Ерөнхийлөгчийн засаглал Монголд хамгийн тохиромжтой

Доктор Л.Мөнх-Эрдэнэ
Жижиг, дунд үйлдвэрлэл  эрхлэгчдэд зориулсан сангаас олон зуун  саяар нь, тэрбумаар нь  манай эрх мэдэлтнүүд өөрсдийнхөө хамааралтай компани, аж ахуйн нэр дээр авчихсан байна гээд цаагуур чинь бөөн  яриа. 60 тэрбумыг зөвхөн нийслэлийн тойргуудад босгож төрийн албыг урьдчилж зарах хуйвалдаан зохиож байжээ л гэнэ, тендэр өөртөө авсан л гэнэ, найз хамсаатнууддаа авч өгсөн л гэнэ, лицензийн наймаа гаарлаа л гэнэ,  Их Хурлын эрхэм гишүүд маань тус бүр 8 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхтэй боллоо л гэнэ,  төсөв зохиохдоо өөрсдийнхөө тойрогт ахиу мөнгө батлуулах гэж бөөн хэрүүл маргаан болсон л гэнэ.

Энэ мэтээр нуршаад байвал хэл ам таталсан үй олон үйл явдал болж бидний уур уцаарыг барах  бөгөөд ийм байдлаар бидний Монголчууд 30-аад жилийг ардаа үджээ. Тэд маань дураараа тонгочсоор, бид нь нервээ барсаар. Нэг хэрэг илрээд л баахан шуугиан болж давалгаалдаг. Амтай болгон мэддэг хараалаа харамгүй цацна. Тэгж тэгж жаахан тайвшраад л нөгөө хэргээ мартаж орхино. Дараагийн шуугиан мөн энэ маягаар эрчээ авсаны дараа замхарна. Нэг ийм цикл давтагдаад олон жил болжээ.

Яагаад ийм бусармаг буруу явдал байнга гараад байдгийг бид бодож үздэггүй бололтой. Тийм болохоор учир шалтгааныг нь олох, арилгах талаар цэгцтэй, бодлоготой  тунгааж ярихгүй байна. Ярихгүй байгаа учраас байдал өөрчлөгдөхгүй байна. Уул шугамандаа, яагаад ингээд байдаг  юм, юундаа байна, яавал ийм байдал гаргуулахгүй байж болох вэ гэж  учир начрыг нь ухаж ярилцаад, засаж өөрчлөх тухай зоригтой ажил хийх ёстой юм л даа. Харамсалтай нь бид тэгж чадахгүй байна. Үүнд олон шалтгаан бий. Учир шалтгааныг нь олж засахын оронд үр дагавартай нь ноцолдоод байна л даа. Дээр дурдсан бусармаг явдлууд бол бүгд л үр дагавар нь юм шүү дээ.

Товчхондоо, бидний сонгосон тогтолцоо буруу учраас бидний байдал ингэж доройтжээ. Энэ тогтолцоо маань энэ бүх бусармаг явдлууд гарах  нөхцөл, боломжийг нь хангаж өгсөн юм.
Яг үнэндээ, сонгодог Парламентын , эсвэл эрлийз (хагас) Парламентын засаглалын аль нь ч байсан Монголд тохирохгүй юм байна гэж харагдсан. Ялангуяа намууд нь төлөвшиж, сонгодог утгаараа дүр төрхөө олоогүй, иргэд нь улс төр, эдийн засгийн наад захын суурь мэдлэггүй нөхцөлд одоогийн засаглалын хэлбэр манайд жинхэнэ утгаараа хэрэгжих ямар ч боломжгүй юм. Хүндээ байгаа ч юм биш. Дандаа муу улсууд нь төр засгийн эрх мэдэлд оччихоод бусниулаад, шамшигдуулаад байгаа юм гэж ойлговол дэндүү инээдтэй гэнэн хэрэг болно.

Хүн гэдэг амьтан чинь адгууснаас ухаантайгаараа ялгарах тэр хэмжээгээрээ их шуналтай. Шуналгүй хүн гэж үгүй. Гагцхүү тэр шуналыг нь хазаарладаг, хязгаарладаг байх тухай асуудал л чухал юм шүү дээ. Тийм хязгаарлалт, хяналт байдаг, тэр нь боломжийн ажилладаг тийм  тогтолцоонд элдэв бусармаг үйлдэл маш бага гарна. Дураараа аашилж, шуналт үйлдлээ гүйцэтгэх  тэр боломж, сувгийг нь хаагаад өгчихсөн учраас тэр. Өндөр хөгжилтэй, соёлтой гэгдэх улс оронд ч хааяа иймэрхүү идсэн уусан, завшсан  хэрэг гардаг. Гэхдээ бага гардаг шалтгаан  нь мөнөөх хазаарладаг, хязгаарладаг механизм нь сайн ажилладагийн ач гавъяа.  Посткоммунист буюу хуучин коммунист дэглэмтэй байсан орнууд, Латин Америкийн болон Африкийн орнууд авилга хүнд сурталд идэгдэж, баян ядуугийн хоёр туйлтай болсон нь тэдгээр улсууд тийм  механизмаа ажиллуулж чадаагүй, эсвэл  ерөөсөө бий болгоогүйтэй л холбоотой.

Зарим улсууд  Парламентын засаглалтай гэх боловч энэ төрлийн засаглалыг сонгодог утгаар нь хэрэгжүүлэх хөрс суурь нь бүрдээгүй  (намууд нь төлөвшөөгүй, иргэд нь боловсроогүй, хуулийн зохицуулалтаа сайн хийгээгүй)  учраас намуудын тоглоом болоод дуусч байна. Намууд нь төлөвшөөгүй учраас зөвхөн эрх мэдлийн төлөө ашигладаг зэмсэг болж хувирсан. Зарим орнууд нь Ерөнхийлөгчийн засаглалтай гэх боловч мөн эрх мэдлийн хувиарлалт, харилцан хяналт тавих зэрэг зохицуулалтаа дутуу хийсэн, эсвэл орхигдуулсанаас болж гажуудал үүсэх нөхцөл бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэж байгаа засаглалынх нь буруу биш, хэрэглэж байгаа хөрс нь бүрдээгүй, хазаарладаг, хянадаг механизмаа бий болгоогүй, эсвэл цоорхойтой хийсэн  учраас гажуудаад байгаа юм.

Манай орны хувьд улс төрийн намууд төлөвшөөгүй, иргэд маань хангалттай боловсроогүй байгаа учраас Парламентын засаглал тохирохгүй гэдэг нь өнгөрсөн жилүүдийн туршилтын үр дүн харуулсан. Бидний натурт бас учир байна. Үндсэндээ энэ холимог (хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр нь холилдсон) холион бантан шиг засаглалтай үед ямар ч сайн аавын хүү, ээжийн охин гарсан бирд болж хувирдаг  юм байна. Тийм учраас намууд нь төлөвшөөд, иргэд нь өндөр ухамсар, соёл, улс төрийн мэдлэгтэй болох хүртэл нь хууль тогтоодог, засаг барьдаг, шүүн тасалдаг гурван этгээдээ тусад нь байлгаад, харилцан тэнцвэртэй, хариуцсан ажилдаа хар толгойгоороо хариуцлага хүлээдэг болгох хэрэгтэй.  Адаглаад хэн нь юу хариуцаад, юу хийж байгаа нь ойлгомжтой харагдана.

Амьдралд тохирохгүй, алдаатай хууль гаргавал Их Хуралтай тооцоо боддог, засгийн ажил муу яваад иргэдийн амьдрал өөдлөхгүй байвал Засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгчтэй тооцоо хийдэг, шударга ёсыг тогтоож чадахгүй ял завшуулж нугалаа хийвэл шүүгч нартай хариуцлага тооцдог л болох хэрэгтэй байна. Ийм учраас Парламент (УИХ) нь Засгийн газраа байгуулж, сонгуульд ялсан намын дарга  автоматаар Ерөнхий сайд болдог тогтолцоог өөрчилж, бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газраа өөрөө байгуулан толгойлдог системийг (Ерөнхийлөгчийн засаглалыг) авч хэрэгжүүлэх шаардлагатай. Мэдээж шүүхийн халдашгүй тусгаар байдлыг хангаж байгуулах нь чухал. Шүүгчдээ яаж сонгодог байх  тухай сайн ярилцаж шийдэх хэрэгтэй. Дан УИХ юм уу, Ерөнхийлөгчөөс санал болгосон шүүгчид тэднээс хараат болох эрсдэл байгааг тооцож, аль болохоор дээрх хоёр субьектээс (УИХ ба Ерөнхийлөгч) хараат бус шүүхийн бүтцийг бий болгох нь чухал. Ингэж байж энэ 3 этгээд биесээ харилцан хянаж, бие биенээсээ  хамааралгүй, нөлөөнд авталгүй үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно.
Олон үгтэй оршлоо дуусгаж, манай улсад Ерөнхийлөгчийн засаглал тохиромжтой тухай судлаач Л.Мөнх-эрдэнийн өгсөн ярилцлагыг энд орууллаа.

Л.Мөнх-Эрдэнэ
МУИС-ийн профессор, Доктор
Макс Планкийн хүрээлэнгийн ахлах судлаач

Ерөнхийлөгчийн засаглал Монголд хамгийн тохиромжтой

- Таны хувьд Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байгаа вэ? Улсаа нэг толгойтой, бас хариуцлага хүлээх эзэнтэй болгохын тулд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үү, эсвэл Ерөнхий сайдынхыг нэмэх үү? Таны бодлоор аль хувилбар нь оновчтой вэ?

Одоогийн боловсруулагдаад байгаа Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн гол зорилго нь Монгол Улсад тогтвортой, хариуцлагатай гүйцэтгэх засаглал бий болгох явдал. Яагаад? Өнгөрсөн 26 жилд буюу 7 удаагийн сонгуульт хугацаанд  зүй нь ихээр бодоход 7 хүн Ерөнхий сайд хийх ёстой байсан бол түүний оронд үүрэг гүйцэтгэгчтэйгээ нийлээд 17 хүн Ерөнхий сайд хийж, уг нь 7 Засгийн газар байх ёстой байсан бол 15 Засгийн газар солигдсон байна. Эндээс зөвхөн П.Жасрай, Н.Энхбаяр хоёрын Засгийн газрууд сонгуульт хугацаагаа дүүргэсэн. 
Энэ 8 жилийг хасвал үлдсэн 18 жилд нь 15 хүн Ерөнхий сайд хийжээ. Дундачилбал, Засгийн газрын нас 14 сар. Энэ юу гэсэн үг вэ? Энэ 18 жилд УИХ-ын гишүүд яаж Засгийн газрыг унагааж сайдын суудал олж авах вэ гэж дайн хийсээр ирсэн гэсэн үг. Яагаад? Яагаад гэвэл Засгийн газрыг УИХ байгуулдаг учир Засгийн газар нь УИХ-ын гишүүдийн хувааж идэх бялуу юм. Засгийн газарт сайндаа 16 сайдын суудал байхад УИХ-д 76 ам байна. Үүнээс үүдсэн дайн. Азтай 16 нь сайдын багцыг автал ард нь 60 хүн хоосон хоцорно. Шударга биш биз дээ?

Хоосон хоцрогчид хорсолтой. Хоолонд орохын тулд нөгөө 16 сайдыг суудлаас нь хөөх хэрэгтэй биз? Сайдын суудлыг суллах арга нь Засгийн газрыг огцруулах бөгөөд ингэж байж тэд ээлжлэх боломжтой болдог.  Та бялууг зөвхөн олонхид хамаатай гэж маргаж болно. Тийм биш. Сонгуулиар бялуугаа алдаж, хоосон ширээнд хорсолтой цөлөгдсөн сөрөг хүчин нэртнүүд чадвал бялуугаа буцааж авах, ядвал бусдын бялуунаас шомбодохын тулд  хорлон бусниулах үйл ажиллагааг ил тодоор, эрээ цээргүй явуулдаг. Учир нь энэ бол тэдний үүрэг, эрх нь юм. Тэд нар дээр нэгдүгээр, хоёрдугаар ээлжээр ороод хоолоо булаалгасан хорсолтонгууд нэгддэг. Иймээс л Засгийн газар үргэлж 60 дайсантай байдаг юм. Тийм учраас тогтворгүй.
Мэдээж хоорондоо байнга дайтаж байгаа хүмүүсээс хэнээс нь хариуцлага нэхэх билээ?

Гэтэл бид чинь бас 1993 оноос хойш Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтныг сонгож тэжээсээр ирсэн. 25 жилд буюу  сонгуулийн 7 хугацаанд хэдэн Ерөнхийлөгчтэй байсан бэ? Тав! 17 биш 5.
Нэг Ерөнхийлөгч огцруулсан уу? Үгүй. Харин 2 хүн улирч сонгогдоод 8  жил ерөнхийлсөн. Яагаад? Яагаад гэвэл Ерөнхийлөгчийг УИХ-аас (Парламентаас) биш, харин Монголын ард түмэн сонгодог учраас. Хэрвээ УИХ-аас сонгодог байсан бол бид бас 20-иод Ерөнхийлөгчийн нүүр үзчихсэн сууж байх байсан биз. Ерөнхийлөгчийн суудал шиг амттай, зөөлөн суудал байхгүй. Бүх онц эрх ямба, хангамж, хүндэтгэл  эдэлнэ. Олон улсаар төрийн дээд хэмжээний аялал хийнэ. Одон медаль, цол тэмдэг тарааж хүн амьтныг баясгана. Юу ч хийхгүй амар сайхандаа жаргая гэвэл энэ чинь тэр суудал биш үү? Ийм суудлыг 76 мэддэг байсан бол бүгд энэ суудлын төлөө дайтах биш үү? Тиймээс өөрөөсөө асуугаад үз. Аль нь илүү сонголт байна?

Хэрвээ Ерөнхийлөгч Засгийн газраа тэргүүлдэг, өөрөөр хэлбэл Монголын ард түмэн өөрсдөө Засгийн газраа байгуулдаг байсан бол өнгөрсөн 26 жилд бид их бодож 7 Засгийн газартай л байх байлаа. Аль нь тэгвэл оновчтой хувилбар байна? Өөрөө сонго.  


- Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг нам, нэг хүний эрх мэдэл ноёрхож, Путин, Назарбаев шиг олон жилийн төрийн эрх мэдлийг барих вий гэсэн болгоомжлол байгаа. Тийм эрсдэл бий юу? 

Парламентын засаглал харин нэг олонхи, нэг нам, тэр ч бүү хэл ардчилсан бусаас нь нэрлэвэл нэг Цэдэнбал шигийг, нэг Ши Жин Пин шигийг, ардчилсан гэдгээс нь нэрлэвэл нэг Маргарет Тетчер, нэг Ангела Меркэл, эсвэл нэг Шинзо Абе шиг нэг нам,нэг бүлэглэл, нэг удирдагчийн засаглалыг, тэр ч бүү хэл, Сингапур дахь Ли-гийн гэр бүлийн хаанчлалыг ч бий болгож чадах засаглал. Яагаад гэвэл Парламентын засаглал бүх эрх мэдлийг зөвхөн Парламентад буюу манайхаар УИХ-д  төвлөрүүлдэг учраас тэр. Парламент хуулиа өөрөө тогтооно, өөрөө засаглана.  Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал гэсэн хоёр эрх мэдэл нь нэг нам, нэг бүлэглэлд төвлөрсөн байхад бие даасан шүүхтэй байх тухай бодох ч хэрэггүй. Төрийн эрх мэдэл нэг нам,нэг бүлэгт төвлөрдөг, тэгээд тэр бүлэглэл нь ард түмэн, сонгогчдоо умартаад өөр хоорондоо эрх мэдлийн төлөө байнгын улс төрийн дайн дажин хийж улс орноо бусниулдаг дэглэмийг Парламентын засаглал гэдэг юм.

Харин Ерөнхийлөгчийн засаглалд Ерөнхийлөгч нь зөвхөн хуулийг хэрэгжүүлэх, биелүүлэх, дагаж мөрдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхийлөгчөд хууль тогтоох эрх мэдэл байхгүй.

Гүйцэтгэх эрх мэдэл мөн чанараараа нэг этгээдийн гарт төвлөрч байх ёстой. Эс тэгвэл хоорондоо эрх мэдлийн төлөө уралцдаг. Хоорондоо дайтаж  (цустай, цусгүй нь хамаагүй) л байгаа бол хариуцлага, тогтвортой хөгжлийн тухай зүүдлээд ч хэрэггүй.

Хятад, Казахстан хөгжиж байгаа нь үнэн, яагаад гэвэл гүйцэтгэх засаглал нь тогтвортой байгаа учраас.  Гэхдээ тэд үүнийг ардчилсан замаар бус харин бид Цэдэнбалын дэглэм дор  байсан шиг тийм замаар хийж байгаа юм. Мөр бүтэн, гэдэс цатгалан явах нь тухайн хүн амын гол асуудал нь болж байгаа бол мэдээж энэ зорилтыг хангаж байгаа хэрэг. Харин ард олоннь эрх, эрх чөлөө, тэгш эрх, шударга ёсыг эрхэмлэдэг бол энэ тийм биш.

- Одоо хоёр үзэл явж байна л даа. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн барьж байгаа нэг төсөл байна. Нөгөө нь манай Ерөнхийлөгчийн хүсээд байгаа нэг төсөл байх шиг.  Ерөнхийлөгчийн засаглалтай тогтолцоонд шилжихэд шинээр Үндсэн Хууль бичих шаардлага үүснэ биз дээ? Үндсэн Хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдэж болохгүй биз дээ? Хууль зүйн хувьд ийм бололцоо байгаа юу?

Зүй нь Үндсэн Хуулийг уг хуулиар байгуулсан жирийн хууль тогтоох байгууллага болох Парламент буюу манай УИХ өөрчлөх ёсгүй юм. Гэхдээ асуудлын гол нь УИХ-аас боловсруулаад байгаа нэмэлт өөрчлөлт нь Монголд засаглалын тогтвортой, хариуцлагатай байдлыг бий болгохгүй. Харин ч бүр улам тогтворгүй болгоно.
Уг төслийн нэг том заалт нь Засгийн газрын сайд нарын гуравны хоёрыг  УИХ-ын гаднаас томилох тухай байна. Энэ юу гэсэн үг вэ? 76-ын ээлжлэн суух суудлын тоо төдий хэмжээгээр цөөрнө гэсэн үг. Энэ нь эрх мэдлийн төлөөх тэмцлийг төдий хэмжээгээр хурцатгана гэсэн үг. 
Одоо бол дор хаяж сонгогчдын өмнө улаан нүүрээ улалзуулдаг, тойрогтоо буцаж очих нүүрээ боддог хүмүүс сайд хийж байсан бол тийм бус хүмүүс сайд болно гэсэн үг. Мэдээж тэд Ерөнхий сайд эсвэл Ерөнхий сайдыг лоббидсон олигархи сонирхлын өмнө л хариуцлага хүлээнэ. Энэ нь ард түмний эрх ашиг, сонирхол биш. Тийм учраас давхар дээл гэгчийг тайлбал Засгийн газар яг 1997-2000 оны Засгийн газрууд шиг годройтох болно. Яагаад гэвэл тэд Ардчилсан Холбоо Эвслийн  50 гишүүний байгуулсан Засгийн газар гэхээсээ илүү Багабандийн  тулгасан Засгийн газрууд байсан юм. Тиймээс олонхи нь хамгаалах гэхээсээ илүү унагаах сонирхолтой байсан юм. Ийм учраас давхар дээлээ тайлбал Засгийн газар улам л хэврэг болно.

Мэдээж намууд энэ байдалд орохгүйн тулд пропорционал сонгууль (намын жагсаалтаар санал хураах) явуулахаар сонгуулийн хуулйг өөрчлөнө. Сонгогчид хүнийг биш, намыг сонгодог болно. Мэдээж Үндсэн Хууль зөрчигдөнө.  Хамгийн гол нь дахиад л зорилгодоо хүрэхгүй. Учир нь хувь тэнцүүлэх сонгуулиар (пропорционал системээр) олон намууд Парламентад орж ирэх ба олонхигүй Парламент бий болох нь түгээмэл. Олонхи бүрдүүлэхийн тулд намууд эвсэл байгуулах хэрэгтэй болно. Эвсэл бол хэврэг, хэзээ ч задарч болно. Задрах бүрд нь  Засгийн газар нь годройтоно. Энэ мэт олон асуудал бий. Тиймээс энэ төсөл зорилгоо биелүүлэхгүй.
Ерөнхийлөгчийн засаглалын хувилбар Монголд хамгийн тохиромжтой нь юм.

(Товчлов)

Эцэст нь Л.Мөнх-Эрдэнэ докторын бичсэн Тэргүүнгүй төр номоос засаглалтай холбоотой хэсгээс жаахныг тасалж  орууллаа. 10 сарын 5-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах юм байна. Сонирхсон хүмүүс Интерном, Азхур, МУИС-ын номын сангаас худалдаж аваарай.
...Нэгдүгээрт, парламентын гэж нэрлэгддэг засаглалын тогтолцоо нь эрх мэдлийг нийлүүлдэг (fusion of powers) төдийгүй төвлөрүүлдэг (concentration of powers) учир харин ч нэг нам, нэг хүчин, нэг этгээд, нэг толгойд эрх мэдлийг төвлөрүүлдэг засаглал. Учир нь парламентын тогтолцоонд хууль тогтоох ч, гүйцэтгэх ч эрх мэдэл шууд ялсан намын-лидерийн гарт зангидагддаг. Тиймээс УИХ 76 “толгойтой” мэт боловч үнэн хэрэг дээрээ бүх эрх мэдлийг нэг “толгой-тэргүүн”, нэг гарт нийлүүлэн атгуулдаг засаг. Тиймээс л ялгуусан М.Энхболд УИХ-ын даргын сууринд залрангаа олонхоор УИХ-ыг атгаж, Ж.Эрдэнэбатыг хурууныхаа үзүүрт зарцалж болж байгаа юм. 

Өөрөөр хэлбэл парламентын тогтолцоонд ялсан нам, дарга парламентыг ч, засгийн газрыг ч ноёлох учир өөр(сд)өө хуулиа санаачилж, өөр(сд)өө баталж, өөр(сд)өө засгаа байгуулж, өөр(сд)өө хэрэгжүүлнэ. 2000-2004 оны Н.Энхбаярын засаглалын жилүүд үүний тод жишээ. Н.Энхбаяр өөрөө хуулиа санаачилж, өөрөө баталж, өөрөө хэрэгжүүлж байсан шигээ, шаардлагатай үедээ өөрөө “шүүдэг” ч байсан. Таван төгөлдөршил, атрын аян, хоёр толгойн асуудлыг шийдэж байхдаа С.Баяр ч тийм байсан. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах хүртлээ М.Энхболд ч тийм байв. Тийм ч учир тэрээр УИХ-ын даргын суурин дээрээс “60 тэрбумын” бичлэгийг эвлүүлэг болгож, эсвэл бүр хорь хүрэхгүй хоногийн дотор Оюутолгойн мөнгийг Монголын банкаар дамжуулах болгож ч, болиулж ч чадаж байгаа юм. Үнэнийг хэлэхэд УИХ-ын 29-р тогтоол УИХ буюу 76 толгой Монголын тусгаар тогтнолыг ч, өөрсдийнхөө гаргасан шийдвэрийг ч хэрхэн хамгаалж чадахыг тод томруунаар харуулсан гэж бодож байна. 

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй учир хэн ч хэзээ ч буруудахгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй. Бүгд “бүгдээрээ”-гийн араар нуугдана. Монгол улс бүгдээрээ хэлэлцээгүй. Харин УИХ-ын “бүгдээрээгээр” Монгол улс бүгдээрээ төлөөлөгдөж, УИХ-ын эрх ашгаар Монгол улсын эрх ашиг орлогдож, УИХ-ын шийдвэр Монгол улсын шийдвэр болсон. Ингэхдээ УИХ-ын олонхын гишүүд нь ч бүгдээрээ тус тусдаа толгой мэдээгүй. Харин нам-УИХ-ын дарга нь бүлгийн “бүгдэдээ” намын “бүгдээрээгийн” шийдвэр гэж үүрэгдсэн нь ойлгомжтой. Ийнхүү дээрээс нь бүхнийг атгадаг нам - “бүгдээрээ” үүрэгддэг, дэргэд нь бүгдийг халхалдаг бүлэг - “бүгдээрээ” байдаг учир хариуцлагаас халхлагдсан гишүүд шийтгэлээс зайлсхийхийн тулд намын - “бүгдээрээгийн”, үнэндээ “бүгдийн дарга”-ын даалгаврыг дагадаг. Тиймээс нам-даргын шийдвэр парламентаар ч, засгийн газраар ч “ногоон гэрлээр” давхих төдийгүй Монгол улсын шийдвэр болох. Бусдын нөлөөнд орох магадлал хамгийн ихтэй тогтолцоо нь парламентын тогтолцоо.
Харин ерөнхийлөгчийн засаглалын биелэл болсон АНУ-д хууль тогтоох, гүйцэтгэх хоёр эрх мэдэл салгагдсан, тусгаарлагдсан (separation of powers) байдаг учир хэрэг дээрээ тус тусдаа орших давхар шүүлтүүр, давхар хяналт, давхар хязгаарлалт, давхар хазаарлалттай засаглалын тогтолцоо үүсдэг учир тусгаар тогтнолын хувьд тус тусдаа давхар хамгаалалт, бамбайтай засаглалын систем бий болдог. 

Үүний хамгийн гол үндэс нь хууль тогтоох, гүйцэтгэх хоёр эрх мэдэл салгагдсан, тусгаарлагдсан байдаг явдал. Тухайлбал, конгресс буюу парламент ард түмнээс сонгогдон байгуулагдаж, зөвхөн Үндсэн хуулиар тогтоосон эрхийн хүрээнд л хууль тогтооно. Мөн парламент хэзээ ч гүйцэтгэх, “засаглах” эрх мэдлийг хэрэгжүүлэхгүй. Тиймээс парламентад, олонход засгийн газрыг хамгаалах шаардлага байхгүй. Харин ч эсрэгээр парламент хууль гаргаж засгийн газрын эрх мэдэл, үйл ажиллагаанд хэмжээ, хязгаар, процедур тогтоож засгийн газрыг нийтийн эрх ашигт үйлчлэхээс өөр аргагүй байдалд оруулдаг төдийгүй шаардлагатай тохиолдолд хянах, шалгах замаар засгийн газрын болзошгүй зүй зохисгүй болон хууль бус үйл ажиллагаанаас иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Парламентын зөвхөн ард түмнээс тодорхой хугацаагаар сонгогддог учир гүйцэтгэх засаглалын тэргүүн ерөнхий сайд, эсвэл ерөнхийлөгч парламентыг тараах тухай ойлголт байхгүй. Түүнчлэн парламентын нөгөө талд түүнээс тусдаа, түүнээс хараат бус, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч ерөнхийлөгчийн тэргүүлсэн засгийн газар оршиж байдаг. Ерөнхийлөгчийг мөн л ард түмэн тодорхой хугацаагаар сонгодог учир засгийн газрын оршин тогтнох эсэх нь парламентаас, олонхоос огт хамааралгүй. Тиймээс засгийн газар парламентад тал засах шаардлагагүй. Өөрөөр хэлбэл хууль тогтоох ба гүйцэтгэх хоёр засаглал тус тусдаа сонгогдож байгуулагддаг, тиймээс бүрэн салгагдсан, хоёр тусдаа, хэзээ ч нэг толгой, нэг гарын дор ордоггүй хоёр бие даасан эрх мэдэл.
Улмаар тус тусдаа, тус тусынхаа үүргийг харилцан хамааралгүйгээр биелүүлдэг учир харилцан бие биеэ хазаарладаг, тэнцвэржүүлдэг. Гүйцэтгэх эрх мэдэл ерөнхийлөгчид байх ч хууль тогтоох, төсөв, олон улсын гэрээ, хэлэлцээрийг батлах, дайн зарлах эрх зөвхөн конгресст байх. Гэвч гүйцэтгэх, өөрөөр хэлбэл, хуулийг хэрэгжүүлэх, төсвийг зарцуулах, гэрээ хэлэлцээр хийх, дайн явуулах эрх мэдэл парламентад, конгресст байхгүй. Ийнхүү хууль тогтоох ба гүйцэтгэх хоёр засаглал бүрэн салгагдсан, тус тусдаа төдийгүй, өөр өөр, нэг нь зөвшөөрөх, хянах, нөгөө нь хэрэгжүүлэх, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг учир харилцан бие биеэ үйл ажиллагаагаараа хазаарлаж (checks) байгаа юм. Ерөнхийлөгч конгрессын шийдвэрт хориг тавьж болох ч конгресс дийлэнх олонхоороо няцааж болно. Гэвч ерөнхийлөгчид конгрессыг тараах эрх байхгүй. Конгресс ерөнхийлөгчийг импийч хийх эрхтэй ч, огцруулахын тулд дийлэнх олонхын санал хэрэгтэй. Ингэснээр харилцан бие биеэ хазаарлаад зогсохгүй, бас аль ч эрх мэдэл нь нөгөөгөө давамгайлахгүй. Тэнцвэржүүлэлт (balances). Чухам хоёуланг нь ард түмэн, сонгогчид өөрсдөө сонгон байгуулдаг учраас л хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл нэг нэгнээсээ харилцан хамааралгүй болж байгаа юм. Харилцан хамааралгүй учир л тус тусынхаа эрх мэдлийг харилцан хамааралгүйгээр хэрэгжүүлэх боломжтой болж, тэгснээрээ харилцан бие биеэ хазаарлаж байгаа юм. Мөн аль нэгэнд нь ноёлох, давамгайлах эрх олгохгүй байх нь тэднийг тэнцвэржүүлж, улмаар харилцан хамаарлыг сэргийлж, харилцан хазаарлалтыг нь бэхжүүлж байгаа хэрэг. Эл учир хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл хоёр тусдаа, хоёр бие даасан эрх мэдэл, хэзээ ч нэг тэргүүн, нэг гарын дор ордоггүй төдийгүй харилцан бие биеэ хязгаарлаж, шүүлтүүрдэж, хазаарлаж байдаг юм...






Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө