АНУАН, МАН хоёр "ихэр" үү?

Монголд МАН-ын томоохон улс төрчид (МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр , Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар, Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, Татварын Ерөнхий газрын хэлтсийн дарга Ч.Гансүх, Газрын Тосны газрын дарга Д.Амарсайхан, МИАТ компаний үе үеийн захирлууд  г.м.) болон төр, засгийн  өндөр албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, улсын мөнгө ашигласан, луйвардсан гэх мэт хэргээр шалгагдаж, хоригдож, зарим нь ял эдлээд явж байгаа.   "Юм л бол барьж хорилоо" гэж МАН-ыг талархан дэмжигчид хушуугаа унжуулан гомдоллох. Одоо тэгээд яах ёстой ч байсан юм, тэднийхээр.

АНУ-ын АН-ын бэлэгдэл (илжиг)
МАН-ын бэлэгдэл,


АНУ-д мөн хоёр том намынх нь нэг болох Ардчилсан Намын улс төрчид, төрийн албан хаагчид дээрхтэй адил хэргээр баригдаж шуугиан тарьсаар.  Саяхан л гэхэд Калифорн мужийн сенатор Леланд Еий гэгч баривчлагджээ. Тэрээр АН-ын гишүүн бөгөөд 2006 оноос эхлэн Калифорнийн Сенатын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа, хятад гаралтай хүн аж. 1948 онд Хятадад төрсөн, АНУ-д гурван ч их сургууль дүүргэсэн, хүүхдийн сэтгэл зүйч мэргэжилтэй нэгэн. Лав л 10 -аад ТББ-уудаас  "Оны хууль тогтоогч" өргөмжлөлөөр шагнуулж байсан, галт зэвсгийн хяналт болон зэвсэгтэй холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх талаар их зүтгэл гаргаж санаачлагатай ажилладаг гэдгээрээ олонд танил болсон хүн.

Энэ хүн яагаад баривчлагдав? Одоогоор тохоогдож байгаа ялууд нь ихээхэн хүнд ялтай зүйл ангиуд бололтой:
- зөвшөөрөлгүй зэвсгийн наймаа
- Иргэдийг хууран мэхлэсэн (6 удаа)
- Авилга авсан
Сенатор Еий-тэй хамт баривчлагдсан бусад хүмүүс (нийт 25 хүн) мөн дээрх хэргүүдээс гадна мөнгө угаах, хөлсөөр хүний амь хөнөөх, мансууруулах бодисны наймаа, хууль бус тамхины наймаа зэрэгт буруутгагдаж байгаа юм байна.
Зэвсгийн наймаа болон зэвсэгт гэмт хэргийн эсрэг дуугардаг байсан хүн маань өөрөө хууль бус зэвсгийн наймаа хийж байсан гэж бод доо. Манайд ч мөн ийм "хонины арьс нөмөрсөн чононууд" олноор илэрч байгааг дээр дурдсан.

АНУ-ын Ардчилсан Намынхан (АНУАН) дотор энэ хятад ганцаараа "муу хүн" байгаагүй юм.   Мужийн Сенатор Род Врайт шүүхийн өмнө "зөвхөн үнэнийг хэлнэ" гэж тангараглачихаад худлаа залсан нь баригдаж шийтгүүлж байжээ. Мөн тэрээр сонгуулийн үеэр өөрийн  албан ёсоор оршин суудаг хаягаа худлаа хэлж байсан байх юм. Мөн энэ мужийн Сенатор Рон Калдерон гэгч албан тушаалаа өөрийн сонирхолд ашиглаж байсан хэргээр шийтгэл хүлээж байсан гэнэ.  Лав л Калифорн мужийн Сенатаас ийм гурван хүний  "тар нь танигдлаа".
Хэдийгээр мужийн Сенатор нь  АНУ-ын Сенатын гишүүнээс зиндаа бага боловч бүхэл бүтэн мужийн хууль тогтоогч гэдэг утгаараа их том албан тушаал.  АНУАН-ын өөр олон томчууд, түүний дотор АНУ-ын Ерөнхийлөгч асан Клинтон, элдэв (хууль бус болон ёс зүйгүй) асуудалд орооцолдож байсан байх юм.  Заримаас нь сонирхуулая:

1. Билл Клинтон (Ерөнхийлөгч асан)
Шударга үнэнийг тогтооход саад болсон, шүүхийн өмнө худлаа хэлсэн (Сенатаас хэрэгсэхгүй болгож, буруугүй гэсэн шийдвэр гаргасан). Холбогдож байсан хэргүүд нь гэвэл, Вайтвоотэрийн хэрэг, Мансууруулах бодис болон зэвсгийн наймааны хэргээр ял авч байсан этгээдээс хандив авч байсан, Левински гэгч хүүхэнтэй холбогдсон хэрэг, Хятадад цэргийн технологи зарсан хэрэг г.м
2. Эдвард Кеннеди
Массачусетс мужаас сонгогдсон Сенатор. Гүүрнээс машинтайгаа унасаны дараа хэргийн газрыг орхиж явсан буруутай. Машинд цуг явсан эмэгтэй амиа алдсан.
3. Барни Франк
Мөн Массачусетс мужаас сонгогдсон Конгрессийн гишүүн. Стивен Гоби гэгч эрэгтэй биеэ үнэлэгчид мөнгө төлж секс хийдэг байсныгаа мөн  түүнийг өөрийнхөө хувийн туслахаар авч ажиллуулж байснаа хүлээсэн. Вашингтон дахь гишүүний байрыг Стивен биеэ үнэлэх газар болгон ашиглаж байсан гэнэ. Конгрессоос мөнөөх гишүүнийг хөөх, болон  хатуу зэмлэл хүлээлгэх саналууд дэмжигдээгүй унаж байжээ.
4. Санди  Бергер
Клинтоны засгийн үед Үндэсний аюулгүй байдлын Зөвлөх байсан. 9 сарын 11-ны халдлагын хэргийг шалгах комиссын сонсгол болох үеэр Үндэсний архиваас нууцын өндөр зэрэглэлтэй материалуудыг хууль бусаар авч байсан хэргээр буруутгагдаж, 50 мянган долларын торгууль төлж байжээ.
5. Жеймс Мкрийви
Нью Жерси мужийн захирагч байсан. Гей хүнтэй сексийн харьцаатай байснаа хүлээсэн. Бэлгийн дарамт үзүүлж байсан гэх мэт шуугианы улмаас огцорсон.
6. Жесси Жаксон
Ерөнхийлөгчид АНУАН-аас нэр дэвшигчдийн нэг байсан. Гэр бүлээс гадуур "янагийн" явдалтай байсан бөгөөд "хууль бус" хүүхэдтэй болсоноо хүлээсэн.
7. Даниел Ростенковски
Иллиной мужаас Конгресст сонгогдож байсан. Нийт 17 хэрэгт буруутгагдаж байснаас 2-т нь яллагдаж 17 сар шоронд хорих ял шийтгүүлж байсан. (олон нийтийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж байсан)
8. Мелвин Рейнолдс
Иллиной мужаас сонгогдож байсан Конгрессийн гишүүн. Сексийн зүй бус харьцаа болон шүүхийн өмнө худлаа хэлсэний төлөө 5 жилээр хоригдох ял авч байсан.
9. Вейн Брайнт
Нью Жерси мужийн Сенатор. Авилга авсан, тэтгэврийн луйвар зэрэг 12 зүйлээр буруутай нь тогтоогдож шийтгүүлж байсан.
10. Чарлес Диггс жуниор
Мичиган мужаас Конгресст сонгогдож байсан. Хуурамч цалингийн маягт бүрдүүлж өгөх, шуудангийн залилангийн хэргээр 3 жил хорих ял авч байсан.
11. Жорж Рожерс
Массачусетс мужийн хууль тогтоогч. Мөн мужийн Сенатын гишүүн байсан. Авилга авсан хэргээр 2 жилийн хоригдох ялаар шийтгүүлсэн.
12. "Абскам" гэдэг нэртэй Холбооны Мөрдөх Товчооноос зохион явуулсан нууц  ажиллагааны   явцад 31 төр засгийн албан тушаалтнуудаас АНУАН-ын 6 том улс төрч хахууль авсан, хуйвалдсан, албан тушаалаа ашигласан хэргээр шийтгүүлжээ. Түүн дотор АНУ-ын Сенатор нэг (Харрисон Вильямс - 3 жил хорих ба 50 мянган долларын торгууль), Конгрессийн гишүүн 5 хүн байж. Бүгд АНУАН-ынх (Жон Женрет, Реймонд Ледэрэр-3 жил хорих ба 20 мянган долларын торгууль, Майкл Майэрс - 3 жил ба 20 мянга, Франк Томсон - 3 жил, Жон Моэрфи- 3 жил ба 20 мянган доллар). Бүгд Найрамдах Намаас Ричард Келли хэмээх Конгрессийн гишүүн  энэ хэрэгт  оролцсон байжээ.  Гадныхан тухайн орны улс төрчид, нөлөө бүхий албан тушаалтнуудыг хэрхэн "уургалж" болохыг энэ ажиллагаа баталсан.
13. Марио Биагги
Нью Ёоркоос сонгогдсон Конгрессийн гишүүн. Улсаас хийгдэх гэрээнүүдэд нөлөөлөх амлалт өгч авилга авч байсан. Үнэнийг тогтооход саад хийсэн, хууль бусаар бэлэг (мөнгө) авч байсан хэргээр шийтгүүлсэн. Бусдыг дарамталж мөнгө авах болон өөр 15 зүйлээр буруутгагдсан.
14. Лий Александр
Нью Ёорк мужийн Серакюз хотын захирагч байсан.  Бусдыг дарамталж мөнгө "саах", татвараас зайлсхийсэн хэргээр 6 жилийн ял авсан.
15. Билл Кампбелл
Атланта хотын захирагч байсан. Хоттой гэрээ хийх сонирхолтой ажил гүйцэтгэгч нараас мөнгө авч байсан хэргээр шийтгүүлж байсан.
Зөвхөн цөөхнийг жишээ болгож авахад иймэрхүү.  Үргэлжлэлийг дараах холбоосоор орж сонирхоорой:
http://www.boycottliberalism.com/Scandals.htm

АНУАН ба  МАН хоёр "ихэр" гэдгийг   батлах нэг баталгаа бол өрсөлдөгчийнхөө эсрэг тэдний хэрэглэдэг арга нь их төстэй байдаг явдал. АНУ-ын Алабама мужид болсон сонгуулийн үеэр Бүгд Найрамдах Намаас (БНН) нэр дэвшигчийг "дарж авахын" тулд АНУАН-ын хоёр нөхөр "бохир арга" хэрэглэж, нэгэн биеэ үнэлэгч хүүхнийг хахуульдаж, БНН-ын нэр дэвшигчэд хүчиндүүлсэн болгох төлөвлөгөө зохиосон боловч нөгөө хүүхэн нь гэнэт "муриад" хамаг төлөвлөгөөг нь баллаж орхисон аж. БНН-ын хүн сонгогдож нөгөө хоёр нөхөр шийтгүүлжээ. Манайд ч бас иймэрхүү өрсөлдөгчөө гутаах арга МАН-ынхан их хэрэглэдэгийг бид мэднэ. Твиттерийнхэнд "даравгар хар" хэмээн "алдаршсан" Б. Цогтгэрэл гэгч (МАН-ын Мэдээлэл Технологийн хэлтсийн дарга) Орхон аймгийн Иргэдийн Хуралд сонгогдсон АН-ын  Р.Улаанхүү гэдэг нөхөр согтуугаар  хүн алсан хэмээн худлаа цуурч хүний нэр төрд халдсаныхаа  төлөө шүүхээс ял шийтгүүлсэн жишээ бий.

Авилга авах, өгөх, өрсөлдөгчийнхөө нэр хүндийг гутаах аргууд бол  коммунистууд, фашистуудын хэрэглэдэг хамгийн түгээмэл аргууд. Тэдний хувьд нам нь "улс" учраас  намдаа чин үнэнчээр, мухар сохроор зүтгэнэ. Гол зорилго нь ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл олж авах явдал. 2008 онд 5 хүний амийг хөнөөгөөд "шанд" нь улсаас мөнгө авч "шинэ байшин" бариулж орсон билээ.  Татвар төлөгчдийн мөнгийг намын байшин барихад  зарцуулдаг ёс бол зөвхөн тоталитор дэглэмтэй улсад л байдаг байх.  Улсаас өгсөн тэр их мөнгийг буцааж авах хэрэгтэй. Улаан цагаан мөнгө тарааж сонгогдсон нь батлагдаад байхад л гүлдийчихээд л өөрийнхөө талын  хүмүүсийг хамгаалаад суудаг улс.

Мөнгө, эд баялагаас болж юу ч хийж мэдэх аюултай хүмүүс гэдэг нь  өнгөрсөн хугацаанд эрх барьж байхдаа яаж туйлж байснаас харагдана. Уул уурхайн зөвшөөрлүүд, элдэв ажлын гэрээ, тендэрүүдийг хэн мөнгө амалсанд нь баруун солгойгүй тарааж байсан билээ.  Тэгээд ч зогсохгүй улсын мөнгө эргэлдүүлж, хулгайлж, албан тушаал, гарын үсгээ хувийн баяжих хүсэл сонирхолдоо хэрхэн өргөн ашиглаж байсныг зах зухаас нь мэдэж эхэлж байна.  Дээр дурдсан "Абскам" хэмээх нууц ажиллагааны үеэр АНУ-ын Сенатор Вильямс өөрөө 18%-ийг эзэмших болзолтойгоор Титаны  уурхайг ашиглах эрхийг тухайн компанид  Сенат дахь эрх мэдэл албан тушаалаа ашиглан гаргуулж өгөхөөр тохирч байсныг илчилсэн. Үүнтэй төстэй хэрэг манайд ч илэрсэн. Хахууль авч уул уурхайн лиценз олгодог, наймаалцдаг байсан нь ил болж байгаа. Улс орныхоо хувь заяаг даатгасан гээд итгэж суудаг хүмүүс нь ийнхүү мөнгөний төлөө цагаачлалын талаар нааштай шийдвэр гаргуулж, улс төрийн орогнолыг нь бүтээж өгч, казино ажиллуулах зөвшөөрлийг нь "олж" өгч, элдэв хөрөнгө оруулалтыг нь дэмжиж, барилга барих зөвшөөрлийг нь олгуулж, хууль бус мөнгөний гуйвуулга хийж байсан байх юм. Улс төрийн соёл, хүмүүсийн ёс суртахуун гайгүй өндөртэй гэгддэг АНУ-д ингэж байгаа юм чинь манай улсад ийм зүйл гарахад  "эвэртэй туулай" үзсэн мэт гайхах хэрэг байна уу даа гэж ч бодмоор.  
"Цэрэг би чинь ингэж бодохоор ..."гэлээ гэдэг шиг ингээд бодохоор МАН, АНУАН хоёр "ихэр" ч юм шиг.


Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө