Курить курю, а пить не брошу!

Тамхи таван нас, архи арван нас хорооно. Архи амьдралын дайсан,тамхи уушгины дайсан.  Архичин хүний элэг эрээн  цоохор, тамхичин хүний уушиг тарлан цоохор. Сархад савнаасаа бусдыг дийлнэ... Монголчууд бид "цэцэрхэхдээ" сайн боловч тэр хэлж ярьж байгаагаа нэг их тоодог юм уу?  Дээр ишилсэн хэдэн цэц үгнээс харвал архи тамхи шиг хэрэггүй бөгөөд "дайсантай" юм алга гэмээр.  Насны тооноос  хороодог л гэнэ, эд эрхтэн авах юмгүй болгодог л гэнэ.  Хэн тоож байгаа юм бэ?!  Шил шилээр нь гударсаар, хайрцаг хайрцагаар нь сорсоор...

Бидний нүүр царай
Архи, тамхи гэдэг нь хүн төрөлхтөний "нээж олсон" хамгийн хэрэггүй зүйлс боловч хамгийн эрэлт ихтэй, түгээмэл хэрэглэдэг эд болж чаджээ. Хүн гэдэг золигийн сониуч амьтан учраас  юм болгоныг туршиж үзэх гэнэ.  Ингээд л энэ шингэн ба утаат хоронд автчихдаг. Бие махбодь нь донтдог гэсэн үг. Донтож дассан биеийг болиулна гэдэг тун хэцүү. Харин донтохоос  нь өмнө сэргийлэх арга хэмжээ авах нь хамаагүй үр дүнтэй арга болов уу. Ийм учраас энэ тал дээр төр засгаас, иргэдээс санаачлагатай байж тодорхой ажил өрнүүлэх хэрэгтэй юм шиг. Ирээдүйн иргэдээ эдгээр хорнуудаас хол байлгаж, жигшүүлнэ гэсэн үг. Үүний тулд маш том компанит ажил зохиох хэрэгтэй. Нэг удаа явагдаад  дуусах  биш хэдэн арван жил  үргэлжлэх  "соёлын довтолгоо" хэрэгтэй байна.

Нэгэнт архинд орсон, уудаг (амсдаг  хүмүүс энд бас багтана шүү!) болон тамхи татдаг  (архаг эсэх нь чухал биш) хүмүүсийг гаргаж чадахгүйгээс хойш тэднийг орхиод, харин залуу, хүүхэд үе рүүгээ хандсан бодитой ажил хийе. Нэгэнт байнга үргэлжлэн хийгдэх учраас энэ ажилд зардал багагүй гарна. Гэхдээ энэ зардлын ихэнхийг энэ хорыг хэрэглэж "сөрөг сурталчилгаа" хийж байгаа архи, тамхи хэрэглэдэг хүмүүсээс гаргуулж авдаг систем бий болгоё.  Архи болон тамхи хэрэглэдэг хүмүүсээс нийгмийн сэтгэхүйг болон бусдын эрүүл мэндийг "санаатайгаар" хордуулсаны төлөө "хохирлын татвар" авч, энэ орлогыг архи тамхи хэрэглэж эхлэх эрсдэлтэй насандаа яваа хүүхэд залуучуудаа аврахад хэрэглэе.  Ухуулга сурталчилгааны ажилд зарцуулна гэсэн үг.  Тамхинд орсон, архи уудаг хүн бүр хэрэглээний зэрэглэлээсээ хамаараад улсад төлбөр төлж байх болно. Хэрэглээний зэрэглэл гэдэг нь мөнөөх хоёр хоронд хэр автсан буюу хэр зэрэг хэрэглэдэг гэдгийг илэрхийлэх хэмжүүр байх юм. Энэ хэмжүүрийг тогтоодог аргачлал гэх мэтийг гаргаж болно.  Ерөнхий зарчим нь иймэрхүү байх юм.

Зүүн талынх эрүүл уушиг, баруун талд тамхичны уушиг (хавдартай)
Ингэж л утга учиртай тэмцэхгүй бол архи тамхины тухай хууль гаргаад дангаараа асуудлыг шийдэхгүй. Шинэ залуу хэрэглэгчид  "ахмад үеийнхээ" араас эрч хүчтэйгээр залгамжлан орж ирсээр байх болно. Энэ залгамж халааг л тас цохих хэрэгтэй. 100% биш юмаа гэхэд архи тамхи хэрэглэгчид нь өдрийн од шиг болсон тийм улс болох боломж бас тийм "мөрөөдлийн"  гэхээр  харагдахгүй л байна.  За ямар ч байсан үр дүн нь хамаагүй сайн байх нь гарцаагүй. Архи тамхины эсрэг сурталчилгаа, архи тамхи хэрэглэгчдийг эдийн засгийн аргаар "гэсгээн цээрлүүлэх", тэднийг "жигшүүлэх" ажлыг бүр тусгай программаар, нийгмийнхээ давхарга, шат болгонд хүчтэй явуулах хэрэгтэй. Ганц жишээг санал болгоход л, тамхиар уушгиа хордуулж нас барсан хүний уушгийг үзмэр болгож ашиглаж болно.

Тамхичин хүний уушгийг салгаж аваад хутгаар зүсэж онгойлгож байна.  Гарч байгаа идээ бээрийг харж байгаа биз? 
Хүн гэдэг чинь нүдээр үзсэн юмандаа их итгэл үнэмшилтэй болдог, харин чихэнд нь үглээд байвал тусгаж авахдаа маруухан, голдуу "нөгөө чихээрээ" гаргаад явуулчихдаг муу зантай. Энэ "хачин занг" нь бодолцож, чихтэй нь биш нүдтэй нь "тулж ажилламаар" байна.  Ухаандаа тамхичны уушгийг эрүүл хүний уушгитай харьцуулан бодит үзмэрээр сургуулийн дунд ахлах ангиудын сурагчдад харуулна гэсэн үг. За та нар тамхи татвал уушиг  чинь ийм болох нь байна шүү гэж. Архины тухайд ч мөн ялгаагүй. Архичин хүний элэг ямар байдаг билээ. Ингэж нүдэнд нь харуулж, тархинд нь "хийж" өгвөл залуучууд маань хар багаасаа (архи тамхи туршиж үзэхээсээ өмнө) жигшчих учраас архи, тамхинаас татгалзана. Аливаа юманд жигшсэн хүнийг тэр юманд нь хүч хэрэглээд ч "дурлуулж" чадахгүй биз дээ?

Энэ компанит ажлын нэг бол энэхүү үр нөлөө сайтай "жигшээх тактик" юм. Мэдээж үүний хажуугаар аман яриа, ухуулга зэрэг явагдах ёстой. Гэртээ тамхи татаад үр хүүхдээ хордуулаад байгаа эцэг эхчүүд  яг үнэндээ бол "төрийн эсрэг", "улсынхаа эсрэг" үйл ажиллагаа явуулж байгаа гэхэд болно.  Энд сүржигнээд байгаа юм ердөө алга. Тэдний хүүхдүүд бол зөвхөн "эцэг эхийн  өмч" биш юм аа. Тэр хүүхдүүд бол цаагуураа "төрийн өмч".  Энэ улс орныг авч явах хүмүүс. Монгол улсын иргэн энэ улсын үнэт капитал бөгөөд баялаг. Тэгэхээр энэ капиталынх нь эрүүл мэндийг хордуулж байна гэдэг чинь нэг ёсондоо улсдаа "хор хүргэж" байна гэсэн  үг. Эрүүл биш иргэдтэй улс яаж хөгжих билээ? Элдэв хорноос болж богинохон насладаг иргэдтэй улсад хүн хүчний нөөц гэж юм байхгүй болно. Хүний нөөцгүй улс хөгжил удаан, бусдаас хараат байдаг. Адаглаад л өөрсдийгөө хамгаалчих чадвар, хүн хүчгүй байна гэсэн үг.

Доорхи бичлэг дээр гардаг Монгол хүүхэд.  Эцэг эх нь энэ хүүхдээ тамхи татуулж, архи уулгаж сургаж байна. 
Ийм учраас тамхичин ээж аавууд улсдаа "хохирлын татвараа" төлөхөөс гадна бас үр хүүхдээ хордуулахгүй байх үүрэг хүлээх ёстой. Энэ үүргийг мөн хуульчлаад өгчихөд гэмгүй. Тамхи татах үедээ хүүхдүүдээсээ хол байх хэрэгтэй болох нь. Хол очиж хүнгүй газар тамхиа татацгаа гэж.  Үүнээс гадна бас эдгээр эцэг эхчүүд архи болон тамхины хорын тухай сурталчилгааг хүүхдүүддээ хийх үүрэг давхар хүлээх ёстой.  Төр засгаас хийх ухуулгын хажуугаар гэртээ бас ийм аман сурталчилгаа хийж байх нь.  Дээр нь үр хүүхэддээ буруу үлгэр үзүүлсэний улмаас уруу татаж  тамхинд, архинд оруулсан эцэг эхчүүдийн  хүлээх  эдийн засгийн болон бусад нөлөөлж болох шийтгэлүүд нь илүү  хүндрэх нь зүйн хэрэг. Үүнийг ч мөн албан ёсоор хуульчлан баталгаажуулах хэрэгтэй. Ажилд орох, албан тушаал дэвших зэрэгт тухайн ажилд горилогчийн архи, тамхи хэрэглэдэг эсэх нь чухал шалгуур үзүүлэлтийн нэг байх хэрэгтэй. Өсвөр насны хүүхдийг архи тамхинд уруу татах, дэмжих үйлдлийг  эрүүгийн гэмт хэрэг гэж тодорхойлж хуулиндаа оруулах хэрэгтэй.   Ингэж хатуу тэмцэж байж бид энэ хордоод засал авахгүй шахам болсон армийг үеэ өнгөрөөгөөд дууссаны дараа шинэ цоо эрүүл залгамж халаагаа хүлээж авна.



Энэ кампанит ажлын  явцад ухамсар нь дийлээд, зориг нь хүрээд  архи, тамхиа хаясан хүмүүс бас байх нь мэдээж. Саяхан баталсан тамхины тухай хуулийн ачаар тамхиа хаясан хүмүүс байдаг гэсэн. Тэр хүмүүсээ магтанн сайшаах  хэрэгтэй.
Миний хамаатны нэг эгч маань тамхинаас болж нас барсан даа. Уушгиа мянга угаалгаад ч нэмэр болоогүй. Авах юмгүй битүү батга, идээ болсон байдаг юм билээ. Ийм хүмүүсийн уушгийг бодит үзмэр болгож хэрэглэх тухай л яриад байна шүү дээ. Мэдээж олон ийм уушиг хэрэгтэй болно. Монгол айл бүрд нэг хэццүү хүүхэд байдаг гэдэгчлэн айл бүрд бас архинд орсон нэг хүн байх. Миний дүү мөн эдний тоонд багтана. Насаараа уусаар байгаад амьдралаа үрсэн хүн дээ. Би өөрийгөө мэдэж байна л гэдэг. Архичин хүний хэлдэг амны уншлага. Угтаа бол архинд толгойгоо мэдүүлээд дуусдаг байхгүй юу.

Олон жил үргэлжлэх учраас засгийн газрын хэмжээнд энэ ажлыг хариуцаж гүйцэтгэх, хариуцлага хүлээх, тооцоо хийх тусгай бүтэц байх шаардлагатай болов уу. Үүнд мэдээж төсөв хэрэгтэй болно. Санхүүжилтийн ихэнхийг одоо байгаа (бүртгэл явуулж тоог нь гаргах хэрэгтэй) тамхичин, архи хэрэглэгч нараас авах тусгай татвараас гаргах хэрэгтэй. Монголчуудын ихэнх нь архи тамхинд орсон өнөө  үед бидний ихэнх нь тэр татварыг төлж таарах байх.  Иргэний зориг, эх оронч сэтгэл гаргаж бүгдээрээ өөрсдийнхөө байдлыг үнэн зөв мэдүүлж, зохих татвараа төлөх хэрэгтэй. Ирээдүйнхээ, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, Монгол улсынхаа төлөө нэг удаа шударга байж хувь нэмрээ оруулая. Мэдээж ухуулга сурталчилгааны материал, баримтууд зохиож бичих, хэвлүүлэх,  кино, видео бичлэг зохиох, мэдээллийн хэрэгслээр цацах,  ухуулагч нарыг бэлдэх , ажиллуулах гээд зөндөө зардал гарна. Гэхдээ эцсийн дүндээ Монгол улсад минь ашигтай байж, хожмын өдөр үр дүнгээ өгвөл бидний хэрэг бүтэх нь тэр. Дэлхий дээр архи тамхи маш бага хэрэглэдэг үлгэр жишээ улс болоход ч болохгүй юм алга. Бусад улс орнууд, хүмүүс,  биднээс жишээ авах юм нэгээр нэмэгдэж  байвал тэр бидний бахархал болог. Гэхдээ бусдад жишээ болгохын тулд биш, эцсийн эцэст өөрсдийнхөө тусын тулд хийж  байгаа гэдгээ ухамсарлаж энэ ажлыг даруй санаачилж эхлүүлмээр байна.  Холбогдох хүмүүс, эрх мэдэлтнүүд маань юу бодож байна?

Жич: Архи тамхитай тэмцээд үр дүн бага. Архи тамхины бизнесээр оролдоод ч нэмэргүй. Тэд аяндаа хэрэглээ багасаад ирэхээр хаагдах юм. Харин архи тамхи оруулж ирдэг, үйлдвэрлэдэг бизнесээс авах татвараа нэмэгдүүлэх замаар "хавчлага" үзүүлж болох юм. Татварын нэмэгдлээр орж ирсэн орлогоос мөнөөх кампанит ажлаа санхүүжүүлэхэд нэмэр болгож  болно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө