Ардчилсан намын анхны хувалз

Н.Хүрэлсүх
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглалээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын тусгай сан болох "Цэвэр агаар" гэдэг нэртэй сан байдаг. Энэ санд төсвөөс жилд олон   тэрбум төгрөг олгож, гадаад орнуудаас өгсөн хандив, тусламж нэмэгдээд багагүй хөрөнгө төвлөрдөг аж. Олон ч төсөл хэрэгжиж, санхүүждэг гэнэ. 

"Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх болон тус сангийн хоёр нягтлан эмэгтэйг Авилгатай Тэмцэх Газраас  (АТГ) баривчлан хорьж, шалгаж эхэлсэн тухай хэвлэлээр шуугиж  байна.  Хүрэлсүхтэй хамт баригдсан хүмүүс нь Ерөнхий нягтлан М.Хулан, туслах нягтлан А.Болдмаа нар аж.  Энэ гурав дээр нэмээд Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны ажилтан Д.Цэцэгээ, "Цэвэр агаар" сангийн мэргэжилтэн Б.Чимэд-эрдэнэ нарыг 3 хоногийн дараа баривчилжээ.
Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Батболдын хэлсэнээр 3 тэрбум гаруй төгрөгийг эдгээр хүмүүс хувьдаа завшсан байх магадлалтай гэнэ. Завшсан мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө, машин зэргийг худалдаж авсан гэдэг нь тогтоогдсон юм байна. За ингээд гэдэс нь бүдүүрч таргалж байсан таван хувалз баригдаж гэдсээ хагалуулах болж байна.
Энэ далимд  АТГ маш сайн ажиллаж байна гэдгийг онцлон  магтая!

Анх удаа Ардчилсан Намын (АН) угшилтай, тус намд том сонгуультай (Үндэсний Зөвлөлдөх Хорооны (ҮЗХ)  гишүүн) этгээд мөнгөний хулгайчаар тодорч байгаа нь энэ. Н.Хүрэлсүх гэгч энэ нөхөр цагтаа Ховд аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-д нэрээ дэвшүүлж байсан гэнэ. Ерөнхий сайд Алтанхуягийг түрүүчийн засгийн газрын үед Шадар сайд хийж байхад зөвлөхөөр  нь ажиллаж байсан аж. АН-ын дарга, Ерөнхий сайд Алтанхуяг хүн танихдаа муу бололтой. Өөртэй нь ажиллаж байсан, тойрон шадарлаж хамтарч байсан хүмүүсээс лав хоёр нь ийнхүү  итгэл хүлээлгэж байсан хүнийхээ (Алтанхуягийн) нэрийг баастай хутгаж орхилоо. Нэг нь энэ Хүрэлсүх, нөгөөх нь "Дүлзэн" овогтой Дэнзэн. Дэнзэнгийн хувьд гавъяа ч байгуулсан, гай ч тарьсан байж мэдэхээр яригдаж байгаа. Ерөнхий сайд та хүнээ сонгохдоо өөрөө чаддаггүй бол мэддэг мэрэгч төлөгчөөр эхлээд сайн шинжүүлж бай гэж зөвлөе. Эс тэгвэл энэ мэт найдваргүй шаарнууд нэрийг чинь гутааж дуусах нь.

"Цэвэр агаар" сангийн дансанд улсын төсвөөс болон гадаад улсуудын хандив, төслийн шугамаар овоо мөнгө цуглардаг юм байна. Гэтэл зургаахан хүний орон тоотой энэ сангийн 4 хүн нь "хувалзаар" тодроод явчихаар чинь одоо яах билээ? Таарсан юмнууд баасан дээр суусан батганууд шиг ингэж бие биенээ олж ирэх гэж байх уу? Хүрэлсүх одоо АН-д байх нэр нүүргүй болсон. АН  ч гэсэн намын нэр гутаасан энэ нөхрийг ҮЗХ-ноос  хасч, намын гишүүнчлэлийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Ер нь цаашид намын шугамаар, нэр нөлөөгөөр аливаа төрийн болон засгийн ажилд орсон нөхдөөс намын гишүүний хувьд ам өчгийг нь авч, зөв шударга ажиллана гэсэн гэрээ байгуулдаг болсон ч буруудахгүй. Энэ мэт нөхдөөс болж АН удахгүй МАН-аас ялгаагүй адилхан "бөөстөнө"  гэж ярьдаг хүмүүсийн амны бай, зугаа болж эхэлж байна.
Одоо илрээд баригдаад байгаа МАН-ын хувалзнууд шиг олон тооны хувалзнууд бий болгочихсон сууж байвал  2016 онд АН юугаа хэлж хуйхаа маажих вэ?  Хүрэлсүх анхны дохио, сэрүүлэг болсоноороо АН-д их "буян" хийгээд зайллаа даа, хөөрхий гэж. Алтанхуяг дарга намынхантайгаа сууж байгаад серьёзно ярихгүй бол  "бөөсөндөө баригдаж" эхлэх нь байна шүү. Скаутын үнэн үг!

Comments

Popular posts from this blog

Монгол нум сум

Хатигний тухай

ХЗХ-ны хохирогч нарт өгөх зөвлөгөө