Үндсэн Хуулийг зэрэмдэглэх аюул айсуй

Ажлын хэсгийн ахлагч Д.Лундаажанцан
Үндсэн Хууль бол бидний дагаж мөрдөх гол хууль. Энэ хуульд заасан үзэл баримтлалтай нийцүүлж бусад хуулиа бичдэг. Үндсэн Хуулийг иргэн бүр , албан тушаал, нийгмийн байдал, яс үндэс, бэлгийн хандлага, шашны харъяалал, хүйс зэргээс үл хамааран дагаж мөрдөх үүрэгтэй. Зөрчвөл зохих хариуцлагаа хүлээх ёстой. Хүлээх хариуцлагыг нь холбогдох хуулинд нь зааж өгсөн байх ёстой. Ерөнхий зарчим бол ийм.

Гэвч бид Үндсэн Хуулиа зөндөө л зөрчдөг. Харамсалтай нь зөрчил бүрд хариуцлага тооцдоггүй, тооцох боломжгүй байдаг. Тооцох боломжгүй байдаг гэдэг нь хариуцлага тооцох тийм хуулийн зохицуулалт байдаггүй, байсан ч бүдэг бадаг, хоёрдмол утгатай хийсэн байдаг учраас бултаж  чаддаг. Бидний хамгийн сайн мэдэх гунигт жишээ бол 2008 оны 7 сарын 1-ний өдрийн аллага. 2008 оны УИХ-ын  сонгуулийн дараа болсон үймээний үеэр 5 хүн цагдаа нарт буудуулж амь насаа алдсан бөгөөд энэ  бол нөгөө Үндсэн Хуулиа зөрчсөн хэрэг  болсон.

Яагаад? Үндсэн Хуулийнхаа холбогдох заалтыг  сонирхоё.
Үндсэн Хуулийн 19-р зүйлийн 2 дахь заалт:

- Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.

Энэ заалтыг нэг сайн тогтоод уншчихаарай. Хүний эрх, эрх чөлөөг онцгой тохиолдолд хязгаарлаж болох тухай заасан байгаа биз? Гэхдээ тусдаа хуулиар. Гэвч тэр хязгаарласан хууль нь хүний амьд явах эрхийг зөрчиж болохгүй гэсэн хуулийн (Үндсэн Хуулийн) заалтыг үл хөндөнө гэж байна. Өөрөөр хэлбэл, ямар ч дагавар хуулиар Үндсэн Хуулиар олгогдсон амьд явах эрхийг хөндөж болохгүй гэсэн үг. Онц байдал зарласан байсан ч хүний эрх чөлөөг хязгаарлаж болохоос бус амь насыг нь хөнөөж болохгүй гэсэн утгатай. Тэгвэл 7 сарын 1 -ний үймээний үед онц байдал зарлаад , дараа нь иргэдийг намнаж эхэлсэн. Ерөөсөө л золбин нохой хөөж байгаа аятай араас нь элдэж байгаад л буудсан гэдэг.  Шархдаж бэртэнг болсон хүмүүс ч олон байдаг.

Ингээд хүчний байгууллага хууль зөрчөөд хүн алчихжээ. Тэгвэл буруутнууд энэ гэмт хэрэгтээ хариуцлага хүлээсэн үү? Оромдсон гэхэд болно. Буруутнууд нь хэн байв? Тэрхүү гэмт хэрэгтнүүд бол төрийн нэрийг барьсан албан тушаалтнууд юм. Гардан гүйцэтгэсэн албан тушаалтнуудаас эхлээд  дээшээгээ удирдах албан тушаалтнууд бүгд хариуцлага хүлээх ёстой байсан юм. Байсан гэдэг нь зөвхөн доод шатны албан тушаалтнууд (цагдаа нар)  болон тэдний удирдах албан тушаалтнууд (цагдаагийн хурандаа нар) ял аваад өнгөрсөн учраас хэлж байгаа юм. Жижиг загаснууд нь хариуцлага хүлээгээд, том акулууд гэмгүй өнгөрсөн гэсэн үг. Зүй нь тухайн үеийн Цагдаагийн газрын удирдлага, түүний харъяалдаг Хууль Зүйн Яамны удирдлага, түүнийг хариуцдаг Ерөнхий сайд нар бүгд Үндсэн Хууль зөрчиж хүний амьд явах эрхийг хөсөрдүүлсэнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой байсан юм. Гэвч тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Хууль Зүйн сайд Ц.Мөнх-оргил (Онц байдлын штабын толгойлогч) нар цэвэрхэн мултарсан билээ. Өнөөдөр Ц.Мөнх-Оргил УИХ-ын гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайдын албан тушаал давхар хашиж, давхар дээлтэй тарвалзаж яваа.  С.Баяр Монгол улсаас Их Британы Нэгдсэн Вант улсад суух элчингээр шагнуулаад залуухан эхнэртэйгээ Лондонд тухалсан боловч удалгүй Монголд буцаж ирэхээс аргагүй болсон. Тэрээр  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн хоригдож байгаа. Хорих 461-р ангид хоригдсон нэртэй боловч эмчлүүлэх нэрээр асарч тордуулан, хааяа АТГ-ын даргын өрөөнд зочилж хоол ундаар дайлуулсан шиг тарвалзаж байгаа. Улс төрийн хариуцлага хүлээх соёл гэдэг бол манай улс төрчдийн хувьд огт мэдэхгүй нэр томъёо билээ.

Дахиад Үндсэн Хуулийнхаа заалтыг харъя. 19-р зүйлийн 1 дэх заалт:

Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна

Төрөөс дээрх үүргээ биелүүлсэнгүй. Хүний эрхийг зөрчихтэй тэмцэх нь байтугай эсрэгээрээ хөсөрдүүлсэн байна. Мөн хөндөгдсөн эрхийг нь сэргээх үүргээ ч биелүүлээгүй. 

Ийм байж ардчилсан төртэй, нийгэм байгуулж байгаа гэж яриад яахав дээ. Цаасан дээр хараар бичиж тунхагласан Үндсэн Хуулиа мөрдөхгүй юм бол худлаа ардчилсан гэж цээжээ дэлдээд яах билээ. Нэг л их сайхан Үндсэн Хуультай улс. Яс мөрдөж, хэвшүүлэхгүй юм бол хичнээн сайхан бичсэн хууль байгаад ямар хэрэг байгаа юм? 
Бид цаасан дээр сайхан тунхаглаад орхих биш, бас мөрдүүлдэг механизмыг нь бий болгохгүй бол хоосон тунхаг болоод байна. Үндсэн Хуулийн заалтуудыг зөрчсөн ийм ийм тохиолдолд ингэж ингэж арга хэмжээ авч хариуцлага тооцно гэдгийг дагавар хуулиудаараа яг таг заагаад өгчих хэрэгтэй. Улс төрийн хариуцлага хүлээдэг соёл, ёс жаяг тогтоогүй цагт ингэж зохицуулахаас өөр аргагүй. Гадаад улсад галуу шувууны мах идэж, суралцаж , "соёлжсон"  С.Баяр, Ц.Мөнх-Оргил мэтийн "боловсон кадрууд" тийм ухамсаргүй байхад бусдаас нь тийм үйлдэл гарна гэж горьдоод дэмий биз дээ. 

Манай Үндсэн Хуулинд жижиг сажиг үг үсгийн засвар хийх юм бишгүй байгаа харагдсан. Гэхдээ тиймэрхүү жижиг юмаар одоо хөөцөлддөг цаг биш. Томоохон үндсэн өөрчлөлт хийх шаардлагатай гэдгийг иргэд маань мэдэрч, шаардсаар байна. Энэ удаа  УИХ ба түүнээс байгуулсан Ажлын хэсгээс боловсруулсан гэх Үндсэн Хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  уншиж үзээд яг юуг нь өөрчлөх гээд байгаа тухай зүйл, заалт бүр дээр нь харьцуулж танилцуулая гэж бодлоо. Үнэндээ бол асуудлыг шийдэх биш зөвхөн өнгөн засал хийж, байдлыг хэвээр хадгалах зорилготой хийгдсэн төсөл гэж ойлгож байна.  Одоо хүчинтэй мөрдөж байгаа Үндсэн Хууль ба УИХ-аас байгуулсан Ажлын хэсгээс өргөн барьсан Үндсэн Хуулинд оруулах өөрчлөлтийн Төслийг харьцуулж үзүүллээ. Дараах харьцуулалтаас харвал Лундаажанцан тэргүүтэй ажлын хэсгийн Үндсэн Хуулинд оруулах  томоохон өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн хууль санаачлах , мөн Засгийн газарт чиглэл өгөх эрхийг хассан  явдал байна. Ингэлээ гээд үнэндээ юу ч өөрчлөгдөхгүй. Нэр төдий ямар ч үр дүн авчрахгүй ийм үг үсэг хасаж нэмсэн өөрчлөлт хийж оромдохын оронд болохгүй байгаа засаглалынхаа хэлбэрийг сольж, аливаа албан тушаалыг буух эзэн буцах хаягтай болговол сая бид хэнтэй хариуцлага тооцох вэ гэдгээ мэддэг болно. Үндсэн Хуулиа ингэж зэрэмдэглэвэл  сахил хүртээд шал дордсон юм болно.

Харьцуулалт


28-р зүйл.


Хуучнаар


1. Улсын Их Хурал үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.


2. Байнгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.

Төслөөр:

Энэ зүйлд шинээр нэмж 2 хэсэг оруулсан байна. 

             3. Улсын Их Хурал нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж болно. Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь болон Улсын Их Хурал дахь нам эвслийн бүлэг уг хороог байгуулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал  дахь олонхи цөөнхийн бүлгийн тэгш төлөөлөлтэйгөөр  Улсын Их Хурлын дарга түр хороо байгуулна.
            4. Хянан шалгах түр хороо  байгуулах, ажиллах  журмыг хуулиар тогтооно.  


46-р зүйл

Хуучнаар


1. Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
2. Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
3. Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.  
Төслөөр
Энэ зүйлд бас 2 хэсэг шинээр  нэмж оруулсан байна.
4. Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших  зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэнд төрийн албаны  төв байгууллага хяналт тавина. 
5. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төийн албанаас халах, чөлөөлөхийг хориглоно.


25-р зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт

Хуучнаар 

Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах;

Төслөөр энэ хэсэгт 1 өгүүлбэр шинээр нэмсэн: 

- УИХ улсын төсвийг хэлэлцэн батлах явцдаа Засгийн газрын санал авалгүйгээр зардлын  шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглоно.

21-р зүйлийн 4 -р хэсэг

Хуучнаар

 Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.

Төслөөр

Энэ хэсгийн сонгуулийн гэдэг үгийн дараа "тогтолцоо," гэдэг үг нэмжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж өөрчлөх юм байна.



22-р зүйлийн 2 дахь хэсэг

Хуучнаар

Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.
Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.
Төслөөр
Монгол Улсын Ерөнхийлөгч дараах тохиолдолд УИХ-ыг тараах шийдвэр гаргана.
1) УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүнй гуравны хоёроос доошгүй нь үзсэн,
2) УИХ анхдугаар чуулган хуралдсанаас хойш 30 хоног, эсхүл Ерөнхий сайдын бүрэн эрх дуусгавар болсоноос хойш 21 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилох асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй,
Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
26-р зүйлийн 1-р хэсэг
Хуучнаар
Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
Төслөөр
УИХ-ын гишүүн болон Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.
27-р зүйлийн 2 -р хэсэг
Хуучнаар
Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа тавиас доошгүй ажлын өдөр чуулна.
Төслөөр
УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
27-р зүйлийн 6-р хэсэг
Хуучнаар
Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
Төслөөр
УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирсэнээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар эцэслэн батална. Ерөнхий сайдыг томилох тухай асуудал ,түүнчлэх хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ.
39-р зүйлийн 1-р хэсэг
Хуучнаар
Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
Төслөөр
Энэ хэсэгт дараах  өгүүлбэрийг  нэмсэн:
"Ерөнхий сайд болон Засгийн газрын нийт гишүүний гуравны нэг нь УИХ-ын гишүүн байж болно.
39-р зүйлийн 3-р хэсэг
Хуучнаар 
Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилно.
Төслөөр
Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилсон, чөлөөлсөн, огцруулсан шийдвэрийг Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулсанаас хойш Ерөнхийлөгч 72 цагийн дотор уг шийдвэрийг батламжилна.
43-р зүйлийн 4-р хэсэг
Хуучнаар
Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.
Төслөөр
УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ.
46-р зүйлийн 1-р хэсэг
Хуучнаар
 Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.
Төслөөр
Монгол Улсын яам, төрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна. Засгийн газар доор дурдсан үндсэн чиг үүргийн яамтай байна: 1) Хууль зүй, дотоод хэргийн яам, 2) Сангийн яам, 3) Гадаад хэргийн яам, 4) Батлан хамгаалах яам, 5) Байгаль орчны яам
Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн нийт 7 хүртэл яамыг нэмж  байгуулахаар УИХ-д саналаа оруулж болно.
46-р зүйлийн 3-р хэсэг
Хуучнаар
Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.
Төслөөр
Төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно.
51-р зүйлийн 2-р хэсэг
Хуучнаар
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно.
Төслөөр
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Улсын Дээд шүүхийн шүүгчийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг, бусад шүүхийн шүүгчийг томилохоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санал болгосоныг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. Ерөнхий шүүгчийг улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос 6 жилийн хугацаагаар сонгоно. Энэхүү шийдвэрийг Ерөнхийлөгч 72 цагийн дотор батламжилна. 
57-р зүйлийн 1-р хэсэг
Хуучнаар
Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.
Төслөөр
Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд  аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот (орон нутгийн харъяалалтай)-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдана.
57-р зүйлийн 2-р хэсэг
Хуучнаар
 Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
Төслөөр
Хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. 
60-р зүйлийн 2-р хэсэг
Хуучнаар
Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.
Төслөөр
Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харъяалалтай) , дүүргийн хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэл, хотын засаг даргыг Ерөнхий сайд, сум, хот (орон нутгийн харъяалалтай), дүүргийн засаг даргыг харъяалах аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилно.
29-р зүйлийн 1-р хэсэг
Хуучнаар
 Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
Төслөөр хоёрдахь өгүүлбэрийг өөрчилсөн:
УИХ-ын гишүүн нь Үндсэн Хуульд өөрөөр заагаагүй бол албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.
46-р зүйлийн 2-р хэсэг
Хуучнаар 
Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бөгөөд Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард түмнийхээ тусын тулд, иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.
Төслөөр дээрх өгүүлбэрийн төрийн ашиг сонирхолд гэснийг үндэсний язгуур ашиг сонирхолд гэж өөрчилжээ.
48-р зүйлийн 1-р хэсэг
Хуучнаар
 Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.
Төслөөр дээрх өгүүлбэрт буй нийслэлийн гэдэг үгийг  нийслэл, хотын гэж өөрчилжээ. (62-р зүйлийн 3-р хэсэгт мөн ийм өөрчлөлт хийсэн байна)
51-р зүйлийн 3-р хэсэг
Хуучнаар
Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, Монгол Улсын гучин таван нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр; хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.
Төслөөр дээрх хэсгийн 35 гэсэн тоог 40, 25 гэсэн тоог 30  болгож өөрчилжээ.
49-р зүйлийн 3-р хэсэг
Хуучнаар
Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана.
Төслөөр дээрх өгүүлбэрт ажиллана гэснийг ажиллах бөгөөд 11 гишүүнээс бүрдэнэ гэж өөрчилсөн.
58-р зүйлийн 1 ба 2-р хэсэгт, 59-р зүйлийн 2-р хэсэгт, 60-р зүйлийн 1-р хэсэгт, 61-р зүйлийн 2 ба 4-р хэсэгт, 62-р зүйлийн 1-р хэсэгт, мөн  63-р зүйлийн 1-р хэсэгт буй нийслэл, сум гэснийг нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харъяалалтай) гэж өөрчилжээ.
59-р зүйлийн 3-р хэсэгт буй нийслэлийн гэдэг үгийг нийслэл, хот, сум, хот (орон нутгийн харъяалалтай), дүүргийн гэж өөрчилжээ. Мөн энэ хэсэгт буй эдгээр хурлын болон сум, дүүргийн хурлын гэдгийг эдгээр хурлын гэж өөрчилжээ.
43-р зүйлийн 2-р хэсэг
Хуучнаар
Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
Төслөөр дээрх өгүүлбэрээс эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг гэдэг хэсгийг хасчээ.
33-р зүйлийн 1-р хэсгийн 3 дахь заалт
Хуучнаар
Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;
Төслөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах заалтуудаас энэ заалтыг хүчингүй болгожээ. 






Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө