"Шилдэг" нийтлэлчийн шалчигнуур

Baabar.mn  сайтын "шилдэг нийтлэлчдийн" нэг П.Хашчулуун гэгчийн  "МАН-ын 65 гишүүн Парламентын засаглалын хойтохыг унших уу?" гарчигтай нийтлэлийг уншлаа. Холбоос нь ЭНЭ байна.

Нийтлэлээс нь иш татаад жаахан шинжилж үзье.

...Шулуухан хэлэхэд өнөө­дөр олон түмний дийлэнх нь Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүчтэй хүний эрэлхийлэл, угтаа бол нэг хүний дарлалд орцгоох тухай ярьж эхлэв. Ганц хүчтэй удирдагчтай байхын сайны тухай амтай болгон ярьж, “Эцэг болон хайрлагдсан Чойбалсан” гэх алдарт дууг төв талбай дээр хоороороо дуулах шахуу юм болох нь... 

Ерөнхийлөгчийн засаглал гэхээр л нэг хүний дарангуйлал гэж ойлгодог нөхөр гэдэг нь дээрх үгнээс нь харагдаж байна. Засаглалын тухай ойлголт энэ нөхөрт байна уу гэж асуумаар. Баабар эрхмийн сайт дээр юм сараачдагийг нь бодвол их л тоогддог гэж ойлгохоор, гэтэл засаглалын хэлбэрүүдийн тухай ийм ойлголт, мэдлэгтэйг нь бодвол тааруухан гэж гологдохоор бичээч аж.

П.Хашчулуун
Жаахан юм уншиж, гэгээрээсэй. Одоо чинь интернэт гэж нэг сайхан бэлэн лавлах товчоо  ажилладаг болсон шдээ. Англиар (интернэт дээрх мэдээлэл голдуу англи хэл дээр буй) сайн мэдэхгүй гэвэл Оросоор ч олоод уншчих боломжтой. Монголоор ч бишгүй л эрээвэр хураавар мэдээллүүд байна. Би өөрийнхөө олж мэдсэнээс харамгүй хуваалцаж, Хашчулуун мэтийн нөхөддөө  тус болохдоо баяртай байна.

Ерөнхийдөө засаглалын олон хэлбэр байдаг гэнэ. Тэр бүгдийн тухай энд нуршихгүй. Товчхон тайлбарлая.
Монгол улс Үндсэн Хуультай Бүгд Найрамдах Улс. Төлөөллийн буюу ардчилсан засаглалтай улс. Ард түмэн засгийн эрхийг төлөөллөөрөө дамжуулж барьдаг гэсэн үг. Энэ тухайд санал нэг байгаа гэж найдая.  Ардчилсан засаглалтай улсуудад хэрэгждэг засаглалын 2 гол хэлбэр байдаг нь бидний яриад байгаа Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглал юм.

Парламентын засаглалын үед Парламент нь бүх эрх мэдлийг атгадаг гээд ойлгочих. Тэд Ерөнхий сайдыг томилно (сонгуульд ялгуусан ялалт байгуулж, Парламентад олонхи болсон  намын дарга Ерөнхий сайдын суудлаар шагнуулдаг гэж хэлж болно), Засгийн газрыг байгуулна. Парламентын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах тохиолдол энгийн үзэгдэл. Монголд үүнийг давхар дээл өмсөх гэж гоё нэрлэдэг. Сонгодог Парламентын засаглалд Ерөнхийлөгчийг  бас Парламентаас сонгодог боловч манай улсад энэ заншлаас гажаад, Ерөнхийлөгчөө бүх ард түмнээс сонгодог байхаар хуульчилсан.  Ингээд нэг эрлийз юм хийчихсэн. Парламентын засаглалын үед улс төрийн намын нөлөө, оролцоо маш хүчтэй байдаг. Ийм ч учраас Монголчууд  Нам дагавал ам тосдоно гэж ойлгодог болсон юм. 

Ерөнхийлөгчийн засаглалын үед эсрэгээр Парламент нь Засгийн газрыг байгуулахгүй. Бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газраа байгуулж толгойлно. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх засаглал ба хууль тогтоох засаглал хоёр бие биенээсээ шууд хамааралгүй, тусдаа байна. Парламентын гишүүд гүйцэтгэх засаглалд (Засгийн газарт) орохгүй, засгийн ажилд хутгалдахгүй  гэсэн үг. Давхар дээл алга болно.  УИХ-ын гишүүд хууль тогтоох үндсэн ажлаасаа халихгүй. 
Ерөнхийлөгч нь төрийн бөгөөд Засгийн газрын тэргүүн байна. Хэдийгээд Ерөнхийлөгчийн эрх үүрэг өндөр боловч түүний болон  Засгийн газрын үйл ажиллагаа Парламентын хяналт дор явагддаг.  

Одоо эргээд Хашчулууны дээрх хэлсэн үгийг шинжье. Нэг хүний дарлал гэсэн байгаа биз? Ерөнхийлөгчийн засаглал гэхээр л нэг хаан бий болчих юм шиг яриад байгаа юм. Тэгэхээр ийм байна:
- Монгол улс ардчилсан улс.
- Ардчилсан улс учраас ардчилсан зарчмыг тунхагласан Үндсэн Хуультай
- Үндсэн Хуулиндаа ямар засаглалтай байх вэ гэдгээ заасан байгаа ( Парламентын засаглалыг тунхагласан байгаа)
Тийм учраас ардчилсан улсад нэг хүний дарангуйлал  тогтоно гэж байхгүй.

Эрх мэдэл бол төр засгийн 3 бүтцэд  (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх) хуваагддаг бөгөөд бүтэц бүр тус тусын эрх үүргийн дагуу бие биедээ  хяналт тавьж, тэнцвэржүүүлж байдаг. Бид энэ зарчмыг баримтлаад явах замаа зөв сонгосон боловч аргыг нь буруу сонгожээ гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, намын нөлөө, хэт ноёрхолыг бий болгодог Парламентын засаглалын тогтолцоог сонгосон нь буруу болжээ гэсэн үг. Эрх мэдлийг нэг бүтцэд нь (УИХ-д) төвлөрүүлэх нь буруу юм байнаа гэж. Ялангуяа улс төрийн соёл, хувь хүний ухамсар, соёл төлөвшөөгүй, улс төрийн нам гэдэг нь жинхэнэ утгаараа бодлогын газар болж чадаагүй өнөө цагт Парламентын засаглал бидэнд тохирохгүй юм байна гэдгийг сүүлийн 30 шахуу жилд туршиж мэдэрлээ. Төр засгийн бүтцүүд (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх) тус тусдаа байх нь дээр юм байна. Адаглаад хэн нь юу хариуцдаг, хаана ажилладаг нь ойлгомжтой болно. Хариуцлага тооцох эзэд нь тодорхой гэсэн үг.  

Жишээ нь, Засгийн газрын ажил муу учраас ард түмний амьдрал доройтож, эдийн засаг муудвал хэнтэй хариуцлага тооцох вэ?  Парламентын засаглалтай үед хариуцах эзэн олдохгүй. Яагаад  гэвэл Ерөнхий сайд нь УИХ руугаа  чихнэ, УИХ нь эргүүлээд Ерөнхий сайд руугаа чихээд, дургүй нь хүрвэл огцруулчихна, эцсийн бүлэгтээ эрх баригч нам хариуцлагаа хүлээж, сонгогчдоороо дүнгээ тавиуллаа гэж хэлээд бүгдээрээ бултацгаана. Хэн нь ч хариуцлага хүлээхгүй ингэж зугтаад, дараагийн сонгуульд яаж ялах тухай хороо найруулж эхэлдэг. Энэ нь сөрөг хүчин болчихоод өрсөлдөгчийнхөө бүх л ажлыг нураах, гацаах, барьцаалах зэргээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулж хорлоно гэсэн үг. Угтаа бол Монгол улсаа, ард түмнээ хорлож байгаа гэдгээ мэдэж байгаа боловч дараагийн сонгуульд ялж, эрх мэдэлд хүрч байвал тэд нарт энэ хохирол бол сонин биш. Нам шүтдэг энэ тогтолцооны  (Парламентын) балаг үүгээр зогсохгүй. Иргэдээ талцуулдаг, бас хэлмэгдүүлдэг. Намчирхдаг өвчин тахлын хэмжээнд хүрч, намын харъяаллаас болж ажлаас нь халдаг  хэлмэгдүүлэлт энэ бүхнийг гэрчилнэ. 

Тэгвэл Ерөнхийлөгч нь Засгийн газраа өөрөө байгуулдаг, тэргүүлдэг байвал (Ерөнхийлөгчийн засаглал) хэрвээ улс орны амьдрал муудахад Ерөнхийлөгч шууд толгойгоороо хариуцна. Тэр хүн буруугаа өөр хэнд ч тохож, бултаж чадахгүй. Тэр хүний байгуулсан Засгийн газарт ажиллаж байсан хэнбугай ч дахиад улс төрд өрсөлдөх, орших нэр нүүргүй болно. Бүх юм буух эзэн, буцах хаягтай болно. Амьдралд таарахгүй хууль гаргаж иргэдээ хохироосон бол УИХ буюу олонхи болсон намыг төлөөлж байгаа гишүүд буруутаж, дараагийн сонгуулиар дахиж сонгогдохгүй болно гэсэн үг. Ингэж л хариуцлага тооцдог. УИХ-ын гишүүд Засгийн газарт эрх мэдэл олж авах гэж шуналтах (давхар дээл!) боломжгүй болж, ганцхан хууль бичих ажилдаа сэтгэл хоёрдохгүй шамдах боломжтой болно. Ийм учраас УИХ-д  яваандаа давхар дээл өмсөх санаатай шуналтнууд өрсөлдөхөө больж, мэдлэг оюун ухаанаа төрдөө зориулая гэсэн эрдэмтэн оюунтнууд  өрсөлддөг болно.  УИХ буюу Парламент маань цэвэршиж, мэргэжлийн болох үндэс суурь тавигдах юм. 

Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглал тогтоож, улс төрийн намын нөлөөг багасгаж чадвал нам руу хошуурч, цүнх барьж гүйдэг залуус алга болно. Улс төрийн намыг албан тушаалд хүрэх шат гэж ойлгодог гаж зуршил устана. Намыг зөвхөн энэ зорилгоор хардаг явдал үгүй болж , жинхэнэ улс төрчид бий болох бөгөөд нам гэдэг байгууллага жинхэнэ утгаараа бодлого ярьдаг газар болно. Эцэст нь дахин давтаж хэлэхэд, Ерөнхийлөгчийн засаглал тогтоовол гүйцэтгэх засгаа бүх ард түмнээс сонгогдсон хүнд хариуцуулна гэсэн үг болохоос бүхнийг дарангуйлдаг диктатор бий болно гэсэн үг биш ээ. Үүний тулд одоо мөрдөж байгаа Үндсэн Хуулиа өөрчилж бичих хэрэгтэй. 

Бас нэг инээдтэй ишлэл Хашчулууны нийтлэлд байна: 

...Элдэв үг хэлж, шүүмжилж, парламентын засаглалыг зүхэж буй хүмүүс парламентын засаглалын үр шимээр л ийм эрх чөлөөг эдэлж байгаа гэдгээ огт ойлгохгүй байна...

Ийм юм бичиж байдаг "шилдэг нийтлэлч" байна гэж бодохоор л цээжин дотор гуниг дүрэлзэх юм. Иргэд үзэл бодлоо  чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг Парламентын засаглал олгоогүй юм аа. Энэ эрх чөлөөг ардчилсан тогтолцоо өгсөн юм шүү дээ. Парламентын засаглал чинь ардчилсан тогтолцооны засаглалын нэг л хэлбэр. Нөгөө нэг гол хэлбэр нь Ерөнхийлөгчийн засаглал юм аа гэдгийг дээр дурдсан. Юм сараачдаг хүмүүс нь ийм инээдтэй зүйл бичээд байхад юм сараачдаггүй иргэд нь ямар ойлголттой байх нь ойлгомжтой. Эсвэл Хашчулуун мэт нь зориуд ийм юм бичиж "харанхуй"  иргэдийн толгойг эргүүлэх гэдэг юм болов уу? Магадгүй л юм.

"Нэг хүний дарангуйллыг" эсэргүүцдэг хүмүүсийн гаргаж тавьдаг нэг шалтгаан бий. Зохиогч маань түүнийг дурдахаа яахин мартах билээ:

...Хоёр их гүрний дунд орших манайх шиг улс нэг хүний гарт төрийн эрх мэдлийг төвлөрүүлбэл аль нэг талынх нь хараат болох өндөр магадлалтай. Тийм замналаар явж ирсэн өчигдөрхөний түүх байна гэж. Тийм учраас олноороо хэлэлцэж төрийн хэргийн шийдвэрийг гаргаж байвал алдаа бага гарна гэж ерөнхийд нь үзсэн байдаг... 

Нэг хүний гарт төрийн эрх мэдлийг төвлөрүүлбэл гэдгээсээ эхлээд л буруутаж байна. Ерөнхийлөгчийн гарт төрийн эрх мэдэл төвлөрөхгүй л дээ. Төрийн эрхийг барих дээд байгууллага чинь Парламент буюу УИХ юм шүү дээ. Хууль тогтоохоос гадна улс орны эрх ашигтай холбоотой, гадны улстай холбогдсон томоохон асуудлаар эцсийн шийдвэр гаргадаг этгээд бол УИХ. Ерөнхийлөгчөд дангаараа иймэрхүү том асуудлаар шийдвэр гаргах эрх байхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч ч ийм эрхгүй. Заавал Конгрессоор дамжина. Тэгэхээр Хашчулуун бас л дэгсдүүлж байна. Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа (Засгийн газраа) тэргүүлнэ гэдгийг дахиад тодотгоё. Орос нь юм уу, Хятад нь  Монгол улсын Ерөнхийлөгчийг хахуульдаад өөрсөддөө ашигтай шийдвэр гаргуулахаар ам өчгийг нь аваад урвуулчихлаа гэж муугаар бодоход УИХ дээр очоод энэ асуудал унах учиртай.  УИХ буюу Парламент нь Ерөнхийлөгчөө хянадаг учраас хэрвээ улс орны эрх ашиг, сонирхолд харш асуудал гарвал энэ механизм ингэж ажиллах ёстой юм. Үүнийгээ Үндсэн Хууль болон холбогдох хуулиудад заагаад өгчих хэрэгтэй.
Бусдын эрхшээлд ордог өчигдрийн түүхийн тухайд гэвэл, цаг үе өөрчлөгдсөн гэж л хэлье дээ. Төрийн хэргийг УИХ мэдээж олноороо хэлэлцэж шийднэ, харин засгийн ажлыг Ерөнхийлөгч багаараа хариуцаж хийх учиртай юм.

Урт нэртэй нийтлэлийг  зохиогч маань цааш нь баахан дэмий донгосчээ. Донгосно гэхээс өөр үг олдсонгүй. МАН-ыг тулхтай нам л гэнэ. Тулхтай гэдэг нь юу ч гэсэн үг юм? Тулхтай хүн гэж ярьдаг байх, харин тулхтай нам гэхээрээ юу ч болох  юм, чөтгөр бүү мэд.  Хүмүүсийн амьдралын түвшин нийтээрээ дээшилсэн л гэнэ. Хувийн машинаар жишээ авчээ. Инээдтэй ч юм даа. Амьдрал ямар байгааг бид бүгд л мэдэж байгаа.

Ерөнхийлөгчийн засаглал гэхээр л хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаар жишээ авч муулах нь элбэг. Стан-ы орнууд гэнэ. Заавал мууг нь жишээ авдаг нь ч ямар учиртай юм. Сайн жишээ бас бий биз дээ? АНУ, Франц, Өмнөд Солонгос гээд л.

 ...Бид тэртээ ерээд оны эхэнд Ерөнхийлөгчийн засаг­лалыг сонгосон бол өнөөдөр наад зах нь станы орны ерөнхийлөгч нар шиг зөвхөн эргэн тойрныхон нь, ах дүүс нь, найз нөхөд нь хагартлаа баяждаг. Бусад нь хувхай хоосон гуйлгачингууд улс орноороо ядуу сууж байх байлаа. Энэ мэтээр ганц хүний гарт улс орон байвал ямар их гай барцад авчирдаг жишээ баримтыг үй олноор нь дурдаж болно...

Аргагүй л их мэдэгч шиг бурсан байгаа биз?  Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон бол өдийд Ерөнхийлөгчөөс бусад нь хувхай гуйлгачин байх байлаа гэжээ. Юу ч гэж хэлэх вэ дээ. Хэлэх ч үг олдохгүй юм. 

...“Манай нам лидергүй болчихлоо” гэж ярьцгааж байна. Тэгж яривал хамгийн олон лидертэй нам. Өөрийгөө өвгөн гэж цоллоод байгаа С.Баярыгаа авчирч тавихгүй юу. Тэгж яривал Миеэ яачихаад байгаа юм. Нямаагийн Энхболд Монголын улс төрийн ноён нуруу биш юм уу. Ийм нүжигнээн ихтэй цаг үед гялалзсан, тодорсон хүн гарч ирээд эмхэлж цэгцэлж байсан түүх байдаггүй юм. Алсын хараатай, аядуу тайван, бүх эрх ашгийг нэг огтлолцол дээр аваачдаг улс төрч л хэрэг болдог... 

МАН-ын 65 залуус улс орноо нураах гээд байгаа учраас намын тулхтай хөх харчууд цуглаад арга хэмжээ аваач ээ гэжээ. Нөгөө 65 дотор нь Ц.Нямдорж, Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-эрдэнэ, Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Ө.Энхтүвшин, Ч.Улаан , М.Энхболд гээд хууцчуул нь байж л байна. Энэ хэд залуусын жагсаалтаас гарах болоогүй юм болов уу?
Намын хөх харцуул гэдэгт нь нөгөө хэрэгт орооцолдоод, хэл ам татлаад байгаа С.Баяр, М.Энхболд  нарын нэр тууж явна. Мань Хашчулуун эд нарыг шүтдэг бололтой юм. Таарсан ч "хөх харчуул"  бол доо. "Аядуу зөөлөн" Миеэгомбын Энхболд нам засгаа аварна гэж байна шүү! Шалчигнаж чадаж байгаа юм шүү бас!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө