Ардын засаг ч гэж юу байлаа, алаад өгнө ч гэсэн яалаа
Ардын засаг ч гэж юу байлаа |
Хүүк огцорвол нөгөө яриад байсан нефть боловсруулах үйлдвэр барих ажил гацаанд орно л гэнэ. Гэрээ мэрээгээ хийгээд Энэтхэгээс зээл аваад бариулна гэж тохироо биз дээ? Засгийн газар огцрохоор хийсэн гэрээнүүд автоматаар хүчингүй болдог практик дэлхийд байхгүй л дээ. Дараагийн Засгийн газар нь албан ёсоор гэрээгээ цуцлахгүй л бол.
Ингэхэд Хүүк шударга этгээд мөн үү? Австралид "хонь хариулж" хэсэг байж байгаад Монголд буцаж ирээд улс төрд хүчтэй эргэж орсон. Улмаар намын даргаар сонгогдож, Ерөнхий сайд болсон. Өмнө нь 3 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан. Шадар сайд ч хийж байсан.
Хүүк Ерөнхий сайд болохын тулд нам дотроо хагаралдсан бүлэгтэй тохиролцоо хийж үл бүтэх нөхдийг Засгийн газартаа оруулсан нь эргээд өөрт нь гай боллоо. Шударга хүн ингэж хуйвалдаж болохгүй л дээ. Энэ тухай ЭНД ДАРЖ уншина уу.
Засгийнхаа сайдаар авсан Н.Цэрэнбат гэгч нөхөр яаж хотонд орсон чоно шиг аашилсан тухай ЭНДЭЭС уншаарай.
2012 онд МАН сонгуульд ялагдсан. Шоконд орсон намын удирдлагууд их ууртай байсан даа. Элдэв бойкот хийгээд л төрийн ажлыг зөндөө гацааж байв даа. Тэр үед намын генсэк байсан Хүүк "Бид гудамжинд гарч тэмцэнэ" гэж сүрдүүлж байж билээ. Тэр тухай энд дарж уншаарай. Өнөөдөр өөрийнх нь засгийг унагах тухай асуудал бодитой болоод ирэхэд мань эр сандарч намынхаа 100 гаруй залуусыг цуглуулж, засаг унагаахын эсрэг тэмцээрэй, жагсаарай гэж хэлсэн тухай цаагуур чинь шуугиж байна.
Намдаа маш их хайртай гэх энэ этгээд намыг нь доромжилсон гэж УИХ-ын гишүүн байсан Баярсайхан гэгч доожоо муутыг салхи татуулан нам цохиж унагаж байсныг хүмүүс санаж л байгаа. Тэр тухай бичиж байсан нийтлэлийг энд дарж сонирхоорой.
Ер нь жаахан бие махбодийн хүчийг шүтсэн, сагсуудуу нөхөр л дөө. Тэрийгээ элдэв байдлаар илэрхийлэхээсээ ч ичнэ гэж үгүй шүү дээ. Хаарли Дээвидсон мотоцикл унадаг л гэнэ, хэдэн кг-ийг ч гэнэ үү хэвтээгээс шахдаг л гэнэ, хэдэн удаа ч гэнэ үү гар дээрээ суниалаа л гэнэ. Зарим шүтэн бишрэгчдийнх нь ойлгож байгаагаар энэ бүхэн нь мундаг мужик гэдгийг нь нотолж байгаа юм байх. Нэлээн дээхнэ казиногийн хэрэг гэгчээр шалгуулаад, фургон машины хэрэг гэгчээр ял ч авч байсан байх шүү. Одоо бас хэдэн тэрбумын ч гэнэ үү асуудлаар нэр холбогдчихсон прокурор дээр явж байгаа бололтой. Сонсох нь ээ Онцгой байдлын сайд байхдаа орооцолдсон юм уу даа.
Бид ер нь юмыг амархан мартдаг болжээ. Монголчуудын ой санамж муудсан юм болов уу гэтэл Хатанбаатар багшийн шавь нар ой тогтоолтын дэлхийн аваргын хамаг медалийг нь хамж ирээд байдаг! Сонин юм шүү. За тэгээд хамгийн гол нь хоёр өмхийрсөн юмыг нэгийг нь авч үлдээд нөгөөг нь хаяна гэж хачин юм ярихаа больцгоож үз. Хоёуланг нь (УИХ ба ЗГ) хаяад дараа нь яах ийхээ ярилцаж шийдэцгээе.
Comments
Post a Comment