Ганцхан сонголт үлджээ

Парламентын засаглал Монголд тохирохгүй юм байнаа гэдгийг өнгөрсөн 20 гаруй жилийн хугацааны түүх баталлаа. Үүний баталгаа нь бидний өнөөдрийн байж байгаа царай.
Намчирхаж, улс төржихгүйгээр ярьцгаая.

Хамгийн түрүүнд бид юунд хүрч, ямар амжилт гаргав аа гэж асууя.
Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч гэх мэтийн тунхаглалын чанартай өөрчлөлтүүдээ энэ удаа орхиод (Цаасан дээр бол тунхагласан боловч яг үнэндээ хангагдсан уу гэвэл бас л асуудалтай), бодитоор ард түмний амьдрал яаж өөрчлөгдөв гэдэг үзүүлэлтийг л сонирхоё. Ер нь хамгийн гол үзүүлэлт энэ болов уу.

Товчхон хэлбэл, ард түмэн ядуу амьдарч байнаа. Баян ядуугийн ялгаа ихсэж, дундаж чинээлэг давхарга бий болсонгүй. Хадгаламжийн 80-90% нь хүн амын цөөхөн хувь болох чинээлэг баячуудын нэр дээр байна. Гурван Монгол хүний нэг нь маш ядуу байна.
Жирийн иргэд олонхи нь өнөө маргаашаа аргацаасан байдалтай, зээлээр амь зууж байна.
За ийм дүр зураг харагдаж байна. Өөрөөр хэлбэл бидний амьдрал сайжирсангүй, зарим талаараа дордсон. Бидэнд эцсийн үр дүн чухал болохоос яг үнэндээ аль нам нь хэдэн удаа эрх барьж байсан гэх мэт нь сонин биш. Одоо чи би гэж бие бие рүүгээ буруугаа түлхдэгээ болих хэрэгтэй. Эрх барьж байсан 2 намын аль нь ч ажлаа сайн хийж чадаагүйн эцсийн лай ланчигийг ард түмэн, улс орон маань үүрч байна. Хэн нь ч байсан ялгаагүй байж. Бодоод байхад алдаа нь бид буруу системийг сонгосонд л байсан юм байна. Өөрөөр хэлбэл, Парламентын системийг сонгох ёсгүй байжээ. Тэр үед ингэнэ чинээ бодсонгүй еэ хө гэж дуулах  л дутаад байна.

Хүн ам нь дөнгөж 3 сая хүрсэн бөгөөд газар нутаг арвин, хөрсөн дээрх болон доорхи баялаг нь элбэг энэ орныг ийм байдалтай байлгана гэдэг бол гутамшиг.  Систем нь буруу бөгөөд төр засгийн удирдлага, төрийн алба хашигчид шат шатандаа энэ байдлыг ашиглаж амин хувиа хичээж иржээ. Дорж юм уу Дондогтоо биш бололтой. Хэн нь ч гарсан  боломжийг нь бүрдүүлээд өгчихөөр албан тушаал, эрх мэдлээ өөртөө ашигтайгаар ашиглахаас татгалздаг хүн бараг байдаггүй бололтой. Хүний шунал аа гэж. Жигтэйхэн гэгээрсэн хүн л биш эхлээд улсаа боддог, дараа нь өөрийгөө боддог "тэнэг" хүн  алга. Аль ч газрын хоёр хөлт хохимой толгойтон адилхан байдаг юм байна. Соёлтой, боловсон гэгээрсэн, хөгжингүй нийгэмд  иргэд нь яагаад өөр хандлагатай байдаг вэ гэвэл тэнд ёс журам чанга , хяналт, хариуцлага өндөр байдагтай холбоотой. Тэрэндээ баригдаад  байхгүй юу! Гэсэн хэдий ч ёс бус үйлдэл огт гарахгүй байна гэж байхгүй, гэхдээ маш бага гардаг. Мэдээж иргэд нь гэгээрсэн, ухамсартай байх нь иймэрхүү ёс бус үйлдэл бага гарахад нөлөөтэй.Тийм учраас иргэд маань улс төр, нийгмийн ядаж анхан шатны мэдлэгтэй гэгээрсэн байх нь чухал гээд байгаа юм.

Харамсалтай нь төр засаг маань иргэдээ гэгээрүүлэх тал дээр юу ч хийгээгүй учраас ард түмэн маань цагаан цаас хэвээрээ шинэ онтой золгож байна. Тийм учраас дан ганц иргэдийн ухамсарт найдах арга алга. Ганц арга нь системээ зөв сонгоод хууль дүрмээ хатуу мөрдөөд, мөрдүүлээд явахад алсдаа "үүл арилах"  найдвар байна. Шударга бус явдал, хулгай луйвар хуйвалдааныг маш бага хэмжээнд барьж, зөв хөгжиж сайхан амьдрая гэвэл дараах зүйлүүдийг хангах ёстой гэж бодож байна:

1. Иргэдийнхээ сэтгэл зүй, уламжлал зан үйлд ойрхон системийг сонгож авах хэрэгтэй
Дэлхийд мэдэгдэж буй засаглалын хэлбэрүүдээс Парламентын засаглал, Ерөнхийлөгчийн засаглал   хоёрыг дийлэнх улсад сонгож хэрэгжүүлж байна. Үүнээс бидэнд тохирох нь Ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр гэж ойлгож байна. Парламентын засаглал тохирохгүй гэдэг нь батлагдсан учраас халах цаг нь болжээ. Алийн болгон таарч тохирохгүй юмаар улс орноо, ард иргэдээ туршилтын туулай болгох вэ?

Дээрх хоёр тогтолцооны ялгааг товчхон хэлбэл, Парламентын системд  Ерөнхий сайд ба түүний багийн гишүүд (Засгийн газар нь)  нь Парламентаасаа батлагдаж, түүний өмнө тайлангаа тавьдаг. Ялсан намын дарга гүйцэтгэх засгийн тэргүүн буюу Ерөнхий сайд болж, багаа бүрдүүлж батлуулж аваад парламентын дохио зангаагаар ажлаа явуулдаг. Парламент баталсан учраас бас огцруулж чадна. Ерөнхийлөгч нь эрх мэдэл багатай, ялангуяа гүйцэтгэх засгийн ажилд оролцох, хутгалдах боломжгүй. Энэ системийн хэд хэдэн холимог хувилбарууд байдаг.
Ерөнхийлөгчийн системд Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогдож, өөрийнхөө багийг бүрдүүлж, парламентаас хараат бусаар ажилладаг. Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн ба гүйцэтгэх засгийн тэргүүнээр (одоогийнхоор бол Ерөнхий сайдаар) ажилладаг гэсэн үг. Улс орны эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар Парламенттай (УИХ-тай) зөвшилцөхөөс бусад бүх ахуйн асуудлаа өөрөө толгой мэдэж шийддэг болно. Парламент хуулинд заасан ноцтой шалтгаанаар итгэл үзүүлэх эсэх асуудлаар  Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөхөөс бусдаар Ерөнхийлөгчийг огцруулах эрхгүй. Ерөнхий сайд гэдэг тусдаа албан тушаал байхгүй.

Ерөнхийлөгчийн засгийн давуу тал юу байна? Гүйцэтгэх засаглал (Засгийн газар), хууль тогтоох байгууллага (УИХ) хоёр бие биенээсээ хараат бус ажиллана. Ерөнхийлөгч хариуцлагыг шууд өөрөө биечлэн  хүлээдэг, сөрөг хүчний дарамт шахалтанд өртөж ажил цалгардах нь бага. Тэгвэл Парламентын засаглалд  хариуцлага хүлээх тодорхой эзэнгүй, учир нь хариуцлага нь ялсан намын дарга бөгөөд Ерөнхий сайд, кабинетын гишүүд буюу яамдын сайд нар, ялсан нам, ялсан нам олонхи болсон УИХ (эндээс Засгийн газар батлагдсан шүү дээ) гэсэн олон этгээдийн дунд цалгарддаг. Эцэстээ хэн нь ч хариуцлага хүлээдэггүй, элдэв шалтаг хэлээд бие бие рүүгээ бухаад өнгөрдөг. Харин Ерөнхийлөгчийн засаглалд Ерөнхийлөгч улс орныхоо дотоод гадаад бүх л асуудлыг хариуцах учраас хэрвээ муу ажиллавал ард түмэн хэний толгойг авахаа мэднэ гэсэн үг.

2. Иргэдээ гэгээрүүлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд зорилготойгоор, бодлоготой байнга явуулж баймаар байна. Дунд сургуулийн ахлах ангиас эхлэн ТМС, коллеж, дээд сургуулиудад нийгмийн, эдийн засгийн зохих мэдлэгийг олгож байвал  иргэд маань сонголтоо зөв хийдэг, мэддэг болно гэсэн үг. Тодорхой хэмжээний мэдлэгтэй байж л ямар сонголт хийхээ мэддэг болно. Мэдлэггүй, харанхуй хүмүүсийг мунхруулахад амархан, мөн архи мөнгөөр саналыг нь худалдаж авч болдог. Манайд тийм явдал өмнөх сонгуулиуд дээр зөндөө гарч хэл ам болдог байсан.

Иргэд маань өнөөдөр мэдлэг муутайн улмаас хэнээс хариуцлага нэхэх болон хэн ямар үүрэг хүлээснийг мэдэхгүй буруу зөрүү ярин будилж байна. Парламентын засаглал гэдгээ ч мэдэхгүй иргэд олон байна. Ямар ч эрх мэдэлгүй, бэлэг тэмдгийн Ерөнхийлөгчөөс ажил хариуцлага нэхэж байна. Угтаа бол  засгийн ажлыг ялсан намын дарга буюу Ерөнхий сайд  хариуцаж хийж байгаа. Гэхдээ ялсан нам олонхи болсон УИХ засгийн ажилд их хутгалдаж Ерөнхий сайдыг хурууныхаа үзүүрээр хөдөлгөдөг. Эцэстээ хариуцлага хүлээх эзэн олддоггүй. Ерөнхий сайд уу, түүнийг томилсон УИХ уу?

1992 оноос хойш тооцвол 25  жил Парламентын системийг туршлаа. Үр дүнг нь харвал харахаар хангалттай хугацаа өнгөрчээ. Болохгүй юмыг үргэлжлүүлээд байх шаардлага алга. Одоо өөрөөр үзэхээс өөр сонголт алга даа. Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол ганц хүнийг маань гадныхан урвуулаад авчихна, дарангуйлагч бий болно гэхчлэн харлуулах ухуулга их явдаг. Энэ бол ямар ч үндэсгүй бөгөөд хуулиар зохицуулаад хаачихаж болох (хэрэв ийм асуудал гарна гэж бодлоо гэхэд)  боломжтой зүйл. Одоогийн байдлаа хадгалж үлдэх сонирхолтой бүлгийн хийж байгаа энэ мэт сөрөг ухуулганд авталгүй, өөрчлөлтөө зоригтой хийх хэрэгтэй байна. Эс тэгвэл бид дахиад 25 жилийн дараа Монголоос юу үлдэх вэ гэдгийг төсөөлөхөд хэцүү биш болжээ.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол