Төрийн алба төрлийнх байж болох уу?

Фэйсбүүкээр нйм нэг сонирхолтой зураг тэнүүчилж байна. УИХ-ын гишүүн бөгөөд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн гэр бүлийнхний зургийг хашиж буй албан тушаалтай нь харуулсан зураг байна. 
Үндсэндээ энэ гэр бүл 100% төрийн албан хаагчид бөгөөд удирдах ажил хийдэг юм байна:
 
- Цогзолмаагийн нөхөр Саранжав нь Дулааны сүлжээ төрийн өмчит компаны захирал , 
- хүү Түвшинтөр нь Зам тээврийн яаманд Далайн захиргааны газрын дарга,
- охин Баясгалан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулах газрын дарга  

Төрийн алба төрлийн алба болсоны сонгодог жишээ мөн үү?  Би бол мөн гэж хэлнэ.  УИХ-ын гишүүн Цогзолмаа өөрийнхөө гэр бүлийн гишүүдийг дээр дурдсан албан тушаалд очиход нөлөөлсөн үү?  Тэгсэн гэдгийг яаж нотлох юм? Нотлох боломжтой юу? Асуудлыг нөгөө өнцгөөс нь авч үзье.  Тухайн гэр бүлийн нэг гишүүн нь УИХ-д сонгогдсон учраас бусад нь төрийн алба, ялангуяа удирдах албан тушаал хашиж болохгүй юу? Ээж нь УИХ-ын гишүүн бөгөөд БСШУС-ын сайд байхад хүү, охин нь өөр өөр яаманд удирдах ажил хийх нь ашиг сонирхлын зөрчил үүсгэх үү? Ээжийн хашиж байгаа алба, албан тушаалаас шалтгаалж, хүү охин хоёр сонирхсон талбартаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах эрхгүй юу? Тэдний эрх зөрчигдөх үү?

Ганц Цогзолмаа ч биш, УИХ, Засгийн газарт байгаа дээдсүүдийн маань гэр бүл, хамаатан садангууд төрийн өндөр алба хашиж байгаа жишээ зөндөө л бий. Дээхэн бас нэг жагсаалт интернэтээр явж л харагдсан.  УИХ-ын гишүүн бөгөөд  Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр одоо Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлын алба хашиж байгаа. Тэрээр өмнө нь АНУ-ын Сан Франциско хотод Монгол Улсын Ерөнхий Консулаар ажиллаж байсан билээ. Анхбаяр мундаг дипломат, олон жилийн туршлагатай учраас Гадаад яамны олон дипломат мэргэжилтнүүдээс шалгарч Монгол улсаа гадаадад төлөөлж Ерөнхий консул болов уу?  Нямдоржийн нөлөө байв уу? Энэ мэт жишээ олон бий.

Одоо асуудлын гол нь энэ хавтгайрсан үзэгдэл зөв үү, буруу юу гэдэг л байна. Зөв бол яах ёстой юм, буруу бол яах юм гэж. Зөв бол төрийн албыг төрлийн алба болголоо гэж орилолдохоо больцгоох уу? Буруу бол ийм байдал гаргуулахгүйн тулд ямар арга механизм нэвтрүүлэх ёстой вэ? 
Энэ байдлаа цэгцэлж, зохицуулчихаад цааш явахгүй бол болохгүй нь ээ. 
Аль ч нам нь төр засгийн эрхэнд гарсан ялгаагүй ийм асуудал яригдаж байдаг. Нөгөө ялагдсан нам нь Төрийн алба төрлийн алба боллоо гэсэн бичиг бариад суучихна шүү дээ. Онигоотой гэж. МАН-ынхан ийм бичиг бариад л сууж байсан, гэтэл өөрсдөө яг үүнийхээ эсрэг гэмээр юм хийгээд сууж байна. Намынх нь дарга нь үл бүтэх этгээдүүд үр хүүхэдтэйгээ шургалсан учраас төр засгаа, намаа цэвэрлэх хэрэгтэй боллоо гээд зарлаад байдаг.  Юм юм ч болох нь дээ. Хамгийн гол нь зөв шийдлээ олж зохицуулаасай. Өнөөгийн УИХ ч энэ асуудлыг шийдэж чадахаасаа өнгөрөв бололтой. Залгамжлагч нь чадах нь уу гэдгийг л харъя даа. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө