Д.Хаянхярваа гишүүний хосгүй санал

Д.Хаянхярваа (УИХ дахь МАН-ын бүлгийн дарга)
Ёрөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд оролцож үг хэллээ. Тэрээр утааны асуудлыг хөндсөн бөгөөд хэрэв УИХ дорвитой арга хэмжээ авахгүй бол Цагаан сарын дараа УИХ-ыг тараах тухай санал тавина гэлээ. МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Хаянхярваа Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг их гайхаж, 3 удаа УИХ-ыг тараах тухай хэлсэнд эгдүүцэж байгаагаа хэллээ. Тэгвэл үүнд гайхаад байх юм алга даа Хаянхярваа гуай! Ерөнхийлөгч хуулинд заасны дагуу л ажлаа хийсэн байна. Тэгвэл хуулинд юу гэж заасан байна гэдгийг  авч үзье.

Эхлээд Ерөнхийлөгчийн тухай хуулийг сонирхоё. Уг хуулийн  2-р бүлэгт  Ерөнхийлөгчийн бүрэн эрх орсон байгаа. Энэ бүлгийн 12-р зүйлийн 5-д ингэж заажээ:

12.5.  Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна.

 Улс орны дотоод байдлын нэн чухал асуудлын тоонд утааны асуудал орж байгаа биз? Энэ асуудлаар мэдээлэл хийж, саналаа оруулсан байна. Хэрэв УИХ ажлаа хийж чадахгүй бол тарах хэрэгтэй тухай саналыг  12-р зүйлийн 11-д заасны дагуу тавина гэлээ. Энэ заалт нь:

 12.11.  Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй.

Мэдээж өөрсдөө тарна гэж юу байхав дээ. Өчнөөн зардал гаргаж үхэн хатан очсон суудлаасаа тэд нар саналаараа ховхорно гэдэг бол чоно махнаас гарахтай адил юм. Яахав, Ерөнхийлөгч санаачлагаараа тарцгаа гэж УИХ-ын даргад хэлж болно л доо. Гэвч дарга мэдээж зөвшөөрөхгүй. Харин үүнээс үл хамаараад Ерөнхийлөгч энэ саналаа УИХ-д оруулж болно гэж заасан байгаа биз? Ингээд оруулаад ирнэ гэж МАН-ын бүлгийн дарга бухимдаж байх шиг байна.

Ерөнхийлөгч өөрөө мэдэж УИХ-ыг тараах тухай ямар ч хуулийн зохицуулалт байхгүй. Үсрээд л санал болгох эрхтэй. Энэ саналаа УИХ-д хэлээд Та нар саналаараа огцорчихвол яасан юм? гэж асууна. Хариуд нь дунд хуруу авна. Гэхдээ дээрх заалтанд дурдсанаар Ерөнхийлөгч энэ саналаа УИХ дээр оруулж болох ба хэрвээ ингэвэл ард түмэн дэмжиж бөөн хэл ам хэрүүл болж, УИХ-ын угаасаа шавартай  хутгалдсан нэрийг бүр баастах гайтай гэж л Д.Хаянхярваа айж байгаагаас зайлахгүй. Ард түмэнд таалагдах гэж шоу хийлээ гэж Ерөнхийлөгчийг загнаж байна лээ. Бас л доромжилж чадаж байна шүү.

Ерөнхийлөгч онц байдал зарлах тухай энэ хуулийн 13-р зүйлийн 6-д ингэж заажээ:

 13.6. Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгнө. Энэ тухай Ерөнхийлөгчийн зарлигийг нэн даруй ард нийтэд зарлан мэдэгдэнэ. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

Дээрх марзан заалтаар зөвхөн УИХ ажиллаагүй үед Ерөнхийлөгч онц байдал зарлаж болно гэжээ. Гэвч УИХ "ажлаа хийж"  байгаа болохоор энэ гамшигт асуудлыг анхааралдаа авч онц байдал тогтоогооч гэж УИХ-аас Ерөнхийлөгч "гуйжээ."  Учир нь эрх нь УИХ-д байгаа юм, хуулиараа.

Үндсэн Хуулийн 25-р зүйлийн 2 дахь хэсэгт УИХ-ын онцгой эрхэд онц байдал зарлах тухай оруулсан байгаа:

 25.2. Дараахь онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:  Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;

Ерөнхийлөгч УИХ-аас энэ онцгой эрхийнхээ дагуу онц байдал зарлаач ээ гэж хүссэн хэрэг.
УИХ-ыг тараах тухай асуудал ч мөн Ерөнхийлөгчийн эрх мэдлээс хальсан асуудал. УИХ-ын тухай хуулинд буй дараах заалтуудыг авч үзье.

УИХ-ын тухай хуулийн 31-р зүйл. УИХ-ын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

 31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

  31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;

Дээрх байдлаас харвал Ерөнхийлөгч маань ямар ч эрх мэдэлгүй нэгэн гэдэг нь харагдаж байна. Угтаа бол эрх баригчид айж сандраад,бухимдаад байх шаардлагагүй юм.Харин Хаянхярваа гишүүн уурандаа Ерөнхийлөгчөд итгэл үзүүлэх асуудлыг тавих хэрэгтэй гэж заналхийлэв. Үндсэн Хуулинд заасан УИХ-ын бүрэн эрхэд Ерөнхийлөгчийг батлах, огцруулах тухай орсон байдаг. Тийм болохоор УИХ-аас Ерөнхийлөгчийг огцруулах санал гаргаж хэлэлцүүлж болно гэсэн үг. Гэвч ямар шалтгаанаар огцруулах вэ?

Үндсэн Хуулийн 35-р зүйлд Ерөнхийлөгчийг ямар тохиолдолд огцруулах тухай заажээ.
35.2. Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

Дээрх заалтаар бол Ерөнхийлөгч тангарагаасаа няцаж, эрхээ зөрчсөн байвал огцруулах юм байна.Ерөнхийлөгч ийм гэмт үйлдэл гаргасан тухай Хаянхярваа  гишүүнд баримт нотолгоо байгаа бололтой. Тэр материалаа Үндсэн Хуулийн Цэцэд өгч дүгнэлт гаргуулах хэрэгтэй болох нь. Тэгээд УИХ-аар хэлэлцэхэд МАН-ын олонхи ярсхийтэл дэмжээд л баталчихна.
Хаянхярваа гишүүн Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай ярьсанд дургүйцэж, Монгол төрийн тэргүүн ийм юм ярьж болохгүй гэж байна. Уучлаарай, хуулинд нь ийм юм ярьж болно гээд заачихсан байна даа! МАН-ын бүлгийн дарга Ерөнхийлөгчөд итгэл үзүүлэх эсэх асуудлыг авч үзэх ёстой гэж байна. Болно шүү дээ.
Ерөнхийлөгч УИХ дээр орж ирээд шантааж маягийн юм хийчихээд гараад явчихдаг гэж Хаянхярваа хилэгнэж байна. УИХ-ыг тараах санал тавина  гэж хэлсэн нь шантааж болсон юм байх.

Ер нь бол утаагаар бизнес хийдэг тухай хүн бүр л ярьдаг. Эсэн бусын зуух Туркээс авлаа л гэсэн, өөрсдөө бас янз бүрээр нь хийлээ л гэдэг. Эцсийн дүндээ утаа нь багасаагүй учраас л ийм хардалт бий болж байгаа юм. Саяхан Төрийн ордонд ч гэл үү баахан зуух, элдэв утаа багасгах зориулалттай шийдэл гэгдсэн эд зүйл тавьж харуулсан үзэсгэлэн болсон гэсэн. Ерөнхий сайд тэргүүтнүүд үзэж байгаа тухай мэдээгээр харуулж байна лээ. Жил болгон л нэг өөр хийц загварын зуух гарч ирдэг, тэрийг нь худалдаж ав гэдэг. Тэгээд ямар ч үр дүн байхгүй.
Хаянхярваа тэр үзэсгэлэн дээр тавьсан тоног хэрэгслийг шахааны бизнес гэж хэллээ, үндэсний үйлдвэрлэгчдээ ямар нүдээр хараад байгаа юм  гэж сүржигнэж байна. Магадгүй хэдэн бизнесмэн, үйлдвэрлэгч аж ахуй нэгж,компаниудад ашигтай байж магадгүй боловч нийт ард түмэндээ ач тусаа өгч байгаа юм алга. Утаандаа хордсон хэвээрээ л байна. Ийм арга зам бол шийдэл биш юм аа гэдгийг ганц Ерөнхийлөгч ч биш, хүн бүр л шүүмжилж хэлж  байна.
Зуухыг утаанаас салах арга гэж үзэж байгаа Хаянхярваа мэт нь асуудлыг үндсээр нь шийдэх сонирхолгүй юм байна.

Ямар Ерөнхийлөгч байхыг ард түмэн мэднээ, Хаянхярваа гуай! Та ч мэддэг юм биш. Та нарыг бодвол бүх ард түмний олонхи нь сонгосон хүн шүү. Та нар бол тойргийнхоо хэдэн мянган хүний саналаар гарсан гэдгээ битгий март. Ерөнхийлөгч хууль зөрчсөн, тангарагаасаа урвасан бол баталгаа нотолгоогоо гаргаж тавь. Тийм юмгүй бол бүү агсар.  Өнгөрсөн он жилүүдэд эрх барьж байсан намуудын засгийн газрууд утааны асуудлыг шийдэж чадаагүй нь үнэн. Тийм учраас бүгдээрээ огцорцгооё гэдэг чинь зөв санал. УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг аваад хэлэлцэх хэрэгтэй. Засгийн газраа бас огцруулахаа мартав. Ерөнхийлөгч  та нарыг бултаараа зайлбал  өөрийнхөө суудлаас ч огцрох биз ээ. Тэгэхээр Хаянхярваа таны эхний ээлжинд хийх ажил бол гишүүдийнхээ гуравны хоёрын дэмжлэгийг авах талаар хөөцөлдөх явдал байх нь байна шүү. Засгийн газрыг мөн унагаах үндэслэлээ сайн боловсруулж гишүүддээ сайн ойлгуулаарай. За ингээд ажилдаа орж дээ. Шударга зоригтой санал дэвшүүлсэнд талархаж байна. Хийх л үлдэж байна даа. Үгнээсээ буцаж л нүдний булай болов!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол