Он солигдох мөчид төрсөн бодол
![]() |
Никитоны Батчулуун гавъяат боллоо |
Миний хайртай дуртай Никитоны Баачка урлагийн гавъяат болсон байна. Баяр хүргэе!
Никитон Монголын урлагт шинэ хуудас, агаар оруулсан гэдэг утгаараа яалт ч үгүй гавъяатай. Зарим хүн ахадсан байна ч гэх шиг юм ярьж байна. Гавъяаны цол ахадна гэж байдаггүй юм. Гавъяа байгуулсан л бол шагналаа авах нь шударга хэрэг. Хөгширсөн хойно нь, эсвэл үхсэн хойно нь нэхэн олгоод ч яах юм билээ. Залуудаа аваад улам урамшиж ихийг хийг л дээ.
Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн нээлтийн туузыг хайчилж бас нэг сайхан үйл явдал боллоо. Монголын нэрийг гаргах үйлдвэртэй болж байна. Сайхан хэрэг! "Мангас" Рио Тинто чадалтай гэдгээ харууллаа. Манайхан гэрээгээ шинэчилж өөрчлөлт оруулж чадмааргүй бол тэгээд орхихоос өөр аргагүй дээ. Харин дараа дараагийн томоохон төслүүдээ л аятайхан хийгээд явах хэрэгтэй. Алдаанаасаа сургамж авъя.
![]() |
"Цахиур" Магнай |
12 оны сонгуулиар сонгогчид маань өөр сонголт хийсэн сайхан жил. Одоо нэг өөрчлөлт гарах байхаа гэж их найдаж итгэж байгаа. Гол нь нийт иргэдийнхээ эрх ашгийг хувь хүн, эсвэл бүлэг хүний эрх ашиг сонирхолоос дээгүүр тавьж байвал бүх юм бүтнэ дээ, бүтнэ. Хамгийн гол нь болж бүтэхгүй байгаа асуудлаа дор нь шийдээд эргээд мэдэгддэг байх, ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтан, алдаа гаргасан этгээдийг дор дор нь өөрчилж хурдан шуурхай түс тас байх хэрэгтэй. Цаг уясан, удааширч назгайрсан аливаа үйл ажиллагаа амьтны дургүй хүргэж залхаах гэмтэй. Эрх баригчдын нэр хүнд тэр хэмжээгээр суларч муудах аюултай.
Монголчуудын итгэл сэргэж найдвар төрж эхэлсэн сайхан жил байлаа. Ирэх 2013 ондоо засаг барьж байгаа нам хүчин нь зоригтой шийдэмгий ажиллаж, ард иргэд нь дэмжээд өгвөл манай улс "бар" биш юм аа гэхэд "бамбар" болох боломжтой. Хүмүүсийнхээ ухамсарт өөрчлөлт хийх чухал жил , ирэх жил. Ялангуяа хуучин сэтгэлгээг арилгахгүй бол их саад болно шүү. Нөгөө бэлэнчилдэг, залхуурдаг зангаа мартахгүй бол болохгүй нь. Ажаад байхад жаахан өлсөж, зовлон үзсэн ард түмэн талхны булангийн үнэ цэнийг сайн мэддэг юм шиг байгаа юм. Бидний Монголчууд Азийн бусад ард түмэн шиг айхтар өлсөж, дайнд сүйдэж байсан нь бага болохоор жаахан цамаандуу талдаа. Таван хошуу мал нь, тарвага гөрөөс нь өлсгөөгүй өдий хүргэсэн юм биз ээ.
Нэгтийн дэвсгэрт мөнгө биш, 10000-тынх бол мөнгө гэдэг гажиг сэтгэлгээг өөрчлөхгүй бол явахгүй шүү, та минь ээ!
Ерөнхийлөгч Элбэгдорж гэр бүлээрээ |
Аливаа ажилд саад хийгч, эсэргүүцэгчдийг улайтал нь хэлж тал талаас нь зад шүүмжилж сурцгаая. Шинэчлэл өөрчлөлт ямагт талархал хүлээдэггүй учраас зарим үед төр төмөр нүүрээ гаргах хэрэгтэй. Нийтийн ашиг сонирхол хэзээд нэгдүгээрт гэдгийг хатуу мөрдөөд явахгүй бол ажил огт урагшлахгүй. Нялцгай бодлого, туйлбаргүй байр суурь шинэчлэлд саад болно.
Төр засгийн албан тушаалтан хэн ч бай харьцааны соёлд суралцаж, үйлчилгээний ажилтан гэдгээ мартаж болохгүй. Дарга гуншинтай болгон өөрийн удирдлага дор байгаа ажилтнуудынхаа удирдагч, толгойлогч, зохион байгуулагч болохоос биш төр засгийн үйлчилгээ авч байгаа иргэн миний дарга БИШ шүү гэдгээ мэдвэл зохино. Дарга болчихоод хүн бүхэнд "даргалах" дон туссан хэнийг ч бай үтэр түргэн зайлуулж байгаасай.
![]() |
Хонины ууц |
Архиар өрсөлдөж, хүний ам руу шахаж цутгадаг тэнэг асуудлаа бас больцгооё та минь! Таны архиар шахаж ухаангүй болтлоо согтоосон хүн чинь гэртээ хүрэлгүй осгоод үхчихвэл яахав? Хөл гараа хөлдөөгөөд тайруулчихвал та бид гэмшээд ч барахгүй биз дээ? Согтоож өгөөд машиныг нь бариулаад явуулж байгаа бол та алуурчны гарт хутга бариулаад хүн алах "томилолт" өгөөд явуулсантай адил хэрэг. Хүүхэд багачууд минь архинд ороод араас чинь ирж явна. Бодох л хэрэгтэй. Насанд хүрэгчид нь өөрсдөө үлгэрлэхгүй бол архи ууж байгаа хүүхэд залуусаа шүүмжилж мянга хэлээд нэмэр алга.
Мөнгөөр чимсэн гацуур |
За тэгээд ирэх жил зовхи нь өөдөө байцгааж , их хөгжлийн төлөө хамтдаа урагшилцгаая. Хүнийхээ тоотой харьцангуй том газар нутагтай, өчнөөн олон сая малтай, хөрсөн доороо эрдэнээр арвин улсын иргэд бид ингэж ядруу амьдрах ёсгүй биз дээ?! Арай ч дээ. Нэр байна, хор шар байна. Чингис хааныхаа байгуулсан хүчирхэг Монгол улсыг дахин босгох үүрэг өнөөгийн Монголчууд бидэнд оногдож байна.
Comments
Post a Comment