Хатигаа шахсаар л байх уу?

Хатиг
Парламентын засаглал хамгийн мундаг нь гэж итгэдэг хүмүүс юу болж байгааг харж байна уу? Нөгөө Топорын засгийн газар авсанд орох нь ээ!! Сонгож болсон юм чинь унагаж болно шд гэж байна, манай дивтаатууд. Хаянхярваа гэж нэг муухай нэртэй нөхөр 27 дивтаатын гарын үсэг зуруулаад Ми даргадаа өргөн барьлаа. Бялуунаас хүртэх сонирхолтой хоцрогсод хоолондоо орох гээд яарч байна. Эрх мэдэл, эд мөнгөнөөс болж алалцаж байгаа юм. Нэг намынхан шд уг нь. Сөрөг хүчин нь дэгээдээд унагаж байгаа юм биш. Парламентын засаглал бүхий тогтолцоотой үед сонгуульд ялж УИХ-д олонхи болсон нам Засгийн Газраа (ЗГ) байгуулдаг. Мөн намынх нь дарга нь Ерөнхий сайд болдог. Гэвч энэ дүрэм Монголд хэрэгждэггүй. Өөрөөр хэлбэл, нэг нам олонхи болсон ч гэсэн өөрийнхөө төрүүлсэн ЗГ-ыг огцруулж чаддаг. Ерөөсөө л ээлжилж идэх гэсэн зорилгооос үүдэлтэй. Мэдээж элдэв шалтаг олж чадалгүй дээ. Тиймээс энэ засаглалын үед ЗГ хэзээ ч тогтвортой байдаггүй. Мөн ч олон ЗГ унагасан даа, өнгөрсөн жилүүдэд.

Тэгэхээр Хаянхярваа болон түүний 27 дээрэмчинг муулаад байх нь утгагүй байгаа биз? Жам ёсны юм болдгоороо болж байна. Парламентын засаглалтай байсан цагт энэ үзэгдэл алга болохгүй. Засгийн тогтвортой байдал гэдэг бол үлгэр гэсэн үг. Дээрээс нь засагтай хутгалдсан дивтаатууд маань идэж уухыг үзүүлж өгнө. ЖДҮ гээд л. УИХ, ЗГ хоёр нэг хөнжилд ордог учраас манай ихэнх нэр дэвшигчид эрх мэдэл, албан тушаалд хүрэх гэж сонгуульд үхэн хатан үзэлцдэг юм шүү дээ. Улсаа хөгжүүлж, эх орондоо хүчээ өгөх зорилготой хүн тэр олон нэр дэвшигч дотор  байдаг юм уу? Мэдээж сайн сайхан бүхнийг амлаж гарч ирдэг.

Мөн ч олон жил молиго үмхсэн дээ, бид! Яасан ч хууртаж хаширдаггүй үхэрнүүд гэж ийм байдаг юм! УИХ, ЗГ хоёрыг салгахгүй бол болохгүй ээ. ЗГ нь УИХ-аас томилогддог байсан цагт манай дивтаатууд бүх л боломж, хүн сүвээр мөнгө саах гэж оролдоно. Баригдсан нь ЖДҮ. Цаана нь өөр юу ч байгаа юм бүү мэд. Ерөнхийлөгчийн засаглал тогтоож, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч ЗГ-аа тэргүүлсэн цагт дивтаатууд маань мөнгө бодож биеэ зовоохгүй, зөвхөн хууль бичих ажилдаа шамддаг болно. УИХ нь хуулиа гаргадаг, ЗГ нь бие дааж улс орныхоо аж ахуйг хариуцаад явдаг болгоё. Ерөнхийлөгчийн засаглал гэхээр нэг хүний дарангуйлал гэдэг хадны мангааны үлгэрт бүү итгэ. Ерөнхийлөгчийн засаглалтай боловч бүтэл муутай улсыг бид дуурайх албагүй, харин сайн яваагаас нь үлгэр авбал болно. Нөгөөтэйгүүр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга автоматаар Ерөнхийлөгч болчихно гэж төөрөлдөх хэрэггүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол Ерөнхийлөгчийн сонгууль явуулах болно. Сонгогчид маань хэнийгээ сонгохоо өөрсдөө мэднэ.

ЖДҮ сангийн дээрэмчдийг бид уучлахгүй гэцгээж байна. Кам оон пийпл! Тогтолцоогоо өөрчлөөгүй цагт энэ байдал өөрчлөгдөхгүй. Жидүүчид төрсөөр л байх болно. Нэр хоч нь, арга хэлбэр нь л солигдох байх. Одоо баригдсан байгаа жидүүчдийг уучлахгүй гээд цаазын тавцанд  аваачиж байгаа нь зөвхөн  түр зүүрын бөгөөд өнгөн засал. Зүйрлэж хэлбэл, биен дээр гарсан идээг шахаад хаячихаж байгаатай адил. Яагаад байн байн хатиг гараад байгааг тогтоож, шалтгаантай нь тэмцэхийн оронд хатиг гарсан болгонд идээг нь шахаад л яваад байна гэсэн үг. Бохироос болж хатиганд бариулж байгаа бол хувийн ариун цэврээ сахих ёстой биз? Тэгэхгүйгээр зүгээр л гарсан болгоныг шахчихаад, усанд ч орохгүй яваад байвал хатиг салахгүй. Ингэхээр зүй нь бид угшилтай нь, бий болгоод байгаа эх үүсвэртэй нь ноцолдох ёстой юм. Энэ нь тогтолцоогоо өөрчилж, Үндсэн Хуулиа шинээр бичих явдал болой.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө