МАН бадар барьж явна

Намынх нь дарга Хятадад "доншуучилж"  байхтай зэрэгцээд намынх нь генсек хөдөө аймгуудаар хэсэж хэл ам, хов жив  цуглуулан бадар барьж явна.  Сөрөг хүчин "сөрөхийн" тулд элдэв факт баримтын эрэлд гарчээ. Мэдээж юун дээр дөрөөлж, яаж харлуулж муулах вэ гэдгээ сайтар тооцоолсон биз. 16 оны сонгуулиас өмнө эрх баригчдыг аль болохоор хараар будаж харлуулж байх нь тэдний зорилго. Олон удаа тусмаа бүр сайн. Тэр болгонд МАН ялах боломж нэмэгдэнэ гэсэн үг. Хөдөө аймгуудаар явдаг нь учиртай. Тэнд мэдээлэл бага хүрдэг, гэгээрэл сул зэрэг нөхцөлүүд байдаг нь сөрөг хүчинд ард иргэдийн толгойг "шампоондаж угаах" сайхан боломж олгодог учраас тэр. Өмнө нь ч мөн энэ шалтгаанаар хөдөө аймгуудад түлхүү санал авдаг байсан нь үүнийг нотолно. Яруу найрагч генсекээ  дагаад Ц.Нямдорж, О.Содбилэг болон намынх нь албадын дарга нар "найрах" аянд морджээ.

Ц.Нямдорж үг хэлж байна
МАН-ын "улаан фенүүд" болон учир мэдэхгүй хөгшчүүдийг цуглуулан тэтгэврийг нь олигтойхон нэмж сэтгэлийн ханамж эдлүүлээгүй эрх баригчдыг баахан хараалгав. Бид засгийн эрхэнд байсан бол ч ёстой гаднаас зээлээд ч хамаагүй та нарын тэтгэврийг эцэст нь тултал нэмэх байсан даа гэсэн аястай аяглана.  Социализмын үеийн дадал болсон бэлэнчлэх, тэжээлгэх "дон" дээр нь дөрөөлөөд өнөөгийн өөдгүй  эрх баригчдыг зүхүүлнэ. Хөдөөгийн амьдрал нөхцөл байдлыг  АН засаг аваад 2 жилийн дотор доройтуулаад хаячихсан юм шиг ухуулна.  Юмны үнэ өсөх биш буурах ёстой байсан юм шиг   мунхруулна. Долларын ханш өссөн нь бас эрх баригчдын буруу мэт мэтгэнэ. Энэ бүх үзэгдлүүдийн учир шалтгааныг өөрсдөөсөө цэвэрхэн зайлуулаад одоогийн эрх баригчдад наалдуулахаа сайн чадаж байна, МАН-ын "бадарчингууд".

За байз нэг асуулт тавъя. Өнөөгийн хүндрэл гээд яриад байгаа эдгээр зүйлүүд хэрэв МАН засгийн эрх авсан байсан бол огт гарахгүй байсан юм уу? Тийм ээ гээд хэлчих хүн МАН дотор байна уу?  Байхгүй бол ингэж иргэдийн тархийг угаахаа больж үз. Тэрний оронд бүтээлч санаа санал болгож яаж шинэ засагтай үр бүтээлтэй хамтарч улс орноо хөгжүүлэх вэ гэдгээ бодсон бол та нарын нэр хүндэд хэрэгтэй байсан юм. Өнөөгийн сөрөг хүчин болж тоглож байгаа байдал чинь огт зохихгүй байна. Зохихгүйгээс гадна угаасаа унаж байгаа имижийг чинь улам муухай болгож байна. Үүнийг ойлгож байгаа ажиллагаатай  "толгой" энэ намд алга гэж үү?  Одоо бүр байтлаа ард түмний дунд үймээн самуун гаргаж, шинэ засгийг огцруулах ажил сэдэж байгаа бололтой. Орон нутгаас дайсан гэх үгэнд нь МАН-ын энэ санаа илт цухалзаж байна.

Д.Болор гэгчийн бичсэн нийтлэл "Ерөнхийдөө иргэд, олон  түмний амнаас гарч буй хамгийн том  шүүмжлэл бол Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахыг шаардаж байв" гэсэн өгүүлбэрээр төгсчээ. (Энэ элдэв мэдээ бичдэг  сэтгүүлч нэртэй оронцогууд хэл бичгийн мэдлэг, дүрэм найруулгын чадвараа дээшлүүлээсэй. Та нарын тусын тулд л хэлж байгаа юм шүү. "Шүүмжлэл" бол "шаардлага" биш. Өгүүлбэрийн эхний хэсэг, дараагийн хэсэгтэйгээ утга найруулга, зөв бичлэгийн хувьд огт авцалдахгүй байгаа биз?)
Бие биенээсээ хуулж, хулгайлж суудаг элдэв нэртэй эрээн бараан сайтууд мэдээж энэ хачин эрэмдэг бичлэгийг тэр чигээр нь хуулж аваад түгээнэ. Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийнхэн  мэргэжлийн хувьд ихээхэн доройтсоныг энэ ганц өгүүлбэр, иймэрхүү нийтлэлийг хуулж тавих олон сайтууд нотолно.

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө