кызыл хотод аваачиж мэс засал хийлгээгүй бол үхэх нь байна шүү дээ. Хот руу авч явсан бол тэсэхгүй замдаа л өнгөрөх байсан. Тэгээд яах юм? Баатарлагаар үүргээ биелүүлж байгаад амиа алдсан гээд жирэмсэн авгай, төрөөгүй хүүхэд хоёрт нь хэдэн цаас өгөөд л өнгөрөх байсан юм биз дээ!? Оросууд зөвшөөрөөгүй бол тэр цэрэг амьд байхгүй байх байсан гэж мэдэж байна уу, генерал аа?

Генералын хэлсэн үгнээс нэг зүйлд их дургүй хүрч эмзэглэсэн дээ.  Дургүй хүрэх ч багадна.  Иймэрхүү үг хэлсэнийх нь төлөө энэ генералыг ажлаас нь зайлуулах ёстой юм уг нь. Гэвч манайд тийм соёл байхгүй болохоор худлаа л даа. Мань мэт нь ингэж донгоссон бол тэнэгээрээ дуудуулаад өнгөрнө. Харин хариуцлагатай албан тушаалтан ингэж ярьсан бол үг бүртэй нь тооцоо хийдэг нь соёлтой хөгжсөн орнуудад ёс болчихсон зүйл.  Болохгүй, бүтэхгүй юу хэлчихэв ээ гэж та  асууж байна уу? Одоохон бүрэн эхээр нь толилуулая. Сайн тогтож уншаад, тэгээд сайн тунгаана биз:

- "Тувагийн хил зөрчигчийг буудаад унагах боломж байсан ч  хоёр улсын хоорондын харилцааны асуудал байдаг учраас манай хилчид тэвчээртэй  болгоомжтой хандсан. Ингэх нь зүйтэй.  Юу юуны түрүүнд буудах нь тийм ч зөв алхам, шийдвэр биш." 

За эрхэм уншигч танд юу бодогдож байна? Хил зөрчигчийн амь нас манай хилчдийн амь наснаас илүү үнэтэй, хайран сонсогдож байгаа биз? Хил зөрчигчийг буудаж унагалаа гээд хоёр улсын хоорондын харилцаа муудах юм уу? Буруутай хүнээ өмөөрч харилцаагаа муутгадаг Оросууд тийм тэнэг улсууд уу? Чи үхсэн ч хамаагүй, ямар ч байсан эхэлж буудаж болохгүй шүү гэж хилчдэд хэлж байгаа юм байна гэж ойлголоо. Хилчдээ боддоггүй генералаар бид юугаа хийхэв. Иймэрхүү сэтгэлгээ нь хоцрогдсон, эх оронч биш, үеэ өнгөрөөсөн хүмүүсийг  яах гэж гаргаж ирээд байдаг юм бэ? (Тэмүүжин сайдаа, муу сонголт хийж дээ!) Хилчдийнхээ аюулгүй байдал, амь нас, эрүүл мэндийг тэргүүн зэрэгт тавьдаггүй ийм хүнийг "эх оронч" гэх үү?

Хил зөрчигчид  хилчдийг маань буудаж алчихаад улам дотогшоо  нэвтэрч нутгийн айлыг хядаад малыг нь туугаад гараад явчихвал   анхнаасаа тэднийг буудаж унагаагүй нь зөв гэдэг үгээ энэ генерал мөн хэлсээр л байх янзтай.   Генералаа хат!  Гүржав гуай, таны үе өнгөрсөн. Та зайгаа тавьж өгөөд гай бололгүй гэртээ сууж байвал  хэн хэндээ дээр юм байна. Юун сүртэй юм гэж хэлэх хүн байж магад. Тэгвэл хэрэв  буудуулсан хилчин маань үхчихсэн бол юун сүртэй юм гэдэг үгээ  жирэмсэн авгайд нь, аав ээжид нь  хэлж чадах байсан уу?! 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө