ЛГБТ гэж юу вэ?

Африк  тивд Нигерь гэж улс бий. Саявтархан даа, Монголын нэг эмэгтэй тэндээс хүүхдүүдтэйгээ цуг оргож ирсэн тухай бичлэг Интернетэд тавигдсаныг хүмүүс үзээ биз дээ. Эмэгтэйн нөхөр нь Нигер хүн байсан юм. Энэ Нигерь  гээч улсад "Гэй", "Лесбиэн", "Байсекшуэл", "Трансжендэр" хүмүүсийн эсрэг хууль батлаад бөөн шуугиан болж байна. Монголчууд голдуу   "ижил хүйстэн" эсвэл "Гомо" гэж   дууддаг   эдгээр хүмүүсийг  LGBT (Lesbian-Gay-Bisexual-Transgender) гэдэг товчлолоор олон улсын хэмжээнд томъёолж  нэрлэдэг.
Нигерь  Улсад   сая батлагдсан Ижил Хүйстэний Гэрлэлтийг Хориглох Хуулийн 5-р бүлэгт, "Ижил хүйстэнтэйгээ гэрлэх  болон хамтран амьдрах нь гэмт хэрэг бөгөөд үүнд   холбогдох этгээдүүд 14 жилийн хорих ялаар шийтгүүлнэ" гэж заажээ.

Анараа (лесби)
Тэгвэл манайд байдал ямар байна вэ? Ерөнхийдөө  мөн л хүлээж авах, ойлгох тал дээрээ муухан  байгаа. Даяар Монгол гэдэг бүлгийн  хэсэг залуус 3 трансжендэр нөхрийг барьж аваад Далан давхрын оршуулгын газар аваачаад элдвээр доромжилж, хүчирхийлсэн тухай  яриа гарч байсан. Тэдгээрээс лав нэг нь гадаадад гараад явчихсан, айх аюулгүй сайхан амьдарч байгаа тухай Нандиа Тоок Шоу дээр Анараа хэмээх нэгэн лесби   бүсгүй ярьж байна.  Бид л "гомо" гээд байгаа болохоос биш  тэд чинь дотроо их олон "янз" юм байна. Тэгэхээр энэ тухай мэдлэгээ дээшлүүлж тодорхой ойлголттой болоход нэмэр тус болтугай гээд товчхон тайлбар эхлээд хийе. Дараа нь зөв буруу, болох болохгүйгээ ярилцая.

Лесби гэж хэн бэ? Эмэгтэй мөртөө эм хүйстнээ таалдаг, таалуулдаг,  татагддаг хүнийг лесби гэмой.  Эртний Ромд эмэгтэй ижил хүйстэнд эрчүүдийн зүгээс маш хатуу харгис хандаж ирсэн байх юм. Британид "содоми" үйлдсэн хүнийг алж хороох хуультай байж. Содоми гэдэг нь  бөгсний (хошногоны) нүхээр секс хийхийг хэлдэг. Хожим  амьтантай секс хийх, мөн амаар секс хийхийг бас цуг хамтруулж ойлгодог болсон аж. Бүр 1270 онд Францад анх  лесби нарын эсрэг хууль гарч байжээ.  Испани, Итали, Ромын Эзэнт гүрэнд эмэгтэй ижил хүйстний  секс нь байгалийн ёсных биш гэж үздэг байсан бөгөөд  галд шатааж алах ялтай байж.  Италийн нэгэн гэлэнмаа ийм үйлдлийнхээ төлөө 40 жил шоронд хоригдох  ял авч байсан гэх.  Ийнхүү амь насаа алдах, эс бөгөөс  шоронд хоригдох, ташуурдуулах зэргээр ихээхэн хүнд шийтгэл хүлээдэг байж. Тиймээс ч  лесби нар хуурамч "эр хүн" болж эмэгтэй хүнтэй гэрлэх аргаар хамтран амьдарч байсан түүх цөөнгүй. Эр хүн шиг хувцаслаж, эрэгтэй нэртэй болоод "авгай" авч байсан гэсэн үг.

"Гэй" гэж хэн бэ?  Энэ бол ижил хүйстэн хүмүүсийг тодорхойлдог ерөнхий нэр томъёо бөгөөд ялангуяа эрэгтэй мөртөө эр хүйстэндээ татагддаг, таалдаг, таалуулдаг хүнийг  нэрлэхэд хэрэглэдэг. Орчин үеийн загалмайтнуудын анти-ЛЖБТ уриа нь "Бурхан Адам Эва хоёрыг бүтээснээс биш, Адам Стив хоёрыг бий болгоогүй" гэсэн байдаг гэнэ. (Стив гэдэг нь эрэгтэй хүний нэр л дээ). Эрэгтэй хүүхдүүдийг "бандиддаг" гэж гэй нарыг буруутгадаг. Хүүхдийг бэлгийн дарамтанд оруулдаг, хүчирхийлдэг гэсэн үг.  Бэлгийн дарамтанд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь эрэгтэй хүүхдүүд байдаг нь үүнийг гэрчилнэ гэж анти-ЛЖБТ хүмүүс үздэг аж.  Ер нь ижил хүйстнүүдийн сексийг хүний ёсны бус, байгалийн жамаас гажсан, нүгэлт үйлдэл гэж үздэг үзэл нийтлэг байдаг. Яаж ч бодсон энэ нь бас аргагүй юм.  "Ижлээрээ явалдах" нь нүгэл гэдгийг аль ч шашинд хэлдэг юм шиг байгаа юм. Харамсалтай нь мөнөөх нүгэл гээд байгаа шашныхан нь (загалмайтны шашны пасторууд, буддын шашны лам нар) иймэрхүү нүглийг өөрсдөө үйлддэг тохиолдол их олон гарч байсан  байгаа юм. Хойшид ч гарсаар байх  биз.

Н. Ган-Од (транс-эмэгтэй)
"Байсекшуэл" (Бисэкшуэл) гэдэг нь эр ба эм хүйсийн аль алиныг нь таалдаг, таалуулдаг хандлага юм. Харин "трансжендэр" гэдэг нь тухайн хүний бэлгийн чиг хандлага нь өөрийнх нь төрөлхийн хүйстэй зохицохгүй (таарахгүй) байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, эр хүйстэй болж төрсөн боловч "зүрх сэтгэл, ааш зангаараа" эмэгтэй хүн шиг байна гэсэн үг. Ийм хүмүүс голдуу хүйсээ солиулах мэс засал хийлгэдэг. Транс- эрэгтэй хүн бол  төрөхдөө эм хүйстэй байсан боловч мэс заслын дараа эр болсон хүн юм. Мэс заслын аргаар бэлэг эрхтэн суулгаж, нүүр болон цээжинд хувиргалт (хөхийг нь зайлуулах буюу  хиймэл хөх хийх) хийдэг.   Транс-эмэгтэй нь  төрөхдөө эр хүйстэй байсан боловч хүйсээ солиулж эм болсон хүн юм.  Үүний нэг төлөөлөгч бол Монголчуудад "Ганбууш" нэрээр танил болсон Н. Ган-Од  юм. Гадаадад хүйсээ солиулах мэс засал хийлгэж, 14 настай охины сав суулгаж, хиймэл хөх хийлгэсэн тэрээр  транс-эмэгтэй юм.

Сексийн чиг хандлага нь яагаад хетеросекс, хомосекс, бисекс болдог  шалтгааныг эрдэмтэд олж чадаагүй л байна. Мэдээж ганц шалтгаан  биш харин олон учир шалтгаан байдаг биз ээ. Гэвч одоохондоо  генетикийн, гормоны, нийгмийн  гэх мэт олон учир холбогдол байгаа байх гэж таахаас хэтрэхгүй байх шив дээ. Гэхдээ гормоны оролцоо бол лав байгаа. Ер нь тэгээд ямар ч учир шалтгаантай байсан гэсэн нэгэнт сексийн тодорхой  нэгэн чиг хандлагатай болоод төрчихсөн улсуудыг яах билээ? Мэдээж хетеросекс хандлага нь байгалийн жам ёсны (эсрэг хүйстэнээ таалдаг, таалуулдаг) учраас тэр тухай яриад байх шаардлагагүй байх. Харин "хомосекс" хандлагатай хүмүүсийг "гаж төрсөн" гээд үзэн ядаад, зодож нүдээд, хавчаад хялайгаад байх хэрэг байна уу гэж. Тэд үүнийг сонгож төрөөгүй нь лав. Төрөлхийн дүлий хүнийг "Чи яахаараа юу ч сонсдоггүй дүлий болоод төрчихдөг юм?" гээд загнаад, дарамтлаад байгаатай агаар нэг бус уу? Бид чинь хүн болж төрсөн юм бол (үнэг ч юм уу, эсвэл жоом болж төрөөгүй шүү) бас "хүнлэг" байх хэрэгтэй. Араатан болж төрсөн бол харин  "араатанлаг" байна гэхсэн. Тийм учраас  энэхүү ЛГБТ бүлгийн нөхдийг хялайж хажиглахаа больцгооё. Ийм төрсөн нь тэдний буруу биш шүү дээ.

ЛГБТ нарын бахархал- солонгын өнгөт далбаа
Харин ЛГБТ нараас нэг юм хүсье. Нэгэнт сексийн хандлага чинь байгалийн жам ёсных биш учраас та нарын хувьд "эхнэр", "нөхөр" гэсэн "сонгодог" нэр томъёонууд "табу" гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эдгээр үгнүүдийг  хэрэглэж болохгүй гэсэн үг. Хоёр лесби хүүхэн нэг нэгнийгээ "эхнэр" ба "нөхөр" гэж дуудах, эсвэл бие биенээ "эхнэр" гэж дуудах нь зохимжгүй   гэсэн үг. "Эхнэр" гэдэг бол айлын эзэгтэй бөгөөд хүүхэд төрүүлж эх хүн болох эм хүйсийн бодьгал. "Нөхөр" гэдэг бол эхнэртэйгээ сексдэж үр удмаа үлдээдэг  эр хүйсийн бодьгал. Тэр хоёрын "дундаас" угсаа залгамжлах үр хүүхэд төрж удмаа залгаж авч явдаг. Хоёр лесби хүүхний дундаас хүүхэд гарахгүй учраас эхнэр, нөхөр хэмээн "гэр бүл болж тоглох" нь утгагүй юм. Үүнийг хэлээд байгаагийн  учир нь,  дээр өгүүлсэн Нандиагийн Ток шоу дээр (холбоос нь : http://www.youtube.com/watch?v=o5jQX0PGE1o , Nandia's talk show LGBT Centre , Otgoo, Anaraa, Дөрвөн хэсэгт хувааж тавьсан бичлэг байгаа  ) нэгэн лесби хүүхэн "эхнэр авсан" гэж ярьсантай холбоотой юм. Тэр хүүхэн нөгөө найз хүүхэнтэйгээ Канадад очих "хуримаа" хийн гэрлэлтээ баталгаажуулсан гэнэ. ЛГБТ хүмүүс өөрсдийнхөө энэ гаж байдлыг "хэвийн" гээд ойлгочихсон, тэгээд нийгэм мөн тэгж хүлээж авах ёстой гэж  боддог юм шиг. Тэгвэл нийгэм энэ жам бус юмыг чинь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас л та нарыг зэвүүцээд байна шүү дээ. Гэтэл та нар дээрээс нь нэрмээс болох гэж байгаа юм шиг улам л хачин этгээд юм яриад нийгмээ "цааш нь түлхээд" байх юм. Нандиагийн шоунд оролцож байгаа тэр лесби хүүхэн "нөхөр" нь гэвэл "өрхийн тэргүүн" болох гээд байна аа даа, янз нь. Тэд хүүхэд өргөж авбал (ижил хүйстэнүүд дундаасаа хүүхэд гаргаж чадахгүй учраас өргөж авахаас өөр гарцгүй) энэ "өрхийн тэргүүн" өөрийгөө "аав аа" гэж дуудуулах уу? Эсвэл нэг нь "А" ээж, нөгөө нь "Б" ээж болох уу?

Үүний оронд харин "хамтран амьдрагч" гэдэг ч юм уу эсвэл "ижил" (шинэ нэр томъёо шүү :)) гэх мэтийн нэршил бий болгоод хэрэглээд явбал  хүний чихэнд арай өөр сонсогдох байх. Ер нь тэгээд "гомо хос" бие биенийгээ яаж дуудах, хөндлөнгийн хүнд  юу гэж танилцуулах гэдэг дээр ихээхэн "проблемтэй" байдаг бололтой. Хоёр лесби хос бие биенийгээ адилхан "эхнэр ээ" гэж , хоёр гэй залуу биесээ "өвгөөн" гэж дуудах, бусад хүмүүст "миний нөхөр" эсвэл "миний эхнэр" гэж танилцуулах нь зохимжтой эсэх тал дээр ЛГБТ-д ээлтэй улс орнуудад амьдардаг хосуудын хувьд ч маргаантай "асуудал" бөгөөд  тогтсон ойлголт байдаггүй л юм байна. Лесби хос нь хоёр биенээ "миний эхнэр" гэж, гэй хос нь бие биенийгээ "миний нөхөр" гэж голдуу танилцуулдаг гэнэ. Тэгэхээр тус бүр хоёр "эхнэрээс" болон хоёр "нөхрөөс" тогтсон "гэр бүл" болчихоод байгаа биз?  Зарим нь ч "хамтран амьдрагч" гэж биесээ танилцуулдаг гэнэ. Зарим нь бүр огт өөр зохиомол нэр, нэршил бий болгоод биесээ дууддаг аж.

Монголын "хомо" хүмүүс  бие биенээ таалаад цугтаа амьдрах нь тэдний асуудал. Үүнийг нь  албан ёсны болгохын тухайд зохих хуулиндаа нэмэлт оруулах замаар хийж болно. Харин хомо "гэр бүлийн" нэршлийн тухайд дээр хэлсэнчлэн уламжлалт  нэр томъёоллыг хэрэглэхээс цээрлэж, харин өөр тусгай нэр хэрэглэж эхлэмээр байна.  "Гэрлэх" гэдэг үгийг ч хэрэглэх нь зохимжгүй. Гомо хосын хамтын "бүл" зохиох үйл ажиллагааг "гэрлэлт" биш харин "ижил бүлийн баталгаа" ч гэдэг юм уу ямар нэгэн өөр нэршил шинээр зохиож хэрэглэмээр.
Үүнээс гадна даруухан байж, өөрсдийнхөө энэ байдлаар "түрээ барих", "ил тод сурталчлахаас"  аль болохоор зайлсхийж байвал бусдыг өдөөхгүй, харин ч эсрэгээр өрөвдүүлж, хүлээн зөвшөөрөгдөх магадлал нь их мэт санагдана. Тэрнээс биш "Биднийг хүлээн зөвшөөрөх ёстой" гээд ил тод цуглаан жагсаал  хийгээд, янз бүрийн мэдээллийн хэрэгслээр жирийн хүн ойлгоход хэцүү хачин юм ярьж өөрсдийнхөө "эсрэг" сурталчилгаа хийгээд, олон нийтийн газар зохимжгүй байдлаар биеэ авч явах, элдэв үйлдэл хийх зэргээр "өдөөн хатгаад" байвал хүмүүсийн таагүй хандлага өөрчлөгдөхгүй л болов уу. Энэ бүхнийг л "даруухан" байх гэж хэлээд байгаа юм.  Учиргүй ичиж зовоод, эсвэл нуугдаад яв гэсэн утгаар биш шүү. Иргэний хувьд тэд бүх л эрхээ бусдын адил эдлээд явж байгаа болов уу. ЛГБТ нарыг хавчсан, гадуурхсан, бусдаас доогуур тавьсан тийм ямар ч хууль, дүрэм Монгол улсад байхгүй. Харин энэхүү "хэвийн бус" байдлаасаа болоод нийгэмд тааламжгүй байдлаар ойлгогддог нь тэдний хувьд хамгийн гол асуудал юм.

Хүн гэдэг амьтан өв тэгш биш, бүрэн төгс биш болохоор ЛГБТ бүлэгт багтах хүмүүс төрсөөр байх болно. Энэ бол хүний нийгэм бий болж элдэв харилцаанд орж ирсэн цагаас эхлэн оршиж байсан   үзэгдэл.  Хойшид ч "алга болохгүй". Тэгэхээр хүлээн зөвшөөрөөд л  хамтдаа зохицоод амьдрах нь зүйтэй. Тэд ч мөн бусдын адил нийгэмд зохих ёсоор хувь  нэмрээ оруулж, баялаг бүтээж байгаа үйлдвэрлэгчид юм. Иймээс ядаж хүлээн зөвшөөрдөггүй юм аа гэхэд гадуурхаж шоглохоо зогсоож, хүн гэдэг утгаар нь хандаж байцгаая даа.




Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө