Бид ямар туршилтын туулай юу?!

Туулай минь дээ
Ерөнхийлөгчийн засаглал гэж  ямар учиртай эд вэ гэдгийг эхлээд товчхон тайлбарлая. Өмнөх  нийтлэлүүдэд энэ тухай дурдсан боловч дахин дахин тайлбарлаж байхгүй бол болохгүй юм байна гэсэн бодол онлайнд бичсэн иргэдийн сэтгэгдлүүдийг уншаад төрсөн болно. Мэдэж байгаа нэг нь алгасаад явчихна биз. Иргэд маань  засаглалын тухай буруу ойлголттой, эсвэл огт ойлголтгүй байж л цээжний бангаар эрээчдэг болжээ. Иймэрхүү сэтгэгдлийг уншсан бусад уншигчид нь мөн тэгж ойлгоод, буруу яриад байх жишээтэй.
Засаглалдаа биш тогтолцоондоо байна гэж мэдэмхийрч байгаа хүмүүсийг гэгээрүүлэх шаардлагатай байна. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүний дарангуйлал тогтоно гэж байгаа иргэдээ ухуулах хэрэгтэй байна. Буруу ойлголттой сонгогчид буруу шийдвэр л гаргана. Буруу шийдвэр буруу зам руу хөтөлнө.

Ерөнхийлөгчийн эсвэл Парламентын засаглал гэж яриад байгаа нь уул шугамандаа  гүйцэтгэх засаглал хэний мэдэлд байх вэ гэдэг  тухай юм шүү гэдгийг эхлээд ойлгож авах хэрэгтэй. Ардчилсан нийгэмд 3 засаглал тэнцвэртэй оршиж, бие биенээсээ хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, харилцан бас бие биедээ хяналт тавьж байдаг. Энэ 3 засаглал бол:
- Хууль тогтоох засаглал
- Гүйцэтгэх засаглал
- Шүүх засаглал
(Хэвлэл мэдээллийг 4 дэх засаглал гэж нэрлэдэг боловч зөвхөн чөлөөт хэвлэлтэй байсан цагт л ингэж хэлэх үндэстэй. Харин манай  хэвлэлийнхэн сонирхол бүхий этгээдэд төлбөртэй үйлчилж байгаа нөхцөлд энэ тухай ярих нь утгагүй)

Тэгвэл Ерөнхийлөгчийн засаглалтай тогтолцоо гэдэг нь юу гэсэн үг вэ? Товчхондоо, Ерөнхийлөгч нь Засгийн газраа бүрдүүлж, гүйцэтгэх засаглалаа (Засгийн газраа) тэргүүлдэг. Ерөнхийлөгч ард түмнээсээ шууд сонгогдоно. Хууль тогтоох засаглал Парламентад (УИХ-д), шүүх засаглал нь шүүхийн байгууллагад хадгалагдана. Энэ тогтолцооны онцлог нь дээрх 3 засаглал харьцангуй бие даасан чанартай.

Парламентын засаглалтай тогтолцоонд Парламент нь (УИХ нь) Засгийн газрыг байгуулдаг. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь (Ерөнхий сайд нь)  Парламентаас томилогдоно. Парламентад олонхи болсон (ялсан) намын дарга Гүйцэтгэх засгийн тэргүүн болж Ерөнхий сайд хэмээх цолыг хүртдэг. Засгийн газрын сайд нар мөн ялсан намын тааллаар томилогдоно. Өөрөөр хэлбэл, энэ тогтолцоонд Парламент нь Гүйцэтгэх засаглалаа мэддэг учраас энэ 2 засаглал бие даасан байж чаддаггүй. Парламент буюу УИХ нь  бүхнийг шийдэж мэддэг хамгийн хүчирхэг байгууллага болдог. Шүүх ч мөн Парламентын атганд байдаг. Үүний нэг том жишээг саяхан Улсын Ерөнхий Прокурор М.Энх-амгаланг УИХ дээр эрхэм гишүүд яаж загнаж байгаагаас харж болно. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэхдээ, "Бид таныг сонгосон, Та захирагдах ёстой"  гэж байсан бол гишүүн М.Оюунчимэг бүр "Та их том байнаа?!"  гэж заналхийлж байсан билээ.

Эндээс харвал, дээрх 3 засаглал маань тусдаа, харилцан хяналттай, бие даасан оршино гэдэг нь Парламентын засаглалтай тогтолцоонд баталгаатай биш юм байна. Тэр тусмаа манайх шиг хөгжлийн төвшин доогуур, сонгогчид нь улс төрийн боловсрол муутай оронд НЭГ ГАРТ бүгдийг төвлөрүүлнэ гэдэг нь маш эрсдэлтэй гэдгийг өнгөрсөн 30 жилийн амьдрал харууллаа.
Тэр НЭГ ГАР нь бүгдийг атгасан Парламент (УИХ) шүү дээ. УИХ нь хуулиа тогтооно,  бас (мэдээж өөрийнхөө сонгосон Засгийн газар гэдэг хүүхэлдэйгээрээ дамжуулж) аж ахуйн ажлаа удирдана, шүүхэд нөлөөлнө. Нэр нь Парламент (УИХ) боловч нууц ноёнтон нь сонгуульд ялж олонхи болсон улс төрийн нам шүү дээ. Ялсан нам ийнхүү бүгдийг мэдэж ноёрхдог. Намын дарангуйлал гэж нэрлэхэд болно.

Ерөнхийлөгчийн засаглалтай тогтолцоонд арай өөр. Засгийн газраа тэргүүлж улсынхаа аж ахуйг авч явах Ерөнхийлөгч (Ерөнхий сайд гэдэг нэр томъёо алга болно) маань бүх ард түмнээс сонгогдсон хүн байх учраас Парламентын (УИХ-ын) утсан хүүхэлдэй биш бөгөөд түүний дарамтан дор, түүний таашаал, заавраар ажлаа явуулахгүй, зиндаа ижил байна.
Намын дарангуйлал тогтож, УИХ мөнгөтэй хутгалддаг боломж үгүй болно. Тийм боломж байдаг учраас л бидний сонгосон Парламентын гэх тогтолцоо маань эрхэм гишүүд болон намаас сонгогдсон сайд нарт хязгааргүй завшиж баяжах боломж олгоод байсан хэрэг. Үүний  нотолгоо нь  өнөөх л тендэр, концесс, ЖДҮ сангийн зээлийн хэргүүд юм шүү дээ.

Ерөнхийлөгчийн засаглалтай болчивол нэг хүний дарангуйлал тогтоно гэдгийн тухайд тайлбар хэлье. 1-рт, Ерөнхийлөгч гүйцэтгэх засгаа тэргүүлэх болохоос биш бүх эрх мэдлийг атгана гэсэн үг биш. Өөрөөр хэлбэл, хэмжээгүй эрхт хаан биш. 2-рт, дээр дурдсан 3 засаглал маань (хууль тогтоох, гүйцэтгэх,шүүх засаглалууд) харилцан бие биенээ хянадаг байх учраас тэгж хэн нэг нь дураараа галзуурах боломжгүй. Тэр хяналтын механизмыг нь зохих хуулиуддаа суулгаад өгчих хэрэгтэй. Ерөнхийлөгч НЭГ ХҮН учраас гадны улсын гарт орох нь амархан гэж болгоомжилдог хүмүүс бий. Хэрвээ харилцан хяналт тавих механизмыг нь бүрдүүлээд хуульчлаад өгвөл ийм боломжгүй. Ерөнхийлөгчийн засаглалтай АНУ-д гэхэд л Ерөнхийлөгч нь  улс орны эрх ашиг, сонирхол, аюулгүй байдал хөндсөн олон улсын томоохон асуудлууд дээр хууль тогтоох байгууллагаар (Конгрессоор) заавал хэлэлцүүлж зөвшөөрөл авдаг зохицуулалттай. Тийм болохоор Ерөнхийлөгч ганцаараа шийдээд эх орныхоо эрх ашигт хортой, алдагдалтай гэрээ тохиролцоо бусад оронтой хийчихнэ гэж айх хэрэггүй. Харилцан хяналт гэдгийн нэг жишээ энэ.

Ардчилсан намын залуу сайд Л.Гантөмөр (Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байсан) "Ерөнхийлөгчийн засаглалтай болбол шууд дарангуйлагч бий болно"  гэж айлджээ. Баталгаатай хэлнэ гэж байгаа шүү!  Ерөнхийлөгч хэмээх дарангуйлагч нь гадны гар хөл болно гэнээ. Чааваас даа л гэж хэлье. Сонгогч саналаа маш их мөнгөөр өгнө гэнэ. Парламентын  гишүүдийг маш хурдан хугацаанд мэдэлдээ оруулна гэнэ. Сонгуулиас өмнө бүх төрийн албыг худалдаж авна гэсэн байна. (МАН сонгуулиас өмнө төрийн албыг зарсан 60 тэрбумын гэх хэрэг явж байгаа байх аа?) Энэ бүхнийг нөгөө төрөх гээд байгаа дарангуйлагч Ерөнхийлөгч хийх юм байх аа. Ярилцлагыг нь уншиж үзээрэй. Мөн ч гэнэн юм ярьсан байна лээ. Том сөрөг хүчингүй учраас мэтгэлцэж, хяналт тавьж болохгүй байна гэнэ. (Ардчилсан намын) 9 гишүүн ямар сөрөг хүчин байх билээ гэжээ. Юун дураараа юм ярьдаг юм бэ?! Олуулаа болж байж хянах юм байх. Ялсан намын дарангуйлал тогтдог тийм тогтолцоог сонгоод явж байгаа гэдгээ мэддэггүй юм байх даа? Муу бүхэн намаас болж байгаа гэнэ. Тийм биш ээ. Муу бүхэн намын дарангуйлал тогтсоноос болж байгаа юм. Намын дарангуйллыг Парламентын тогтолцоо бий болгодог юм. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нам ингэж галзуурч чадахгүй. Намаар дамжиж эрх мэдэл эд мөнгөнд хүрэх боломж хаагдана.
Гантөмөр лав галзуурсан байх. Эрүүл, боловсролтой хүн ийм юм ярихгүй дээ. Энэ хүн нэг л биш болжээ.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ мөн Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцдэг гэжээ. Энэ хүмүүс хэзээ нэгэн цагт олонхи болчихвол сайд, Ерөнхий сайд болно гэж горьдож суудаг юм байх даа. УИХ, Засгийн газар хоёр холилдсон байх нь эдгээр хүмүүст чухал байгаа бололтой. Одоогийн энэ тогтолцоог хадгалж үлдэх нь  эрх мэдэл, эд мөнгөнд хүрэх ганц зам учраас өөрчлөх сонирхолгүй хүмүүс мэдээж МАНАН-гийн улс төрч нэртэнгүүд дотор олон бий.

Эцэст нь хэлэхэд, нэг юмыг болохгүй бол больчихоод өөр аргаар үздэг хүмүүний ёсон бий. Болохгүй байгаа юмыг болох ёстой гэж муйхарлаад байгаа хүнийг юу гэж нэрлэдэг билээ? Мулгуу гэдэг.  Болохгүй байгаа юмыг удахгүй тэгээд аяндаа болно, бүтнэ гээд хараад суудаг хүнийг юу гэдэг билээ? Тэнэг гэдэг. Тэгвэл 30-аад жил бид нэг юмыг л туршаад, болж бүтнэ гээд л зүтгээд байсан чинь болсонгүй ээ. Үр дүн нь өнөөгийн бидний байгаа байдал. Ийм байхад л энэ бүхэн аяндаа сайжрана, төлөвшинө гэдэг хүмүүс зөндөө байна. Парламентын засаглал хамгийн сайн нь бөгөөд аяндаа бүх юм сайжрана гэцгээж байна. Аяндаа сайжрах биш, аяндаа муудаад байгаа юм биш үү? Хэдий болтол ингэж увайгүй, арчаагүй, хүлцэнгүй байх вэ?
30 жил туршилтын туулай боллоо. Одоо больцгооё. Буянгийн Жаргалсайхан гэдэг нэг мундаг бизнесмэн байдаг даа. Арга барил нь Трамптай төстэй, ааш аяг нь Жириновскийтэй адил нөхөр л дөө. Мань эр нэг ТВ-д ярилцлага өгнө гэчихээд цагаасаа хоцорч очоод "илүү үглэсэн" ТВ-ийн ажилтан руу уурлан давшилж, "Би ямар чиний ажилтан уу?" гэж загнасан явдал болж билээ. Тэрэн лугаа адил бид өнөөдөр "Бид ямар та нарын туршилтын туулай юу?"  гэж хэлэх цаг болжээ. Аяндаа сайжрана гэж байгаа хүмүүс  элдэв гомдол яриад хэрэггүй, амаа хамхиад сууж байх хэрэгтэй л дээ. Гэхдээ олонхи иргэд маань энэ байдал болохгүй байна аа гэдгийг хэлж, өөрчлөлт хийхийг шаардаж байгаа юм шүү. Бүгдээрээ мулгуу, тэнэг байна гэж ямар юм байх вэ дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө