У.Хүрэлсүх алуулахаас айлтгүй боллоо

У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын засаг
За, Ерөнхий сайд У.Хүрэлсүх кабинетийнхээ гишүүдийг бүрдүүлж, Ардын засаг хочтой шинэ Засгийн газар ажилдаа орлоо. Гэвч Ухнаагийн хүү аминдаа хайртай бөгөөд хэлсэндээ тууштай байж чаддаггүй гэдгээ нотолж олон хүний итгэлийг алдлаа. Аминдаа хайртай байх нь хэн ч ойлгох асуудал боловч алуулахаас ч айхгүй байна гэж анхнаасаа сүржигнэх хэрэг юу байв аа гэж.
Хүрэлсүхийг сайдад дэмжээгүй, хуралд нь сууж саналаа өгөөгүй бойкотлосон Ө.Энхтүвшин тэргүүтэй 32 гишүүн эцсийн дүндээ Ерөнхий сайдыг үгэндээ оруулж чадлаа. "Намынхаа эв нэгдлийг"  яаж хангах вэ гэдэг дээр "зөвшилцөж " чадаагүй учраас  чуулганд суугаагүй гэдэг марзан тайлбар хэлж байсан нөхөд Хүрэлсүхтэй тохироогоо хийж чадсан учраас өөрсдийнхөө хүмүүсийг сайд болгож чадлаа. 32-ын бүлгээс 6 гишүүн сайд боллоо. Үлдсэн 9 сайдаа Хүрэлсүх өөрийнхөө 33-ын бүлгээс сонгожээ. Ингээд бүх сайд нар нь давхар дээлтэй болж байна. Ерөнхий сайдаас бусад нь.

Өөрийг нь дэмжсэн 33 гишүүнээ гомдоохгүй гэсэн сэтгэл, өөрийг нь дэмжээгүй 32-ын бүлгийн шахаанд орсон Хүрэлсүхэд бүгдийг нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж,100% давхар дээлтэй  кабинет байгуулахаас өөр сонголт байгаагүй бололтой. Хоёрын хооронд алаг цоог юм хийж байхаар нэгмөсөн цайраад бүгдийг нь давхар дээлтэй болгочихоё гэж бодоо биз. Дээрээс нь Энхтүвшин ах нь дэлхийн практикт угаасаа ийм байдаг гээд л тайлбарлачихгүй юу гэж үг зааж өгөө  биз ээ.
Засгийн газар ингэж бүхлээрээ УИХ дотор багтаж орлоо. Ерөнхий сайд маань нэгдүгээрт, нөгөө 32-ын бүлгийнхээ шахаанд орсон, хоёрдугаарт, УИХ дотор Засгийн газрын гишүүд нь (давхар дээлтэй) байвал УИХ-аас дэмжлэг авах нь илүү бөгөөд Ардын засаг нь огцрохгүй байх магадлал өндөр гэж ойлгосон байх л даа. Хэрвээ 32-ын бүлгээс тас зөрөөд зөвхөн өөрийнхөө 33-ын бүлгээс болон бусад өөр хүмүүсээр кабинетее бүрдүүлсэн бол Энхтүвшин тэргүүтэй 32-ын бүлэг УИХ дээр байнга эсэргүүцэл үзүүлж, саад болох байсан биз ээ. Энэ тохиолдолд Ардын засаг удаан тэсэх эсэх нь асуудалтай байх байсан биз. Ерөнхий сайд гэх алдрыг хүртэж, хүссэн болгон хүрээд байдаггүй суудалд суусан тэрээр энэ боломжоо амархан алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Тийм учраас буулт хийхээс өөр сонголт байсангүй.

Нэгэнт тохироо хийж чадсан учраас Ө.Энхтүвшин өмнө нь "Би сайд болохгүй. Юм болгон дээр давхиж ороод байдаг ч хүн биш" гэж томорч байснаа "Нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас"  гэдэг хөөрхөн тайлбар хийгээд л Шадар сайд болчихлоо. Өөрийг нь болон 32-ын бусад гишүүдээс сайд болгосон учраас "намын эв нэгдэл"  хангагдсан юм байх. Энхтүвшин гэж нэг ийм ичих нүүрэндээ илэг наасан нөхөр байнаа.

Топор (Оросоор "сүх"  гэсэн утгатай) хочит Ерөнхий сайд маань ингээд ажилдаа орлоо. Ардын засагт орсон  сайдууд дотор  мэргэжилдээ огт хамаагүй  салбар хариуцсан нөхөд мэр сэр  байнаа. Сумъяабазар гэхэд л Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болжээ. Алдарт бөх маань энэ салбарыг мэдэх үү? МАН дотор энэ салбарын ганц мэргэжлийн хүн нь нөгөө хувьдаа тамхины үйлдвэртэй гэх Ц.Дашдорж юм. Ц.Д нь ТИС төгссөн, өрөмдлөгийн инженер мэргэжилтэй хүн.
Мөн Сарангэрэл гишүүнийг Эрүүл мэндийн сайдаар сонгожээ. Уг нь энэ эмэгтэй чинь сэтгүүлч мэргэжилтэй биз дээ?  За тэгээд бусад сайд нар нь нөгөө л муу нэртэй, улиг болсон "улс төрчид"  байна. Хятадын тагнуулын байгууллагад үйлчилж байсан Ц.Нямдорж дахиад л Монголын хууль хүчний байгууллагыг толгойлох боллоо. Нэг өдөр ч төрийн ажил хийж үзээгүй шинэхэн гишүүн Н.Цэрэнбат гэгч  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болжээ.
Ийнхүү Хүрэлсүх сайд маань хэлсэндээ байж чаддаггүй гэдгээ нотоллоо. Тэрээр "амиа алдахаас"  айж буулт хийжээ.  Аминдаа хайргүй хүн ч гэж хаана  байхав дээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө