H-2B виз сонирхогчдод зориулав

H-2A (эйч түү эй) ба H-2B (эйч түү би) гэдэг нэртэй 2 төрлийн визийг олгодог орнуудын жагсаалтанд Монгол Улсыг багтаасныг АНУ зарлалаа. Эхний визийг  нь газар тариалангийн салбарт, удаахыг  нь газар тариалангийн бус салбарт   гадаад орнуудаас дээд тал нь 3 жил хүртэл хугацаагаар ирж ажиллах хүмүүст олгодог. Өмнө нь Монгол улсыг энэ виз авч болох орнуудын тоонд оруулдаггүй байж л дээ. Одоо яагаад оруулах болов гэсэн чинь  Монгол Улс өөрийнхөө хууль бус иргэдийн тухай мэдээллийг Америкуудтай хуваалцаж, албадан гаргаж буцаах талаар хамтран ажиллах болсон учраас шанд нь ингэж саймширсан бололтой. Харласан Монгол иргэд хөөгдөж, оронд нь бүтэх эсэх нь үл мэдэгдэх хар ажлын виз гээч юмаар чихэр долоолгож байгаа юм шиг байна. Бүтэх эсэх нь үл мэдэх гэдэг нь өрсөлдөөн ихтэй учраас Монголоос энэ ангиллын визээр хүн очиж ажиллах  магадлал тун бага  гэсэн үг.

Нийт 83 орны тоонд багтсан Монголчууд сургаар нь хөөрцөглөж баярлаж байгаа боловч үнэндээ учрыг нь сайн ойлгохгүй байна. Ойлгуулж тодорхой мэдээлэл өгч байгаа хүн ч алга. АНУ-ын элчингийн консулын газрын дарга нэг нөхөр мэдэгдэл хийж их зантай нь аргагүй ярвайж байгаад дуусгав. Энэ ажлын виз олгож байгаа боломжийг аятайхан ашиглаж чадахгүй бол буцаагаад больчихож чадна шүү гэх аятай мундагдав.

Тэгэхээр ийм байнаа. Хамгийн товчоор хэлэхэд, ажил сонирхогч миний бие эхлээд бүртгүүлэх, виз хүсэх биш харин ажил олгогч нь эхлээд баахан маягт бөглөж зөвшөөрөл авсаны дараа би эх орондоо байгаа АНУ-ын элчинд заасан журмын дагуу виз хүсэх юм байна. Ажил олгогч чинь эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас гадаадаас ажилчин авах түр зөвшөөрөл (сертификат) гээчийг авна. Дараа нь түүнийгээ ажилчин авах тухай I-129 гэдэг маягтын хамт Цагаачлалын алба руу явуулах  ёстой. Цагаачлалын алба дээрх өргөдлийг  зөвшөөрсөний дараа би  визээ хөөцөлдөнө гэсэн үг. (I-129 маягт зохих шугамаар АНУ-ын  элчин сайдын яамны Консулын газар ирдэг). Ажил олгогч маань Цагаачлалын албанаас ирүүлсэн зөвшөөрөл болох I-797 гэдэг маягтыг над руу явуулах бөгөөд би хуулбарыг нь визээ мэдүүлэхдээ хавсаргана. Энэ маягт дээр миний нэр , ажил олгогчийн нэр, ямар статустай болох, ажил эрхлэх хугацаа зэрэг мэдээллийг бичсэн байна. Сургуульд явахад ирүүлдэг урилга шиг л баримт юм.  Ерөнхий процесс нь ийм байна.

Юунаас эхлэх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж ажил олгогчоо олохоос л бүх юм эхлэх нь байна. Энэ л хамгийн чухал асуудал. Манайд үнэндээ энэ төрлийн виз анх удаа авах боломж олдож байгаа учраас бүх юм шинэ байна. Хүмүүсийн мэдлэг,мэдээлэл муутайг далимдуулан, хөөрсөн сэтгэл дээр нь тоглож, элдэв хураамж авч бүртгэх, зуучлах нэрээр элдэв байгууллага, хувь хүмүүс сурталчилгаа явуулаад эхэллээ. Нөгөө ногоон картанд бүртгэж зуучилдаг шиг. Ногоон картны үйлчилгээ хамаагүй хялбар байсан ч хүмүүс янз бүрийн зуучлагч нарт төлбөр төлөн үйлчлүүлж байсан.Харин энэ ажлын виз бол шал өөр  юм.

Хүн бүр өөрөө компаниа олоод, ажлаа олоод тэгээд харьцаад байх боломжгүй нь мэдээж. Хэлний асуудал байна, мөн цаг зав муутай байж болно. Тэгвэл тухайн ажил олгогч компани бид хоёрыг холбож зуучилж өгдөг зуучлалын компаниуд байдаг. Дөнгөж сая 83 орны жагсаалтанд орсон манай улсын хувьд хэдийдээ ийм зуучлагч нартай  болж амжих  билээ?
Ажилд зуучлагч этгээд Америкийн аль мужуудад ямар ажлын байр хэрэгтэй байгаа болон ямар аж ахуйн нэгж, компаниуд гадаадаас ажиллах хүч авах хүсэлт гаргаж зөвшөөрөл авсан зэрэг мэдээлэлтэй сууж байх ёстой. Ингээд л мөнөөх ажлын байруудад хүмүүсийг бүртгэж аваад тэр хүмүүсийнхээ мэдээллийг нөгөө компаниуддаа явуулна. Цаадуул нь тэр мэдээллийг Цагаачлалын бус ажилчин авах тухай I-129 гэдэг маягтанд оруулж Цагаачлалын алба руу илгээснээр миний нэр бичигдсэн зөвшөөрөл буюу I-797 гэдэг маягт надад ирэх  учиртай  юм.
Визний ярилцлаганд орох үед I-797 авчрах шаардлагагүй болсон боловч АНУ-ын Цагаачлалын албанаас I-129 маягтыг хүлээж авахдаа өгсөн дугаарыг  Консулд өгөхөд хангалттай гэнэ.

Зуучлагч этгээд (хувь хүн буюу компани) тухайн ажил олгогчтой гэрээ хийсэн байна. Ийм зуучлагч компани, хувь хүмүүсийн тухай мэдээлэл (овог нэр,улс, хот,  компаний нэр, өргөдлийн дугаарууд)  АНУ-ын Хөдөлмөрийн яамны цахим сайт дээр тавигдсан байдаг. Одоо байгаа жагсаалтаас харахад нийтдээ 703 зуучлагчийн нэр байна. Зарим зуучлагч ганцхан  дугаартай (H-2B өргөдөл гаргах бүрд тусгай дугаар өгдөг) байхад, зарим нь 700 шахам дугаартай байх жишээтэй. Үүнээс ч олон дугаар авсан (нэг дугаар = нэг өргөдөл) авсан хүн байж мэдэхээр харагдаж байна. Зуучлагчдын оршин байгаа улсыг нь харвал  Румын, Молдав, Серб, Украин, Бразил, Словак, Хорват, Чөх, Унгар, Болгар, Польшоос нэг хоёрхон байхад Мексик, АНУ-аас хамгийн олон тоогоор байна. Өмнөд Африк, өмнөд Америкийн улсуудаас ч байна. Азиас харагдаж байгаа нь Тайландаас ганц зуучлагч байна. Ямайкаас бас зөндөө байна.

Гадаадын болон АНУ-ын зуучлагч компаниудын жагсаалтын хэсэг
 АНУ-ын Хөдөлмөрийн яамны цахим хуудсан дээр энэ сарын 17-нд тавьсан сүүлийн үеийн мэдээллийг дамжуулая.
Хөдөлмөрийн яамны Гадаад ажиллах хүчинд  зөвшөөрөл өгөх  албанд  (ГАХЗӨА) 2018 оны 1 сарын 1-нд ирүүлсэн өргөдлийн тоо тооцоолж байснаас хамаагүй их ирсэнтэй холбогдуулан ажил олгогч болон бусад хувь эзэмшигчдэд анхааруулах зорилгоор H-2B түр ажлын зөвшөөрөл (сертификат) олгох ажиллагаанд өөрчлөлт оруулж байгааг мэдэгдсэн байна. Ачаалал их байгаа учир тус газраас эхний ээлжинд 40 мянган ажлын байрыг хамарсан 2400 өргөдлийг авч үзэх юм байна. Нийт зөвшөөрөл хүсэж ирүүлсэн  4500 орчим өргөдөлд 80 мянган ажлын байрыг багтаасан байжээ.
Одоо үлдсэн гэж байгаа ажлын визийг 33 мянган хүнд олгоно гэж бодоход эрэлт нь нийлүүлэлтээсээ хэд дахин давчихсан нь харагдаж байна. Энэ нь сайн хэрэг боловч түрүүлж ирсэн нь түрүүлж үйлчлүүлдэг ёсын дагуу дээрх зөвшөөрөл хүссэн компаниуд үндсэндээ өөрийнхөө авах хүмүүсийг сонгочихсон байгаа гэсэн үг. 

За ямартай ч өмнө нь ийм зуучлах бизнес хийгээд сурчихсан гадна зуучлагч компаниуд аль хэдийн ажил олгогч нараа олоод, тэнд ажиллах хүмүүсээ зоочихсон байна. Тэгэхээр энэ жилийн 33 мянган хүн дотор багтах Монгол ажилчин бараг л байхгүй  болов уу. Харин энэ ажлын визийг жил бүр олгодог учраас яваандаа манайд ийм зуучлал эрхэлдэг компаниуд бий болж, АНУ-ын компаниудтай холбогдож Монголчуудаа тийш нь явахад тусладаг болох биз ээ.
Нөгөө их зантай яравгар Сэм гуай зангаа хувиргаад Монголыг жагсаалтаасаа хасчихгүй бол шүү дээ.  Ер нь Латин Америкийн , ялангуяа Мексик, улсуудтай өрсөлдөхөд чанга л байх болов уу. Гэвч үзээд алдахад яагаад болохгүй гэж. Энэ жилдээ харин  хөөрцөглөж гүйлдэхээ болиод тайван амгалан байцгаая. Энэ визний асуудлыг далимдуулж бүртгэлийн хураамж гэх мэтээр хуурч ядарсан иргэдийнхээ хармааг ухаж, талхных нь мөнгийг булаах санаатай шуналын туламнууд наад санаагаа больчихвол хойд насандаа тамд очих магадлал чинь багасна шүү гэдгийг анхаарна биз. 


Comments

  1. Ажил олгогчоо олохдоо зөвхөн зуучлагч этгээдээр (компани буюу агентлаг) дамжуулах ёстой гэсэн өрөөсгөл мэдээ, бичлэг соошилоор явж байна. Хувь хүн өөрөө бие даан шууд ажил олгогчоо олоод харьцаад явах боломжтой гэдгийг дахиад сануулая.

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Монгол нум сум

Зүй бус хорогдол ба Монголчуудын доройтол

Тээрхийн арьсгүй Монгол