Зөв сэтгэл

Тавантолгойн уурхайд том даацын тэргээр нүүрс зөөдөг анд маань "Юу байна даа?" гэж асуухад минь, "Юу байхав дээ, Монголоо л зөөж байна" гэж халаглана. "Бурхан гуйсан ч бүү өг" гээд байхад хамаг байдгаа тавиад туулаа гэж Самандын хүү Жавхлан  бачимдана. Газар шорооныхоо төлөө амиа өгөхөөс ч буцахгүй хэмээн Цэцгээгийн Мөнхбаяр буу дуугаргаж дохио өгнө. Эдгээр хүмүүс бүгд "галзуу" гэдэг хоч зүүгээд амьтанд адлагдан явж байна. "Ухаантангууд"  нь хамаг баялгаа ухаж зараад хурдан баяжихаа бодно. Үүнийгээ Монгол Улсаа хөгжлийн оройд, цэнгэлийн манлайд хүргэхийн тулд хийхээс аргагүй гэж тайлбарлана. "Алтан дээр суусан гуйлгачин"  алтаа хамаагүй ухаж өгч байж өөрөө доошоо цөмөрч үхэх вий дээ. Газар доорх эрдэнэсээ хав дарж хэвтэхдээ биш л дээ. Ухаж төнхөхдөө учиртай баймаар. Сэндийчсэн газрыг хэн ч "онгон байгаль" гэхгүй. Чулуу нэг хөдөлсөн бол дахиж байрандаа орно гэж байхгүй. Мал аж ахуйн орон гэдгээ мартчихаад  манаргаад байгаа юм биш биз? Хэдэн малаа хаана билчээх гээв? Хамаг малчидаа  Нарантуулын наймаачин болгох гээ юу? Монголчууд махнаас гарч "ногоон" ч бил үү,  "цагаан" ч гэл үү, хоолтон болж байгаа юм чинь малаар яах юм гэж үү?  Хойч үедээ жаахан эрүүл газар, цэвэр ус, хэдэн мод сөөг үлдээж болох нь уу?

Хайгуулын лиценз олгосон газрууд (цэнхэрээр будсан ) Монголыг нэлд нь бүрхжээ.


Ийм л асуултыг дээрх хүмүүс тавиад байгаа юм. Хөгжлийн эсрэг зогсоод хөндөлсөөд байгаа юм биш. Хөгжихөд учир бий. Уул уурхайн бизнес бол  байгаль дэлхийг сүйтгэдэг гэмтэй салбар учраас их бодлоготой, болгоомжтой, хариуцлагатай байя л гэж байгаа юм. Урт нэртэй хуулийн зорилго тэр. Газар болгон  ухаж онгичоод замбараагаа алдлаа. МАН хэмээх  намын хулгайчид засаг барьж байхдаа уул уурхайн лицензийг бөөнөөр нь гадаад дотоодынхонд зарсанаас болж Монголын газар нутаг аалзны (лицензийн) торонд хэрэгдсэн байна. Лицензгүй, хэн нэгний мэдэлд очоогүй газар гэж алга. Шуналын дэвүүд бүх Монголчуудын өмч- газар шороог зарж хагартлаа  баяжжээ. Нүгэл нь нүдээрээ гарна гэдэг байх аа?  Урт нэртэй хуулинд өөрчлөлт оруулах гэж байгаа, санаачилсан этгээдүүд Монгол Улсын эсрэг, Монголчуудын эрх ашгийн эсрэг зүйл хийж байна гэдгээ ухамсарлаж энэ тэнэглэлээ даруй зогсоох хэрэгтэй. Эс тэгвэл хийсэн нүглийнхээ төлөө хэдэн үеэрээ цээрлэл амсах болно шүү. Энэ бүхнийг хардаг тэнгэр гэж бий.

Мөнхбаяр, Жавхлан нарын сэтгэл нь зөв юм. Тэд Монголынхоо төлөө дуугарч байгаа хүмүүс. Тэдэнд ямар ч лиценз хэрэггүй. Хувийн шунаг сэтгэлээ хуулиар хамгаалуулж, ард түмний өмчийг арилжиж, амин хувьдаа ашиг олохыг санаархаж байгаа хүмүүс гэмгүй өнгөрнө гэж бодвол эндүүрэл. Түүх, ард түмэн тэднийг хожим хэзээ нэгэн цагт шүүх болно. 
"Галзуу" хүмүүсийг өмөөрч, дуу хоолойгоо нэгтгэж тэмцэж байгаа хүн хэд байнаа? Монголчуудын нүд нь сохорч, ухаан нь балартаж, ам нь үдэгджээ. Бетонон дөрвөн ханан  дотроо жоом шиг шигдэж, паалантай жорлонгоос хол явж шээж чадахаа больжээ. Сүр сүлд нь үхэж, бие махбодь нь сульдаж, эмс нь бузарлагдаж, эрс нь хувцасны гол, шүдэнзний мод болцгоожээ. Эр эм нь ч ялгагдахаа больж. Монголоо биш, харийн соёлыг шүтсэн, ухаанд нь ухна үхсэн, адгууслаг хүний оронцогууд болж хувирчээ. Юутай гутамшиг! Зөв эрүүл сэтгэдэг, Монголоороо үлдсэн хүн байвал дуугарах цаг болжээ. Харангын Лхагваа дуулж байна:

Хаана байна, Халхын хөвгүүд
Хамаг Монголоо харж байна уу
Дуу хуур эгшиглэсэн эх нутгаа
Дуусгаж уусгалгүй
Дуулим хорвоод алдрыг нь дуурсгая

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө