Ц.Энхбаяр гуайг тэнгэр ивээх болтугай

Ц.Энхбаяр (алуулсан хүүгийн эцэг)
2008 онд болсон  булхайтай сонгуулийн дараах  үймээний үеэр 5 хүний амийг хороосон хэрэг нэхэл хатуутай байна. Арга ч үгүй юм. Шударга ёсыг тогтоох ёстой төр засаг нь, хууль шүүх нь ажиллаж чадахгүй бол иргэд өөрсдөө хувиараа  "цусан өшөө" авах нь ойлгомжтой асуудал. Ц.Энхбаяр гуай хүүгээ алуулчихаад өдий олон жил "хэл ам" хийж явахдаа үхсэн хүнийг босгоод ир гэсэнгүй. Харин буруутнуудад зохих цээрлэлийг үзүүлж, дахин ийм явдал болох ёсгүй юм байна шүү гэдгийг үе үеийн эрхтэн дархтангуудад, албан тушаалтнуудад, хүчний байгууллагын ажилтнуудад мэдрүүлж ойлгуулах гэснийх. 5 хүний амийг Энхбаяр гуай бусад хохирогчдоо  төлөөлж нэхэмжилж байна. Таван хүнийг нохой шиг буудаж алах үед засгийн эрхийг барьж байсан МАН болон тус намаас сонгогдсон Ерөнхий сайд асан С.Баяр , Хууль Зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нар бүх эрх мэдлийг гартаа атгаж байсан. Компаны ажил бүтэлгүйтвэл захирал нь, арми нь ялагдвал генерал нь хариуцлага хүлээдэг. Үүнтэй адил хүчний байгууллагын алдаа, буруутай үйлдлийн төлөө тэр байгууллагыг "хариуцдаг" удирдлагууд буюу дээр нэр дурдсан хоёр хүн толгойгоороо хариуцлаг хүлээх  ёстой юм.

С.Баяр (Ерөнхий сайд асан)
Үймээний дараа нь Ерөнхий сайд асан С.Баяр хөмсгөө зангидан намынхаа шатсан байран дотуур их л ууртай алхаж явж билээ. Хэвлэлийнхэн дагаад л. Зурагтаар бөөн шоу. Тэр хүнд 5 хүний асуудал чухал биш, харин намынх нь байр шатсан явдал их гарз болсон мэт. Гэвч тэр нь өрөвдүүлэх жүжиг байсныг  хожим улсаас тэрбумаар нь мөнгө гаргуулж илүү тансаг том байртай болсон  явдал  нотолсон. Амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж уучлалт гуйсангүй ээ тэр.  Харин ч үймээнд оролцож чулуу шидсэн болгоныг баривчлах, хатуу гэсгээх үүрэг өгсөн бололтой. Үймээний маргаашнаас эхлээд л хотын энд тэндгүй хоморголсон  баривчилгаа эхэлж, мөн удалгүй олноор нь хоморголон ялласан билээ.

Ц.Мөнх-Оргил (Хууль  Зүйн сайд асан)
Баяр, Мөнх-Оргил   хоёр мөн ч олон эхийн нулимсаар гараа угааж, олон ч хүний хараал идсэн дээ. Хадан гэртээ очтол нь зүхэл тэднийх орхихгүй. Ц.Энхбаяр гуайд одоо амьд явах ч утгагүй болж байна. Үздэгээ үзээд, туулах ёстой амьдралаа туулаад ирсэн хүн. Насны эцэст тэр хүн харин хүүдээ өртэй чигээрээ хорвоогоос халих дургүй байна. Хайртай хүүгийнхээ өшөөг аваад үхвэл хойд насандаа хүүтэйгээ уулзаад, "Аав нь миний хүүг алсан новшнуудыг сайн болгож тавьсан шүү" гэж ам бардам хэлж суух. Хувийн тооцоо бодоход хүргэсэн энэ төр засгийг хараамаар. Тэр шүүх, цагдааг зүхмээр санагдлаа. Энэ хэдэн сайхан Монгол залуучуудыг хөнөөсөн нүгэлтнүүдийг гэсгээж чадахгүй байж, тэгээд бас тохуурхаж байгаа аятай тушаал гүйцэтгэгч цагдаагийн дарга нарыг нь толгойг илээд хугацаанаас нь өмнө суллаж  явуулчихаад, Монгол газар шорооны төлөө дуугарсан  хэдэн хүнийг "террорист" хэмээн цоллоод 22 жилээр шоронд хатаахаар илгээж байгаа өнөөгийн энэ байдал нэг л биш ээ. Ард түмэн ийм байдлыг удаан тэсэхгүй нэг л өдөр цөхрөхдөө  тэсрэнэ шүү. Түрүүчээс нь Ц.Энхбаяр гуай тэсрэнэ гэдгээ хэлчихлээ. Цөхөрсөн ард түмэнд алдах юм байдаггүй. Ц.Энхбаяр гуайд ч алдах юм үлдсэнгүй.  Үүнийгээ ч тэрээр хэвлэлийн хурал дээр айж ичихгүй хэллээ.  Алдах юмгүй хүн хэнээс ч айх юм билээ. Таныг тэнгэр ивээх болтугай.  

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө