Баасанхүү гишүүн балагтай

Тэмүүжин сайдыг хүүхдээ өргүүллээ, буцааж авлаа гээд л бичиж. Твиттерээр ч бас баахан шуугив. Хүн гэдэг хэрэгт дуртай золиг болохоороо мэдээж жив жув гэлцэх нь ойлгомжтой. Гэхдээ хүний хувийн асуудал бол хувийнх л байх ёстой. Гэхдээ зарим нэг хүний хувьд, тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд энэ асуудал тун их сонирхолтой байгаа бололтой. Тэрээр энэ "хэрэг" дээр дөрөөлөн өөрийн "өрсөлдөгч" бөгөөд мэргэжил нэгт Тэмүүжин сайдыг "дэгээдэж унагахаар" шийджээ. Саяхан өгсөн ярилцлагандаа Баасанхүү гишүүн энэ  санаа зорилгоо нуусангүй ил тод зарласан байна. Ярилцлагыг дараах холбоосоор орж уншаарай: 

http://www.mglradio.com/main/index.php?mid=mongoliannews&document_srl=907821

УИХ-ын гишүүн О.Баасанхүү
Баасанхүү гишүүн Тэмүүжин сайдыг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шалгуулахаар өгчээ. Тэрээр  хэлэхдээ, "Төрийн албыг хашихдаа бусдад давуу байдал олгохын тулд үр хүүхдийг нь үрчилж авсан, эсвэл үрчлүүлсэн гэдэг нь төрийн албан хаагчид байх ёстой ёс зүйтэй үйлдэл гэж үзэхгүй  байгаа" гэжээ. Тэгэхээр Тэмүүжин сайд , (ямар шалтгаанаар, яагаад гэдэг нь тусдаа асуудал) хүүхдээ үрчлүүлсэн (үнэн худал эсэх нь бас тусдаа  асуудал) нь бусдад давуу байдал олгох (эсвэл өөртөө ч юм уу) зорилгоор ийм "хэрэг" үйлдсэн юм байна. Үүнийг Баасанхүү гишүүн "олж тогтоогоод" Тэмүүжин сайдыг ёс зүйгүй нөхөр гэдгийг батлаад өгөөч гэж мөнөөх Дэд хороонд ханджээ. Тэмүүжинг  муухай харагдуулах нэг  боломж гарсан хэрэг л дээ. Мэдээж Баасанхүү үүнийгээ аятайхан тайлбарлахаа яахин  мартав гэж.  Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу Ёс зүйн хороонд өгсөн  болохоос биш би өөрөө Тэмүүжин гэдэг хүний араас яваад байгаа юм биш гэжээ. Тэгсэн мөртөө энэ хэлсэн үгээ тэр дор нь мартаж орхиод, "Хэрэв (Ёс зүйн Хороо үүнийг)  ёс зүйн зөрчил биш байна гэвэл би дахиад өөр баримт гаргаж тавина" гэсэн байх юм. Тэгэхээр мань эр  Тэмүүжин сайдын "араас яваагүй" гэдэг нь худлаа юм шиг. Харин ч эсрэгээрээ янз бүрийн баримт материал цуглуулаад явдаг бололтой. Энэ баримтаар "унагаж" чадахгүй бол өөр баримтаар унагана даа гэж. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цааш нь ярилцлагадаа Хууль Зүйн сайдын хийж байгаа шинэтгэлийн ажлыг  хараар будаж муулах гэж оролджээ. Гэвч мөн л  хэн нэгэн гадаад хүний нэрийг (нэрийг нь гэхдээ дурдаагүй орхижээ) ашиглан хуулийн салбарт хийж байгаа өөрчлөлт шинэчлэлийн ажлыг үгүйсгэж буруутгасан байна. Нөгөө "иргэдийн зүгээс ирсэн мэдээлэл" гэдэг шиг барьцгүй, нэргүй, эзэнгүй юм ярьсан байх юм. 
Шинэтгэлийг "гадны ч юм уу, бусдын явуулгаар хийж байгаа учраас аюултай" гэсэн хачин  үндэслэл гаргаж тавьсан байгаа юм.  Энд нэг зарчим хэлэхэд, бид шинэ дүрэм, шинэ онол гаргах шаардлага байхгүй ээ. Өөрөөр хэлбэл, бид "шинээр дугуй зохион бүтээх" шаардлагагүй гэсэн үг. Харин түүний оронд бид, бусдын туршаад, сайжруулаад, амьдрал дээр амжилттай хэрэгжүүлээд  явж  байгаа зүйлүүдийг л тэр хэвээр нь ашиглаад, хуулаад авчихад л болно. Бид өөрсдөө зохиож, турших гэж цаг алдах хэрэг юу байна? 

Гадны юм ашиглаж дуурайлаа гэсэн утгаар шүүмжлээд байгаа их мэдэгч гишүүн маань өөрөө  харин "Америкт төвтэй" хорих байгууллагын нөхөрлөлийн ажилтнаас "зөвлөлгөө" авсан байх юм.  Тэр хүн нь  Америк хүн байсан бололтой. Баасанхүү гишүүн  мэргэч төлөгч нараас юм асууж байгаа аятай, "Монголд 1500 хүнтэй хорих байгууллага ажиллуулах гэж байгаа. Харин Монгол Улсын бүх шоронд байгаа томоохон гэмт хэрэг хийсэн хүмүүсийг нэг дор байлгах гэж байна. Энэ зөв үү?" гэж асуужээ.   Нөгөө Америк "маш их гайхсан" гэнэ. Маш ихээр гайхсаныг нь харсан өөр гэрч байгаа болов уу? Гэрч асуугаад байгаагийн учир нь тэр Америкийн хэлсэн үг нь болон хийсэн үйлдэл нь (маш ихээр гайхсан) Америкт байгаа бодит байдалтай таарахгүй зөрөөд байгаа учраас тэр. Өөрөөр хэлбэл Баасанхүү гишүүн өөр үл мэдэгдэх хүний нэр бариад худлаа хэлээд байна уу даа гэж хардаад байна л даа.  Америк хүн худлаа ярьдаггүй гэж хаа байхав. Гэхдээ энд ирсэн "албаны" хүн илэрхий ингэж худлаа яримааргүй. Бодит байдлыг жишээн дээр аваад үзье: (Интернет ухаад үзвэл илүү ихийг олж мэднэ  шүү)
Америкийн хүн ам дэлхийн хүн амын 5%-тай тэнцэх боловч дэлхийн нийт хоригдлын 25% нь оногддог гэнэ. Бараг 107 Америк хүн тутмын нэг нь "торны цаана" суудаг аж. Зөвхөн Холбооны болон мужийн шоронгуудад (орон нутгийн жижиг шоронгууд, хувийн шоронгуудыг тооцоогүй) нийт 2 сая 310 мянган (2011 оныхоор) хоригдол байдаг юм байна. Шоронгуудын хоригдлын тоог аваад үзвэл ямар нүсэр байгууламжууд байдаг нь ойлгогдох биз ээ. 
Флорида гэдэг мужид 67 ширхэг "мужийн шорон" байна. (жижиг болон хувийн шоронгууд энд ороогүй, зөвхөн мужийн санхүүжилттэйг тоолсон). Эдгээр шоронгуудад 100844 (нэг зуун мянга найман зуун дөчин дөрөв) хүн байна. Шоронгийнхоо тоонд хуваачихаар нэг шоронд 1500 хоригдол ноогдож байна. 
Калифорн гэдэг мужид 34 "мужийн зэрэглэлтэй" шорон байна. Энд 143643 (нэг зуун дөчин гурван мянга зургаан зуун дөчин гурав) хоригдол (2011 оныхоор) сууж байна. Нэг шоронд 4200 хүн оногдож байх юм. 
Тодорхой шоронгоор жишээ авъя: Калифорн мужийн Калипатриа шоронд 4272 хоригдол байна. Мөн Чаучилла хотын Сентрал Калифорниа Вүмен'с Фасилити хэмээх эмэгтэйчүүдийн шорон 3918 хоригдолтой гэнэ. Нийт дунджаар нь аваад үзсэн ч, тодорхой шорон дээр аваад үзсэн ч ялгаагүй тэнд байгаа хоригдлын тоо дандаа "мянгаар" яригддаг юм байна. Гэтэл  Баасанхүү гишүүний "зөвлөлгөө" авсан Америк юу гэж хэлсэн гээч? "Дэлхий даяар шорон байдаг. Нэг шоронд 500 (таван зуу) хүн байдаг. Харин хоригдлын тоо 500-аас дээш гарвал гажуудал үүсдэг. Ерөнхийдөө мэргэшсэн гэмт хэрэг төрдөг. Тийм байтал гурав дахин ихэсгэх гэж байгаа нь ямар учиртай юм бэ?" гэж хэлсэн юм байх. (Баасанхүүгийн ам шүү дээ). Америктаа мянга мянгаар нь цуглуулж хорьчихоод Монголд ирээд 500 байх ёстой гэж яриад байгаа нь нэг л сэтгэлд үнэмшилтэй бууж өгөхгүй байна л даа. Тийм болохоор л би мань Баасанхүү  "залчихсан" байж мэднэ гээд байгаа юм.   

Дараа нь эрхэм гишүүн Баасанхүү шинээр бий болох Тахарын алба (АНУ-ын Маршалын албатай адил) ямар үүрэгтэй байх тухай хэлээдэхсэн чинь цаадах нь бас "толгойгоо сэгсэрсэн" гэнэ.  Тахарын албаны эрх  үүргийг нь буруу хуульчилсан юм шиг ойлголт уншигчдад өгөхөөр зориуд худлаа самууруулсан юм ярьжээ. Тэмүүжин сайд Тахарын албаны тухай ойлгомжтой хэлсэн. Яг л Америкийн Маршалын алба шиг ажиллах эрх үүрэгтэй гэж. Ингэж ч хуулиндаа оруулсан. "Маршалын алба хорих байгууллагын үймээн, самууныг зогсоох зорилготой юм биш" гэж тэр Америк хэлсэн гэнэ. Тэгэхээр энд хоёр гаргалгаа байна:
1. Мань Баасанхүү Тахарын Албыг тийм үүрэг, зорилготой  гэж хуульчилсан гээд хэлчихэж. Тэгэнгүүт цаад Америк нь "тийм биш"  гэж л дээ. (Хуулийн англи орчуулгыг олж уншаагүй байсан гэж ойлгох уу?). Хэрэв үйл явдал ингэж өрнөсөн бол Баасанхүү гишүүн хуулиа уншаагүй бөгөөд тэр гадаад зөвлөхөд буруу ойлгуулсан гэж ойлгохоор байна.
2. Эрхэм гишүүн хуулийг уншсан бөгөөд Тахарын албаны тухай сайн мэдэж байгаа боловч  хэн нэгэн үл мэдэгдэх гадаад хүний нэрийг барьж зориуд Хууль Зүйн сайдын нэрийг сэвтүүлэх ганцхан  зорилготой хийсэн муйхар бэртэгчин үйлдэл гэж  энэ ярилцлагын санааг хэлж  болохоор байна. Тэр нэргүй гадаад хүнтэй "хийсэн" диалог нь хуурамч бөгөөд мэдээлэл муутай, мэдлэг нимгэн уншигчдын толгойг эргүүлэх зорилготой хийсэн зохиомол жүжиг болжээ.  Учир нь эрхэм гишүүн маань ярилцлагадаа өөрөө тэр зүйлийг мэдэж байгаа гэж хэлсэн байдаг. 

Ярилцлагыг цааш уншиж үзэхэд Баасанхүү гишүүний хэлсэн үг нь хоорондоо зөрчилдсөн, давилуун сагсуу авир гаргасан, "орон гаран" юм шиг байгаа нь энэ хүний боловсрол, ёс зүй тааруухан, түүхий юм уу даа гэх сэтгэгдэл төрүүлж байна. "Би Тэмүүжин гэдэг хүнийг тоож ярихгүй" л гэнэ. "Шууд хэлэхэд хоёр ном уншдаггүй хүн өнөөдөр   юм ярихгүй" л гэнэ.Тэгснээ "Том шинэтгэлийн гар хөл нь болж байгаа учраас Тэмүүжинг би буруутгахгүй" л гэнэ.   "Энэ шинэтгэлийн ажиллагаа болж өгөхгүй байна" л гэнэ. "Хувь хүнийхээ хувьд шүүгчийн цалин 4 сая төгрөг болсонд гайхаж байна" л гэнэ. Тэгсэнээ дараахан нь, "Би шүүгчид 4 саяын цалин авч байгааг зөв гэж үзэж байна" л гэнэ. Гэвч популизм хийхээ ч бас марталгүй мань эр "Бусдад нь (эмч, багш, цагдаа) мөн адил 4 саяыг өгөх ёстой" гэж айлдаж ч байх шиг. Төр нь иргэддээ тэгш, ялгалгүй хандах ёстой гэнээ. 

УИХ-ын гишүүд бол ард түмэн, сонгогчдын тусгал. Тэгэхээр энэ хүн харамсалтай нь тэр нэг муу тусгалуудын нэг  юм байна. Иргэдээ боловсруулах, соён гэгээрүүлэх, мэдлэгжүүлэх нь ийм муу тусгалууд төрийн эрхийг барилцах замыг хаах гол нөхцөл гэж л ойлгож  анхаарах хэрэгтэй юм байна даа.  Энэ тал дээр төрийн болон төрийн бус байгууллагуудын хийх ажил мөн ч их бий. 

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө