У.Хүрэлсүх хэзээ алагдах бол?

Ерөнхий сайд У.Хүрэлсүх
 У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар батламжлах УИХ-ын хуралдаанд МАН-ын 65 гишүүнээс 33 нь байлцаж , үлдсэн 32 нь чуулганд суухгүй бойкотлож хачин юм боллоо. Уг нь тэд нар намынхаа бага хурлаар олонхийн саналаар дэмжигдэж гарч ирсэн хүнээ дэмжих ёстой байсан боловч тэгсэнгүй. Нөгөө намынхаа шийдвэрийг үг дуугүй дагадаг сахилга баттай гишүүд юу болов?

УИХ-ын энэ хуралдаанаас өмнө МАН-ын бүлгийн хурал болж л дээ. Тэр хурал дээр л санал зөрөлдөж хуваагдсан бололтой. Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат тэргүүтэй 32 гишүүн юунаас болж ингэж Ерөнхий сайдаа хааж боох болов? Миний бодож байгаагаар бол энэ 32-ын бүлэг албан тушаал шахах гэж оролдоод бүтээгүй гэж хардаж байна. Энэ 32 өөрсдийнхөө хүмүүсийг шинээр бүрдэх Засгийн газар, яам агентлагуудад ажилд оруулах тухай шинэ Ерөнхий сайдтай тохирч чадаагүй учраас ийнхүү шүд зуун хорсжээ. Өөр ямар шалтгаан байх билээ? Ямар ч шалтгаан байхгүй! Ингэж хоёр хуваагдах хүртлээ муудалцана гэдэг бол маш том ноцтой шалтгаан байсан байж таарах гээд байна. Нөгөө шазруун Хүрэлсүх нь бурууд хатуу байна гэдэг хэлсэн үгэндээ эзэн болно гээд гөжөөд суучихсан хэрэг.

Ө.Энхтүвшин (зүүн талд) , Ж.Мөнхбат
За мэдээж юу боллоо гэж  ямар шалтгаанаар муудалцсанаа хэлэх вэ дээ. Харин шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчтэй бүлгийнхээ хурал дээр тохиролцож чадаагүй гэдгээ Ө.Энхтүвшин хэлж байна лээ. Тохиролцож чадаагүй гэдэг үгийг  анхаарна уу! Тэд Хүрэлсүхтэй юу тохиролцох гэж байв аа? Сандал ширээнээс өөр юу байх юм?
Инээдтэй нь Ө.Энхтүвшингийн тайлбар даанч үнэмшилгүй байлаа. Тэнэг хүн л үнэмших байх. Тэрээр, 65-ын бүлгийн эв нэгдлийг яаж хангах гэдэг нь тодорхойгүй байсан гэдэг хачин шалтгаан хэлж байна лээ. Бүлгийнхээ асуудлыг бүлгийн дарга нь (Д.Хаянхярваа) хариуцах ёстой биз дээ? Намынхаа эв нэгдлийг намын дарга нь хангах ёстой биз дээ? Гэнэт яагаад Ерөнхий сайд энэ бүхнийг хариуцах ёстой болдог билээ? Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад нь ийм зүйл ярьдаггүй л байсан биз дээ? Эрдэнэбатын үед эв нэгдэл алдагдчихлаа гэж гэж ярьж байсныг дуулаагүй юм байна. Хүрэлсүх сонгогдох болсон чинь эв нэгдэл нь алдагдчихсан юм байх.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа чуулган дээр хэлсэн үгэндээ, "Эв нэгдлийг хангана  гэдэг нь  муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдалаа хаацайлна гэсэн үг биш"  гэсэн. Магадгүй энэ үг намынх нь  нэр бүхий гишүүдийн дургүйг хүргэсэн байх магадлалтай. Учир нь муу муухай зүйлийг хаацайлахгүй гэснээрээ нөгөө гэмтэнгүүдээ өмгөөлж хамгаалахгүй гэдгээ илэрхийлсэн учраас цаадуул нь эгдүүцсэн байх. Тэгээд л Бид нарыг оролдож болохгүй, бас  цээжээрээ хамгаална шүү гэдэг шаардлага тавьсаныг нь хүлээж аваагүй учраас сонгохоо больсугай гэж шийдээд бойкотлосон чинь бүтэлгүй болсон нь энэ. 
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан Ж.Мөнхбат  өмнө нь Байнгын Хорооны хурал дээр "Бид нарыг шоронд хийвэл хийгээрэй. Гарч ирээд үзэлцэнэ шүү"  хэмээн шүдээ хавируулан хэлж байсныг саная. Тэгэхээр булхайтай нөхдүүд хамгаалалт хүсээд бүтээгүй учраас уурласан байх хувилбар бас оргүй байж мэдэх.

У.Хүрэлсүх мөн хэлэхдээ, "Надаас болон миний сайд нараас элдэв хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаарай" гэсэн. Энэ бол намынхаа нөгөө тасарсан 32-ын бүлэгт хандаж хэлсэн үг. Энэ үг бас л дээрх таамаглалыг бэхжүүлж байна.  Шинэ Ерөнхий сайд маань намынхаа нөхдийн зуултанд орсон бөгөөд  тэрийгээ ч сайн мэдэж байх шиг. Төгсгөлд нь тэрээр, "Би алуулахаас ч айхгүй байна"  гэсэн билээ. Тайван хүн ингэж хэлэх үү?

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө