Баттулга сайд буруу ярьсан уу?

Х.Баттулгын өгсөн гэх ярилцлага
Халтмаагийн Баттулга Оросын "FirstNews" агентлагт утсаар ярилцлага өгсөн тухай шуугиж байна. За бараг л Ц.Нямдорж сайд байхдаа Хятадын нууц албаныхантай уулзаж Бээжинд дайлуулж байснаас илүү ноцтой хэрэг хийчихсэн  юм шиг ярьж байна. Баттулга сайд өөрөө үүнтэй холбоотой байр сууриа илэрхийлсэн мэдээ олдсонгүй. За үнэн худал аль нь ч байсан энэ ярилцлагатай холбоотой мэдээ тавьсан tsag.mn  сайт дээр бичсэнтэй холбогдуулан хоёр үг хэлье.   Баттулга сайд Крымын тухай асуудлаар  тэндхийн ард түмний сонголтыг хүндэтгэж байгаагаа хэлсэн байна. Санал асуулгаар ихэнх нь Орос улстай нэгдэхийн төлөө саналаа өгчээ. Маш өндөр хувьтай (80% давсан оролцогчтой гэсэн мэдээ байна) санал асуулганд оролцогчдын 97% (!) Оросын Холбооны Улсад нэгдэхийг дэмжсэн байна.  Крымын хүн амын 58% нь Орос үндэстэн, 24% нь Украин үндэстэн, 12% нь Татар  юм байна. Ихэнх Татарууд санал асуулгад оролцоогүй гэнэ. Реферэндум зохион байгуулсан газраас өгсөн мэдээнд үнэмшвэл Украинчуудын ихэнх нь Орост нэгдэх санал өгсөн болж таарах гээд байна. Санал хураалт шударга бөгөөд элдэв булхайгүй явсан эсэх нь тусдаа асуудал.

Баттулга сайд ард түмний санал асуулга (реферэндум) бол ардчилалын нэг хэлбэр  учраас Крымын иргэдийн сонголтыг хүндэтгэж байгаагаа хэлсэн байх. Сайдын үзэл бодол Монгол Улсын байр суурийг илэрхийлэхгүй. Тэр хүн Монгол Улсын Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайд биш, Гадаад Яамны сайд ч биш. Тийм учраас Баттулгын үзэл бодол АНУ, Европын Холбоо, Хятадтай харилцах харьцаанд томоохон асуудал үүсгэж болзошгүй  гэж сүржигнэх нь илүүц юм. 2006 онд Монтенегро  гэдэг бяцхан улс Серб улсаас бас л ард түмний санал асуулгаар тусдаа тасарч байсан түүхтэй.

tsag.mn дээр тавигдсан  нэргүй мэдээлэлд бичсэнээр бол сайдын энэ мэдэгдлийн улмаас "Монгол дахь Европын Холбооны  салбар нэгжүүд , аж ахуй , ялангуяа голчлон хийгддэг банк санхүүгийн хөрөнгө оруулалтуудаа татах, эсвэл царцааж эхэлбэл хохирогч нь Монголын ард түмэн байх болно гэдгийг мэдддэг баймаар" гэжээ. Үгүй ээ мөн сүржигнэж байгаа юм шүү. Хэн нэгэн төрийн сайд хувийн бодлоо хэлсэний төлөө Европын Холбоо Монголын эсрэг бойкотлох арга хэмжээ авах юм гэнэ. Ямар өвчтэй галзуу солиотой хүн ийм юм бичдэг байнаа? Цааш нь, "Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд үл нийцсэн төрийн өндөр албан тушаалтан зохих хариуцлагаа хүлээн хэлсэн үгэндээ уучлал хүсч даруй залруулах буйзаа" гэж донгоссон байх юм. (За энэ хэлж байгаа үг өгүүлбэрийнх нь  найрлага бүтэц гэж авах юм  алга аа.)  Үүнийг орхиод, буруу бичсэнийг нь засаж  ойлгох гээд үзье. Баттулгын хэлсэн үг Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд үл нийцэж гэнээ. Тэгвэл манай гадаад бодлого нь АНУ, Европын Холбоо зэргийг мухар сохроор дагах явдал юм уу гэж асууя. Зохих хариуцлагаа хүлээн уучлал гуй гэжээ. Ямар хариуцлага  хүлээж , хэнээс яасан гэж өршөөл гуйх юм бол оо? Иймэрхүү сүржин үгтэй даржин юмнууд юу бичиж байгаагаа  ч мэдэхгүй амныхаа зоргоор бурдаг байхгүй юу.

Юутай ч гэсэн Крым буцаад Оросын мэдлийнх боллоо. АНУ болон ЕХ хичнээн тийчигнээд зогсоож чадахаасаа өнгөрсөн. Одоо бол бандан тас. Хувь хүмүүс өөр өөр үзэл бодолтой байж болно. Би жишээ нь, Крымын санал асуулга Украйны Үндсэн хуулийг зөрчсөн учраас хүчин төгөлдөр биш гэж хэлж болно. Гэвч тэндхийн хүн ам нь,  тэр хамаагүй ээ бид шийднэ гэчихсэн бол одоо ямар хүчээр зогсоолтой биш, яах ч аргагүй болсон. Украйнчуудын өөрсдийнх нь буруу ч их байгаа байх. Орос хэл болон орос хэлтэнг гадуурхсан үйл ажиллагаа явуулаад эхлэхээр чинь тэнд байгаа Оросуудын загатнасан газар нь маажив гэдэг  явдал болно биз дээ. Барууны хориг арга хэмжээ Орост нэг их нөлөөлөхгүй болов уу. Европ шатдаг хийнийхээ 30%-ийг Оросоос авдагаа болилоо гэхэд тэр цагт Хятад дангаараа тэр хэмжээний хийг Оросоос импортлодог болчихсон байна биз. Орос баавгайг "нухна" гэдэг амаргүй. Амаргүй ч биш, бүр бүтэхгүй. Манай Засгийн газар, Ерөнхий сайд эсвэл Гадаад хэргийн сайд нь энэ асуудал дээр хэн нэгнийг нь дагаж далдганах нь мэдээж илүүц юм.  Тийм ч учраас өдий болтол албан ёсны байр сууриа илэрхийлсэн мэдэгдэл гараагүй биз. Гаргах шаардлагагүй ч биз. Харин аль нэг салбарын сайд өөрийн бодлоо илэрхийлэх нь ардчилсан оронд байдаг л үзэгдэл. Гадаад бодлогын хувьд албан ёсоор тухай улс орноо  төлөөлдөг субьектүүд гэж тусдаа байдаг учраас Баттулга сайдын энэ хэлсэн үгэнд эмзэглээд, эсвэл сүржигнээд байх явдалгүй юм.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө